Үндэсний сурын харвааны луу жилийн шилдгүүд тодорлоо

А.Тэлмэн
2013 оны 1-р сарын 31 -нд

Улиран одож буй усан луу жилд эрхийндээ иртэй харваачдын тавьсан сум онч мэргэн байж, амжилт бүтээлээр дүүрэн байлаа. Нээлтийн харваагаараа салхиа хагалсан харваачид луу жилд  17 удаагийн харвуул тэмцээнд оролцон цэц мэргэнээ сорьсон юм.
Ардын Хувьсгалын 91 жилийн ой үндэсний их баяр наадмын үндэсний сурын харваанд  Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул “Бурхан Халдун” групп, Баянзүрх дүүргийн харваач Монгол Улсын Гоц мэргэн, спортын мастер Цэвээний Хүдэрчулуун 40 сумнаас 38 онож түрүүлэн аав Монгол улсын Гавьяат тамирчин, Гарамгай мэргэн  Цэвээнийхээ амжилтыг давтсан нь   луу жилийн онцлох үйл явдлын нэг байлаа. Удам дамжсан харваачдын нэг Ц.Хүдэрчулуун ийнхүү монголын анхны аав хүү Гарамгай  мэргэчүүд болсон нь үндэсний сурын түүхэнд тодоор бичигдэх бахдам амжилт юм.
Харин эмэгтэй харваачдаас  Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, Төв аймгийн харьяат Чингис Хааны Дэлхийн Акедемийн харваач Монгол улсын  Мэргэн Холхорын Оюунчимэг түрүүлэн  Хошой  мэргэн цол хүртсэн билээ.
Түүнчлэн Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул “Алдар” спорт хороо,  330-р ангийн харваач Монгол Улсын  Мэргэн, спортын мастер  Батаагийн Баярсайхан 172 оноогоор 2012 оны Манлай эрэгтэй харваачаар шалгарсан бол шилдэг эрэгтэй харваачаар Ховд аймгийн Булган сумын уугуул Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, “Хангарьд” спорт клубын харваач МУ-ын Мэргэн спортын мастер Лхамжавын Отгонбаяр 171,5 оноогоор  тодорчээ. Шилдэг эрэгтэй харваачдын удаах байранд Хэнтий аймгийн уугуул “АПУ трейдинг”ХХК, ”Зэв-Алтантүрүү” багийн харваач Спортын мастер  Ренчиндоржийн Амарболд 169 оноогоор, Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул “Алдар” спорт хороо “МОНБЕТ” ХХК-ийн харваач, спортын мастер Жарантайн Мягмар 167 оноогоор, Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр “Хангарьд” спорт хороо, “ГЛОЖЕКС” ХХК-ийн харваач МУ-ын Мэргэн, спортын мастер Баасанхүүгийн Ёндон 164 оноогоор  тус тус шалгарсан байна.
Тэгвэл усан луу жилийн эмэгтэй Манлай харваачаар 183,5 оноо цуглуулсан Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, Төв аймгийн харьяат Чингис Хааны Дэлхийн Акедемийн харваач  Монгол улсын Хошой мэргэн Холхорын Оюунчимэг шалгарч хамт олноо хошуучилжээ. Харин шилдэг эмэгтэй харваачдыг  169 оноотой Өмнөговь аймгийн Баяндалай сумын харьяат “АПУ трейдинг”ХХК, “Зэв-Алтантүрүү” багийн харваач  спортын мастер Ишгийн Цэцэгмаа, 163,5 оноотой Дорнод аймаг Баяндун сумын харьяат “Адуунчулуун”, “Дорнын Гэрэгэ” ХХК-ийн  харваач, спортын мастер Чагнаадоржийн Гандаваа  нар  удаалсан байна.
2012 оны Манлай эрэгтэй харваач хүүхдээр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул , “Мэргэд” цогцолбор сургуулийн 10-р ангийн сурагч Монгол улсын Өсөх Идэр мэргэн Бадам-Очирын Сосорням шалгарлаа. Харин шилдэг харваачаар Төв аймгийн Монгени 5-р сургуулийн сурагч Батсумьяагийн Лувсандорж тодорсон байна.
Шилдэг харваач хүүхэд номинацийн эмэгтэйчүүдийн төрөлд Төв аймгийн харьяат,  “Хүмүүн” цогцолбор сургуулийн 10-р ангийн сурагч, спортын мастер Баттулгын Отгонжаргал  шалгарлаа. Тэрээр 15 настайдаа спортын мастерын  болзлыг хангаж байсан юм.  Харин шилдэг эмэгтэй харваачаар Дорноговь аймгийн харьяат Сайншандын 1-р 10 жилийн сурагч Энхболдын Биндэръяа нэрлэгдсэн байна.
Монголын үндэсний сурын холбооны удирдлагууд үндэсний өв соёлоо хойч үедээ түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж, залуустаа үлгэрлэж буй ахмад харваачдаа амжилтаар нь жагсаадаг уламлжалтай.  Энэ жилийн шилдэг ахмад эрэгтэй харваачаар Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын уугуул,АПУ трейдинг” ХХК, “Зэв-Алтантүрүү” багийн харваач спортын мастер Бүжийн Жалбаа, ахмад эмэгтэй шилдэг харваачаар Дорнод аймаг Баяндун сумын уугуул, “Бурхан Халдун” групп Баянзүрх дүүргийн харваач, МУ-ын Мэргэн, спортын мастер Дондогнямын Цэцэг нар шалгарлаа.
Луу жилийн шилдэг дасгалжуулагчаар Өвөрхангай аймгийн Арвайхээр сум “Шунхлай трейдинг”ХХК-ийн харваач, спортын мастер, Аймгийн гоц мэргэн Самданпүрэвийн Баяржаргал, шилдэг үйлдвэрлэгчээр Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын уугуул, “Алдар” спорт хорооны харваач Буянтын Энхсайхан нар шалгарлаа.
Монгол үндэстний тусгаар тогтнолын баталгаа эрийн гурван наадмын нэг сурын харвааны луу шилдгүүдээр тодорсон нийт харваачдадаа сайтынхаа нийт уншигчдынхаа өмнөөс баяр хүргэн, амжилт хүсье.
Та бүхний тавьсан сум мэргэн байх болтугай.

А.Мөнх-Эрдэнэ

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна