Хүндэтгэл наадам уламжлал болно

А.Тэлмэн
2012 оны 8-р сарын 30 -нд

Домогт шаргын эзэн Тод манлай уяач Э.Эрдэнэчулуун унасан нутгийн зон олондоо хүндэтгэл үзүүлэх бэсрэг наадмыг энэ сарын 29-нд зохион байгуулах гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тод манлайн хүндэтгэл наадам товлосон цагтаа эхэлж, азарга, шүдлэн, даага гурван насны морьд шандас сорьж 32 идэр залуус уран мэхийг уралдуулан авхаалж шалгажээ.
Тод манлай гурван насны түрүү морьдоо  тус бүр нэг сая төгрөгөөр, харин аман хүзүүний хүлгэдээ тус 700,00 төгрөгөөр байлсан юм.. Харин айргийн гурвын хүлгийг 500,000, айргийн дөрвийн хүлгийг тус бүр 400,000, айргийн тавын хүлгийг тус бүр 300,000 төгрөгөөр  мялаасан байна. Түүнчлэн нас бүрийн 6-21 хүртэлх морьдыг тус бүр 50,000 төгрөгөөр, түрүүлж айрагдсан морьдын унаач хүүхдүүдийг тус бүр мөн 50,000 төгрөгөөр урамшуулжээ. Тод манлайн нутаг ус, хотол олондоо өргөх сэтгэлийн бэлэг  нялхсыг баярлуулах аянаар үргэлжилж, бүх унаач болон Хайрхандулаан сумын ерөнхий боловсролын сургуулийн 1-р ангид элсэн орж буй 50, цэцэрлэгт орж буй 75 хүүхдэд өөрийн гараар бэлэг гардуулж, эрдэм номтой сайн хүн болохыг ерөөсөн юм.
Нялхсын магнайг тэнийлгэсэн хүндэтгэл наадмын үеэр 32 залуу бөх уран мэхийг уралдуулсан бөгөөд аймгийн цагдаагийн газрын залуу бөх Батнягт түрүүлж, цагдаагийн газрын бөх Золбаяр үзүүрлэсэн юм. Ийнхүү унасан газар угаасан усандаа хүндэтгэл үзүүлсэн Тод манлайн  хүндэтгэл наадам олны талархлыг хүлээж, цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болжээ. Ингээд эрхэм уншигч та бүхэндээ  хүндэтгэлийн наадмын хурдан морьдын уралдааны цувааг хүргэе.

Азарга-25
1.Есөнзүйл сумын уугуул, залуу уяач Б.Чулуун-Очирын зээрд
2. Гучин-Ус сумын уугуул, уяач Б.Гэлэгбармидын бор
3. Арвайхээрийн сумын уугуул Г.Азбилэгийн цавьдар
4.Сант сумын уугуул Лхагвадоржийн хүрэн халзан
5.Төгрөг сумын уугуул Дониддэмбэрэлийн хээр
Шүдлэн-22
1.Тарагт сумын уугуул  Доржхорлоогийн зээрд
2. Баянгол сумын уугуул Б.Баянмөнхийн   шарга
3.Уянга сумын уугуул Амарбаясгалангийн хар
4.Уянга сумын уугуул Мандахбаярын бор
5.Арвайхээрийн сумын уугуул Т.Ариунболдын сартай хээр
Даага-35
1.Нарийнтээл сумын уугуул Амаржаргалын хүрэн
2.Баянгол сумын уугуул, аймгийн Алдарт уяач Т.Болдын хээр алаг
3. Баянгол сумын уугуул, аймгийн Алдарт уяач Т.Болдын цавьдар
4.Тарагт сумын уугуул Э.Баянмөнхийн хүрэн
5. Хайрхандулаан сумын уугуул Мөнхбаярын цавьдар
                                                                                                                                                       А.Тэлмэн

 

 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна