Аймгийн Алдарт уяач Д.Шар: Мориныхоо тарга хүчинд л илүүтэй анхаардаг

Сэтгүүлч
4-р сарын 23 -нд

Онгон суманд онцгой хурдлан суу алдраа мандуулсан гайхамшигт хүлгүүдийн уяа сойлгыг тааруулагч Донойн Шар уяач 1938 оны 10 дугаар сард Шар хэмээх газар айлын ууган хүүхэд болон мэндэлжээ. Буурал Алдарт эрүүл мэндийн байдлаас болоод бидний хүсч байсанчлан дэлгэр яриа дэлгээгүй ч цөөн асуултанд ийнхүү хариулсан юм. 

-Бие, мал тарган тавтай сайхан хаваржиж байна уу?
-Сайхаан. Сайн явж байна уу.
-Сайн явж байна аа. Онгон сумын уяачид, хурдан морины зүтгэлтнүүдтэй уулзаж яваа юм аа. 
-Олон уяачтай уулзав уу. 
-80 гаруй уяачтай уулзлаа. Та бидэнд өвөг дээдсийнхээ талаар, өөрийнхөө талаар ярьж өгөөч.
-Миний эцэг Ниндэвийн Доной гэж хүн байсан. Би хүүхнийх нь хүүхэд байгаа юм. Миний ээж намайг багад үгүй болж, би өвөө, эмээгийнхээ гар дээр өсөж өндийж хүн болсон. 
-Донойн хүрэн гэж хурдан адуу байсан гэх юм билээ. Та түүнийг мэдэх үү? 
-1950-иад оны үед хурдалж байсан морь. Манай өвөө бас морь уяж байсан. Алаг нүдэн гэж нэг шаргал морь байсныг муухан санаж байна. Түүнээс өмнөхийг бол мэдэх юм алга.
-Тэгвэл таны хувьд хэдий үеэс эхлээд хурдан морь уясан бэ? 
-Бага залуугаасаа л уясан. Хүүхэд байхдаа нэг их хурдан морь унаж байсангүй. Тэгээд 1959 онд цэрэгт татагдаж Улаанбаатарт нэг, Дарханд хоёр жилийн алба хаасан. 1962 онд халагдаж ирээд нэгдлийн адуу овоо хэдэн жил малласан. Тэгээд залгаад хонь ч малласан, үхэр ч харж байсан. Насаараа л мал маллалаа даа. 


-Бидэнд хурдан хүлгүүдийнхээ талаар дэлгэрэнгүй сайхан хуучлаач. 
-За, тэрийг чинь л харин чадахгүй дээ. Хольж хутгаад байдаг болсон байна лээ. Хүүхдүүдээс асуувал сайн ярина. Мөнхөө сайн мэддэг юм.
-Хүрэн азарга тань шинэ мотоциклийн мялаалга гэх юм билээ. Тийм үү?
-Тийм. Чулуунбор гэдэг чинь миний гарсан ээжийн төрсөн дүү.
-Та энэ нутгийн ямар уяачидтай хамт морь уяж байсан бэ?
-Би чинь хүнтэй нэг их нийлээд сүйд болдоггүй хүн. Өөрөө гаднаа уяж байгаад хэд хоногийн өмнө уралдах газраа аваачдаг байсан. 


-Уяаны арга барилын тухайд юун дээр нь илүүтэй анхаардаг байсан бэ?
-Мориныхоо тарга хүчинд л их анхаардаг даа. Хүч нимгэн бол ажлыг нь арай бага хийдэг байсан. За, өөр бусдыг нь хүүхдүүдээс асуу даа.
-За ойлголоо. Уясан хүлэг морьдын хийморь ивээж, урт удаан наслах болтугай.

А.Тэлмэн


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна