Хурдан морь унаач М.Адъяадорж:” хоёр машин шагналд авсан”

А.Тэлмэн
2012 оны 10-р сарын 17 -нд

-Бүсийн наадамд азарга айрагдуулсанд  баяр хүргэе. Хурдан морь унаад хэр удаж байгаа вэ?
- Цэнгэл ахындаа ирээд зургаан настайгаасаа эхэлж, хурдан морь унасан. Нэгдүгээр ангидаа Гал хонгорын төл хонгор даагыг унаад зургаад оруулсан. Уг нь айрагдах байсан ч гараа алдаж араас гараад зургаалчихсан. Хоёрдугаар ангидаа Гал хонгорыг унаад хаврын уралдаанд түрүүлгэсэн. Бас хар үрээгээ аман хүзүүнд давхиулсан. Зун нь хонгор үрээгээ унаж “Хас “банкны уралдаанд түрүүлсэн. Энэ жил зээрд үрээгээ сумандаа түрүүлгэсэн.
-Томоохон наадмын үед юуг анхаарах ёстой байдаг юм бэ?
-Бариа сайн эзлээд, урдуур гарах хэрэгтэй. Тэгэхийн тулд түрүүлээд төхөөрөмжийн ард орчихвол зүгээр байдаг юм.
-Чи тэгээд тэгж чадаж байна уу?
-Хааяа чадаад, хааяа чаддаггүй юм.
-Том биетэй хүүхдүүд дээрэлхэж байна уу?
-Гайгүй ээ. Өөдөөс нь үзэлцээд байхаар гайгүй. Болохгүй бол гаргаач том хүүхэддээ хэлчихээр зүгээр болчихдог юм.
-Унаач хүүхдүүд уулзахаараа юу ярихав?
-Тэр наадамд төдөөр давхилаа л гэж ярина. Бас мориныхоо тухай ярина. Тэгж давхидаг гээд. Бас өөр хүмүүсийн морины талаар ярина.
-Ингэхэд морь унах хэцүү юу? Ер нь юу нь чамд илүүтэй таалагддаг юм бэ?
-Хурдан давхих нь гоё.  Хэцүү гээд байх юм бараг байхгүй дээ. Өвлийн уралдааны үеэр л хацар жаахан даардаг юм. Бас халуун өдөр хөлс гарна. Би ихэнхдээ түрүүлдэг болохоор бусад хүүхдүүд шиг шороонд дарагдаж халтар болдоггүй. /инээв/
-Чиний хувьд хамгийн гоё наадам хэзээнийх вэ?
-Саяхан болсон Богд хээрийн мялаалга наадам. Би Сармай зээрд соёолонтойгоо очоод ачааны машинаар шагнуулсан. Ноднин бас нэг машин авсан. Би ер нь Гал хонгор, Сармай зээрд хоёрыгоо унах дуртай. Яагаад гэхээр тэр хоёр намайг унахаар дандаа түрүүлж, айрагддаг юм.
-Бай шагналаа өөртөө зориулж чаддаг уу? Хамгийн  их таалагдсан нь юу байсан бэ?
-Хүүхдийн баяраар парк явж тоглоход л их гоё байсан. Парк их гоё юм билээ. Бүх тоглоомууд нь таалагдсан.
-Чи хэдэн кг жинтэй вэ?
-20 кг жинтэй. 110 см өндөртэй.
-Одоо хэддүгээр ангид сурдаг вэ? Хичээлээ тасалдаггүй биз?
-Одоо гуравдугаар ангид сурдаг. Хичээлдээ гайгүй.  Багш маань дугуй тавиад байдаг юм. Дугуй гэдэг чинь онц гэсэн үг. Би тоондоо илүү сайн.
-Барилддаг уу?
-Хоёрдугаар ангид эмэгтэй багш шилжиж ирээд барилдуулахаа больсон. Уг нь барилддаг байсан юм.
-Том болоод ямар мэргэжилтэй болох вэ?
-Том болоод уяач болно.Тэгээд олон медаль авна. /инээв/
-Хүслээр чинь болог. Сурлагийн амжилт хүсье.

А. Энхжил

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна