Унаган хүлгээрээ наадагч УДАМ ДАМЖСАН УЯАЧ

Сэтгүүлч
2019 оны 1-р сарын 16 -нд

ХХ зууны манлай хүлгүүдийн нутаг Төв аймгийн Баянжаргалан сум удам дамжсан уяач олонтой. Даяаршлын эрин зууны их ижлээс зайлсхийж, дээдчүүлийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэн уламжлалт ахуй соёлоо тээж яваа тэр эрхмүүдийн нэг нь  сумын Алдарт уяач Бат-Очирын Дашбаатар  юм. 

1956 оны нэгдүгээр сарын 21-нд Төв аймгийн Баянжаргалан суманд төрсөн Б.Дашбаатар нь программ хангамжийн инженер мэргэжилтэй. Монгол Улсын шилдэг аж ахуйн нэгжүүдийн нэг “Ордгеод” компанийг үүсгэн байгуулж, газрын зураг, кадастр, геодезийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тэрээр шарга, халиун зүсмийн адуугаараа одтой сайхан наадан нутгийн олноо хүндлэгдсэн Баянжаргалан сумын ахмад уяачдын нэг С.Ганчулуун агсны үргэлжлэл юм. Өвөг эцэг С.Ганчулууныхаа уясан морьдыг унаж, 1965 оны сумын баяр наадмаас гурван түрүү, хоёр айраг хүртсэн тэрээр өдгөө өвөөгийнхөө шарга, халиунуудын үр төлөөр наадан түмэн олноо цэнгүүлсээр байгаа юм. 
Бусдын адил сургууль соёлын мөр хөөж, ажил амьдралын шаардлагаар хэсэгтээ мориноос холдсон ч 2010 оноос морио уях эрдэмдээ шамдан суралцаж буй Б.Дашбаатар анх дээдсийнхээ хул азарганы төл хул даагыг Баянцогт сумын наадамд аман хүзүүнд хурдлуулан өм нээж байжээ. 
ТҮҮНЭЭС ХОЙШ:
  2010 онд хул даага Баянцогт сумын наадамд аман хүзүү
  2013 онд зэгэл хязаалан Баянжаргалан сумын 90 жилд айргийн дөрөвт
  2014 онд хул азарга Баянжаргалан сумын хаврын уралдаанд түрүү
  2014 онд хул азарга Төв аймгийн баяр наадамд айргийн дөрөв
  2014 онд хул азарга Баянжаргалан сумын баяр наадамд айрагдсан. /Хул азарга тухайн жилийн амжилтаараа Баянжаргалан сумын 2014 оны Шилдэг азаргаар шалгарсан/
  2014 онд шарга шүдлэн Архуст сумын наадамд аман хүзүү
  2014 онд шарга шүдлэн Төв аймгийн баяр наадамд айргийн дөрөв
  2014 онд шарга шүдлэн Баян сумын 90 жилд түрүү
  2014 онд хонгор хязаалан Баян сумын 90 жилд айргийн гурав 
  2014 онд хонгор хязаалан “Цэцээ гүний хурд” уралдаанд айргийн гуравт тус тус хурдалжээ.
Ийн өөрийн унаган адуугаар наадаж, дөрвөн жилийн дотор сумын Алдарт уяач цолонд хүрсэн Б.Дашбаатарын хөдөлмөр бүтээлийг улсаас үнэлж Алтангадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ. 

"Тод магнай" сэтгүүл. Төв аймгийн Баян, Баянжаргалан, Эрдэнэ сумдын тусгай дугаар. 2018 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна