19 иргэн өөрсдийн гэртэй боллоо

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 06 -нд

Өнгөрсөн жил орон нутгийн болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Өмнөговь аймгийн 120 гаруй иргэнд гэр гардуулсан билээ. Амжиргааны түвшин доогуур, хөгжлийн бэрхшээлтэй болон тодорхой орлого байхгүй ч өөрийн гэр оронтой болж ажиллаж амьдрах хүсэлтэй иргэдийн судалгааг авч ийнхүү гэр олгодог жишигтэй. Энэхүү ажлын үргэлжлэл болгож оны эхэн дээр 19 иргэнд өргөө цагаан гэр гардуулах ажиллагаа энэ долоо хоногт боллоо. УИХ-ын гишүүн Ц.Баярсайханы санаачлагаар хэрэгжүүлсэн “Өрх гэр бүлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд зохиогдсон уг ажилд нийт 3990000 төгрөг зарцуулсан байна. Өөрөөр хэлбэл иргэдэд өгсөн нэг гэр бүрийн үнэ 2100000 төгрөгийн үнэтэй юм байна. Иргэдэд гэр нийлүүлэх ажилд Өмнөговь аймгийн “Түшмэл” ХХК шалгарч орон нутгийн үйлдвэрлэлийн иж бүрэн 4 ханатай гэр урлаж өгсөн байна. Энэ удаад Ханхонгор сумаас нэг, Мандал-Овоо сумаас нэг иргэн, Даланзадгад сумаас 17 иргэн гэртэй болсон байна. Гэр олгох ажиллагаанд аймгийн Засаг дарга Б.Бадраа, ИТХ-ын дарга Х.Түмэнбаяр, Даланзадгад сумын Засаг дарга Ц.Баттулга болон аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга нар оролцсон юм. Аймгийн Засаг дарга Б.Бадраа шинэ гэрт эй болсон иргэдэд алд цэнхэр хадаг гардуулан өгөхдөө айл гэр бүхэн ажил төрөлтэй, аз жаргалтай амьдрахыг хүсэн ерөөсөн юм.                

 

 


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна