Сумын Алдарт уяач П.Алтангэрэл: Хар азаргаа гурван өдөр дарааллан давхиулчихаад “Аргагүй л хурдан буян заяаж дээ” гэж их баярласан

Сэтгүүлч
4-р сарын 26 -нд

Өвөрхангай аймгийн Уянга сумын Шивээ-Овоо III багийн харьяат, сумын Алдарт уяач Пүрэвбаатарын Алтангэрэлийн ярилцлагыг уншигч танд хүргэе. 

-Уянгынхан дунд удам залгасан уяачид олон юм аа. Тэдний нэгийг та гэж сонслоо.
-Тийм ээ, би удам залгасан уяач. Миний буурал аав Гөлгөө, аав Пүрэвбаатар нар морь уядаг байлаа. Тиймдээ ч миний бага нас адууны дэргэд л өнгөрсөн. Анх зургаан настай морь унаж сурсан. Бага байхад өвөө, аав хоёрын унаган адуунууд сайн давхисан. Хоёр зээрд морь аймагт хоёр түрүүлж, хоёр айрагдсан. Зүүнбаян-Улаан, Хайрхандулаан, Бат-Өлзий суманд тус, тус нэг нэг айрагдсан. 
-Хэд хэдэн онд вэ. Санаж байна уу?
-1980-аад онд морьд нь сайн давхисан. Би чинь 1997 онд мориноос хасагдсан гэхээр зөв юм байна аа. Тухайн үед аавынхаа уясан морьдыг унадаг байлаа. Аав ч суманд нэлээн олон айрагтай. Харин миний хувьд 1998 оноос бие даан морь уяж Зүүнбаян-Улаан сумын баяр наадамд хээр, хонгор халзан хоёр үрээтэй очсон. Тэнд хээр нь аман хүзүүдэж, хонгор халзан айргийн таваар давхисан. Тэгэхэд Зүүнбаян-Улааны Ганхуягийн хонгор алаг үрээ түрүүлсэн юм. Хойтон жил нь буюу 1999 онд сумынхаа баяр наадамд соёолон үрээ гурваар, их насны хавчиг хээр морио дөрвөөр давхиулж, хязаалан зээрд үрээгээ аман хүзүүдүүлсэн. Ингэж гурван айраг хүртээд Баянхонгорын даншиг руу явсан. Тэр бол уяач миний анхны даншиг байгаа юм. 
-Ямар насны морьдтой очсон бэ?

-Хязаалан, соёолон, их настай очсон. Тэгэхэд 1008 их нас давхиж, миний хээр морь 91-ээр ирсэн. Харин зээрд үрээ 100 гаргаж, соёолон хар үрээ энд гуравлачихаад Баянхонгорт очиж 45-аар давхисан. Тэгээд хойтон жил нь сумынхаа баяр наадамд хар азаргаа түрүүлгэсэн. Харин хээр морь айргийн таваар, нас нийлсэн зээрд морь мөн айргийн таваар давхисан. 2003 онд хар азарга сумын баяр наадамд дөрөвлөж, нэг хээр үрээ уясан нь зургаалсан. Харин хул даага аман хүзүүдсэн. Хойд шурганы нэг хүний хүрэн даага түрүүлээд, миний хул аман хүзүүдсэн нь тэр. Ер нь 2007 он хүртэл сумандаа наадсан байна. Үүний дараа хот руу явж ажил хийсэн. Гэхдээ мориноос холдоогүй ээ. Архангай аймгийн Мөнх-Эрдэнэ арслангийн морийг уяж, Партизанд хар даагыг нь аман хүзүүдүүлсэн. Төв аймгийн Тал худагийн Батмөнх гэж хүний морьдыг уяж уржнан улсын баяр наадамд сайхан уралдууллаа. Энд эрлийз бор азарга нь Цагаан хөтөл даваад өндөр хүчдэлийн төмөр хүртэл Хэнгэрэгийн Цогтсайхан ахын хээр азаргатай хөтөлж явснаа суугаад, хээр азарга 17, миний бор азарга 27-гоор ирсэн. Батмөнхийн сайхан халиун даагыг улсын баярт уралдуулж 20-иор давхиулсан. Ардын хувьсгалын 93 жилийн ойгоор Төв аймгийн Партизан суманд очиж сартай хүрэн үрээгээ аман хүзүүдүүлсэн. 


-Ламын Гэгээний ойд 1008 морь уралдахад 91-ээр давхисан хээр морь тань хаанахын адуу юм бэ?

-Манай буурал аавын авга ах нь Өсөх гэж хүний унаган хүрэн азарга манай Уянга суманд 11 удаа түрүүлсэн юм гэнэ лээ. Түүний төлийн төл нь байгаа юм. Одоо ч удам тасралгүй найм дахь үедээ явж байна. 
-Энэ хугацаанд таны уясан морьдоос онцгой амжилт үзүүлсэн ямар хурдан хүлэг байна вэ?

-Миний хар азарга байна. Хэнтий аймгийн Галшарын азарга гэдэг юм. Би 1998 онд сумынхаа Бүрэнтөгс гэж ах хүүгээс битүү хязаалан үрээ аваад, суманд аман хүзүүдүүлж билээ. Түүнээс хойш 2017 оныг хүртэл айргаар л давхидаг байлаа. Сумаас 11 айраг, нэг түрүүтэй.  
Үүнээс өмнө нэг удаа би малд явж байгаад “Хар үрээгээ өгчих, Бүрэнтөгс ах аа” гэсэн чинь “Зарахгүй” гэнэ. Дараа нь өвөл цагаан сар болох гээд би сумын төв орохоор давхиж явтал Бүрэнтөгс ах өмнөөс шарга морьтойгоо давхиад ирлээ. Тэгээд “Хар үрээгээ дүүдээ өгчихье дөө” гэдэг юм. Тэр үед сарлагийн бухан дээр нэг сайхан байдсан гүү, 300 мянган төгрөг өгөөд авсан. Тэр үеийн 300 мянга их мөнгө л дөө. Тэгж хязаалан авчихаад хавар нь туранхайдуу орсон. Тэр үед тэжээл өгдөггүй өвсний цагаар уядаг байсан юм чинь. Манай энд зургадугаар сарын 20-д гээд морьдоо барьдаг. Тэр жишгээр 20-ноор нохой өдөр барьж аваад ёсоллоо. Уяад л, хөлсийг нь аваад, унаад л сайхан давхиулсан. Тэгээд Ялаатын ард тавилаа. Өөрийнхөө насанд нэг их уралддаггүй байсан юм аа. Ер нь ганцаараа л ирнэ. Сумынхаа Энхтайваны бор, Цэвэлийн бор, Шийрэвийн хар азаргануудтай уралдана. Тэгээд өнгөнд нь л ирнэ. 1998 онд “Миний хар азарга ч хурдан нь хурдан юм, сумандаа түрүүлэх байх” гэж онгироод тавьсан аман хүзүүдчихдэг байгаа. Дараа жил нь 1999 онд азарган соёолон уяж сумандаа дөрвөөр давхиулчихаад Баянхонгорын даншигт очиж 45-аар давхиулсан. Тэр үед улсын Алдарт уяач Гүншир гуай бид хэд морьдоо хөтлөөд, 30 машин дээр гэрээ аччихсан, малаа тууж яваа улс шиг явж байлаа. Би Баянхонгорт оччихоод хар үрээгээ орчих болов уу гэж бодож байсан юм. Тэгсэн 500 гаруй үрээн дундаас 45-аар давхисан. Хойтон жил нь хавчиг азарга сумын баяр наадамд хол түрүүлж ирсэн. Тэгэхэд Энхтайваны бор азарга аман хүзүүдэж, Дэврэхийн бор азарга гуравлан, Шийрэв гэж уяачдын холбооны даргын хар азарга дөрвөөр давхисан. Ер нь миний хар азарга айраг алдаж байгаагүй ээ. Жил өнжихгүй орсон. 2000 онд “Арвагар хээр” уяачдын холбооныхон аймагт тойруулга уралдаан хийхэд хар азаргатайгаа очоод нэг аман хүзүүдүүлж, нэг гуравлуулсан. 2005 онд аймаг явж дөрөвлүүлсэн. Түүнээс хойш аймагт тавиагүй ээ. 
-Суманд хэд хүртлээ уралдсан бэ?

-2007 он буюу 17 хүртлээ уралдсан. 
-Төлүүд нь яаж давхиж байна вэ?
-Төл хоёр сайхан хар азарга надад бий. Нэгийг нь хүргэн ахдаа бэлэглэсэн нь сайн давхисан. 2011 онд Дөрөлжийн наадамд битүү хязаалан анх уяж, түрүүлсэн. Тэгээд Уянга сумынхаа наадамд гуравлаж, Бат-Өлзийд хоёр, Хужиртад нэг, Зүүнбаян-Улаанд нэг айрагдсан. Түүний төрсөн дүү  хар азарга нь бага насандаа суманд нэг түрүүлж, нэг аман хүзүүдэн, нэг гуравласан. Тэгээд нэг ах хүү хоргоогоод байхаар нь зүгээр шахуу өгчихсөн. Өөр бас нэг хар даага бий. Энэ жил уралдуулсангүй. Түүнчлэн түрүүн 11 түрүүлсэн гэж ярьсан Өсөх гэж авга ахын зээрд азарганы угшилтай сайхан ухаа даага байна. Хойтонгоос сайхан уяж байгаад улсад уралдуулна даа. 
-Төвд очоод морь уяхаар уяаны арга барилын зөрүү гарах юм уу?

-Ялгаатай юм билээ. Манайхан хуучин цагт өвсний цагаар уядаг байлаа. Мэдээж одоо бол тэжээж байна. Том том уяач нарыг харж байхад тэжээлтэй адуу л давхидаг болж л дээ. Тэд бас англи, араб азарга авчирч монгол гүүнд хураалгаж, адууныхаа цусыг нь сэлбэж байна. Хоёр, гурав дахь үеийн шинэ цагийн монгол адуунууд аль ч уралдаанд уралдаад л байна. Тэднийг харахад хүзүү нь монгол адуунаас арай өөр юм. Монгол адуу бол навтайсан, бяралхуу байдаг даа. Ер нь монгол адууг өвсний цагаар уявал илүү давхина. Яах вэ, монгол адууг тэжээж уяж үзсэн. Таргадаад, мах нь дийлдэхгүй юм билээ. Зүүн талын морьдын уяаг ч  харлаа. Хүйн долоон худагт бол голдуу шинэ цагийн монгол адуу уядаг юм билээ. Орой үдэш болоод ирэнгүүт л гүүглээд тар хийчихнэ. Би ноднин, уржнан их сунгаан дээр Батмөнхийн зургаан морьтой очиж байсан. Улсын баяр наадмын сунгаанд Батмөнхийн бор азарга, шар хээр морь, зээрд соёолон, хязаалан зээрд, сартай хээр үрээ, халиун даагыг нь түрүүлгэж байлаа. 
-Өөрийнхөө адууг аваачиж уяж байна уу?
-Унаган адуугаа АХ-ын 100 жилээр мордуулна даа.
-Дөрөв дэх үеийн уяачдыг бэлтгэж байгаа биз дээ?
-Араас дүү нарын хүүхдүүд гээд гарах байх аа. Би чинь ганцаараа л морьдоо уядаг хүн. Өвлийн цагт хотод ажил хийчихнэ, зуны цагт морьдоо уяна. 
-Ингэхэд уяа эвлүүлсэн энэ он жилүүдэд хамгийн сайхан наадам хэзээ тохиож байв?

-2004 онд Гол усны хөдөлгөөн, УИХ-ын гишүүн Бадамдамдин ирж Цагаанчулуутад наадам хийдэг юм байна. Тэр наадмын өмнөх өдөр “Миний хар азарга хол түрүүлнэ шүү” гэвэл хүмүүс “За миний дүү, битгий тэгж ам гараарай. Адуу эмзэг шүү” л гэж байсан. Тэгэхэд нь “Үгүй ээ, миний хар азарга уяа орчихсон. Өмнө нь байг нь өгчих” гэж очсон хүн шүү дээ. Ингэж Цагаанчулуутад түрүүлчихээд сумандаа ирсэн “Маргааш наадам хийнэ” гэнэ. Манай энд Майдар эргэж морь уралдуулдаг байсан юм. Урд өдөр нь уралдуулчихаад ахиад тавихад мөн л түрүүлсэн. Тэгсэн гишүүн Бадамдамдин “Маргааш бас сонгуулийн наадамтай” гэдэг юм. Тэнд хар азарга аман хүзүүдсэн. Гурван өдөр дарааллан давхиулчихаад  “Аргагүй л хурдан буян надад заяаж дээ” гэж бодоод их баярласан. Тэгээд би УИХ-ын гишүүн Бадамдамдинд дэлтэй хонгор морь бэлгэнд өгч байлаа. Сумын баяр наадамд дэлтэй хонгор морио давхиулсан 10 гаргадаг юм. Тэгэнгүүт хонгор мориндоо хадаг зүүгээд бэлэглэсэн. Уяач миний сэтгэлд өег санагддаг хамгийн сайхан түүх энэ дээ. 
-Ийм баяр бахдалт наадам олон байх болтугай. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.

Д.Энхтуяа


1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.