Г.Эрхэмбаяр: Аавын минь барьсан мөнгөн аягатай сүү замыг минь

А.Тэлмэн
2012 оны 9-р сарын 23 -нд

Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадамд үзүүрлэсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Ноёд” групп, “Таван хан” дэвжээ, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны бөх, улсын арслан Г.Эрхэмбаярыг "Best of Best" буландаа урилаа. Түүнийг шинэ зууны тав дахь арслан болсонд ард түмэн магнайгаа хагартал баярласан билээ. Бид түүнтэй энэ жилийн болон өнгөрсөн жилийн наадмын талаар ярилцсангүй. Учир нь бусад сонин сайтын сэтгүүлчид хангалттай ярилцчихсан. Харин түүний өнгөрсөн үеэр аяллаа. 
-Шинэ цолдоо хэр дасч байна вэ. Өнгөрсөн жил уулзахад нэг л дасахгүй байна гэж байсан…
-Жил гаруй дуудуулахаар өөрийн эрхгүй дасдаг юм байна. Эхэндээ ч хүмүүс “Арслан” гэхээр нь харахгүй хэрнээ “Начин аа” гэхээр аан гэдэг байлаа.
-“Начин аа” гэж дуудуулахаар илүү дотно санагддаг байх л даа?
-Тийм. Найзууд, нутгийнхан маань ч “Шинэ цолоор чинь дуудахаар сонин санагдаад байх юм” гэж байсан. Харин одоо хэн хэн нь дассан.
-Та шинэ цол хүртсэнээсээ хойш заалны барилдаанд өмнөхөөсөө илүү барилдах шиг болсон. Арслан, начин хоёрын ялгаа хэр мэдрэгдэж байна вэ?
-Мэдрэгдэлгүй яах вэ. Наад зах нь ам авахад. Тэгээд ч том цолд хүрсэн хүн цолоо хамгаалахын тулд бие, сэтгэлээ улам дайчилдаг юм байна. Мөн гэр бүл, найз нөхөд, нутаг орны ах дүүсийн хайр халамж их нөлөөлнө. Начин байхдаа шөвгийн дөрөв эсвэл наймд үлдвэл их баярладаг байлаа. Харин одоо арслан цолтой хүн ямар байх ёстой вэ гэдгийг харуулахын тулд мэрийж байна.

-Аав тань сумын заан цолтой хүн байсан гэсэн. Аавынхаа талаар дурсаач?
-Миний аав жирийн малчин хүн байсан. Самбо бөхийн спортын мастер цолтой. Бие галбирын хувьд жижгэвтэр хэрнээ булчинлаг хүн байж билээ. Өөрөө барилддаг байсан болохоор намайг “Бөх болгоё” гэж бодсон юм болов уу. Би дунд сургуулиа төгсөөд гэрийнхнээсээ ганцаараа мал дагасан. Ах нар маань эрдэм номын мөр хөөгөөд явчихсан болохоор надаас өөр бөх болох хүн байгаагүй. Аавыгаа байхад нь сум, аймгийн наадамд чадахаараа барилдаж баярлуулж байсан. Гэхдээ амьд мэнд байхад нь улсын цол авч чадаагүйдээ жаахан харамсдаг.
-Таныг 2002 онд улсын наадамд барилдаж байхад аав тань “Энэ жил миний хүү улсын начин цол хүртэнэ” гээд мөнгөн аягатай сүү бэлдээд хүлээж байсан гэдэг?
-Тэр жил аавын минь өвчин нэлээд хүндэрсэн болохоор хотод ирж бөх үзэж чадаагүй юм. Би аймгийн начин цолтой байсан. Бэлтгэл ч сайн байсан болохоор өөрийгөө улсын цолд хүрнэ гэдэгт итгэлтэй байлаа. Аав маань барилддаг болохоор надад найдаж байсан юм. Өөрийн буруугаас болж улсын харцага Ч.Даваадорж агсанд унасан.
-Их уйлсан уу?
-Улсын цол авна гэдэгтээ итгэлтэй байсан гэж дээр хэлсэн шүү дээ. Тиймээс өөрийн буруугаас болсон учир уйлсан. Аавыгаа бие муу байхад нь улсын цол авч, бага ч гэсэн баярлуулсан бол сайхан байхгүй юу. Хүн гэдэг сэтгэлийн амьтан болохоор “Тэгж баярлавал өвчин нь жаахан ч гэсэн намжих болов уу” гэж бодож байлаа. Гэлээ ч наадмын дэвжээ хатуу болохоор яая гэх вэ дээ. Уйлж л сэтгэлээ амраасан.
-Тэр жилийн уяачдын наадмаар та өөрийн багш улсын харцага Г.Элбэгтэй үлдэж үзүүрлэсэн. Тэр үед таны сэтгэл жаахан онгойсон байх?
-Нэг их онгойсон зүйл байхгүй. Гол барилдаан нь улсын наадам байсан юм чинь. Багштайгаа сайхан барилдаад үзүүрлэсэн.

-Үзүүрлээд гэртээ очиход аав тань их баярласан байх даа?
-Ерөөсөө тоогоогүй. Би ч том гавьяа байгуулсан юм шиг очоогүй.
-Аав тань тэгээд хэзээ мөнгөн аягатай сүүгээ өгсөн юм бэ?
-Долдугаар сарын 18-нд манай сумын 80 жилийн ой болсон юм. Тэр наадамд би түрүүлж, манай сумынхан бөөн баяр болсон. Тэгээд орой нь гэртээ иртэл аав минь наадмын сонин хачинг наадамчдын түрүүчээс аль хэдийнэ сонсчихсон дээл, малгайгаа өмсөөд гэрийнхээ гадаа мөнгөн аягатай сүү, хадаг бариад зогсч байсан. Тэр үед аавыгаа ингээд зогсч байна гэж бодоогүй болохоор шууд уйлаад тэвэрсэн. Аавыгаа хамгийн сүүлд тэгж л баярлуулсан хүн дээ. Хорвоо надаас аавыг минь аваад одсон ч одоо болтол тэр дүр төрх нүдэнд харагддаг юм.
-Дараа жил нь начин цол хүртсэн байх аа?
-Тийм. Би боддог юм. “Аавын минь барьсан мөнгөн аягатай сүү миний замыг засч дээ” гэж. Магадгүй арслан цол хүртэхэд тэр мөнгөн аягатай сүү замыг минь засч өгсөн байх. Би наадам болгонд аавынхаа өгсөн мөнгөн аяганд эхнэрийнхээ чанасан цайны дээжийг хийж уучихаад зодог, шуудгаа бүслээд гардаг. Тэр аяганаас цай уухаар маш их урам, хүч чадал хайрлах шиг болдог.
-Таны анхны дасгалжуулагч хэн байв?
-Одоо Сэлэнгэ аймгийн Гүнт сумын ойн хамгаалагч хийж байгаа улсын начин М.Мижиддорж багш.

-Танай аав ээж хоёр Завхан нутгийнх. Харин та яагаад Сэлэнгэ аймгаар овоглодог юм бэ?
-Аав, ээж хоёр оюутан байхаасаа хотод суурьшсан. Харин ажил албаа Зүүнхараагаас эхлэх үед би төрсөн юм билээ. Бөхийн спортод ороод аав, ээжийнхээ нутгаар овоглох гэтэл аав “Миний хүү унаж өссөн нутгаараа овогло. Төрсөн нутаг чинь чамайг хазайхад чинь тулж, хальтирахад чинь түшиг болж явдаг юм” гэсэн. Миний нутаг сайхан шүү.
-Бөхийн спортод орсон түүхээсээ яриач?
-Би дунд сургуулиа төгсөөд мал дагасан гэж дээр хэлсэн шүү дээ. Тэр үед аав миний өмнөөс санаа зовж, Д.Цэнд-Аюуш заантай уулзаад “Манай бага хүү ирээдүйд ямар ч мэргэжилгүй, над шиг малчин болох нь. Чи надаас илүү хот хүрээнд хүн таньдагаараа сургууль, номтой болгож өг. Болж өгвөл бөхийн сургууль зүгээр байна” гэж хэлсэн юм билээ. Тэгээд л би Д.Цэнд-Аюуш зааныг дагаж, 1997 онд Ж.Мөнхбат аваргын Их шавийн дээд сургуульд элсэн орсон.
-Аав хүн алсын хараатай байдаг болохоор таныг бөх болохыг эртнээс мэдэж байжээ?
-Манай нутаг нэг хайрханаа жил бүр тахидаг. Би нэг жил хайрханы тахилгад даага сойж очсон юм. Тэгээд адуучин залуусын дунд барилдаан болоход гурав давж, даагаа түрүүлүүлээд гэртээ ирэхэд аав минь намайг ерөөсөө бөх болох хүн байна гэж бодсон гэсэн.
-Улсын наадамд анх хэдэн онд зодоглосон бэ?
-Ардын хувьсгалын 80 жилийн 1024 бөх барилдсан наадам. Наадмын дэвжээнд гарахад сайхан санагдаж билээ. Дөрвийн даваанд улсын заан Д.Бумбаярт тахимаа өгч байсан. Тэр жил Д.Бумбаяр заан цол хүртсэн.
-Таны цээжин дор орсон хэр баргийн бөх өндийхөөргүй болчих шиг харагддаг?
-Яах вэ дээ. Чац бага ч жинтэй болохоор тэгж харагддаг байх. Хэрэв цээжин дороо хийчихвэл дарахыг хичээнэ дээ.
-Таны үндсэн мэх хонгодож цацах. Харин сүүлийн үед хийхээ больчих шиг?
-Жин бага байхад хийдэг байсан. Одоо энэ жиндээ тааруулаад тохирох мэхийг нь хийгээд явж байна.
-Та яагаад чөлөөт бөхөө орхичихов?
-Чөлөөт бөхөөр барилдахад асар их хөдөлгөөн хэрэгтэй. Би жингээ даахаа байгаад больсон. Нэг их амжилт ч үзүүлээгүй.
-Гэр бүлийнхээ хүнийг танилцуулна уу?
-Би Өвөрхангай аймгийн хүргэн. Ханийг минь Ц.Дэлгэрмаа гэдэг. Банк санхүүгийн мэргэжилтэй. Э.Ариунзаяа гэдэг эрх охинтой. Одоо гуравдугаар ангид орно.
-Эхнэртэйгээ хэрхэн танилцаж байв?
-Би уг нь улсын цол автлаа гэр бүлтэй болохгүй гэж боддог байлаа. Гэвч аймгийн начин цолтой байхдаа гэр хороололд байдаг найзындаа очтол хажуу айлд нь хөөрхөн охин байна. Тэгээд л тэр үеэс эхэлж боддог болсон. Дараа нь уулздаг ч болов. Хүн чинь хайр дурлалтай учрахаараа сонин болчихдог юм билээ. Тэр охиныг харахын тулд ямар ч шалтгаангүйгээр найзындаа очно. Ингээд улсын цол авсныхаа дараа хүнтэй суух энэ тэр мартагдсан. Эхнэр авах болоход багш хүртэл загнасан. Одоо бодоход буруудсан юм алга.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна