Их говийн их уяачид

А.Тэлмэн
2012 оны 10-р сарын 10 -нд

Говийн их уяачдынхаа тухай дурсахын өмнө Манлай сумын харьяат Цэрэндоржийн Занданбал агсныг хүндэтгэн дурсах ёстой билээ. Говь нутгийн нэрт уяач Занданбал агсан1885 оны үед Манлай сум тэр үеийн Түшээт хан аймгийн “Хоёр Өлзийт ” уулын хошуунд төрсөн юм. Тэрээр 1910-аад оны үед Хүй долоон худгийн даншиг наадамд хэд хэдэн удаа очиж морьдоо айрагдуулж байсан тухай яриа бий. Ц.Занданбал нь насан туршдаа хурдан буяныхаа тоосонд хийморь лундаагаа даатгаж ирсэн, очоогүй дов, үзээгүй наадам үгүй их уяач, шинжээч явжээ. Тэрээр аль ч насны морийг гаргууд таньж авдаг бас уядаг байсан гэдэг. Тэр дундаа азарганы уяанд илүү гаршсан болохоор түүний нэр алдрыг цуурайтуулсан олон сайхан хурдан азаргатай явсан гэдэг. Тэдгээрээс дурдвал Галшараас өндөр үнээр авсан алдарт хар халзан, 1940-өөд оны үед мал тариалангийн яамны сайд Балжинням дээр орж байж авчирсан “Доны” эрлийз До-хээр, Мундаг хар, Босоо зээрд Хурдан ухаа зэрэг азарганууд нь очсон наадмаа бүртээ цулбуур өргүүлж байжээ. Ганцхан жишээ татахад Манлай сумынхаа нэгэн наадамд Хар халзан, Босоо Зээрд, Мундаг хар азарганууд нь дараалан айрагдаж байсныг Хөхөө начин хуучилсан нь бий. Ер нь говийн аатай уяач Ц.Занданбал түрүүлгэе гэснээ түрүүлгэдэг, морь таних их увидастай, гадагш нь засаатай үрээ гаргадаггүй нэгэн байсан тухай амнаас ам дамжин уяачдын дунд яригдсаар өнөөг хүрчээ. Тэрээр “өөртэйгээ уралдах гэж төвөг толгой дээрээ шороо овоолчихно” гэж хэлдэг хүн байжээ. Ийнхүү Манлайн үе үеийн уяачид түүний уяаны эрдмийг өвлөн авч, нэр алдраа дуурсгасан олон уяачид төрсөн байдаг юм. Үүнд: Монгол улсын Алдарт уяач Ц.Жанж, О.Аюуш, аймгийн аварга болон оны шилдэг уяачид олон бий.
Манлай сумын Уяачдын холбооны салбар Занданбал агсны нэрэмжит шагналыг бий болгоод багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Үүгээрээ тухайн оны шилдэг уяачийг шалгаруулдаг уламжлалтай.
Говь шанхын унаган хурдыг алдаршуулахад бие сэтгэлээ зориулан хурдан хүлгэдийнхээ тоосонд хийморь лундаагаа даатгасан их уяач, шинжээч өвгөн буурлууд болон залгамж халаа залуу уяачдаа тоймлон дурдвал:
Өгөөмөр хайрхан, Ширээ тавагтай, Их бага шанх, Дэл хөнжил, Ар цагаан овоо, Шар хацар, Галба, Лүнгээр суугуул нутаглагч Цогтцэций, Цогт-Овоо сумын харьяат Алдарт Гэсэр гэлэн, Божоогийн Наваан, Дүлий Өнөр, “Сохор” хэмээх Чойжил, Онцгой Бизъяа, Нударга Чойсүрэн, Мэдэрсүрэн тайж, уургач Гочоо тайж, Хуга тойн, Цэмбэл тойн, сахал Лувсандорж, Дэжидийн Ханшин, Дэжидийн Норовдорж, Чойдор Эрэнтий, Хангал Аюуш, уургач Эрэндоо, Лодон тайж , Бэхийн Юндэн, Вандангийн Лхаа, Жуужаа Цэдэн-Иш, Галсандэлэг, Өөдлөхийн Пүрэв, Бумын Оргой, Бунийн Дашдаваа, Гаажидын Намхай, Санжаадорж Ухаахүү, Баламын Хорлоо, Алтын Жанцан, Г.Долоонжин, Жамъяншарав, Д.Сосор, Б.Шийхэр, Н.Бүргэд Монгол улсын Алдарт уяач Чогдорын Гүүш, аймгийн аварга уяач А. Батмөнх, А. Батчулуун, Батмөнх, М. Чулуунбаатар, Ц.Хоньбаатар, Х.Улам-Өрнөх, Р.Баатар, Н.Амгаланбаатар, Н.Мөнхбаяр нар болон Манлай нутгийн их уяач Занданбал, Г.Ламхүү, Монгол улсын Алдарт уяач Ц.Жанж, О.Аюуш, Буурал хэмээх Түдэв Гэндэнсүрэн, П.Совд, Ц.Лувсанцэрэн, Ц. Батжаргал, Балжин, Б.Содномпэл, Алтангэрэл, А. Тогтоол, Л. Сайнбилэг, Тэгшээ зэрэг үе үеийн уяачид , Ханхонгор сумын уяач Монгол улсын Алдарт уяач Ц.Шоовдор, Б. Дашдорж, В.Наранмандал нар болон ахмад уяачид Найданшарав, Балжинням, С.Хорлоо, Б.Пэл, Д.Будхүү, С.Лхамдорж, Ц.Тэрбиш, Л.Дэлгэрбуян, Баян-овоо сумын Р.Дэндэв, Х.Жуурайдорж, Мандал-Овоо сумын Х.Лувсанцэрэн, Ц.Цогт, Адъяадорж, Жогоо, У.Чойсүрэн, Баясах, Зандраа нарын үе үеийн уяачдаа хүндэтгэн нэрлэж байна. Өмнөговь аймаг байгуулагдсанаас хойшхи наадмуудын хурдан морины цуваа дансуудыг шүүж үзвэл:
1993-2003 онд
Азарганы уралдаанд 13, их насанд 20, соёолонд 6, хязааланд 11, шүдлэнд 4, дааганд 5, түрүү бүгд 59 түрүүг зөвхөн Цогтцэций нутгаас авч байсан бөгөөд бусад сумдын морьдын түрүү айргийг шүүж үзэхэд 89% нь Шанхын удмын адуу айрагдаж түрүүлсэн нь харагдаж байна.
Сэдвийг бэлтгэсэн:
Өмнөговь аймгийн МСУХ-ны дэд тэргүүн Р.Буянтогтох

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна