Хүрээ жас”-ын адууны “чойнжин тамга”, хүрэн хонгор адууны эзэн
Сэтгүүлч
Нэг. Хүрээ жасын адууны “чойнжин тамга”
Манай нагацууд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Сэлэнгэ багийн “тэмээнийхэн” хэмээх тээхний улс. Өвөлдөө Баянголын өвөр, намар хавартаа Баян-Улааны ар Бариул, Өвөрхудагаар, зундаа Их Тахилт, Хөхийн ар, Нуурмагын ар, Тахилтын Овооны өврөөр нутаглаж ирсэн. Тус суманд ХХ зууны дунд үе буюу 1950-иад оны үеэс Дашзэвэг нэртэй нэлээдгүй хүмүүс байснаар манай өвөг эцгийг “Өврийн” гэж өвөлжөө бууц, нутгаар нь ялган дууддаг байжээ. Өвөг эцгийн маань ээж Сосор болон түүний дээдчүүл хуучнаар Засагт хан аймгийн Ахай засгийн хошууны Баянголын хүрээнд шавилан суусан шавь нар, хүрээ жасын малыг үе дамжин маллаж ирсэн ажилсаг, хичээнгүй, малч ухаантай хүмүүс байжээ.
Баянголын хүрээг 1812 онд тус хошууны гуравдугаар засаг Жигмэдцэвдэн гэгч ноён байгуулсан, тэр л үеэс энэ хүрээтэй хэдэн үеэрээ л цуг явцгаасан улс юм билээ. Түүнчлэн ХХ зууны 30-аад оноос энэ айлын хөвгүүд Баянголын хүрээ, Хар морьт сахиусны Чойжин ламаар тодорч явсан байна. 1937 оны их хэлмэгдүүлэлтээр Сосорын Гомбо гэж хүрээний Чойжин лам, ид 33насандаа хилс хэрэгт холбогдон яваад эргэж ирээгүй. Дараа дараагийн дүү нар нь цагийн аясыг ухаарч сахил номоо орхиж хар болсон түүхтэй юм.

Өндөр эмэг Сосор гэж хүн бол гайхалтай малч хүн, мал маллах, мал таних арга ухаан, ажигч гярхай гэж эгэл биш хүн байсан бололтой байдаг. 1930-аад оноос зүүнтний алдаатай бодлогын уршгаар дэгдсэн баруун Асгатын хүрээний лам нарын зэвсэгт бослогыг дарахаар ирсэн ардын цэргийн ангийнханы хоол хүнсэнд хоёр үхэр, хорь гаруй хонь өгөөд хоёр хүүгээрээ туулгаад хүргэж өгч байсан тухай гуравдугаар хүү, АИХ-ын депутат, Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одонт, “Монгол тээх”-ийн анхны жолооч Сосорын Дунь гэж хүний дурдатгалд байна. Тэр ч утгаараа энэ айлын отгон хүү “өврийн” хэмээх Дашзэвэг өвөө маань хүрээ хийдийг хүчлэн тараасаны дараа 1940-өөд оны эх болж ирэхэд тус хүрээний “зүүн жас”-ын адууны “чойнжин” тамгыг өвлөсөн, хүрээ жасын адууны удамтай хүрэн, хонгор голдуу адуутай айлын гал голомтыг үргэлжлүүлсэн байгаа юм. Өвөг дээдсээс уламжилсан чойнжин тамга болон адуугаа энэ айлын хоёр хүү Дашзэвэгийн Манзшир, Дашзэвэгийн Гэндэнсүрэн нар өвлөсөн ажээ.
Хоёр. “Ардын зориг”-ийн адуучин
“Улсын эх нагац, усны эх загас” гэж ардын үг бий. Нагац ах Д.Манзшир маань 1951 оны туулай жил төрсөн, бага насаа эцэг эхийн хамт адуу малын дэргэд өсч, сайн морь унаж, эдлэн, адуу шинжин таних эрдмийг эцэг өвгөдөөсөө өвлөн өссөн хүн. 1970-аад оны эхэн үеэр Сүхбаатар аймгийн Онгоны хилийн отрядад алба хааж ирээд нэг нутаг усны адуучин Тогтохын Дагвадорж гэж айлын хүргэн, Оюунгэрэл эгчтэй айл гэр бүл болж таван хүү, хоёр охинтой өргөн дэлгэр, өнөр олуулаа болсон байна. Ажил амьдралын гараагаа төрөлх сумынхаа “Ардын зориг” нэгдлийн олон адууг хүлээн авснаар эхэлж 1990-ээд оныг гартал, нэгдэл, нийгэмчллийн үеийг өнгөртөл маллажээ.
Тосон Түнэлийн залгаа Хагийн дөрөлжөөс аваад Мөрөнгийн Цагаан-эрэг, Нугын тохой хүртэл адуу маллаж, гүү барьж, нэгдлийн норм төлөвлөгөө биелүүлэхэд зүтгэн, залуу халуун насаа адууны отор, гүүн зэлэн дээр өнгөрүүлсэн байдаг. Ардын зориг нэгдэлд олон жил адуу маллаж “Аймгийн аварга” адуучин цол, батламж авсан нь сумын түүхийн номонд тэмдэглэгдсэн. Манай сумын нэгдэл 1956 онд байгуулагдсан адуу малаар арвин ч нэгдэл, “Саарлын хүрэн”, “Өндөр хээр”, “Хонгор халзан”, “Ярдаг хул”, “Өндөр хул” “Унаган хүрэн”, “Амь хүрэн” ... гээд адуун сүргийн манлай олон азаргануудыг азарга азаргаар нь усны тунгалаг, өвсний соргогт оторлон, адуулан маллаж явсан адуучны хийморь түүнийх биз ээ .

Нагац ах маань адуу мал харах, таних нь арай өөр байсан юм болов уу. Миний санахаар 2000 оны зудтай жилийн өвөл шуурганд уруудсан баруун сумдын адуу Тосонгийн хөндий Сэлэнгэ, Хэлхэлзүүр, Их-Уулын Өндөр хад, Шаварт хүртэл уруудаад тогтсон. Тосонгийн хөндий бол битүү адуу болсон юм даг. Тэр жилийн өвөл Манз ахынх эрлийн улсын хөлд ёстой нэг дарагдаж билээ. Адуу мал сурагласан машинтай, морьтой мотоциклтой улс ёс юм шиг л тэднийхээр бууж, өнжиж, хоноод адуу малынхаа сураг сонсоно. Бүр зарим нэгэнд нь өөрөө хамт мордож адуу малыг нь олж өгч байсан санагдана.
Гурав. Наадмын цуваанд нэрээ мөнхөлсөн уяач
Нэгдэл нийгмийн адууны айраг, саамны норм төлөвлөгөө их байгаад тэр болов уу нагац маань тэр бүр морь уяагүй байх, гэхдээ л санаанд үлдэхээр сайхан наадмуудад морь айрагдуулсан уяач хүн. 1986 онд Ардын зориг нэгдэл байгуулагдсаны 30 жилийн ой гэж тэмдэглээд айрагдсан таван адууны эхний гуравт медаль өгөхөд Манз ахын маань “хурц” Дагвадорж гуайгаас авсан цагаан амтай хар халтар шүдлэн үрээ айргийн гуравт хурдалж хүрэл медаль авсан байдаг. Халтар морь ам хатуутай, сүрхий авч гуяддаг морь байсан.
1994 онд Тосонцэнгэл сум анх удаа сумын түүхт 70 жилийн ой гэж тухайн цаг үедээ өргөн наадам хийсэн. Тэрхүү наадамд их насны морь 160 орчим хурдан морь уралдахад адуучин, уяач Дашзэвэгийн Манзширын “сарт хээр” гэж морь айргийн тавд жолоо атгуулсан. Уралдаанч хүүхэд нь Бадамдоригийн Батбаатар. Өмнө жилүүдэд арвын дотор хэдэнтээ давхичихсан байсан морь. Суманд 1990-ээд оны эхээр их насны морь 70,80 давж мордоно, зарим дэлгэр сайхан жил 100 шахаж мордоно. “Арвын морь” гэдэг чинь том тоо байлаа шүү дээ.
Үндсэндээ Тосонцэнгэл сум хурдан моринд медаль өгсөн түүхэн онцгой хоёр наадмын хос хүрэл медаль хүртсэн уяач хүн. Манз ах дараа нь Хээр азарга, Шарга морийг нэлээд хэдэн жил уясан. Ахын шарга морь гэж Ардын зоригийн “Өндөр хул” азарга, шарга халзан гүүний унага, сайхан түргэн хөдөлгөөнтэй морь байсан. Биднийг цэрэгт явсан жил онцгой хурдан байж Халиутын уяаны олон морийг их сунгаанд өнгөлж байсан гэдэг юм. Тэр жилээ аймгийн наадамд оруулж ирээд хадууруулчихсан юм билээ. 2003 оны Хөвсгөл аймгийн баяр наадамд унаган хул даагаа айрагдуулж аймаг, сумынхаа хурдан морины түүхэн цуваанд нэрээ мөнхөлсөн уяач хүн байв.
Дөрөв. Адуу таних монгол ухаан
Ингэж олон агтны тоосонд дарагдаж, адуунд дуртай, моринд хайртай эрчүүдтэй гэмгүй нөхөрлөж явахдаа сум орон нутагтаа айраг түрүүтэй хурдан хүлгүүдийг цөөнгүй тодруулж явж. Өөрт гэхээсээ өрөөл бусадтай хурд хувааж, баярлуулж хурдалсан нь олонтой. Энэ бүгдээс өөрийн дуулсан, гадарлах цөөн жишээг дурдая
Аавын захиас ч юм уу адуу малын шинж нь тэгж таарсан юм уу аль нь ч биз... Нэгдэл нийгмийн үед айл амьтан, адуу малаа нийлүүлээд “амь адуу” гэж бүл адуугаа угшил удмыг хадгалаад явж ирсэн юм билээ. Манайхан хүрээ жасын адууны зүс ч болоод тэр хүрэн хонгор зүсээ эрхэмлэж азарга тавьж ирсэн байгаа юм. Буурай аав адууныхаа эхний хүрэн азаргануудыг өөрөө тавьсан, сүүлчийн хүрэн азаргыг Манз ах маань тавьсан гэдэг. Нэгдлийн адуучин хүн олон л адуугаар орж таарна. Нэлээд хэдэн үрээ хөтөлж ирээд аавдаа үзүүлж, Бальдар амбаан адууны гээд хүрэн үрээ хөтөлж ирсэн нь аавынх нь санаанд таарч, “амь адуундаа азаргалсан” гэдэг. Эндээс сумын наадмын айраг түрүүтэй олон хурдан морь гарсанаас дүү Дашзэвэгийн Гэндэнсүрэнгийн сартай хүрэн морь гэж манай сумын гарын таван хуруунд дарахаар хурдан морь гарсан. Эмнэг шүдлэн үрээ суманд айрагдаад хязаалан, соёолон айрагдсан. нас нийлээд гурав айрагдсан арслан шиг хурдан морь байсан. Хүрэн морины дүү хээр морь мөн л хурдан морь байсан. Гэндэн ах өөрийн суурь адууг Лувсаннямын халтар азарганы төл халтар азаргаар сайжруулж олон хурдан адуу гарсан. Манз ахын хүрэн азарганы хамгийн отгон төл нь манай хүрэн морь. Тосонцэнгэл сумын наадамд нэг түрүүлж, хэдэнтээ айрагдсан хурдан морь байв.

Манай суманд бага дөрвөн насандаа түрүүлсэн Цэвэгжавын Нямын хээр, хонгор, хүрэн гээд хурдан морьд байсан. Ням ах Манз ахаас нормын унаа юм уу нэгдлийн цалин юм уу адуу авахаар байхад “Шар ахын адуунд манай адууны хонгор халзан байдас нийлсэн, тэрийг газраар нь аваарай” гээд хонгор халзан гүү Ням ахад очсон. Хонгор халзан байдас гүү болоод тэр гурван хурдан морийг гаргасан байдаг. Манз ах, Ц.Ням нар үе тэнгийн улс, хар багаасаа л айл аймаг олон жил явсан улс. Нямын хээр морь гэж шүдлэн, хязаалан, соёолон гурван жил дараалж түрүүлээд хавчиг морь суманд 6-лсан сайхан улаан хээр морь сүүлдхэн Тахилтад үсэргэж байхыг харж байлаа. Нямын хүрэн гэж 1994 оны сумын түүхт 70 жил гэж тэмдэглэхэд соёолон аман хүзүүдээд, 2001 оны аймгийн 70 жилийн 605 мориноос 10-д хурдалсан урт хөхөлтэй улаан хүрэн морь байлаа.
Норовын Цогбадрахын хар азарга гэж Сүнчигийн хар азарганы сайн төлүүдийн нэг, суманд 3 түрүүлж, хэд айрагдсан хурдан азарга байсан. Даага, шүдлэн Манз ахад байсан гэдэг юм. Малын эмч Найтаг гуайд хязаалан болох жил нь өгөөд Найтагын хар гэж нэрээр хязаалан түрүүлэхэд сумын баяр наадмын морины комиссоос “түмэн эх” цол чимэгтэй үнэмлэх өгч. Дараа жилээс нь Найтаг эмч дүү Цогбадрахдаа өгөөд хар азарга олон түрүүлж айрагдсан нь энэ. Цогийн хар азарганы төл Найтагын бор азарга гэж гараад соёолон зургаалаад хавчиг азарга 1994 оны сумын ойд уралдсан. Найтаг эмчийн борын төл “занхан” Батмягмар гуайн бор азарга бага гуравтаа түрүүлээд, хавчиг, хар тав хоёртоо аман хүзүүдсэн, Батмягаан борын төл Ц.Сэдэдийн бор гэж даага, соёолон түрүүлээд, нас нийлээд хоёр аман хүзүүдсэн хурдан азарга саяхан болтол хурдалсан байдаг.
Тосонцэнгэл сумын II багийн уяач Балдоржийн Батлутын хурдан хар гэж манай суманд 4 түрүүлсэн хурдан морийг Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн адуучин Хашбат агсны унаган адуу, даага байхад нь Манз ах Хашбатаас авч. Даага намаржаад шүдлэн болдог жил нь юмуу арай хожуухан ч юм уу хамт адуу маллаж байсан адуучин Батлут агсанд өгсөн. 1991 оны хавчиг морь уягдсан, нас нийлсэнээс нэлээд хойшоо арав хүрч давхил тогтсон гэж ярьдаг.
1993,1996 онуудад сумын баяр наадамд аман хүзүүдсэн П.Цогтбаатарын “Хөх боривт” гэж хурдан морь бас л Манз ахаар дамжин тодорсон байдаг. Бүрэнтогтохын Туяа бригадын адуучин Цэрмаан Энэбиш гэж Манз ахын дотны найз адуучин хүн “шөвгөрхөөр нь чөдөр хийгээрэй” гээд хөх боривтой улаан морийг хавчиг байхад нь өгсөн гэдэг. 1988 онд Тосонцэнгэл сумын Ардын Зориг нэгдэл “Мянган унаганы баяр” гэж Бага Тахилтын Талын ус өөд наадам хийж морь уралдуулахад Манз ах уяж 7-д хурдлуулсан. Тэр намар нь хадам аав, адуучин Т.Дагвадорж гуайгаар дамжаад Пунсанцогвоон Даваажав гэж уяач хүнд “хөх боривт” очоод хурдалсан гэдэг.

Мөн Манз ах нутгийнхаа Буянбат гэж хүний адууны хул алаг гүүг юм уу тэрний эхийг ч юм уу авч. Ямартай ч хул алаг гүүг өөрийн адууны хүрэн азарганд хураалгаад гарсан саарал алаг гүүг өөрийн “баз хүргэн” дүү Ц.Бадамдориг ахад өгсөн байдаг. Бадамдориг ах саарал алаг гүүгээ “бариач” Лувсандоржийн хурдан хонгор азарганы төл, 1986 оны Ардын зориг нэгдлийн 30 жилийн ойд гуравт хурдалсан саарал азаргандаа хураалгаад Сономын Гүнширийн саарал алаг морь гарсан. Сономын Гүнширийн саарал алаг морь 1995 онд Түнэлд соёолон түрүүлсэн. Бүрэнтогтох, Шинэ-Идэр, Тосонцэнгэлийн ой гээд их бага олон наадамд түрүүлж айрагдсан. Ер нь хул алаг гүүнээс олон азарга, олон сайн унаа морь гарсан байдаг. Ингээд дурдаад байвал зөндөө зөндөө...За тэгээд нэгдэл тарж хувьцаа, худалдаанд нэгдэл адуу тарахад Манз ахын маллаж байсан адуунаас олон айлууд адуу малынхаа эх суурийг тавьсан байдаг юм. “Манзын өгсөн адуу өссөн, өндийсөн, Манз мөн чиг гар сайтай шүү” гэсэн яриаг хожим нь нутгийн улсаас цөөнгүй л сонсож байлаа.
Монголын нэрт их хүлэгч, Алдарт уяач Мөнхийн Данзанням гуай нэгэн яриандаа “эхээсээ төрсөн унагыг гурав хоног дотор нь харж шинжиж болдог. Тэрнээс хойшоо бол шинж нь харагддаггүй” гэж өгүүлсэн нь бий. Манз ах ер нь хурдан морийг унага байхаас нь гадарладаг байсан хоёр чиг тохиолдыг ярья. Ардын зориг нэгдлийн “Өндөр хул” гэдэг азарганы адуунд буурал аавын адууны унаган хүрэн халзан гүү эр хул унагатай явсан. Манайхны ойрын хамаатан “халзан” Цэндээ ах хувьцаанд тэр адуунаас унагатай гүү авах болоход манайд ирсэн шар халтар гүү эр хул унагатай байсан, тэрийг Цэндээ ахад өгөөд хүрэн халзан гүү манайд ирсэн. Намар оройхон нэрмэлд жаахан халаад манай аавд “би хул унагаа авна” гэж хэлж байсан юм гэсэн. Манай хул морь суманд соёолон аман хүзүүдээд, нас нийлээд хоёр айрагдсан, арвын дотор хэдэнтээ давхисан, түргэн хөлтэй, морин бие нь үнэхээрийн сайхан морь байсан даа.
Дараагийн нэг тохиолдол нь Дайргана, Энхжингээр нутагладаг Тэгшээбаяр гэдэг хүний адуунд 2007 оны намар цагаан бор гүү эр унагатай явсаныг анзаарч унаган сарваа өвлөөр өөрийн хүү Цэдэн-Очирт авч өгсөн. М.Цэдэн-Очир бор сарвааг дааган цагаас уяад орон нутгийн наадамд нэлээдгүй түрүүлж айрагдсан сайн их насны морь болсон. АХ-ын 99 жилийн ойд хязааландаа хол сайхан түрүүлж, 2001 оны АХ-ын 90 жилийн ойд соёолон үрээ сумандаа гуравт давхисан. Тэгэхээр адууны унаган шинжийг харна гэдэг бас л их ховор эрдэм байжээ гэж хэлж болохоор, тэрхүү эрдмийг л эзэмшсэн адуучин хүн байсан байна.

Тав. Чойнжин тамгатай адуу төрийн наадамд данслагдав
2026 оны Ардын Хувьсгалын түүхт 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хязаалангийн уралдаанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Аймгийн Алдарт уяач Цэвээндоржийн Мягмардоржийн бор хязаалан айргийн тавд хурдалж унаган нутгийнхаа уул усыг улс даяар зарлууллаа. Манай сумаас, манай суманд тэнцсэн унага улсын наадамд айрагдсан анхны тохиолдол, түүхэн айраг. Улсын наадмын ар дээр Завханы баруун бүсэд аман хүзүүдсэн. Улсын наадмын айргийн тавын хурдан бор үрээний зөв талын гуяны хонхорт “хүрээ жас”-ын чойнжин тамга дурайж байх нь тэр. Хурдан бор үрээ бол Ц.Мягмардорж болон уяач Манзширийн Сүхбаатар нарын хамтын хөдөлмөр, шинэ цагийн адууны үржлийн үр дүнд бий болсон хурд. Эхийн талын удам нь Д.Гэндэнсүрэнгийн адууны гаралтай цагаан шарга гүү. Цагаан шарга гүүний эх нь улаан шарга гүү. Энэ улаан шарга гүүний төл болох, Төв аймгийн Эрдэнэ сумын уяач М.Мөнхнарангийн “чойнжин хээр” гэдэг соёолон морь 2025 онд Дорнод аймагт зохиогдсон улсын зүүн бүсийн уралдаанд айрагдсан. Сүүлийн хоёр жил дараалан “чойнжин” тамгатай адуу, улсын наадам болон улсын бүсийн уралдаанд багтав. Улаан шарга гүүний эхийн дээд талын удам нь буурал аав Дашзэвэг болон ууган хүү Манзшир, Гэндэнсүрэн нарын унаган суурь адуу юм.

Юм бүхэнд учир бий. Ц.Мягмардоржийн аав Ц. Цэвээндорж гуай, М.Сүхбаатарын аав Д.Манзшир ах нар нэг нутаг усны ойрхон өссөн, нас жил чацуу, дотно нөхөрлөж явсан улсууд байсан бол дараа үеийнхэн сайхан нөхөрлөж, шинэ цагийн адуу үржүүлэгийн ажилд гар ганзага нийлж нутаг усныхаа нэрийг өндөрт өргөж байгаа нь бахтай сайхан байна. Манз ахын маань хүүхдүүдээс М.Цэдэн-Очир, М.Сүхбаатар нар хурдан хүлэг морио уяж сойх үйлсэд хөдөлмөр зүтгэлээ зориулан үр ач нар нь хурдан морь адуу малын төлөө зүрх сэтгэл нь нь цохилсоор байна.
За том нагац ахынхаа тухай өөрийн мэдэхийг дурсан өгүүлэхэд ийм байна. Ер нь манай нагац хүнд тусархаг, энгийн зөөлөн, хүүхдэд их сайн, эрхлүүлдэг, хууч яриаг тун сайхан ярьдаг, нутгийнхаа домог түүхийг мэддэг, малч ухаантай адуучин хүн байлаа даа
Хүрээ жасын адууны чойнжин тамга, хүрэн хонгор адууны буян заяа нь дэлгэрэх болтугай
Т.Наранхүү
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
49 минутын өмнө Хүрээ жас”-ын адууны “чойнжин тамга”, хүрэн хонгор… -
2026 оны 7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
2026 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
2026 оны 7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
2026 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
2026 оны 7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
2026 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
2026 оны 7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
2026 оны 7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
2026 оны 7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
2026 оны 7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
2026 оны 7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
2026 оны 7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
2026 оны 7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
2026 оны 7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.…

Сэтгэгдэл бичигдээгүй байна