Тэжээлд оруулахаас өмнө зайлшгүй хийх ёстой алхам бол шимэгчдээс ангижруулах юм

Сэтгүүлч
2021 оны 11-р сарын 28 -нд

Хорыг нь гаргаж  хөнгөрүүлсэн адуугаа XI сарын  сүүл XII сарын дунд үеэс, бүр тодруулбал, цасан бүрхүүл тогтож, ажил хийхэд адууны ул тавагт халгаагүй болсон үеэс эхлэн тэжээлд оруулах бөгөөд энэ үеийг өвлийн уяа эхэлж байна гэдэг. Цас ороогүй байх үед моринд ажил хийвэл ул, таваг гэмтэх магадлалтай байдаг тул заавал цас орсны дараа өвлийн уяаг эхлэх нь зүйтэй. 

Уях морьдоо жүчээнд оруулан тэжээхийн өмнө зайлшгүй хийх ёстой нэг зүйл бол шимэгчдээс нь ангижруулах явдал юм. Ингэхийн тулд эмчийн зааврын дагуу туулга өгөх хэрэгтэй. Ер нь болж өгвөл эмчид үзүүлээд ямар нэгэн гэмтэл болон эмгэг байгаа эсэхийг хянуулсны дараа тэжээлд оруулж, өвлийн уяаг эхэлбэл илүү үр дүнтэй байх шиг санагддаг шүү. Тэжээх  морьдын нас, тарга тэвээрэг зэргээс шалтгаалан овъёос, хивэг хольсон тэжээлийг өглөө /8-9 цагийн үед/ оройд /17-18 цагийн үед/ усалсны дараа 1-10 шанагаар өгнө. Морьд таргалаад ирвэл тэжээлийг нь хасч, турах маягтай байвал нэмнэ. Өөрөөр хэлбэл, тэжээлийг төдөн шанага хэмээн нарийн хэмжих нь учир дутагдалтай. Гэхдээ дунджаар нэг удаа өгөхдөө 2-3 буюу өдөрт 4-6 шанага  тэжээл өгөх нь  нийтлэг жишиг юм. Өлзийт хорооллын ихэнх уяачид тэжээлийн хажуугаар  оройд нэг адуунд тал боодол өвс өгдөг. Усныхаа жаврыг нь гаргаж өгвөл морь өвлийн хүйтэнд даарч энерги алдахгүй  давуу талтайг мөн санахад илүүдэхгүй байх. Гэхдээ олон адуу тэжээж байгаа үед энэ нь хүндрэлтэй тул шууд усалж болно. Харин харшаа, зүдэргээтэй адуунд цөөн удаа хар цай өгөх нь дэм болж байх шиг санагддаг.
Ийнхүү тэжээж, арчлахын зэрэгцээ уяа морьдод тохирсон ажлыг тогтмол хийж, бэлтгэл базааж байх хэрэгтэй. Адуу болгон харилцан адилгүй учраас уяач хүн өөрөө мэдэрч ажил хийнэ. Зарим морь өдөр болгон ажил хийхээр байхад, хоёр өнжөөд нэг хийх адуу ч бий.Тэжээлийн морьдыг хамгийн багадаа ирж очихын зургаа, дунджаар арван км зайд унаж, ажил хийнэ. Заримдаа мориныхоо хүчийг хөдөлгөхийн тулд 40-50 км зайтай газарт ч ажил хийж болно. Ажил хийгээд ирсний дараа хөлсийг заавал хусах шаардлагагүй. Нэг зүйлийг анхааруулахад туршлага муутай залуу уяачид салхи шуургатай хүйтэн өдрүүдэд онцын шаардлагагүй гэж үзвэл ажил хийхгүй өнжөөж болно. Зун уралдах бага насны адууг өвөл гарцаагүй тэжээх ёстой. Гэхдээ намар хорыг нь гаргаад, хавар урь орсны дараа  бага зэрэг унаж эдлэх зэргээр л ажил хийнэ. Бусад үед ачаалал өгөх шаардлагагүй.  
Өвлийн уяа сойлготой холбогдуулан асуусан асуултуудын нэлээд нь тэжээлийн хорын тухайд байна. Ихэнх хүмүүс тэжээлийн адуунд хор сууна гэж боддог бололтой. Миний хувьд харин ч эсрэгээрээ байнгын бэлтгэлтэй байгаа адуу хор сууна гэж байхгүй. Яагаад гэхээр идсэн тэжээлийнх нь хор хийсэн ажлаар буюу хөлсөөр нь гарчихаж байдаг. Харин ажил дутуугаас юм уу, улаан буудайгаар голдуу тэжээдгээс болоод цус өтгөрч хордлогонд орох тохиолдол бий байх. Тэжээлийн хордлогод орсон гэж бодож байвал аль болох их шингэн өгөх хэрэгтэй. Гэхдээ дуслаар бол дэмий. Ер нь адуу амаараа л шингэнээ нөхөж байдаг. Тэгэхээр  ханатал нь сайн усалж байх хэрэгтэй. Шингэний дутагдлыг нөхөх энэ арга бол зуны уяаны үед ч мөн хамаатай.
Уяа морьдын хувьд жилийн аль ч улиралд хамаатай нэг чухал асуудал бол эрдэс бодисын нэмэгдэл юм. Өөрөөр хэлбэл, байнгын бэлтгэл сургуультай байгаа адуу хөлсөөрөө маш их хэмжээний эрдэс алдаж байдаг бөгөөд төмөр, магни, зэс  зэрэг эрдсийг эмчийн зааврын дагуу витаминаар нөхөж байх хэрэгтэй. Хөдөө орон нутгийн уяачид тэр бүр витамин олдохгүй байгаа бол адуугаа аль болох сайн саамалж сургах хэрэгтэй. Саамнаас илүү виматин гэж байхгүй. Саам олдохгүй бол үхрийн сүү өгч болно. Ер нь саамлаад сургачихсан адууг хаана ч очоод уралдуулахад төвөггүй. Яагаад гэвэл зуны цагт саам олдохгүй газар ховор шүү дээ. Тэгэхээр хаана ч очсон нэмэлт тэжээлтэйгээ явна гэсэн үг. 

5 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.