Нэрт уяач М.Палам

Батсайхан
2014 оны 1-р сарын 07 -нд

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын эрдэмт мэргэн уяачдын түүчээ болж, морь уях сойх их эрдмээсээ хойч үедээ харамгүй хуваалцаж ирсэн нэрт уяач М.Палам нь 1898 онд  хуучин Түшээт хан аймгийн Мэргэн вангийн хошуу буюу одоогийн Дорноговь аймгийн Улаанбадрах сумнаа төржээ. Хүүхэд ахуй цагтаа хүлгийн нуруун дээр өсч, улмаар  хурдны морь сонирхож, уяж эхэлсэн бөгөөд тэр үеийн нэрт уяач хунз хэмээх Ганжуурын шавь болж олон жил хамт морь уясан аж.
Палам агсныг хурдан хүлгийн талаар гаргуун мэдрэмжтэй уяач байсныг олон хүн ном зохиолдоо дурдсан байдаг. Морины хувилгаан гэгдэх тэрээр ямар газарт ямар гүү гишгүүлэхэд эр, охин унага аль нь гарахыг мэддэг. Өөрийн болон бусдын уясан морьдыг наадамд хэдээр давхих, тухайн өдөр айргийн тавд ямар морьд ирэхийг урьдчилан үнэн мөнөөр нь хэлдэг мэдрэмжтэй хүн байжээ. Өөрөөр хэлбэл, морь таних, уях, гэмтсэн морийг анагаах, гэмийг арилгахдаа гаргуун нэгэн байсан гэдэг. “Хурдан морь олъё” гэсэн хүнд адуун дундаас нүдэнд туссан тэр адуу өөдөөс нь эгцэлж харахгүй, цаашаа хараад буруу эргээд байвал хичнээн хурдан байсан ч эзэн нь эрэлч хүн та биш хэрэг. Харин өөдөөс нь хараад эвшээж байвал тэр морь өөрт чинь хурдална. Хурдан морь эзнээ олж хурдалдаг учиртай гэж тэр их уяач өгүүлсэн гэнэ. Түүний уяачийн эрдмийн зах цухыг илтгэсэн зарим нэг жишээг хүргэвээс:
М.Палам  агсан даахитай хар үрээг хүнээс хоёр мориор авчээ. Энэ үрээ хожмоо Паламын хээр гэж зартай хурдан хүлэг болж, нутаг орондоо алдаршсан ба нэг жил Хөвсгөл, Улаанбадрах, Замын-Үүдийн наадамд гурав түрүүлж байжээ.

1950-иад оны үеэс тус сумын харьяат Чойрогням Хэнтий аймгийн Галшар сумаас их насны хар морь, соёолон насны азарган саарал үрээ худалдан авч нутгийнхаа наадамд уяад иржээ. Энэ хоёр адууг Палам гуай үзээд, “хар морь чинь ёстой муухай хэлбэрийн хурдан морь гэдэг мөн байна. Ойрд муухай хэлбэрийн морь үзээгүй. Энэ наадамд айрагт давхина, хөгшин морь байна, дахиад битгий уяарай, саарал үрээ чинь азарга болоод олон эр төл гаргах боловч нэгээс бусад нь давхихгүй” гэжээ. Үнэхээр ганц эр төл болох Лувсанбаагийн хонгор гэдэг азарга нь хурдан байсан ба саарал азарга нь ч олон удаа хурдалж эзнийхээ магнайг тэнийлгэсэн болно. Харин хурдан морь бүхэн гоё цэвэрхэн хийцтэй байх албагүй юм байна гэдэг нь ойлгомжтой юм.
1957 оны зун азарга, гүүний орооны цагаар Палам гуай Чойрогнямын саарал азарганд гүү гишгүүлж нэг хурдан төл авахаар гүү хөтөлж иржээ. Адуу нь ч худаг дээр байж. Ингээд гүүгээ чөдөрлөөд адууны нь захад тавьчихаж. Азарга гүүг гишгэх гэхээр нь Палам гуай хөөгөөд гишгүүлсэнгүй. Хажууд нь байгаа хүмүүс, азарганд гүү гишгүүлэх гэж ирээд гишгэх гэхээр нь гишгүүлэхгүй хөөгөөд байдаг нь ямар учиртай юм бол гэж гайхацгаажээ. Тэгээд бүр сүүлдээ цөхөрлөө бараад хөөхөө ч байж, азарга ч гүүг нь гишгэжээ. Палам гуай хэлж байна гэнэ. Эр төл авах гэсэн хүсэл биелсэнгүй, ирэх жил охин унага гарахаар болчихлоо гэж. Дараа жил нь тэр гүүнээс нь охин хонгор унага гарсан бөгөөд тэр нь ихэд нийлээд эр хонгор унага гарснаар азарга тавьж олон жил хурдалсан аж.

1956 онд Эрдэнэ сумын уяач Нанзад сумынхаа наадамд их нас, соёолон хар морио түрүүлгээд иржээ. Нанзад гуайнх Паламтай нутаг ойр байсан тул явдлын далимаар Нанзадын адууг ууж байхад нь нөгөө түрүүлсэн хоёр морийг хүнээр заалгаж үзээд энэ хонгор буурал соёолон морь салхин хурдтай морь юм байна, их насанд нийлээд хэдэн жилийн дараа их тарга ирнэ. Тэгэхэд нь Нанзад тарсан ирийг нь тааруулж уяж чадалгүй барьц алдаад айргаас хасна даа гэж гэнэ. Үнэхээр гурваас дөрвөн жилийн их тарга ирж, эзэн нь уяаг нь тааруулж чадалгүй айргаас гаргасан ба хойшид ч уяад хурдлуулж чадаагүй юм.

1940-өөд оны үед сумынхаа наадамд Хүрэлийн Жанцан морь уяж, тэдний хээр даага нь анхнаасаа цэгц сайхан давхидаг бөгөөд тэр сунгаанд ямагт тасархай түрүүлдэг байжээ. Жанцан гуай бодохдоо сумын баяр наадмын дааганы түрүү минийх биз гэж бодож явдаг байжээ. Ингээд наадмын хоёр дахь өдөр дааганы эзэд ч даагануудаа авчирч цугларцгаав. Н.Жалцан Палам гуайтай уулзаж, за өнөөдөр хэний ямар даага түрүүлэх вэ, чи ямар морь танихгүй гэх зовлон байх биш гээд дагуулаад уясан даагануудыг үзүүлжээ. Палам гуай, Цэдэв гэдэг хүний жижигхэн биетэй хэний ч нүдэнд ажиглагдамгүй хээр даагыг түрүүлнэ гэж хэлээд, энэ даага сүүгээ дутуу хөхсөн юм байна, бас байдсан гүүний унага бол уу, зай багатай газар бойжсон юм байна, гэхдээ өнөөдөр түрүүлнэ гэжээ. Тэгэхээр нь өөрийнхөө даагыг баттай түрүүлнэ гэж бодож явсан Жанцан гуайн дургүй нь хүрч, Паламын мэддэг ч харин гайгүй биз гэж бодоод, миний даага түрүүлэх юм чинь гэж арай л хэлсэнгүй өнгөрчээ. Тэгээд даага уралдаад ирэхэд Палам гуайн түрүүлнэ гэсэн Цэдэвийн хээр даага түрүүлж, Жанцангийн хээр даага хоёрт давхижээ. Цэдэвийн хээр даага ч байдсан гүүнийх, сүүгээ дутуу хөхсөн зэрэг нь бүгд үнэн байсан гэдэг. Сүүлд нь Жанцан гуай ярихдаа, “Палам бол хурдан морины талаар онцгой мэдлэгтэй юм байна. Би ч шүтэн бишрэхээс яахав” гэсэн гэнэ.

1970 онд Палам гуай дүү Гаатангийндаа хонуутаар очоод өглөө нь цай ууж суухдаа, “Урьд шөнө чамайг бага насны бор зүсмийн морь аймгийн наадамд уяж очоод түрүүлгэж байна гэж зүүдэллээ” гэжээ. Тэгэхээр нь дүү Гаатан нь авдраа уудалж хадаг гарган алд дэлгэн барьж, “За ах минь, миний соёолон бор морийг аймгийн наадамд уяарай” гэжээ. Ингээд зун нь Палам гуай Гаатангийнхаа их насны хар алаг морь, соёолон бор хоёрыг аймгийн наадамд уяж очоод хар морийг гуравт давхиулж, соёолон бор морийг түрүүлгэж. Зүүдний зөн совин гэж байдаг бол тийм л тохиолдол болсон ажээ.

1950-иад оны үе. Хөрш зэргэлдээ Хөвсгөл сум наадам хийж Улаанбадрах сумын уяачид олноороо морь уяж очсоны дотор Мижид гэдэг хүн урьд нь Хөвсгөл суманд хэд хэд түрүүлж байсан хурдан халиун азаргаа уяж очжээ. Тэр жилийн наадамд халиун азарга нь түрүүлж чадсангүй. Харин голдуу аман хүзүүнд ирдэг байсан Хөвсгөл сумын Рэнцэнгийн ухаа азарга түрүүлж, халиун азарга нь аман хүзүүджээ. Жил жилийнх нь тарга хүч, уяа сойлго нь хэвээр байтал энэ жил яагаад аман хүзүүнд давхив гэж Мижид гуай бодоод, бодоод олсонгүй. Тэгээд Палам гуайгаас, миний халиун азарга түрүүлж чадаагүйн учир юу вэ гэж асуув. Палам гуай хариуд нь, “Чиний халиун азарганы алхаа нь илүүдсэн юм билээ” гэж учир битүүлэг үг хэлжээ. Мижид гуай ч энэ ямар учиртай үг юм бол гэж дахин, дахин бодоод учрыг олсонгүй.  Алхаа илүүднэ гэсэн чинь юу вэ гэж дахин лавлажээ. Палам гуай, “Чи халиун азаргаа ямар ч байсан урьдах жилүүдийн уяанаас арай өөрөөр уясан байна билээ. Дааган цагаас нь эхлэн гардан уясан эзэн хүн чи эрхбиш гадарлаж байгаа даа, хажуунаас нь хараад би мэдэж байхад гэж гэнэ. Мижид гуай халиун азаргаа өдөр нь гаднаа уяж тар хөлс зэрэг ажлыг нь хийгээд оройд нь ижилд нь суллаж хонуулдаг байжээ. Тэгэхдээ ойрхон ч гэсэн ижилд нь хөтөлж аваачиж тавьдаггүй, ижлийнх нь барааг харуулаад суллачихдаг учир ижилдээ хурдаараа давхиж очоод байсан нь уяа сойлгод нь нөлөөлж тэр жил түрүүлж чадсангүйг Палам гуай мэдсэн байсан юм.

1949 онд Улаанбадрах сум одоогийн төвлөрч байгаа Рашаантын Нүдэн гэдэг газар наадам хийхэд Өргөн, Эрдэнэ зэрэг ойрхон сумдын олон уяач хүрэлцэн иржээ. Жил болгоны наадмын хурдан морины комиссын бүрэлдэхүүнд Палам гуай ордог байв.  Наадам тулгарсан тул морины комиссынхон уяачдын гэр майхнаар очиж морьд бүртгэл, наадмын хөтөлбөр гардуулах зэргээр явж байхдаа уяа морьдыг үзэж сонирхож, хаанахын, хэний ямар морь энэ жилийн наадамд дээгүүр сайн давхих зэргийг шинжиж харж явжээ. Ингэж явахад Өргөн сумын уяач “Гүрвүүл” хэмээх Дампилын хээр морины уяа сойлго нь ид таарсан гойд сайхан байжээ. Үүнийг ч Палам гуай харалгүй, мэдэлгүй өнгөрсөнгүй нь лав. Наадмын урьд өдөр комиссынхон уралдах нас, насны морьдын эргэх газрын дарцаг хатгахаар явцгаажээ. Хамгийн холоос уралдах их насны морьдын дарцаг хатгах газар очоод Палам гуай, сумын дарга Дамдинжав хоёр буугаад үлдэж. 500 метр орчмын цаана Намын үүрийн дарга Гэлэгжамц, Б.Мижид нар очоод бууцгаажээ. Дамдинжав Палам гуайгаас, их насны морьд эргэх дарцаг энд үү, тэдний буугаад сууж байгаа газар хатгах уу гэжээ. Тэгэхээр нь Палам гуай, их насанд Га Чүлтэмийн хээр морийг түрүүлгэе гэвэл энд хатгая, Өргөн сумын Дампилын хээр морийг түрүүлгэе гэвэл тэр хоёрын очиж буусан газар хатга гэжээ. Га Чүлтэм гэдэг нь Улаанбадрах сумын гуравдугаар багийн ахмад уяач бөгөөд хурдантай хүн байсан юм. Хээр морь нь гараа сайтай, зугтааж уралддаг, түрүү, аман хүзүүнээс хойш давхидаггүй хурдан ажнай байжээ. Харин Дампилын хээр морь бол газар холд цуцдаггүй, гараа муутай морь байжээ. Ингээд маргааш нь их насны морьд эргэхэд Чүлтэмийн хээр морь гардгаараа гараад дугтааж, хойноос нь Дампилын хээр морь чгараад явжээ.э явсаар айгаад яг барианд орохын үед Чүлтэмийн хээр морь бага зэрэг цуцсан боловч арынхаа хээр моринд арай л авахуулалгүй түрүүлжээ. Хэрэв Палам гуайн үгнээс зөрөөд 500 метр газрын цаанаас эргүүлсэн бол Дампилын хээр нь түрүүлэх байсан гэнэ. Энэ хоёр хээр морины давхилыг бага ч болов хол ойрын давхилд нь яг тааруулж дарцаг хатган уралдуулж, их насны морины түрүүгээ өөр суманд алдалгүй авч байсан юм.

1960 онд Зүүнбаян хотод Нефтийн үйлдвэрийн 10 жилийн ойд зориулсан том наадам болов. Энэ наадамд олон сумын уяачид ирсэн бөгөөд М.Палам гуай ч хурдан хээр морио уяж очсон байна. Наадмын анхны өдөр их насны морьд  асар тойронд гарахад Палам гуай хээр морио уралдаанд явуулалгүй аваад хоцорч гэнэ. Хүмүүс та яагаад хээр морио явуулсангүй вэ гэхэд миний хээр морь долоон настай юм. Олон газрын хурдан хүлгүүд иржээ. Хээр морь минь балчирдах байх гэж. Их насны моринд хувилгаан хэмээх Жамъянзавын бор морь хол тасархай түрүүлсэн. Дараах морьд нь Улаанбадрах сумынх байсан бөгөөд ер нь энэ наадамд Улаанбадрах сумын уяачид олон айраг, түрүү авав. Харамсалтай нь олон тооны их насны морь эндсэн юм. Яг их насны морь уралдах цагт их халуун нартай бүгчим байсан. Тэр ч нөлөөлсөн байж болзошгүй юм. Цаг агаарын тийм тааламжгүй байдлыг хашир уяач Палам гуай урьдчилан тааварлаж мэдээд морио явуулаагүй ч байж мэдэх. Жамъянзавын бор морь айраг болон хавь ойрын наадамд олон дахин түрүүлсэн цуутай хурдан хүлэг байсныг энд зориуд дурдууштай. Энэ наадам дээр Жамъянзав Палам гуайтай уулзаж ярьж байхдаа, миний бор моринд хүлгийн 99 шинжийн нэгээс бусад нь бий гэж боддог. Юу нь дутуу байна, та хэлээд өгөөч гэж сорьсон ч үнэндээ тэгж асуусан билүү. Хариуд нь Палам гуай, “Чи ботгон борвийг муу гэж санадаг юм уу, чиний бор морь чинь ботгон борвитой боловч босоо юм байна. Босоо ботгон борви сайн шүү дээ” гэсэн гэдэг. Мөн Жамъянзав гуай нэг алаг морь үзүүлсэн бөгөөд тэр нь олон удаа уясан боловч хурдалдаггүй морь гэнэ. Тэр морийг нь үзээд, чи мориндоо нэр өгч мэддэггүй хүн байна. Могой уяж үзсэн үү, “Алтан гургалдай” гэж нэр өг гэсэн гэнэ. Үүнээс үүдэн бодвол хурдан моринд нэр өгөх хүртэл учир утгатай байдаг юм байна гэж бодогддог юм.

1971 онд аймаг байгуулагдсаны 40 жилийн ойн баяр наадамд урьд нь огт уяж байгаагүй долоон настай хонгор азаргаа уяад очиж. Тэр наадам дээр хуучин танил Жамъянзавтайгаа уулзаад, чи ч хүнд үнэн үгээ хэлэх хүн биш дээ, миний энэ хонгор азарга өнөөдөр лавхан айрагдах юм шүү дээ, чи юу гэж бодож байна гэжээ. Жамъянзав гуай хариуд нь юу ч хэлэлгүй өнгөрч. Палам гуайн хонгор азарга ч гуравт давхисан юм. Олон сумын алдартай хурдан хүлгүүд цугларсан ч тэр бүгдийг үзээгүй ч ямар ч гэсэн өөрийнхөө азарганы уяа сойлго, давхилд бүрэн итгэж хэлсэн нь тэр хүний олон жилийн морь уяж ирсэн баялаг туршлага, өргөн хүрээтэй мэдлэг аргагүй харагдаж байгаа юм. Сүүлд нь Жамъянзав хүнд ярихдаа, би бол уралдах морьдыг бүгдийг үзсэний дараа бол 1-20 хүртэлх морины өргийг бараг хэлнэ. Харин Палам гуай шиг бусад морийг нь хараагүй байж бариад сууж байгаа морио хэдээр давхихыг мэддэг нь хурдан морины талаар хосгүй мэдлэгтэй шүү гэсэн гэнэ билээ. Жамъянзав гуай ч өөрөө сайн уяач, морь таньдаг хүн байсан.
Өвгөн уяач маань сүүлийн жилүүдэд нүдний хараа муудаж, хурдан морийг илж таалж арьс, мах, дэл сүүлийг барьж үзэх зэргээр морины шинж, уяа давхил зэрэг нарийн зүйлийг хэлдэг болсон юм. Нэг удаа манай сум нэгдлийн дарга агсан Ж.Нямбуу, ахмад уяач агсан Ранз нар өөрсдийн хурдан азарга, их насны морьдоо Палам гуайд үзүүлэхэд тэр морьдыг илж тэмтрэн энэ азарга, морь хоёр чинь нэг эхийн боловч эцэг нь тус тусдаа юм байна гэжээ. Үнэхээр хээр азарга нь Амгалангийн Нацагийн хурдан саарал азарганых, хээр морь нь Лувсаншарав гэдэг хүний хар азарганы төл байсан юм гэнэ билээ. Энэ бол бас л нэг сонин мэдрэмтгий зүйл билээ.

1970 онд Палам гуайн хүү Дүгэрсүрэн, Дашбалдан хоёул Эрдэнэ сумын нэг бригадын өдөрлөгийн наадамд хоёр их нас, хоёр соёолон морь уяад явцгаажээ. Палам гуайг Х.Жанцангийн гэдэг айлд байхад Р.Гүзээ очиход тэрээр ингэж ярьсан гэнэ. Их насны моринд Хоролсүрэнгийн халиун морь түрүүлнэ, Дашбалдангийн хээр морь айргаас мултарна, соёолонд Гүзээ чиний бор морь түрүүлнэ, Энхтайваны зээрд халзан морь аман хүзүүнд давхина даа гэж. Хажуугаас нь багын найз Жанцан нь, чи бид өсөх бага хүүхэд ахуй наснаасаа урт мориндоо сундалж уужим дээлэндээ өвөртөө унтаж явлаа, чиний хэл чинь хар юм уу, чи яаж мэдэж байгаа юм, тэр наадамд хичнээн ч хурдан морь цугларсан юм билээ, урьдчилан тааварлаж хэлэхэд бэрх шүү гэжээ. Тэгэхлээр нь хэл минь харгүй хэлсэн минь таараад байдаг юм гэжээ. Үнэхээр Палам гуайн урьдчилан хэлснээр тэр морьд давхисан юм.

1978 онд Хатанбулаг сумын нэгдлийн 20 жилийн ой болж, уг наадамд Хөвсгөл сумын уяач Цэнд сумынхаа наадамд таван түрүү аваад тэр хурдан хүлгүүдээ давхар уяагаар нь аваад очжээ. Үүнийг Палам гуай сонсоод Цэндийн хонгор халзан азарганд хий гэдэс ирэх юм байна, түүнийг гаргаж чадвал дахиад түрүүлнэ. Эс гаргаж чадвал айргаас гаргана даа. Цэндийг хэр зэрэг уяач болохыг харъя гэсэн гэдэг. Үнэхээр хонгор халзан азарга нь хий гэдэс сууж, Цэнд гуай гаргаж чадалгүй зургаад давхиулсан юм. Палам гуай тэр азаргыг үзээгүй байхдаа хэлсэн гэдэг. Нутаг хол, хоёр өөр сумынх юм чинь уулзаагүй л байсан аж.

1960-аад оны үед Палам гуай хэсэг уяачийн хамт морь уяад сумынхаа наадамд очжээ. Наадмын хоёр дахь өдөр. Тэр өдөр уралдах бага гурван насны морьдоо хоолыг нь тааруулж, өглөө эрт барьж ирцгээгээд уяжээ. Палам гуай морьдын хоолыг ямар байгааг үзэж уяан дээгүүр явж байснаа хамт явсан нэг уяачийнхаа хязаалан насны морийг үзээд одоохон энэ үрээг унах хүүхдийнх нь эмээлээр эмээллээд сүүлийг нь боочих, ир нь өнгөрчих гээд байна гэжээ. Эзэн хүн ч Палам гуайн хэлснийг ёсоор гүйцэтгэжээ. Мөн тэр чигээр нь наадмын талбайд авч очоод явуулжээ. Тэр үрээ маш хол түрүүлсэн юм.

1959 онд сумын наадамд Хөнгөө хэмээх Балбар морь уяад иржээ. Тэгэхдээ тэр жил Өргөн сумын наадамд түрүүлгэсэн зээрд халзан даагаа уяад ирсэн байж. Тэр даагыг нь Палам гуай үзээд, чиний энэ даага чинь Ар Монголын адууны удам биш, өвөрмонгол адууны угшилтай юм байна гэжээ. Гэтэл тэр дааганы эхийг 1945 онд Өвөрмонголоос нүүж ирсэн айлаас 1955 онд худалдан авсан юм байж. Тэр зээрд халзан даага нь сумын наадамд түрүүлсэн ба түүгээр азарга тавьсан байна. Тэр цагаас хойш нутгийн наадамд айраг, түрүүнд нэлээд давхижээ.

Тус сумын уяач Р.Гүзээ:
Би 1965-1977 он хүртэл Палам гуайд шавь орж морь уяж явсан боловч надад тэр алдарт уяачийн их мэдлэг, авьяас, баялаг туршлага, арга барилаас өвлөн авч үлдсэн зүйл бага. Надад их зүйл зааж хэлж өгдөг байсан юм. Ганц жишээ дурдахад, 1977 онд “Оргил” нэгдлийнхээ ойн баяр наадамд дөрвөн насны морио айрагдуулаад од хийморьтой наадаад ирлээ гэж их сэтгэл өндөр додигор амьтан буцаж ирсэн юм. Багш Палам гуай манайд байж байсан. Сумын баяр наадмын бөх, морины сонинг сонсохоосоо өмнө юуны урьд, чи бор морио хэдээр давхиулав гэж асуусан. Дөрөвт давхисан гэж хэлэхэд, дөрөвт давхиулна гэдэг чинь бүдүүн цулбууртай л гэсэн үг дээ гэж билээ. Энэ нь намайг муухан хурдлууллаа гэж голсон хэрэг юм. Хэрэв тэр хүн өөрөө уядаг байсан бол түрүүлгээд ч юм уу, аман хүзүүнд давхиулах байж л дээ. Эзэн би чаддаггүй байх нь гэж өөртөө дүгнэлт хийсэн гэж хуучилсан билээ.
Урьдын хүмүүсийн ярианд жороо, хурдан хоёр нэг саванд байдаггүй, уядаг, таньдаг хоёр нэг хүнд байдаггүй гэдэг. Ямар боловч алдарт уяач Мааньзавын Палам гуай бол хурдан морь таних, уяж хурдлуулах, үзэж хараагүй атлаа хэдээр давхих, хурдны моринд хэдэн жилийн дараа хурд давхилд нь сөрөг нөлөө бий болох, эр, охин унаганы аль гарах, ямар азарганы төл болох, адууны гарал үүсэл, удам угсаа, угшил зэргийг харах ба тэмтэрч мэддэг зэрэг хэн хүнд ховорхон заяасан онцгой содон авьяас, билэг танхай эрдэм мэдлэгтэй, зөнч совинч гайхамшигтай нэгэн байжээ.
2010 он
Г.Цэдэвдорж


 

6 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.