Тод манлай уяач Д.Хишигжаргал: Битүү үрээ айрагдуулж Булган аймгийнхаа 80 жилийн ойд бэлэг барилаа

Сэтгүүлч
2018 оны 7-р сарын 17 -нд

Монгол төрийн наадмын хурдан морины уралдаан эхэлдэг 7-р сарын 10-ны өглөө зээрд хязаалангаа аман хүзүүнд хурдлуулсан Булган аймгийн  Гурванбулаг сумын уугуул, Тод манлай уяач Дамбын Хишигжаргалаас баярын сэтгэгдлийг нь хуваалцлаа. Хүүхэд ахуйдаа хурдан морь унаж Айцын даваагаар таван жил давсан тэрээр 1997 оноос хурдан хүлгийн уяа сойлго тааруулан хусуур сойз бүслэх болсон гэдэг. 

-АХ-ын 97 жилийн ойн баяр наадамд хязаалан аман хүзүүнд хурдлуулсан танд баяр хүргэе. Баяр наадмынхаа сэтгэгдлээс хуваалцахгүй юу?

-Баярлалаа. Танай уншигчдад АХ-ын 97 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Өнөө жилийн наадам бороо хур тэгширсэн, шороо тоос багатай сайхан болж байна.

-Тод манлай хязаалан насны моринд одтой дог шүү. 2013 онд шарга хязаалангаа төрийн наадамд түрүүлгэж байлаа.

-Тиймээ. Монгол төрийн наадмын хурдан морины уралдаан эхэлдэг 7-р сарын 10-ны өдөр хязаалан үрээ аман хүзүүнд хурдлуулж, баяр наадмаа сайхан эхлүүллээ. Шарга үрээг маань түрүүлдэг жил монгол улсын Ерөнхийлөгч дахин сонгогдож, яг түрүүлэх мөчид нь тангаргаа өргөж байсан юм.

-Бэлгэтэй сайхан мөч тохиожээ.

-Өнөө жил Булган аймгийн маань түүхт 80 жилийн ой тохиож байгаа. Уугуул нутгийнхаа ойд улсын наадамд хязаалан айрагдуулан  бэлэг барилаа.

-Зээрд үрээ он гарсаар хэд уралдсан бэ?

-Би энэ жил морьдоо уралдуулаагүй ээ. Улсынхаа наадамд л эхэлж мордуулж байгаа нь энэ. Зээрд үрээний хувьд битүү адуу. Наадмын өмнөх сунгаануудад хоёр гурваар л давхиад байсан юм.

-Таны өөрийн унаган адуу юу?

-Монгол улсын Манлай уяач Д.Баяраа дүүгээсээ сарын өмнө авч, Ихбаяр дүү маань уяаг нь тааруулсан. Энэ дашрамд танай сэтгүүлээр дамжуулан хоёр дүүдээ баярласан сэтгэлээ илэрхийлмээр байна.   

-Төрийнхөө наадамд хэдэн насны морьтой ирсэн бэ?

-Хоёр насны морьтой ирсэн. Их морь 20 гаргаж давхиад, хязаалан аман хүзүүнд хурдаллаа. Одоо аймгийнхаа 80 жилийн ойг зорино доо.  

-Тод манлай аймгийнхаа түүхт ойн зохион байгуулалтанд оролцож байгаа юу?

-Аймаг  орон нутгийн удирдлагууд жилийн өмнөөс бэлтгэж эхэлсэн байх. Манай аймаг энэ жил зуншлага сайтай байгаа тул наадам сайхан болох байх гэж бодож байна. Уяачид бидний хувьд морио сайн уяж, нутгийнхаа дэвжээг хамгаалах үүрэг ноогддог. Тэрхүү үүргээ л биелүүлж оролцоно доо. Зургаан насны битүү адуунууд уралдуулахаар бэлтгэсэн байгаа.     

-Ярилцсанд баярлалаа. Аймгийнхаа түүхт ойд одтой сайхан наадаарай.

-Баярлалаа. Танай сэтгүүлээр дамжуулаад Булган аймгийнхаа нийт ард иргэдэд аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.

А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна