Уралдаанч Б.Одгэрэл: Уралдах гоё учраас жил тойрон хүлээдэг

Сэтгүүлч
2019 оны 10-р сарын 02 -нд

Үндэсний их баяр наадам, Их Монгол улс байгуулагдсаны 813 жилийн ой, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын өдөр /2019.07.10/ аз, од гийсэн эрхмүүд бол Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат Дамдины Мөнхбат, уралдаанч Бямбадашийн Одгэрэл болон тэдний арын албаныхан байлаа. 
Энэ удаад бид унасан хүлгээ аман хүзүүгээр хурдлуулсан уралдаанч Б.Одгэрэлийн баяр наадмын сэтгэгдлээс хуваалцсан юм.  


-За баяр хүргэе. Өөрийгөө танилцуулна уу?

-Баярлалаа. Намайг Бямбадашийн Одгэрэл гэдэг. Архангай цогцолбор сургуулийн 6-р ангид сурдаг. 12 настай.

-Энэ баяр наадмаар хэдэн насны морь унав?

-Энэ жил эрлийз дээд, азарга хоёроос бусдыг нь унана. Энэ удаад Өвөрхангай аймгийн Баян–Өндөр сумын уугуул Дамдины Мөнхбат, “Агт эрдэнэ” галын уяач Балдандорж ахын уясан зээрд хязааланг аман хүзүүгээр хурдлууллаа. Баяртай байна.

-Хурдан морь унаад хэдэн жил болж байна вэ?

-Долоо дахь жилдээ хурдан морь унаж байна.

-Энэ хугацаанд хаагуур хаагуур наадаж байв?

-Ноднин Говийн бүсийн уралдаанд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Г.Хадхүүгийн  эрлийз даагыг унаж тавлуулсан. Аймагтаа Г.Хадхүү ахын хязааланг аман хүзүүдүүлсэн.

-Улсын наадамдаа хэд дэх жилдээ оролцож байсан бэ?

-Улсын наадамдаа дөрөв дэх жилдээ оролцож байна.

-Туршлагатай унаач байх нь ээ? Наадмын зохион байгуулалт ямар санагдаж байна вэ?


-Наадам зохион байгуулалтын хувьд дандаа л гоё байдаг юм. Ер нь наадам гоё шүү. Морь унаж уралдах нь гоё учраас жил тойрон хүлээдэг.

-Том болоод ямар мэргэжилтэй болох вэ?

-Уяач болно оо.

-Аав нь морь уядаг юм уу?

-Үгүй ээ. Аав маань барилддаг хүн байлаа. Гэхдээ би хараахан барилдахгүй ээ.

-Ярилцсанд баярлалаа. Дараа дараагийн уралдаануудад нь амжилт хүсье.   
П.Ундраа


 

 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна