​Баянцагаан угшлыг бэхжүүлсэн Батбуянгийн зэгэлүүд

Сэтгүүлч
5-р сарын 03 -нд

Ардын хувьсгал ялснаас хойшхи 99 жилийн түүхэн дэх баяр наадмын хурдан морины цувааг шүүрдэж байхуйд Ц.Батбуян гэх нэр цөөнгүй таарна. Олноо Өвгөний Батбуян хэмээн алдаршсан энэ эрхмийн хүлгүүд 1930-1940 оны үед ид хурдалж байсан бөгөөд ОНЦГОЙ хэмээн тодотгох нь зүйтэй байх. Өөрөөр хэлбэл энэ арван жил бол Ц.Батбуян уяачийн од гүйсэн он цаг байлаа. Тэрээр нэг жилийн баяр наадмаас дөрөв, таван айраг, түрүү хүртэн гайхшруулж байсан юм.

Аз өм нь ассан, амны хишиг нь бялхсан Ц.Батбуян гэгч ямар хүн байсан бол. Энэ асуултыг мэдэж магад гэсэн хэд хэдэн хүнд тавилаа. Тэдгээрээс хамгийн олон мэдээлэл дуулгасан нь түүхийн ухааны доктор А.Баярмагнай. Тэрээр:

“...Ц.Батбуян гуай сумын дарга хийж явсан хүн гэнэ лээ. Морийг нь Маарамбын Баяр уядаг байсан гэдэг юм. Эцэг нь нутаг орондоо Өвгөн лам хэмээн алдаршсан Цэгмид гэж хүн байсан.Тиймээс хүүг нь Өвгөний Батбуян гэдэг болсон юм билээ. Цэгмид гуай морь айхтар таньдаг, сайн уяач байж. Чимэдлхайжав, Гомбосүрэн нарын хүсэлтээр Галшараас хоёр даага шинжин авч өгөхдөө:  -Бор нь бага насандаа хурдална. Харин хар нь том болоод хурдална гэсэн байдаг. Нээрэн ч Чимэдлхайжавын авсан бор даага өсөх насандаа үнэхээр сайн хурдалж, Төв аймгийн урд талын сумдын наадамд хэд хэд түрүүлж, соёолон болмогц нь тэр нутгийн хурдан морь их үнэлж авдаг атлаа уяж хурдлуулдаггүй Сосор гэгч авчээ. Хар нь бага насандаа гавихгүй байснаа их насанд нийлэнгүүтээ хурдалж “Аягачийн хар” нэрт хурдан морь болсон байна”. Батбуян гуайг нэр цууд гаргасан зэгэл хонгор адууг аав нь шинжиж авч өгснийг чи мэдэх байлгүй” хэмээсэн юм.

Хурдан морь сонирхогчдын дунд Их зэгэл хэмээн алдаршсан хонгор халзан азарга бол Батбуян гуайд төрийн наадмын анхны айргийг авчирсан адуу. Гэхдээ энэ нь Батбуян хурдгүй байсан гэсэн үг огт биш. Тэднийх мал хуй сайтай. Адуу нь ч хурдан айл байж. Тэрээр 1920-иод оны үеэс хурдан морь уяж, арван засгийн наадамд хээр алаг азарга, зээрд морио түрүүлгэн, зээрд соёолон айргийн гуравт хурдлуулж  байсан гэх мэдээлэл бий.

Цэгмид гуай холыг харж, хоёрыг сэтгэн  арван засгийн наадамд түрүүлсэн алаг азаргаа Манзушир хутагтад өргөөд, цус холдуулж, чанар сайжруулахаар Сэцэн хан аймгийг зорьжээ. Энэ үйл явдал 1928,29 оны үед болсон бөгөөд Галшарын адуу ид гайхуулж байсан цаг. Өвгөн ноёны олон жилийн турш бодлогоор гарган авсан хурдны өмнө гишгэх адуу өдрийн од мэт болж байсан үе. Үүнийг ухаарсан хашир өвгөн нутгийн нэрт шинжээч Өлзийг дагуулан явжээ.

Галшарынхан төв халхын нэрт шинжээч, сайн уяач ирсэн сургаар дор бүрнээ адуугаа харуулж, хүүхэд унаж явсан үрээгээ хүртэл сонжуулж. Харин Цэгмид, Өлзий  нар Дагмид-Очир Мээрэнгийн адууг удтал үзээд оодон сүүлтэй хөхөрсөн хонгор халзан үрээг авахаар тогтсон гэдэг. Энэ тухай  нутгийн учир мэдэх хүмүүс “хэд хэдэн адуу нүдэнд нь туссан байх. Гэсэн ч хоорондоо “олон хонхортойгоос олон бүлтгэртэй нь дээр биз” хэмээн ярилцаад хонгор халзанг авахаар тогтсон хэмээдэг аж. Энэ үйл явдал хурдны цөм болсон Галшар нутгаас  төмстэй үрээ гарсан анхны тохиолдлын нэг бөгөөд эхлэл нь байсан гэдэг.

Ц.Батбуянгийн Их зэгэл буюу энэ хонгор халзан азарга улсын баяр наадамд хоёр /1931, 1933 онуудад/ түрүүлж, хоёр /1930, 1934 онуудад/ айрагдан, аймаг, сумын наадамд олон түрүүлжээ.


Түүний үр Бага зэгэл 1933 онд хязааландаа айргийн гуравт хурдлаад, 1934 онд соёолон азарга түрүүлж, 1936 онд долоон настайдаа хоёр дахиа түрүүлээд буцах замдаа өвчин олж төрсөн нутаг Зогсоолдоо очиж мөнхөрчээ.


Цэгмэд ламтаны бодож тооцоолж байсанчлан Галшарын ганц төмстэй үрээ  хурдны үр тарьж, тэр хавийнхны адууг нийлэнхүйд нь сүлээд зогсохгүй зэргэлдээ аймаг, суманд ч нэлээд очжээ. Энэ тухай түүхийн ухааны доктор А.Баярмагнай ” ...Батбуян гуайнд их хонгор халзан азарганы нь анхны төл бас нэгэн хонгор халзан азарга байсан. Энэ хоёрыг “Их зэгэл”, “Бага зэгэл” гэж нэрлэдэг байв. Их бага хоёр зэгэлийн үр хар, хүрэн, зээрд, бэдэртэй хул азарганууд байсан бөгөөд тэдний эр үр бүгд нь хурдалж өөрийн сумын нутгаар тархсан төдийгүй, эдний адууны удмын азарга, морьд, гүү байдас  40-50-иад онд Төв аймгийн өмнөд, Дундговь аймгийн умард сумдаар ихэд тарж “Баянцагаан” угшлын адууны тархацын хүрээг нэлээн тэлсэн байна.” хэмээн бичсэн байдаг.

Өөрөөр хэлбэл Цэгмид өвгөний тэр нэгэн үйлдэл нэг айлын адууг сайжруулаад зогссонгүй нэлээд хэдэн сумын адууг сэлбэж, Баянцагаан гэх бэсрэг угшлыг батжуулжээ. Баянцагаан угшлын гурван гол тулгуурын нэг хэмээгддэг Өвгөний Батбуян гэх нэрт уяачийн хурдан зэгэлүүд, түүний  үр удмаас олон сайн их насны морьд төрсөн бөгөөд хурдан морь судлаач П.Дашдэмбэрэл: “1929 оны үед Өлзий өвгөний хамтаар Галшар орж Дагмид-Очир мээрэнгээс зэгэл халзан үрээ худалдан авсан нь их зэгэл нэртэй хурдан азарга болж улсын наадамд хоёр түрүүлж, хоёр айрагдсан. Хөх цавьдар азарганы үр нь С.Банзрагчийн Аварга зээрд морь, охин төлөөс нь гарсан Б.Банзрагчийн Толбот бор азарга зэрэг аварга хүлгүүд төрсөн. 1938 оны улсын наадамд түрүүлсэн Дундговийн Учиралын Хайнзангийн хонгор их морь бол ах дүүдээ өгсөн олон сайн морьдын нэг” хэмээн ярьсан юм.

Дээрх хоёр эрхмийн ярианаас  дүгнэбэл Ц.Батбуян уяачийн зэгэлүүдийн үр удамд үржлийн тодорхой бодлого баримталсан бол одоо бидэнд мэдэгдэж буйгаас илүү өргөн цар хүрээтэй хурдны тойм гарах байсан мэт. Өөрөөр хэлбэл зэгэлүүдийн эр төлийн ихэнхээр нь азарга тавьж, нутгийн угшил сайт олон гүүг цуглуулан үржил хийсэн бол Галшарын дайнд хүрэхгүй ч хол дутахгүй бэсрэг угшил гарах байсан мэт санагдах.

Ингээд эрхэм уншигч, та бүхэнд Ц.Батбуян уяачийн төрийн наадамд үзүүлсэн амжилтыг түүвэрлэн хүргэе.  

Амжилтын товчоон:

1. 1930 онд Их зэгэл азарга айргийн тав

2. 1931 онд Их зэгэл азарга түрүү

3. 1933 онд Их зэгэл азарга түрүү

4. 1933 онд их насны халиун морь айргийн гурав

5. 1933 онд Бага зэгэл азарга хязаалан айргийн гурав

6. 1933 онд зээрд даага айргийн тав

7. 1934 онд хонгор халзан азарга айргийн гурав

8. 1934 онд Бага зэгэл азарга соёолон түрүү

9. 1934 онд хөх саарал соёолон айргийн тав

10.1934 онд цавьдар хязаалан аман хүзүү

11. 1935 онд хөх цавьдар соёолон айргийн дөрөв

12. 1936 онд Бага зэгэл азарга түрүү

13. 1936 онд цавьдар соёолон айргийн дөрөв

14. 1936 онд хонгор соёолон айргийн тав

15. 1936 онд хүрэн зээрд хязаалан айргийн дөрөв

16. 1936 онд Хав хул шүдлэн айргийн гурав

17. 1937 онд хар азарга айргийн дөрөв

18. 1937 онд Чөтгөр зээрд соёолон түрүү

19. 1937 онд зээрд хязаалан айргийн гурав

20. 1938 онд Хөх цавьдар азарга айргийн дөрөв

21.1938 онд хар саарал их насны морь аман хүзүү

22. 1939 онд Бидэрт хул азарга айргийн гурав

23. 1939 онд хүрэн хязаалан айргийн гурав

24. 1939 онд сартай хээр шүдлэн айргийн гурав

25.1940  онд хул хязаалан айргийн тав

А.Тэлмэн /гэрэл зургийг Морины Даашкагийн архиваас авав/

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна