Аймгийн Алдарт уяач Н.Амарбаясгалан: Миний хүрэн морь улсын наадамд чөлөөтэй түрүүлэх адуу

Сэтгүүлч
5-р сарын 27 -нд

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Номгон нэгдүгээр багийн харьяат, аймгийн Алдарт уяач Нэргүйн Амарбаясгалан 1972 оны 2 сарын 5-нд айлын хоёр дахь хүүхэд болон мэндэлсэн. Уугуул нутгийнхаа алдрыг улсын дэвжээнд мандуулж яваа тэрээр ММСУХ-ны Уяачийн алдар, Эрдэнийн очир одонгоор шагнуулсаны зэрэгцээ 2012 онд  Өмнөговь аймгийн шилдэг уяачаар тодорч байжээ.

-Аливаа зүйлд анхдагч байх нандин сайхан. Тэр мэдрэмжийг амссан 2013 оны баяр наадмын дурсамжаас яриага эхэлье.

-Ханбогд сумаас Монгол төрийн наадамд анх удаа морь түрүүлгэх хувь завшаан надад тохиосонд баяртай явдаг. Өмнөх жил нь аймгийн Алдарт уяач Хургаагийн Нэхийт хоёул анх удаа сумаасаа төрийн наадмыг зорин оролцож байлаа. Хэдийгээр айраг, түрүү хүртээгүй ч Галба нутгаасаа зорин очиж төр түмнийхээ их цэнгэлд оролцсондоо сэтгэл дүүрэн байсан. Тийн хүндэтгэл дүүрэн байсных уу дараа жил нь унаган даагаа төрийнхөө наадамд түрүүлгэж, Галбачуудынхаа магнайг тэнийлгэж, өөрийн тань хэлсэнчлэн нандин сайхан мэдрэмжийг амссан.

-250 гаруй даага бүртгүүлж, 166 нь гарааны зурхай руу хөдөлсөн. Бяцхан охины унасан хул даага түрүүлэн ирэхэд үзэгчид уухайлан байсан нь нүднээ тодорч байна.

-Энхсайхан ахын маань эгчийнх нь хүүхдийн хүүхэд. Цовоо охин бий.

-Нэгэн үе тоог нь олшруулж, тоосонд нь хутгалдая хэмээн улсын наадмыг зорьдог байсан гэдэг. Харин одоо бол айрагдаж, түрүүлнэ гэх дүүрэн итгэлт уяачид л Хүйн долоон худгийг зорьдог. Өөрөөр хэлбэл улсын наадам сонирхолын хэмжээний уралдаан биш болж. Тэр жил та хэр  итгэлтэй байсан бэ?

-Сунгаанууд дээр 55-60 миллийн хурд гаргаж байсан. Улсын наадмын өмнө хоёр уралдаж, хоёр түрүүлсэн. 6-р сарын 1-нд аймгийн Засаг даргын нэрэмжит бага гурван насны морьдын уралдаанд түрүүлээд, Манлай суманд болсон галын нээлтийн уралдаанд мөн магнайдаа тоос хүргээгүй. Манлай суманд болсон уралдаанд би машиныхаа миллийг хараад дагаж явсан юм. Тэгэхэд 60-г зааж байсан. Америк машины милл зөрүүтэй ч дүүрэн 55 миллийн хурд үзүүлсээн.  Үнэхээр хурдан байсан. Хүнд яривал итгэхгүй байх. Тэр уралдааны дараа уяач Энхсайхан ах маань “улсын наадамд явж уралдъя” гэдэг шийдвэр гаргасан. Тэгээд хул даагаа ачиж очоод уралдсан, түрүүлсэн. Хүмүүс “хэдэн насны морьтой ирэв” гэж их асуудаг юм билээ. “Ганц даагатай ирээд түрүүлгэчихлээ” гэхээр гайхаж л байсан. 


-Энэ холоос очсон улс үгүй ядаж хоёр үрээтэй ирээ биз хэмээн таамаглаа байлгүй.

-Тийм л байх. Гэхдээ бид их тулгуу очсон. 7-р сарын 11-нд азарга барианд орж байхад гэрээ барьж байсан.

-Хоёр түрүүлчихсэн учраас хүлээлт өндөр байв уу?

-Миний хувьд тийм ч итгэлтэй байгаагүй ээ. Өмнө нь улсын наадамд морь айрагдуулж байгаагүй болохоор тэгтлээ найддаггүй юм билээ. Харин уяач маань дүүрэн итгэлтэй байсан. Тийм ч болохоороо “намайг гэр барь” гэсэн байх. Уяачийнхаа хэлснээр гэр бариад, зурагт тавиад... Улс халзан түрүүлэхийг гэртээ зурагтаараа хараад сууж байлаа. Тэгсэн уяач маань ирээд “Ийм сайхан гэр барьсан юм чинь даага түрүүлэхээс өөр арга алга” гэсэн. Нээрэн л маргааш нь хул даага маань түрүүлсэн дээ. Уяач хүн аргагүй мэдэрдэг юм билээ.

-Уясан хүн мэдэлгүй яахав. Даага орж ирээд л “түрүүлж, айрагдсан морьдыг цоллоно, бэлтгээрэй” гээд пижигнэчихдэг. Ер нь хэр сандарсан бэ?

-Сандаралгүй яахав. Айрагдсан морьдын хашаа руу орж чаддаггүй, ярилцлагаа өгч чаддаггүй./инээв/ “Түүгээр ор” гэсэн цагдаа нарын үгээр явсаар байгаад арайхийн иртэл айрагдсан дааганууд гараад явчихсан, эзэд нь ярилцлага өгөөд дуусчихсан байсан. Би хамгийн сүүлд ярилцлага өгсөн байх. Дөнгөж ярилцлага өгөөд дуустал “айрагдсан морьдоо ачаарай” гээд зарласан. Тэгээд л цэнгэлдэх рүү явсан даа.

-Төв цэнгэлдэхэд нутаг ус, эцэг эхийнхээ алдрыг дуудуулан зогсох тэр агшин эрхэм бүхнийг бодогдуулдаг юм шигээ... Олон уяач тэр үед ихээр догдолсноо ярьдаг юм. Таны хувьд...?

-Төрийн хишиг хүртээд зогсож байх сайхан л юм билээ. Хүн болгонд тохиох завшаан биш шүү дээ. “Ийм өдөр ирдэг юм байжээ” гэж бодогдсон. Тэгээд Галба нутгаа, өвөг дээдсээ бодож, сэтгэл дотроо чин зүрхний угаас талархан залбирч билээ. Энхсайхан ах маань ч ялгаагүй тийнхүү талархан залбирч байсан байх. Учир нь хул дааганы амжилт бидний хувьд улсын наадмын анхны түрүү. Энхсайхан ах улсын бүсийн уралдаанаас айраг, түрүү хүртсэн ч төрийн наадамд хараахан морь түрүүлгээгүй байсан юм. Тэр утгаараа бас бахархалтай санагдсан байх.


-Энэ бахархал та хоёроор хэмжигдэхгүй олон хүнд нялцсан байх. Танай ураг удамд уяачид олон уу?

-Миний өвөө аав Ханбогдын наадмаас айраг түрүү хүртэж байсан Хүүхэнхүү гэж хүн байсан. Өвөөгийн тухай манай Буяа дарга их яринаа.

-Дуулсаан. Тэр хүний үр сад юм бий вий..

-Тиймээ. Тэр сайхан уяачийн удмыг залган морь уяж буй хүмүүсийн нэг нь бий.

-Тэр хавиараа байж байгаад төвийн бүсэд уралдсан уу?

-Морины хоол солигдоод уяа нь алдарчихна гээд нутаг руугаа ирсэн. Тэгээд буцаж очоод Төв аймгийн 90 жилийн ой, төвийн бүсийн уралдаанд уралдуулж, аман хүзүүнд хурдлуулсан. Түүний дараа найман сард Энержи ресурс компаниийн наадам болж, түрүүлсэн. 

-Тав уралдаж, дөрөв түрүүлжээ дээ. Хурдан байж шүү...

-Тэгсэн. Төвийн бүсэд л аман хүзүүдсэн.

-Эх тал нь энэ нутгийн адуу гэсэн үү?

-Тиймээ. Эх хул гүүг нь манай хүргэн Ханбогд сумын Засаг дарга асан Буян-Өлзий бэлэглэсэн юм. 

-Шүдлэндээ ямар амжилт үзүүлсэн бэ?

-Улсад очоод хасагдчихсан. Нэгэнт зорьж ирснийх гээд эрлийз дунд насны ангилалд  мордуулсан 26-д орсон. Дараа нь Дундговь аймгийн Өлзийт болон өөрийнхөө сумын 90 жилийн ойд  тус тус түрүүлсэн. Тэр хавар гэдэс дотор нь нэг их сайнгүй, нэлээд сандаргасан юм. Тиймээс нэгэнт хурдаа таниулчихсан адууг зовоогоод яахав гээд дахин уралдуулаагүй. Одоо арван настай азарга бий.

-Төлүүд нь уралдаж байна уу? 

-2017 оны зуднаар төл алдсан. Одоо нэг шүдлэн бий. Давхих байх аа.

-Долоон жилийн дараа төрийнхөө наадамд адуун сүргийн манлай азарга айрагдуулсан. Удаан хүлээсэн баярт мөч байсан байх.

-Тэгэлгүй яахав. Долоон жилийн тэртээ Ханбогд сумаас төрийн наадмын анхны түрүүг хүртэж байсан бол 2020 онд улсын наадамд дээд нас айрагдуулсан эхний уяач боллоо. 2017, 18, 19 онуудад хэсэг завсарлаад морь уяагүй. Харин 2020 оны тухайд төрийнхөө наадамд уралдана гэсэн зорилго эртнээс тавьж, сар шинийн өмнө Өлзийт хороололд морьдоо авчраад Уртнасангийн Тамир дүүтэйгээ хамтран уясан. Буурал азарга маань дунд сунгаанаас эхлээд айрагдаж мэдэхээр байсан тул сэтгэл зүйн хувьд бэлтгэлтэй байлаа.

-Даага түрүүлгэхээс өөр мэдрэмж үү?

-Тэгэлгүй яахав. Дээд нас, адуун сүргийн манлай азарга гэдгээрээ аргагүй өөр санагддаг юм байна. Түүнээс гадна улсын наадмын азарганы уралдааныг долоон км өнгөлсөн Сайхандэлгэрийн зээрд  азарга миний унаган адуу. Уржнан Говьшанхад дөрвөөр давхисан. Олон аавын хөвгүүд мөрөөдөж явдаг төрийн наадмын дэвжээг миний унаган азарга долоон км хөтөлж, суунгуут будан азарга маань нэхэж уралдсаар айрагдсан нь бахтай сайхан байлаа.

-Бахдалт уралдаан болжээ.

-Огших, бахархах гэдэг багадсан уралдаан болсоон. Гэхдээ би сэтгэл хөдлөлөө тэгтлээ илэрхийлээд байдаг хүн биш.

-Сэтгэл хөдлөл багатайг тань анзаарсаан. Будан азарга өмнө нь ямар амжилт үзүүлж байсан бидлээ.

-Даагандаа Ханбогд сумынхаа наадамд түрүүлээд, АХ-ын 95 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд 15-д давхиж, “Таван толгой транс” ХК-ийн 50 жилийн ой, говийн бүсийн уралдаанд аман хүзүүдсэн.

-2012 онд тантай анх уулзан ярилцлага хийж байлаа. Тэгэхэд аймгийн Алдарт уяач цол хүртсэн байсан. Ер нь хэдий үеэс морь уясан юм бэ?

-2009 оноос эхэлж морь уясан. Уяач болоход нөлөөлсөн хүмүүс бол Номгон багийн харьяат Сайхандэлгэр, Гантөмөр нар. Тэд л надад морь уяхын сайхныг мэдрүүлж, уриалсан юм. Тэгээд Дорноговь аймгийн “Ирээдүйн түмэн эх” уралдаанд түрүүлсэн Алтанширээ сумын Буунягийн ногоон даагыг авсан ч тэр жилээ уяж, хурдлуулж чадаагүй. Шүдлэн жил нь Цогтцэций сумын харьяат аймгийн Алдарт уяач Энхсайхан ах маань уяад аймгийн наадамд аман хүзүүнд хурдлуулан миний өмийг нээж өгч байлаа. Сумандаа ч морь айрагдуулж үзээгүй хүн аймгийн наадамд айрагдахаар урам зориг орж, сонирхол ч нэмэгддэг юм билээ. Тэр жил миний Боохой цагаан даагандаа түрүүлсэн. Ийнхүү нэг дор түрүү, айраг хүртэж байлаа.

-Аливаа зүйлийн эхлэл зөв тавигдах чухал аж. 

-Тийм шүү. Энхсайхан ах бид хоёрын ганзага сайхан нийлдэг. Миний амжилтын ихэнх нь Энхсайхан ахтай салшгүй холбоотой. Би хичнээн сайн адуу авсан ч Энхсайхан ах шигээ уяж чадахгүй.


-Бусдын тухай таатай үг хэлэхийг дуулах сайхан санагддаг. Ногоон үрээнийхээ талаар жаахан дэлгэрүүлээч?

-Шүдлэндээ аймгийн болон Цогтцэций сумын наадамд тус тус түрүүлээд, намар аймгийн “Шигшмэл хурд”-д айргийн таваар давхисан. Хязааланд нь уяж чадаагүй. Хавчиг азарга Дорноговь аймагт болсон “Хутагтын хурд” уралдаанд аман хүзүүдснээс хойш дахин уралдаагүй.

-Залуудаа зодог тайлжээ. Үр төл нь хурдалж байна уу?

-Уяа эвлэх нь тааруу адуу байгаа юм. Одоогоор үр төлүүд нь давхиж шалиагүй байна.

-Боохой цагаан азарганыхаа тухайд...

-Дорноговь аймгийн уран уургач, бугуйлч Барайхан Чинбатын унаган адуу. Би дааганд нь аваад, аймгийнхаа наадамд түрүүлгэсэн. Шүдлэндээ аймгийн Засаг даргын нэрэмжит хаврын бүсийн уралдаанд түрүүлээд, хязааландаа улсын наадамд хорь гаргаж давхисан. Тэгээд хавчигт нь хөлөнд нь сэв суулгачихаад дахин уралдуулаагүй юм. Өнгөрсөн жил төл даага нь бага наадамд айрагдаж байна лээ.


-Нэр нь их өвөрмөц юм. Ямар учиртай нэр вэ?

-Чоно сүүлээ хондлой дээрээ тавьж байгаад баадаг  гэдэг. Цагаан азарга яг тэгж баадаг. Тэр утгаар нь бэлгэшээгээд Боохой хэмээн нэрийдсэн юм.

-2011 оны “Говьшанхын хурд-4” уралдаанд түрүүлдэг Даян хүрэн үрээнийхээ талаар ярьж өгөөч.

-Энхсайхан ахын унаган адуу. Даагандаа Билгэх багийн наадамд түрүүлсэн. Би соёолонд нь Ланд-80 машин өгч авсан юм. Надад ирээд аймгийн 80 жилийн ой болон Говьшанхын хурд уралдаанд түрүүлсэн. Тэгээд хавчигтаа өнжөөд долоотой морь “Хутагтын хурд”-д айргийн гуравт давхисан. Долоон настай морь 2014 онд  Ханбогд сумын 90 жилийн ойд түрүүлсэн. Сумынхаа наадамд хоёр түрүүлсэн морь. 2015 оны хавар Дорноговь аймагт болсон “Хутагтын хурд” улсын бүсийн уралдаанд зургаалсан. 2017 онд Өмнөговь аймгийн баяр наадамд түрүүлсэн. Тэр жилээ “Их Мандал-2017” говийн бүсийн уралдаанд зургаад давхисан.

-Улсын бүсийн уралдаанд хоёр ч удаа зургаад хурдалж байж шүү.

-Тийм. Миний хүрэн морь улсын наадамд чөлөөтэй түрүүлэх адуу. Даан ч эгзэг нь таарахгүй юм. Энэ жил 14 настай. Хөл гар бүтэн учир Энхсайхан ах маань аймгийнхаа 90 жилийн ойд уралдуулахаар зэхэж байгаа.

-Адуу гээч амьтан танд ивээл хишгээ харамгүй хайрлажээ. Үр хүүхдүүд тань аавын адил адуунд шимтэх үү?

-Хоёр хүү Австралид амьдардаг. Хүүхдүүд сурч боловсрохдоо анхаарч байна. Бид ч гэсэн “бие дааж амьдар” гээд явуулсан учир одоогоор өөр зүйл шаарддаггүй. Цаг нь болохоор нутаг орондоо ирж, адуу малаа уяцгаах байлгүй дээ.

-Ярилцсанд баярлалаа. Төрийн хишиг хүртэх мөчид баяртайгаар дахин уулзая. 

А.Тэлмэн

4 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 202.126.88.45

    Unen

    Reply
  • 66.181.161.59

    Миний хүрэн морь улсын наадамд чөлөөтэй түрүүлэх адуу гэж би сэтгүүлчээ

    Reply
  • 66.181.160.29

    Улсынхаа наадмын түрүү авч,аймаг,бүсийн олон олон наадамд түрүү,айраг авч нутаг усныхнаа,уяач,унаач хүүхдээ баярлуулж,уул усаа өндөлзүүлсэн мундаг хүүгээрээ бахархаж байна.Улсын алдартын бариа ойрхон байгаа гэдэгт итгэлтэй байна

    Reply
  • 192.82.84.31

    garchig aa yadaj zuv bich

    Reply