Тайлбарлагч М.Оюунбаатар: Бусдын чин сэтгэлийн хүндлэлийг дааж явна гэдэг том хариуцлага

Сэтгүүлч
4-р сарын 14 -нд

Ажил мэргэжилдээ амжилт гаргаж, од болон гялалзаж яваа залуучуудын төлөөлөл нэгэн эрхмийг ярилцлагын ширээнээ урилаа. Түүний нэрийг дуулаагүй, дууг нь сонсоогүй монгол хүн, тэр дундаа морь сонирхогч үгүй байх.

Тиймээс ямар нэг нэмэлт тайлбар, оршилгүйгээр ярилцлагыг хүргэхээр шийдлээ. 

-2019 онд 110 уралдаан дамжуулсны зургаа нь шууд бичлэг байсан гэлээ. Миний хувьд их өндөр тоо мэт сонсогдож байна. Оюунбаатар ачааллын оргил үедээ хичнээн уралдаан сурвалжлан хүргэсэн байдаг юм бэ?

-Ойрд хараагүй юм байна. Уг нь компьютер дээр 2018, 2019, 2020 гээд он оноор нь дарааллуулаад жагсаачихсан жагсаалт бий. Барагцаагаар Монгол улс засаг захиргааны шинэ нэгжид шилжиж 100 гаруй сум байгуулсаны түүхт 90 жилийн ой тохиосон 2014 он хамгийн өндөр ачаалалтай жил байсан байх гэж бодож байна.

-Нээрэн тийм байх шүү.

-2021 онд АХ-ын 100 жилийн ой, 2022 онд эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, 2023 онд ууган дөрвөн аймаг байгуулагдсаны 100 жилийн ой, 2024 онд 100-гаад сум байгуулагдсаны 100 жилийн ой тохионо. Тэгэхээр энэ болон ирэх жилүүдэд ачаалал ихсэх байх.

-Хэдэн оноос эхлээд морин уралдаан тайлбарласан билээ.

-2009 онд ТВ-9 телевизээр АХ-ын 88 жилийн ойн баяр наадмыг шууд дамжуулснаас хойш 12 дахь жилээ төрийнхөө наадмыг тайлбарлалаа. Жилд дунджаар 30 гаруй мянган км зам туулан, 100 гаруй уралдааныг дамжуулдаг. 2019 оны тухайд намар алтан хилийн баруун хязгаар болох Байтаг Богдын алтан овоо, Торгууд ястны өлгий нутаг Ховд аймгийн Булган суманд зохион байгуулагдсан дэлхийн Торгуудуудын баяр Жангар наадмыг очиж сурвалжиллаа. Энэхүү наадмыг Булган сумын ЗДТГ, “Торгон нутаг” клубээс зохион байгуулдаг юм билээ. Түүний дараа эх орны зүүн хязгаар болсон агуу Халхголын ялалтын 80 жилийн ойн наадмыг очиж сурвалжиллаа. Ийнхүү нар жаргах, ургах зүгийн уралдаанаар 2019 оны наадмууд отголсон.

-Хаврын уралдаанаас ажил эхэлдэг байх. Ер нь сүүлийн жилүүдэд амарч чадсан уу?

-Хавар 3-р сарын 1-нээс ажил эхэлж, намар  дуусдаг. 2018 онд 9 сарын 30-нд, 2019 онд 10 сарын 15-нд ээлжийн амралтаа авч байсан. Хүмүүс ид сайхан амраад далай, тэнгис үзээд, алдарт Саяны нуруугаар аялж байна, Хан-Хөхий хайрханы хажууд явж байна гээд зураг тавьж байхад бид ажиллаж байдаг. Сүүлийн үед ТВ-9 телевизээс эхлээд одоог хүртэл цуг ажиллаж байгаа зураглаач, найруулагч нарын маань эхнэрүүд “Амармаар байна, далай руу нөхөртэйгээ явмаар байна” гэсэн хүсэлт тавьдаг болсон./инээв/ Би хариуд нь “Нөхрийг чинь араас нь явуулъя” гэдэг юм.


-Гэрэл зурагчин Ганболдтой уулзахад “Хувцсаа ч солих завгүй үе гарна” гэж байсан. Та бүхэнд тийм үе тохиолдож байв уу?

-Төмөр-Очир гуай Тод манлай уяач цол хүртээд “Жавхлант шаргын хурд”-ыг ивээн тэтгэж, наадам хийсэн шүү дээ. Тэр наадмын гурван насны морьдын уралдааныг биччихээд орой нь гарч давхиад 900 гаруй км туулан өглөө 8 цагт Эрдэнэтэд очиж байсан. Би өөрийнхөө жижиг тэрэгтэй. Манай хоёр зураглаач ээлжилж бариад зогсолтгүй давхисаар хотод ирж хувцсаа солиод цааш явсан. Тэр үед гэр бүлийнхэн нь “Хувцсаа солиод л ийшээ явлаа, тийшээ явлаа гэх юм. Та нар үнэн хэлээд байна уу” гэж гайхаж байсан гэнэ лээ.

-Ядрахгүй юу?

-Ядарна аа, гэхдээ гайгүй.

-Зун ачааллын үедээ  өдөрт хэдэн цаг унтдаг вэ?

-Амралтаа зохицуулна аа. Бүх  уралдаанд би өөрөө очдоггүй. Заримд нь зураглаач явуулна.

-Би сэтгүүлийн тусгай дугаарын бэлтгэлийн ажлаар хөдөө явдаг. Ингэхэд зуны гурван сарын нэгд нь л гэртээ хонодог юм билээ. Та тийм тооцоо гаргаж байв уу?

-Манай ээж нэг удаа тэгж асуусан шүү. Яасан гэсэн нэг хонины мах авчраад хөргөгчинд хийчихсэн чинь тэрийг нь би огт идээгүй байна гэнэ. Тэгээд “Гэртээ хоол хийж идэж байгаач” гэсэн. Бодвол нэг хонины мах 2, 3 сар болсон шиг байна лээ. /инээв/

-Ажлын төлөө төрсөн хүн байх нь ээ дээ. Ер нь таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг юм бэ?

-Өдөрт 1 цаг 20 минутын наадмыг хоёроос илүүг тайлбарлаж чаддаггүй юм. Уралдаан бичиж ирчихээд хараад сууна. Тэгэнгээ “Аан, энэ чинь ийм байна, тэр чинь тийм байна” гэсэн ерөнхий тоймтой болно. Түүнээс шууд яриад эхлэхгүй шүү дээ. Тэгж бичиж тэмдэглэж авчихаад өглөө 10 гээд ажил дээрээ очиход 12-т нэг наадам тайлбарлаж дуусна. Тэрийгээ өгчихөөд, өдөр 15:00-20:00 цаг хүртэл дараагийнхаа наадмыг тайлбарладаг. Тэгэхээр бас нилээд ажил болж байгаа биз.

-Тэгэлгүй яахав. Ингэхэд очиж үзээгүй сум байна уу?

-Байгаа. Сүхбаатар аймгаас Онгон, Наран, Хэнтий аймгаас Дадал, Биндэрт очиж үзээгүй. Эзэн Чингис хааны Тоонот эх нутаг Дадал суманд нэг очиж үзнэ гэсэн бодолтой байгаа.

-Бараг бүгдэд нь очсон юм биш үү?

-Дорноговь аймгийн Хөвсгөл, Хатанбулаг, Өргөн сумдад очиж үзээгүй. Дээр нь Баян-Өлгий аймагт очоогүй.

-Хэнтий рүү их явдаг юм болов уу гэж боддог байсан.

-Хэнтий аймгийн өмнөд бүсийн таван сум буюу Баянмөнх, Дархан, Галшар, Баянхутаг, Мөрөнд их очдог. Ганпүрэв найз болохоор Хөвчийн Жонон вангийн хошуу буюу хойд талын сумд руу их явдаг.

-Аль ч газрын ямар ч наадамд очсон цээжний хэдэн адууг торолгүй хэлдэг. Энэ гайхамшигт чадварынхаа талаар яриач.

-Наад асуултыг чинь хүмүүс их тавьдаг. Ямар сайндаа айлын жаахан хүүхэд “Ах аа, Та энэ олон морийг цээжээрээ ярьдаг уу?” гэхээр нь “Ах нь амаараа ярьдаг” хэмээн хошигнож байхав. /инээв/ Улсын баяр наадам, улсын бүсийн болон шигшмэл морьдын “Их хурд” уралдааны тухайд бидний нэг мэддэг тодорхой хэдэн адуунууд өнгөнд уралддаг шүү дээ. Тэгэхээр тайлбарлахад харьцангуй хялбар. Бусад уралдааны тухайд бүртгэлээ гол болгоно. Шууд нэвтрүүлгийн тухайд өмнө  ганц нэг сунгаа, наадам үзнэ. Харин бусад уралдаан наадмын үед бол дараа нь нэмээд тодруулчихаж болно л доо.  Ер нь шууд суугаад л морь тайлбарлана гэж байхгүй л дээ. Би хувьдаа морь тайлбарлахыг хамгийн хэцүү ажил гэж боддог. Яагаад гэхээр бөх тайлбарлагчийн хувьд 512 цаашлаад 1024 бөх барилдахад жил болгоны аймаг, сумын наадамд түрүүлж үзүүрлэсэн, шөвгөрсөн цолтнууд зодоглож байгаа. Дээр нь хүн шүү дээ. Бүгд өөр. Гэтэл морины тухайд тийм биш. Хул морь гэхэд хэдэн зуун хул морь бий. Тэдгээрээс адил төстэй нь хэд байхав. Тэр бүгдийг ялгахын тулд ядаж хийж буй ажилдаа дур сонирхолтой байх хэрэгтэй.  Өөрөөр хэлбэл сонирхож, мэдчих юмсан гэсэн хүсэлдээ хөтлөгдөнө. Миний хувьд гэхэд долоон настайгаасаа морь унасан. 1998 онд Баянцагаан суманд том даншиг болоход би хамгийн сүүлийн удаа хурдан морь унаад зодог тайлж байлаа. Миний өссөн орчинд морь л ярьдаг байж. Ээж минь таван хүү төрүүлсэн. Би дээрээ нэг ах, гурван эрэгтэй дүүтэй. Бид юу ярихав гэхээр морь л ярина. Хөөрхий дөө, манай ээж надтай юм ярих хүн байна уу гэх маягтай л байдаг сан. Үүгээр юуг хэлэх гээд байна вэ гэхээр өнөөдөр морь тайлбарлахад миний өссөн орчин, өөрийн дур хүсэл нөлөөлсөн. Дээр нь цаг үе гэж давуу тал байна. Цагаандалай ах, Гүрбазар гуайг морь тайлбарладаг байхад уралдааныг шууд дамжуулах боломжгүй байлаа. Дагаж буй машин, бичиж буй камер гээд одоогийн бидний хэрэглэж буйгаас ялгаатай зүйлүүд их бий.

-Давуу талууд бийг хүлээн зөвшөөрнөө. Гэхдээ л ур чадвар чухал гэдэгтэй санал нийлнэ биз дээ.

-10 жилийн сурагч байхдаа гайгүй юм цээжилдэг хүүхэд байсан юм шиг байгаа юм. Манай монгол хэл, уран зохиолын багш Архангай аймгийн уугуул Цэнд-Аюуш гэж хүн байсан.

-Хаана дунд сургууль төгссөн бэ?

-СХД-ийн 65-р сургуулийг төгссөн. 10 жилд байхдаа Лхамсүрэн гуайн “Хүрэн морь” найраглалыг цээжилчихсэн байсан. Ер нь юм цээжлэх талдаа сайн. Уран зохиолын хичээлдээ гайгүй байсан юмуу даа.

-Морь танихад нүдний баримжаа, уралдааны бүртгэл, наадмын өмнөх сунгаанууд түлхэц болдог юм байж. Тэгвэл тайлбарлах явцад хэлдэг ишлэл, зүйрлэл хэрхэн төрдөг вэ?

-Тухайн үеийн эмоци л юм даа. Шууд нэвтрүүлгийн үеэр гаргасан эмоцио дараа нь харах дургүй. Ойр дотны зарим нэг хүмүүс “Хүн амьтан загнахаа боль” гэдэг юм. Уг нь би хүн загнадаггүй. Шууд нэвтрүүлгийн үеэр л тэгээд хэлчихдэг юм шиг байгаа юм. Угтаа бол тэр хүний буруу биш, ажлаа хийж явааг нь ойлгодог. Ялангуяа цэрэг цагдаагийн салбарт ажиллаж байгаа хүмүүс бол тушаал биелүүлж байгаа. Нийслэлийн цэргийн штабын газрын дарга морины комиссын дэд даргаар ажилладаг. Шууд нэвтрүүлгийн үеэр гаргадаг тэр байдал бол аятайхан дүрстэй уралдаан үзүүлчих юмсан гэсэн амбицаас л үүдэлтэй.

-Өөр хаана ч гараагүй, цор ганц тэр мөртүүд тайлбарлах явцад орж ирдэг үү?

-Улсын наадмын өглөө Хүйн долоон хутагт очиход нар мандчихсан, Монголын радио сүлжээнийхэн шон руу авираад цагаан хоолой энэ тэрээ байрлуулж, энүүгээр тэрүүгээр морь хөтөлсөн хүмүүс холхилдож байхыг харах тэр мэдрэмжээс эхэлдэг. Тэгээд жаахан байж байтал Монголын радиогийн узель Хүйн долоон худаг даяар цангинаад “Монгол улсын нийслэл Улаанбаатараас ярьж байна. Өнөөдөр АХ-ын, эзэн Чингис богдын мэндэлсний, Монголын тулгар төр байгуулагдсаны тэдэн жилийн ой” хэмээн зарлах нь ямар гоё гэж санана. Үндэсний хамгийн том баяр гэдгээрээ улсын наадам хамгийн сайхан нь. Сүүлийн жилүүдэд оролцооны хувьд жаахан хумигдчихсаныг эс тооцвол чансааны хувьд ч хамгийн том нь шүү дээ.


Тэгж байтал морьд гараад, дагаад явж байхад урьд нь ерөөсөө бодож байгаагүй гоё мөртүүд ороод ирдэг. Жишээлбэл халиун азаргыг хараад “Ниргэх тэнгэр яарамгүй гэж

Нэг л дүнсгэрхэн явж л байна” гэгчлэн өөрийн мэдэлгүй хэлчихдэг.

Төрийн наадам хязаалан, шүдлэн насны морьдын уралдаанаар эхэлдэг. Гэхдээ азарга, их насны морь уралдах 11-ний өглөө бүүр гоё. Урьд нь уралдаж байсан баялаг түүхтэй болоод ч үү азарга, их морь хоёрын уралдаан илүү шимтэй болдог шиг санагддаг. Даваахүү ах надад нэг  удаа “Чиний энэ үг яриа улам л аятайхан болоод байх юм” гэхээр нь “Яаж байна” гэсэн. “Төрөхдөө л түмпэн шанагатай хоол, халбага сэрээ, хамаг юмаа авч төрсөн” гэдэг чинь их зүгээр үг байна лээ шүү” гэсэн. /инээв/

-Наран хонгор түрүүлбэл Төв аймаг тэд дэх түрүүгээ, халиун азарга түрүүлбэл Хөвсгөл аймаг анхны түрүүгээ авна гэж хэлэхдээ хонгорыг нь түрүүлчихээсэй гэсэн далдхан хүсэл төрдөг үү?

-Спортын тайлбарлагч нарын тухай иймэрхүү ярианууд байдаг л даа. Жишээлбэл, NBA-д Лос Анжелосын багийг дэмждэг бол тэр багаа илүү тайлбарладаг гэгчлэн. Морин уралдааны тухайд яг тэгж хэлэх аргагүй юм. Ар өврийн хаалгагүй алтан тууртууд уралдаж байхад аль нь ч яахав дээ л гэж боддог. Гэхдээ Наран хонгор азарга түрүүлэхэд би жаахан магтсан юм шиг байна лээ. Даваахүү Тод манлай хүртэл “Сүүлд нь мөн айхтар ярилаа шүү” гээд хэлж байсан. Манай нутгийн бөх түрүүлчихлээ гэдэгтэй адилхан эмоци гарсан байж магадгүй. Тэглээ гээд нутгархдаг гэсэн үг биш. Залуу хүний хувьд наадмын үйл явцыг шударга болоосой л гэж хүсдэг.

-Нутгархах гэснээс морь уядаг уу?

-Миний морьд уралдана аа. Аавын аав буюу миний өвөө улсад их морь гуравт оруулсан. 1997 оны даншигт их морь айрагдуулсан. Гурван “Их хурд” дарааллан их насны морь уралдуулах урилга авсан. Сумандаа дөрвөн их насны морийг найман удаа түрүүлгэсэн хүн. Манай сумынхан “Өвөө чинь их насны морь сайн уядаг хүн байсан” гэж ярьдаг. Залгаад аав уясан. Одоо дүү нар маань уяж байна. Хоёр  дүү маань морь уяад Төв аймгийн төв дээр байдаг юм. 2019 онд Баянцагаан сумын маань түүхт 95 жилийн ой тохиож, манайх азарга аман хүзүүдүүлээд, их морь айрагдуулж, хязаалан түрүүлгэн, шүдлэн аман хүзүүдүүлэн их сайхан наадсан. Миний хувьд сумын уяачдын холбооны тэргүүлэгч гишүүн гэдэг утгаараа очиж оролцон, аавтайгаа нийлээд түрүү их насны морийг мотоциклоор байлсан.

-Бахтай сайхан нааджээ.

-Тэгсэн. Мөн Дорноговь аймгийн наадамд нэг үрээ айрагдсан. Ер нь сүүлийн үед сум орон нутгийнхаа наадамд сайхан оролцож байгаа. Улс бүсийн уралдааны тухайд 2017 оны Дүнжингаравт манай зээрд морь зургаад орсон. Их хурдад 10-т орсон. Морины хөгжил өөрчлөгдөөд арай өөр төрлийн үржүүлэг хийсэн нэгнийх нь морь хурдалдаг болсон учраас тэр тал руу нь хандуулдаг юмуу гэсэн бодолттой байна. Дүү нар маань одоо миний цуглуулсан, миний авсан сайхан буянгуудыг уяхыг нь уяж, маллахыг нь малладаг учир надад урамтай сайхан байдаг юм.

-Бэлэгний адуу хэр их ирдэг вэ?

-Яахав монгол хүмүүс сайн санасан хүндээ адуу бэлэглэдэг шүү дээ. Тийнхүү сайн санаж адуу бэлэглэх нь олоон. Ажлын ачаалал, зав зайнаас болоод тэр болгоныг очиж аваад байж чадахгүй юм. Авсан хэд маань бишгүй сайхан хурдлаад айраг, түрүү хүртэж аав болон дүү нарыг маань баярлуулдаг. Хурдан хүлгийн адис жанлавт сүсэглэдгийн хувьд бэлгэнд авахаас гадна сэтгэлд нийцсэн адуугаа таарсан үнээр нь авахыг хичээдэг.


Хамгийн сүүлийн нэг жишээг хэлье л дээ. Сүхбаатар аймгийн Уулбаян сумын уяач Чалхаасүрэнгийн Амарсанаа гэж сайхан хуурай ах маань байдаг. 2019 онд Сүхбаатар аймагт их морь түрүүлгэсэн хүн. 2015 онд тэр ахынхаа хул морийг соёолондоо зүүн бүсэд айрагдаж байхад нь “Сайхан морь юм аа” хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байсан юм. Тэр үед ах надад нэг адуу бэлэглэсэн. Тэгээд ирж аваарай л гэдэг. Би амждаггүй. Тэгсэн 2019 онд “Ирж ав аа” гэж хэлүүлээд. Монгол Улсын Алдарт уяач П.Буд гуайн тухай нэвтрүүлэг хийх үеэрээ очоод “Даагаа л авъя” гэсэн “Үгүй, би чамд гурван жилийн өмнө бэлэглэсэн. Одоо хязаалан гүү бий. Тэрийгээ л ав. Цаг хугацааны хувьд ирж амжаагүй нь чиний асуудал” гэсэн юм. Хүний сайхан сэтгэл шүү дээ. Тэгээд би хул морьтой эцэг нэгтэй охин даага авсан. Уулбаян сумын уяач Баяжихын Мөнхсайхан гэж манай нэг найз байдаг юм. Аав нь Алтангэрэлийн Баяжих гээд 1999 онд унаган халзан соёолон азаргаа улсад гуравт оруулж байсан. Тэднийх бас нэг адуу бэлэглэсэн. Түүнийг нь очиж авахдаа гүүний наймаа хийгээд, нэг бус нэлээд хэдэн адуу ачиж ирсэн. Сайхан сэтгэлээр адуу бэлэглэж байгаа хүнд баярласан сэтгэлээ илэрхийлж хүндэтгэл үзүүлэх  сайхан шүү дээ.

-Өгсөн авсаны магнай тэнийх сайхан байлгүй яахав.

-Эрдэнэцагаан сумын Алтангэрэлийн Эрдэнэбаяр гээд 2018 оны Алтандарь эхийн овооны тахилгад хонгор хязаалан түрүүлгэсэн ах маань надад нэг үрээ бэлэглээд “Дуртайгаа ав. Аавыг чинь баярлуулна” гэсэн юм. Тэр үрээ нь суманд түрүүлж, аймагт айрагдсан. Тэрийг дагуулж авсан битүү саарал морь маань Авто замын 90 жилийн ойгоор сайхан өнгөнд уралдсан.

-Өөрөө авахаас гадна өрөөл бусдад  сайн адуу санал болгодог тухай сонсож байсан.

-Манай аав “Моринд ч, бизнест ч, улс төрд ч амжилттай яваа олон сайхан хүмүүс бий. Нэг их морь таньдаг хүн болж хүний их мөнгө үрүүлээд хэрэггүй шүү, миний хүү. Адуу нь сайн байсан ч уях эзэн нь солигдохоор яаж ч давхиа билээ. Өөртөө болмоор санагдсан адуугаа л ав” хэмээн сургасан юм. Тийм болоод ч тэрүү би нэг их олон адуу санал болгож байгаагүй. Гэхдээ санал болгосон хэд маань сайн давхисаан. Жишээлбэл, Ховд аймгийн Дөргөн сумын харьяат, Улсын Алдарт уяач Батбаяр найзтайгаа 2012 онд танилцаад, 6-н сард хурдан адуу авахаар Сүхбаатар аймгаар явсан юм. Тэгээд Дэлгэр овооны тахилгад түрүүлээд бага наадамд хоёр айрагдсан гурван медальтай хойд хоёр туур нь их том халтар даагыг эхтэй нь хамт авсан. Нөгөөх маань эрлийз даагануудтай уралдсаар улсын наадамд айрагдаж байлаа. Энэ мэтчилэн ганц хоёр хүнд адуу санал болгож байсаан. Дараа нь Батбаяр найз маань Сайн их морь авмаар байна” гэхээр нь зүүн бүсийн даншигт 13-т давхисан улаан морийг санал болгосон аваагүй. Тэгсэн нөгөөх нь 2019 онд аймагтаа түрүүлээд, Боржигонд болсон төвийн бүсийн уралдаанд түрүүлж байна лээ.

-Саарал морь ямар шинж байдлаараа хурднаа илэрхийлж байсан бэ?

-2017 онд Сүхбаатар аймагт болсон зүүн бүсийн уралдааны их насны морийг  тайлбарлах гээд зогсож байсан хадган хүзүүвчтэй тавиач хөтөлчихсөн саарал морь хамгийн түрүүнд гараад ирсэн юм. Арай л өөр харагдсан учраас унаж байсан хүүхдэд нь “Чи ч халхын хурдан их морь унаж яваа хүн байна даа. Өнөөдөр айрагдах байх” гэсэн. Тэр өдөр улаан морь 13-т орсон. Айрагдаж чадаагүй ч хурдан морь байна лээ. Ер нь бол миний морь мэдэх гэж юу байхав. Олон жил том , бага наадам үзээд, түрүүлж, айрагдах морьдыг харж буй болохоор барагцаатай болдог байх.

-Хэнтий аймгийн Батноров сумын уяач Батсуурь ахтай уулзахад “Бараан Батсуурь” гэх таны хайрласан нэрээр дуудуулахдаа таатай байдаг тухай ярьж байсан. Хочоор нь тодотголоо хэмээн эмзэглэх хүмүүс гарч байв уу?

-Гайгүй дээ. Бараан Батсуурь гэдгийг ганц би ч хэлээгүй дээ. Манай Ганпүрэв ч гэсэн ярьж л байсан. Түүнийг нь сонсчихоод би санаандгүй ярьчихгүй юу. /инээв/ 2016 онд Хэнтий аймгийн өмнөд бүсийн уралдаан Баянхутаг суманд  зохиогдоод би сурвалжлахаар очсон юм. Харж байсан Бат-Эрдэнэ Аварга, Суурь ах, Босоо Жамсран гуай, Загдын Хүрлээ гуай дөрөв тамхилаад зогсож байна аа. Санаатай биш ч хүнийг хочоор нь дуудчихсан болохоор царайг нь харахаар эвгүй ч юм шиг санагдаад болдоггүй. Гэсэн ч өөрөө түрүүлж очоод “Сайн уу ах. Би нэг тиймэрхүү юм ярьчихсан шүү. Уучлаарай. Таныг чинь харагдах байдал талаасаа хар бараан хүн ч гэсэн анд нөхдийнхөө дунд аравын бидонтой сүү асгачихсан юм шиг сэтгэлтэй хүн гэж байна шүү” гэсэн тачигнатал инээгээд. Тэр цагаас хойш бид хоёр чинь ах дүү болсоон. Манай Суурь ах сайхан цайлган цагаан, хөдөлмөрч хүн л дээ. Бид хоёр нэг нэвтрүүлэг хийсэн. Хүү нь Алтан унаганы эзэн олон адуутай залуу бий.

-Морин уралдаан тайлбарладаг залуусыг ихэд хүндэтгэж үлгэр жишээ авдаг нь орон нутгаар явж байхад ажиглагддаг шүү.       

-Морины буян, телевизийн буян, аав ээжийн минь буян юм даа. Хүн болж торнисон орчин маань морьтой ойр байсан учраас би энэ мэргэжлийг сонгосон юм. Эхэндээ зурагтаар гардаг од болъё гэсэн бодолтой байсан байх. Одоо бол тийм бодол алга. Аавынхаа “Хүнтэй мэндтэй яв. Хүний өөдөөс хараад таван үг ярьчихаж бай. Хэт их магтаал өөрийн мэдэлгүй хүнийг эвддэг. Тийм цаг үе таарвал давж гараад хүнтэй эвтэй бай” гэсэн сургаалыг санаж явдаг. Манай уяачид чинь их сайхан хүмүүс шүү дээ. Таньдаг ч бай, үгүй ч бай очингуут “Дээшээ суу” гээд урина. Насаар надаас ахмад хүмүүс ч гэсэн ажил мэргэжлийг маань хүндэтгээд хоймортоо суулган, сайхан яриа өрнүүлдэг. Бусдын чин сэтгэлийн хүндлэлийг дааж явна гэдэг том хариуцлага шүү.

-Оюунбаатар шиг, Ганпүрэв шиг морь тайлбарладаг болмоор байна гэсэн залуус олон байдаг юм билээ. Тэдэнд ямар зөвлөгөө өгөх вэ?

-Бидний өмнөх үеийн морь тайлбарлагчид буюу Ёолк гуай, 25-р суваг телевизийн захирал талийгч Авирмэд гуай, Цагаандалай ах, Гүрбазар гуай нараас сурах зүйл их бий. Уралдааны дундуур нэг их гоё үг хэлчихдэг, уралдааны явцыг уран гоё тайлбарладаг. Би тэднийг даган дуурайж суралцдаг байсан. 2009 онд дөнгөж сургуулиа төгсчихөөд одоогийн чөлөөт, жудо бөхийн тайлбарлагч  Шижирээтэй хамтран “Дүнжингаравын хурд”  уралдааныг тайлбарлаж байсан юм. Хэн хэн нь морь олигтой мэдэхгүй. Бүртгэл, цуваа ч байхгүй. Цээжнийхээ пянгаар нэг хэсэг яваад, намайг дуугүй болонгуут Шижирээ үргэлжлүүлээд,  Шижирээг яриад дуусахаар би үргэлжлүүлээд...

Энэ мэтчилэн өртөөлчилсөөр байгаад нэг юм тайлбарлатал ТВ9 телевизийн захирал Энхбат “Ер нь болох юм байна” гэсэн урам өгсөн. Хавар болж, би сургуулиа төгсөөд дипломоо авчихлаа. Тэгээд найзынхаа жуулчны баазад ажиллаж байсан чинь ТВ-9 телевизэд тайлбарлагч хийж байсан Баян-Өнжүүлийн Батбадрах ах яриад “Японоос баахан жуулчид ирчихээд ах нь энэ наадмаар ёстой завгүй байх нь. Чи наадам тайлбарла” гэдэг юм.  Удаа ч үгүй байсан хүрээд ир гэж дуудаад ТВ-9 телевизийн спортын албаны дарга Гандөштэй уулзаад наадам тайлбарлахаар боллоо. Тэгээд ээждээ “ хүү нь наадам тайлбарлана” гэж хэлээд шинэ хромон гутал авч өмсөөд дээл хийлгээд... Ингээд л эхэлсэн дээ.

-Анхны наадам амаргүй байсан уу?

-Морь дагаж давхиад л тайлбарлаад байдаг юм байх гэж бодсон чинь үгүй юм билээ. Бүртгэл, цуваа өгөөд барианы зурхай дээр нэг приусэнд суулгачихлаа. Моринд дуртай ч гэсэн урьд нь тайлбарлаж үзээгүй хүн алийгаа ч мэдэхгүй. Шарга азаргаа л эрхгүй таньж байгаа. Дэлгэцэн дээр хүүхдийн номер нь ч харагдахгүй юм. За тэгээд өөрийнхөөрөө явж өглөө. Дотроо “Би ч ТВ-9 телевизийн нэр хүндийг унагалаа даа” гэж бодоод наадам дууссан ч очсонгүй. Тэгж байсан 7 сарын 17-ны өдөр “Энхбат захирал чамайг дуудаж байна” гэдэг юм. Тэр өдрийг маш сайн санаж байна. За тэгээд өрөөнд нь яваад орлоо. “Оюунбаатар санасныг бодвол сайн тайлбарласан. Чи энэ ажлыг хий. Чи чадна. Болмоор юм билээ. Өөрийгөө илүү хөгжүүл. Манай телевизэд хөл бөмбөг тайлбарладаг Балжинням, спорт тайлбарладаг Шижирбат, үндэсний бөх тайлбарладаг Батнасан гээд мундаг бүрэлдэхүүн бий. Цаанадаж өөрийнхөө нэрийг бод юун жуулчин. Чи яах гэж ээж аавынхаа мөнгийг үрж дөрвөн жил сурсан юм” гэдэг юм. Би ингэж л морь тайлбарлагч болсон хүн дээ. /инээв/


-Аль сургуулийг ямар мэргэжлээр төгссөн юм бэ?

-2009 онд МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр дүүргэсэн. Өнөөдрийн Оюунбаатарыг бий болгоход тухайн үеийн ТВ-9 телевизийн мундаг гоё хамт олон их чухал үүрэг гүйцэтгэсэн. Мөн миний өвөөгийн нөлөө их байж гэж боддог. Манай өвөө надад их сайн. Тэтгэврээ буухаар хэдэн төгрөг өгнө. Хэдэн жилийн өмнө манай нутгийн С.Авид гэж хүн “Танай өвөө чамайг “Миний хүү арай өөр шүү” гэдэг байсан” гэсэн юм. Өвөө минь намайг багад энэ морины хүн болох юм гэж хардаг байсан юм шиг байна лээ.

-Морин уралдаан тайлбарлахыг хүсэгсдэд туршлагаасаа хуваалцахгүй юм уу?

-Би өөрийгөө бусдад зөвлөх хэмжээний хүн гэж болчихсон гэж боддоггүй. Одоо ч суралцсаар яваа. Миний хувьд ном их уншдаг. Ялангуяа морины холбогдолтой номыг их уншдаг байсан. Морь тайлбарлагч болох гэж байгаа хүмүүст зөвлөхөд “Ном уншаад байхаар хүн мартахаа байчихдаг. Харин эсрэгээрээ ном уншихаа больчихоор ерөөсөө юм санахаа байчихдаг юм билээ” гэж хэлмээр байна. Мөн нүдний баримжаа буюу төсийг олж хардаг байх хэрэгтэй. Жишээлбэл, манай аав нутгийнхаа адууг хараад “Энэ Нэрэнжимээ хийцтэй адуу байна” гэгчлэн хэлдэг. Өөрөөр хэлбэл адууны төст байдлыг анзаарч тогтоодог байх шаардлагатай юм шиг. Дээр нь эгзэгийг нь нь тааруулж  байгаад гоё мөрт, зүйрлэлүүд хэлчихдэг байх ёстой.

-Яриаг тань сонсож байхад Оюунбаатар аавынхаа захиасыг эрхэмлэн биелүүлдэг сайн хүү бололтой.

-Эцэг эхээ хүндэтгэдэггүй хүн гэж юу байхав. Би аавыгаа их морь таньдаг хүн гэж боддог. Ганцхан жишээ хэлье л дээ. Манайх зээрд морио битүү адуу 2 сая төгрөгөөр авч  байсан юм. Манай ах надад Дорноговийн Иххэтийн Нарангэрэл гуайн унаган охин даага бэлэглэхээр нь хүний юмыг яаж зүгээр авах уу гээд их морь авсан нь тэр зээрд. Манайд ирээд эхний хоёр жил базаагаагүй. Би зарчихдаг юмуу гэж бодож байтал аав “Халхын хурдан морь манайд орж ирсэн. Давхиулах буян нь байдаг юм бол наадах чинь л их хурдан морь доо” гэсэн шүү. Тэгээд л нээрэн гурав дахь жилээ сумын наадамд түрүүлээд, Хакухо аваргын наадамд айрагдаад, Дүнжингаравт зургаалаад, Их хурдад аравт орсон.

-Өөрт хамааралтай адуу өнгөнд дээгүүр уралдсан наадмыг тайлбарлахад хэр догдолдог вэ?

-Өөрийн морь явах арай өөр шүү. Ялангуяа тав, зургаа дээр зэрэгцээд яваад байхаар их хэцүү юм билээ. Дүнжингарав, Их хурд уралдааныг тайлбарлаж байхдаа түүнийг мэдэрсэн. Манай аавын морь гэлтэй биш. Баянцагаан сумын уяач Бүүрээгийн Мягмарсүрэнгийн гээд зарлахад их сонин мэдрэмж төрж байсан. Санаагаар болдог бол аавыгаа цэнхэр хашаанд, цэнгэлдэхэд оруулчих юмсан гэж бодож явдаг.

-Тийм өдөр ирнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Алдарт Баянцагааны хүү шүү дээ.

-Монголын хурдан морины домогт нутаг. Миний нутаг бол монгол төрийн наадамд 53 морь түрүүлж, 200 гаруй морь айрагдсан зууны манлай сум. Зууны манлай уяачтай сум. Би төрлөх нутгаараа их бахархдаг. Манай нутгийн уяачид морь таних тухайд үнэхээрийн мундаг хүмүүс байж.  Манай сумын нэрт уяач Донойн Дугарсүрэн гуай Хэнтий аймгийн Галшар сумын уугуул Төв аймгийн Баян сумын нэрт уяач ард олны дунд "Дулаан багш" хэмээн алдаршсан Жанцангийн Дамдинжавын адуунаас улсад шүдлэн түрүүлсэн хонгор үрээг нь худалдаж авахаар Гонгор залангийн Батбаяр гэдэг шинжээчийг дагуулж явжээ. Тэгсэн Батбаяр нэг саарал үрээ зааж улсад түрүүлсэн хонгороос дутахгүй үрээ байна. Үнэ нь арай наана юм” гэж. Д.Дугарсүрэн гуай үгэнд нь орж өнөө саарал үрээг аваад  1952,1953,1954 онуудад гурван жил дарааллан айрагдуулсан байдаг. Энэ мэтчилэн адуу таньсан түүх олон.

-Цаг хугацаа, нүүр хуудсанд захирагддаггүйсэн бол сонсоод л баймаар... Гэвч бид энд хүргээд ярилцлагаа өндөрлөхөөс аргагүй нь. Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Морьтны соёлыг түгээх үйлсэд нь амжилт хүсье.

-За баярлалаа.”Тод магнай” сэтгүүлийнхээ хамт олонд баярлалаа. Бид нар мэргэжил нэгтэй хүмүүс энэ салбарыг сайхан харагдуулахын төлөө хичээж байгаа. Та бүхний ажилд ч гэсэн амжилт хүсье.

Б.Хастөр

 

3 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 59.153.85.95

    Тайлбарыг мэргэжлийн түвшинд хүргэсэн хүндээ

    Reply
  • 66.181.161.117

    Haliun azraga ch hanamalhan uya taarval Halhiin naadmiig neg zam zaah yumaa. Gej heldeg sanaanaas gardagui yum. Mundag zaluu shuu

    Reply
  • 66.181.161.99

    minii and ch iiml uhaalag tor tvmnee nutag us aaw eejee ahmad nastanaa hvndelsen nz nohoddoo tvshig.t vlger duurialal bj yvdag mundag zaluu yum shvv nzdaa ajild ni amjilt ervvl enh sn shn bvhniig hvsen yrooy

    Reply