Хатагины буянтай буурал уяач

Батсайхан
2013 оны 1-р сарын 23 -нд

Хуучнаар Сэцэн хан аймгийн Хатагин гурван хошуу буюу одоогийн Дорнод аймгийн Матад сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Сүхбаатар сумаас олон сайн уяачид төрөн гарсны нэг нь Матадын Чадраа буюу эдүгээ 80 насны босгыг даваад байгаа Монгол улсын Алдарт уяач Г.Чадраа гуай билээ.
          Г.Чадраа Алдарт нь унаган Хатагин овгийн хүн бөгөөд багаасаа бусдын л адил мал маллаж олуулаа бужигнаж өсчээ. 16 настайгаасаа хурдан морь уяж, өөрт нь итгэсэн нутгийн өвгөдийн захиасыг биелүүлэн хурдан адуу цуглуулах эрэлд гарч, Хэнтийн Мөрөн сумаас ул нь цоорсон яндан гүү тугалтай үнээгээр авсан.  Бас Сүхбаатарын Эрдэнэцагаанаас хулгана яртай хүрэн байдсыг унаж яваа мориороо сольж авсан гээд хэл аманд өртөн, хэрэгт орох шахан байж  их адал явдалтайгаар хэдэн адуутай болжээ. Эрхэм уяачийн маань хөдөлмөр талаар болсонгүй одоо түүний унаган хурц хүлгүүд сумын болон аймгийнхаа баяр наадамд байнга түрүүлж, айрагдахаас гадна улсын наадамд гэхэд л яг энэ хүний унаган гурван адуу айрагдаад байна. Анхных нь өөрийн ах Д.Төмөр-Очирынхоо хүргэн Д.Пүрэвсүрэнд 1998 онд нэг хул хязаалан бэлгэнд өгч явуулсан нь тэр жилээ улсын наадамд наймаар хурдалжээ. Дараа жил нь буюу 1999 онд хүргэн, дүү хоёр нь ахыгаа урьж бэлгэнд өгсөн хул соёолонгоо уяж, улсын наадамд өгөхийг хүссэнд мань хүн нутгаасаа нэг даага, азарга хоёртой хүрэлцэн очиж Буянт-Ухаагийн дэнж дээр сайхан наадаж төрийн наадмын өм нээгдэн хул соёолон нь айргийн дөрөвт хурдаллаа. Удаах нь одоогийн МУ-ын Манлай уяач Б.Бат-Өлзий буюу Дугараа 2002 оны хавар очиж адууны наймаа хийнгээ Г.Чадраа гуайн хөгшин цагаан гүүний бор загал үрээг ихэд сонирхсонд  өвгөн уяач “дүү энэ үрээг бэлгэнд ав” гэж гэнэ. Манлай ч бөөн хөөр загал үрээгээ дараа жил нь буюу хязааланд нь 2003 онд Ардын Хувьсгалын  82 жилийн Үндэсний их баяр наадамд айргийн тавд хурдлуулж магнай тэнийх нь тэрээ...  Хамгийн сүүлд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харьяат морины засал хатгуурт гаршсан олноо Арал хэмээгддэг Чулуунбаатар нэг хавар очиж Дорнодын Оршихын  хурдан хүрэн азаргыг хатгаж өгөөд буцахдаа өвгөн уяачийнхаар тухлаад, нэг бор халзан даага бэлгэнд авсан нь 2006 онд Их Монголын  тулгар төр байгуулагдсны түүхт 800 жилийн ойн Үндэсний баяр наадамд айргийн таваар хурдалж, Хатагины буурал уяач бэлгэнд өгсөн хурдан буянгууд төрийн наадмаас айраг хүртэж өгөөмөр сэтгэл, адууных нь сайныг харуулсан нэгэн бахархалт үйл явдал болжээ.
         Хурдан адуу бий болгох үйл хэргийн араас насаараа зүтгээд зогссонгүй буурал уяач маань өөрийн сурснаа залуу хойч үеийн уяачдаа гарын авлага болгон хэвлүүлж нутгийн эрдэмтэн дүү, нэрт дуун хөрвүүлэгч Го.Акимаараа хянуулаад хэвлүүлчихсэн, гэрийнхээ хойморт үр ач зээ нарынхаа дунд суучихаад “ Хурдан морь уяхад юу эс үзэх вэ, олныг ч хоцроолоо, олныг ч түрүүлүүллээ, ус гаталж ухаан сууна, уул давж ухаан сэргэдэг гэдэг шүү дээ, гадны адууны нэр өсөж монгол адууны нэр хүнд буурах хандлага нэг хэсэг байлаа, одоо адууныхаа уяаг уртасгаж, туурыг нь засах хэрэгтэй байна “ гээд хүд хүд инээсэн юм.

Б.Батсайхан

3 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.