Аймгийн Алдарт уяач З.Ганбаатар: Луу жил улсын наадамд халиун даагаа айрагдуулж, төрийн наадмын анхны хишгээ хүртсэн

Тэлмэн
2013 оны 2-р сарын 07 -нд

- Наадмын сонин жилээ даадаг гэдэг. Ярилцлагаа луу жилийн баяр наадмын сонин сайхнаас эхэлье?
- Ардын хувьсгалын 91 жилийн ой, үндэсний их баяр наадмын бэлтгэл зохион байгуулалт сайтай сайхан болж өнгөрлөө. Энэ жил Орхон аймгийн Засаг даргын тамгын газар, МСУ-ын “Эрдэнэт хүлэг” холбоо хамтран анх удаа эрлийз морьдыг тусад нь гурван нас болгон нийт есөн насны морьдын уралдааныг гурван өдөрт багтаан зохион явуулсан нь уяачид наадамчдын талархлыг хүлээсэн явдал болсон. Хурдан морины салбар комиссын дэргэд аймгийн Засаг даргын захирамжаар эрлийз морьдыг ялгах дэд комисс байгуулан 7-р сарын 6-8-нд уяачдын гал уяагаар очиж эрлийз морьдод үзлэг хэмжилт хийж нотолгоо бичиж олгосноор уралдааны үед эрлийз мөн биш гэдэг маргаан зөрчил бараг гарсангүй нь тэмдэглүүштэй. Мөн энэ жил улсын баяр наадмын их насны морины уралдаанд манай холбооны нарийн бичгийн дарга Д.Баясгалангийн хүрэн морь,  миний ажнай шарга азарганы төл халиун даага тус тус айрагдсан явдал манай уяачдад урам зориг өгсөн сайхан үйл явдал боллоо.
-З.Ганбаатар уяачийн нэрийг дуурсган амжилт гаргасан хурдан хүлгүүдийнхээ удам угшлын талаар дэлгэрэнгүй танилцуулаач?
-Анх аймгийн наадамд айрагдсан том, бага хээр морьд маань Увс аймгийн унаган адуунууд  байгаа юм. Аймгийн наадамд аман хүзүүдэж, цагаан сарын уралдаанд айрагдсан саарал азарга маань Булган аймгийн Бүрэгхангай сумынх, харин шарга морь Сүхбаатар аймгийн унаган адуу. Энэ жил улсын наадамд айрагдсан халиун даага Ажнай шарга азарганы маань төл юм шүү дээ. Энэ жил буюу АХ-ын 91 жилийн ой төрийнхөө их баяр наадамд халиун даагаа айрагдуулсан нь одоогоор гаргаад буй хамгийн том амжилт юм уу даа.
-Ер нь ингэхэд та өнөөдрийн байдлаар хэчнээн айраг түрүү хүртээд байна вэ? Хамгийн чансаа өндөртэй нь ямар наадам байсан бол?
-Улсын баяр наадмаас нэг айраг, аймгийн наадам болон түүнтэй адилтгах цагаан сарын уралдаануудаас нэг түрүү, 12 айраг сумдын болон бусад наадмаас   20-иод айраг түрүү аваад байна. Тодруулбал Орхон аймгийнхаа баяр наадмаас зургаан айраг авсан  байдаг юм. 2009 онд АХ-ын 88 жилийн ойгоор саарал азарга, шарга морио айрагдуулж, 2010 онд АХ-ын 89 жилийн ойгоор саарал азаргаа аман хүзүүдүүлж, хээр морио айрагдуулсан даа.
- Адуутай холбогдсон 10 жилийн хугацаанд гаргасан энэхүү амжилтанд хамгийн их нөлөөлсөн хүн хэн бэ?
- Анх 2002 оноос хурдан морь уяж эхлэхдээ баз хүргэн дүү Р. Ням-Осороор адуугаа маллуулан аймгийн Алдарт уяач Б.Винтов, Б.Дарьбазар нартай хамтран уяж эхэлсэн. 2006 оноос хойш Р.Ням-Осор маань бие дааж дагнан уяж морь уях арга ухаанд суралцан дасаж дадаж л явна даа.
- Монгол, ОХУ-ын хүндэт уурхайчин, Техникийн ШУ-ын доктор, МУ-ын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Төрийн соёрхолт З .Ганбаатарыг хэн гээч моринд уруу татчихсан бэ?
- Аав маань Баруунтурууны САА-н мал аж ахуйн фермийн даргаар олон жил ажилласан болохоор миний бага нас малын дэргэд тэр дундаа адуутай ойр өссөн нь моринд ороход дэвсгэр суурь болсон болов уу. 90-ээд оны сүүлчээр морийг эр хүний сүлд хийморь гэдэг утгаар дээдлэн өөрийн эрхгүй морь сонирхож эхэлсэн. 2004 онд аймгийн Алдарт уяач Б. Винтовтой явж Сэлэнгэ аймгийн Жавхлант сумаас хар алаг азаргатай адуу авснаар моринд эргэлт буцалтгүй орсон доо.
- Тэс нутгийн адуу тэвчээртэй дээр хурдан гэдэг. Моринд ороод хамгийн түрүүнд нутгаасаа хурд авсан уу? Ер нь хаа хаанаас хурд цуглуулсан бэ?
- Ер нь монголын хурд баруун зүүн талдаа байх шиг байдаг. Үүнийг хурдан морь судлаач түүхийн ухааны доктор, МУ-ын СГЗ, А.Баярмагнай гуай айрагтай холбон тайлбарласан байдаг. Би түүнтэй нь санал нэг байдаг. Манай Увс, Завхан гээд баруун аймгууд Дорнод, Сүхбаатар гээд зүүн аймгууд унага уяж гүү барьж айраг хийдэггүй. Харин төвийн аймгууд айраг хийдэг тул унагаа 6 сараас 11 сар хүртэл уяж эхийг нь  сааж айраг хийдэг. Тэгээд л унага давжаарч тэр хэмжээгээр хурд хүчинд нь нөлөөлдөг байж болох талтай. Тиймээс манай Тэсийн адуу бол монголын бас нэг хурдны угшил мөн. Би анх хурдан хүрэн морь, хоёр хээр морио Увсаас авч байсан. Одоо ч надад Тэс угшлын азарга гүүнүүд бий. Сүүлийн үед Сүхбаатар, Дорнод, Дорноговиос хурд цуглуулж байна.
- Адуу мал, монгол ахуйтай ойр байгаа хүмүүс нутаг усаа эрхэмлэгчид байдаг. Ганбаатар тэргүүн  ч гэсэн тэдний нэг болов уу гэж бодож байна. Бага насныхаа дурсамжаас хуваалцаач?
- Хүнд төрсөн нутаг орон гэдэг сэтгэл санаанд байнга уяатай байдаг шүү дээ. Миний бага нас хөдөөгийн жирийн нэгэн хүүхдүүдийн л адил өнгөрсөн. Би багаасаа малтай ойр тэр тусмаа адуутай бүр ойр өссөн. 5-6 наснаасаа морь унаж сурсан. Бас 2-3 жил хурдан морь унаж айраг  түрүү ч авч л явлаа. Энэ маань ч хурдан моринд ороход нөлөөлсөн байх талтай.
- Таны багад Баруунтуруунд хэний ямар хүлэг дийлж  уралддаг байв?
-  Манай Баруунтуруун чинь Увс аймагтаа бас л хурдтай сумын нэгэнд тооцогддог. Намайг багад Баруунтурууны САА-н адуучин Сандуйжав гуайн морьд сайн хурдалж олон айраг түрүү авдаг байлаа. Бас сумын Алдарт уяач Тэгшээ гуайн морьд ч их хурдан байсан. Одоо манай уяач баз хүргэн дүү Р. Ням-Осорын аав Рэгзэн гуайн морьд ч сайн хурдалж байсандаа.
- Увсын унаган хүү Орхоны суугуул болсон нь хэзээний түүх вэ?
- Би ОХУ-ын тэр үеийн Ленинград хотын Уул уурхайн дээд сургуулийг 1981 онд баяжуулагч инженер мэргэжлээр төгсч ирээд Геологи уул уурхайн яамны томилолтоор Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт ирж ажилласнаар тэр үеийн тус хот одоогийн Орхон аймгийн иргэн болсон түүхтэй. Эрдэнэт хот энэ аймагт 31 жил ажиллаж амьдарч явна даа. Миний ажил амьдралын ололт амжилт сайн сайхан бүхэн энэ хот, энэ аймаг энэ үйлдвэртэй холбоотой.
ЭРДЭНЭТ УГШЛЫН АДУУ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГО ТАВИАД АЖИЛЛАЖ БАЙНА
- Аймгийнхаа баяр наадмын хурдан морины комиссын даргаар нэлээд хэдэн жил ажилласан байх  шүү. Эрдэнэтийн уралдаан юугаар онцлог гэж боддог вэ?
- Тиймээ, би 2007 оноос хойш Орхон аймгийн баяр наадмын хурдан морины салбар комиссын даргаар ажиллаж байна. Манай аймгийн наадам онцлогтой. Ер нь зохион байгуулалт сайтай, дэг журамтай, эмх замбараатай болдог гэж ойролцоо аймаг сумдын уяачид ирж уралдах дуртай байдаг байсан. 1990 оноос хойш нэг хэсэг улс төдийгүй аймгуудын наадмын хурдан морины уралдаан байнга будлиантаж хэл ам хэрүүл маргаан болдог байхад ч манай Эрдэнэт зохион байгуулалт сайтай эмх журамтай сайхан нааддаг байсан. Үүний нууц нь манай уяачдын холбоо морины комисс сайн ажиллахын зэрэгцээ манай хурдан морины зүтгэлтэн морины комиссын дарга, Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын Нийгмийн асуудал хариуцсан орлогч захирал асан Д.Байгалийн санаачлагаар 1997 онд хийгдсэн хурдан морины гарааны төхөөрөмж юм. Одоо ч улс, аймаг сумд хүртэл энэ төхөөрөмжийг ашиглан хурдан морио маргаан будлиангүй уралдуулдаг боллоо. Мөн аймгийн ЗДТГ, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдлагууд аймгийн  МСУХ-гоо дэмжин байнга хамтран ажилласнаар:
- Гарааны төхөөрөмжөө жилээс жилд боловсронгуй болгон ашигладаг?
- Нас насны морьдын уралдааныг гарааны зурхайнаас барианы зурхай хүртэл богино долгионы станцаар тайлбарлан хүргэдэг. Бүсийн томоохон уралдаануудыг 32 м 2 LED дэлгэцээр наадмын талбайд шууд дамжуулан үзүүлдэг. Уралдах морьдыг урд өдөр нь бүртгэн ноймер дугаар олгодог гээд олон хэвшсэн арга хэмжээнүүд уяачид, үзэгчид, наадамчдын талархалыг хүлээж уралдаан зохион байгуулалттай эмх цэгцтэй сайхан болохын үндэс болдог гэж боддог.
-Комиссын даргаар ажиллаж байхдаа юуг чухалчилж хэвшүүлэхийг хичээдэг вэ?
- Юуны урьд уяачдынхаа бүтэн жилийн нөр их хөдөлмөрийн үр дүнг шударгаар үнэлж дүгнүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлж, унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангуулахад комиссын гишүүд, уралдааны зохион байгуулалтанд оролцож буй хүн нэг бүрийн анхаарлыг хандуулан идэвхи санаачлагатай ажиллуулахыг хичээдэг. Уралдааныг зохион байгуулахад МУ-ын баяр наадмын тухай хууль, хурдан морины уралдааны дүрэм журмуудыг ягштал баримтлан ажилладаг.
- 2010 онд “Эрдэнэт хүлэг” уяачдын холбооны тэргүүнээр сонгогдсон. Бусад төрийн бус байгуулагыг бодвол уяачдын холбоо ажил ихтэй. Энэ том үйлдвэрийн үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирлын ажлын хажуугаар сонгуульт ажил амжуулах бэрхшээлтэй байдаг уу?
-2010 онд манай аймгийн уяачид надад өндөр үүрэг хариуцлага хүлээлгэн МСУ-ын “Эрдэнэт хүлэг” холбооны тэргүүнээр сонгосон. Урьд нь үйл ажиллагаа нь тогтмолжсон холбоо байсан ч сүүлийн 2-3 жил бас зогсонги байдалд орчихсон байсан тул бид нилээд зүйлийг өөрчлөн шинэчлэх шаардлагатай байсан. Энэ зорилгоо бүрэн хэрэгжүүлэхийн тулд холбооны удирдлагууд дэргэдээ ажлын албатай байх нь зүйтэй гэж үзээд хоёр хүний бүрэлдэхүүнтэй байгуулснаар бид өмнөө тавьсан зорилгоо хэрэгжүүлэн 2011 оны шилдэг холбоогоор шалгарсан.
-Эрдэнэт үйлдвэр морин спортыг дэмжих тал дээр сайн хэмээн уяачид чинь ярьдаг юм билээ. Үүнд таны оролцоо их байдаг байх.
- Манай үйлдвэр үүсэн байгуулагдсан цагаасаа л Эрдэнэт хот, Орхон аймгийнхаа ард иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд санаачлага гарган ажиллаж ирсэн. Энэ ажлын хүрээнд нүүдэлчин монголчуудын соёлын үнэт өв гэдэг утгаар нь эрийн  гурван наадмын дотроос хурдан морины уралдааныг дэмжин ажиллаж ирсэн уламжлал өнөөдөр бидний үед ч хэвээр хадгалагдан уламжлагдаж яваад сэтгэл ханамжтай байдаг цаашид ч үргэлжлэн явагдана гэдэгт итгэлтэй явдаг.
- Адуугаа сайжруулах аян улс даяар өрнөж байгаа ч тэргүүлэх зэргийн нөлөөтэй байгаа цөөн аймгуудын нэг нь Орхон. Танай эндхийн адуу нэлээд сэлбэгдсэн харагдана лээ. Холбооны зүгээс ямар нэгэн нэгдсэн бодлогоор хангаж байна юу?
- ММСУХ үүсэн байгуулагдсан тэр цаг үеэс уяачдын хөдөлмөрийг төрөөс үнэлж шударга үнэнээр дүгнэх болсонтой холбогдон адууны тэр тусмаа хурдны удамтай адуугаа сайжруулан чанаржуулах ажил эхэлсэн. Эхлээд бид чинь Хэнтий дараа нь Сүхбаатар, Дорнод, Дорноговь баруун талаас Увс, Завханы Тува, Тэс угшлын адуу цуглуулж эхэлсэн. Одоо хилийн чандаас Англи, Араб, Орос, Будённый гээд хурдан угшилтай цэвэр цусны адуу ихээр оруулж үржил селекц хийгдэх боллоо. “Эрдэнэт хүлэг” холбоо Эрдэнэт угшлын адуу бий болгох зорилго тавиад ажиллаж байна. Бид тэргүүлэгчид, гишүүдийнхээ гаднаас оруулж ирсэн цэвэр цусны азарганд уяачдын гүү тавиулж төл авах ажлыг гэрээгээр гүйцэтгэхэд холбон зуучилж тусладаг юм.
- Эрдэнэт угшлын адуу гаргаж авах ажил ямар шатандаа яваа бол?
- Эрдэнэт угшлын адуу гаргаж авах санаа эхлэл аль эрт тавигдсан. Манай аймгийн Алдарт уяач баян Хишгээ 70-80-д оны үеэс Орос, Буриадаас оруулж ирсэн адуугаараа нэлээд цус сэлбэсэн. Одоо Хишгээгийн хүү аймгийн Алдарт уяач Жаргалсайхан энэ ажлыг аавтайгаа хамтран үргэлжлүүлэн хийж байна. Эднийхний адуу зөвхөн Эрдэнэт, Орхоноор тараад зогсохгүй баруун зүүн аймгуудад ч тарж өсөж үржиж яваа. Дээр нь моринд дуртай биенесменүүдийн оруулж ирсэн адуу ч Эрдэнэт Орхоны нутагт элбэгшсэн үр төл нь жилээс жилд нэмэгдсээр байна. Одоо гагцхүү мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран нарийвчилсан шинжилгээний үр дүнгээр үнэлэлт дүгнэлт хийх ажлыг төслөөр гүйцэтгэх л үлдээд байна. Алдарт уяач С.Хишгээ суурийг нь тавьснаас хойш манай үйлдвэрийн Ерөнхий захирал агсан Ш .Отгонбилэг, МСУХ-ын дэд тэргүүн агсан Ч.Бадамдорж, МУ-ын Манлай уяач Д .Чулуунбат, аймгийн Алдарт уяач Б. Винтов, Д.Дэлгэрбаяр, Р. Мягмардорж, уяач Баатарчулуун, Н.Отгонбаяр гээд нэрлээд байвал олон байна. Ер нь өөрийн цэвэр цусны гүү азаргагүй л болохоос цус холилдоогүй адуугүй уяач бараг байхгүй дээ.
АЙМГИЙН БАЯР НААДМЫН ХУРДАН МОРИНЫ ТӨСВИЙГ МАНАЙ ҮЙЛДВЭР ХАРИУЦДАГ УЛАМЖЛАЛТАЙ
- Адууны цусыг сайжруулж байгаа нь сайшаалтай боловч ММСУХ-ны тэргүүлэгчдийн гаргасан улсын баяр наадмын үеэр ялгах шийдвэрийг хэрэгжүүлэхэд төвөгтэй байж болох юм. Энэ талын хүндрэл хэр их гардаг вэ?
- Энэ шийдвэр уг нь 21 аймгийн МСУХолбооны уяачдаас санал авч байж гаргасан шийдвэр. Энэ санал хураалтанд ганцхан манай холбоо ялгаж уралдуулах шаардлагагүй гэсэн санал өгсөн боловч олонхийн саналыг үндэслэн гаргасан шийдвэрийг дагахаас өөр аргагүй тул сүүлийн  хоёр жил эрлийз мөн биш гээд хэл ам, маргаан зөрчил гарч л байсан. Харин энэ онд хэрхэн шийдвэрлэснээ дээр өгүүлсэн тул давтан нурших нь илүүц биз. ММСУХ-ны эрлийз морьдыг ялган тусад нь уралдуулах шийдвэр нэг хоёр жилээс хэтрэхгүй өөрчлөгдөх байлгүй дээ. Монголын бүх хоёр сая гаруй адууг эрлийзжүүлэх гээгүй зөвхөн хурдан угшилтай адуугаа л цэвэр цусаар сэлбэн эрлийзжүүлэхэд нэг их буруудаад монгол адууны ген өөрчлөгдчихгүй байх гэж боддог.
- Улс бүсийн уралдаануудад уяачдаа зохион байгуулалттайгаар оролцуулахад анхаарна гэж байсан. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд ямар ямар уралдаанд Орхоны уяачид зохион байгуулалттайгаар оролцсон бол?
- Улс бүсийн уралдаанд уяачдаа зохион байгуулалттайгаар оролцуулахын тулд галын зохион байгуулалтанд оруулах нь зүйтэй юм гэж манай холбооны удирдлага үзсэн. 2010 онд намайг тэргүүнээр сонгогдоход манайд ганцхан “Хангайн хурд” гал үйл ажиллагаа явуулдаг байсан бол өнөөдөр “Гурван тамирын гол”, “Хангалуун хурд”, “Эрдэнэтийн хурд”, “Тодмагнай” зэрэг таван гал үйл ажиллагаа явуулж дахиад ч 2-3 гал зохион байгуулагдах бэлтгэл хангагдаж эхлээд байна. Өнгөрсөн хугацаанд “Дүнжингаравын хурд” 2011,2012, АХ-ын 90,91 жилийн баяр наадам, Архангай, Төв аймагт болсон хангайн бүсийн уралдаануудад манай уяачид галын зохион байгуулалтаар амжилттай оролцсон.
- Орхон аймагт жилд дунджаар хэчнээн уралдаан зохион байгуулагдаж байна вэ? Тэдний хэд нь холбооны оролцоотой уралдаан байдаг бол?
МСУ-ын “Эрдэнэт хүлэг” холбоо оны эхэнд уяачдын зөвлөгөөн хийж урд оны ажлаа дүгнэн шилдгүүдээ шагнаж урамшуулан, гарч буй жилийнхээ зорилтыг тодорхойлон дэвшүүлж тухайн онд зохион байгуулагдах хурдан морины уралдааны календарчилсан төлөвлөгөөг хэлэлцүүлэн баталдаг уламжлалтай. Орхон аймагт жилдээ 7-8 уралдаан зохион байгуулагддаг бөгөөд тэдний 5-6 нь манай холбооны календарчилсан төлөвлөгөөнд тусгагдсан уралдаанууд. Үлдсэн  2-3 нь уяачдын болон иргэдийн санаачлагаар зохион байгуулагддаг бооцоот уралдаан байдаг.
- Танай аймгийн уралдааны бай шагналыг харьцангуй өндөр гэдэг юм билээ. Ер нь дундаж ханш нь ямархуу байдаг вэ?
- Аймгийн баяр наадмын хурдан морины төсвийг манай үйлдвэр хариуцан гаргадаг уламжлал тогтсон. Харин бусад уралдаануудыг хариуцсан байгууллага хүмүүс манай холбоотой хамтран тохиролцож шийдвэрлэдэг. Аймгийн баяр наадмаар дээд гурван насны түрүүг гурван саяас, бага насны түрүүг 2,5 саяас багагүй байх, бусад уралдаануудад дээд гурван насыг нэг, бага насыг 800000 төгрөгөөс багагүй байх бодлого баримталдаг. Харин 2010 онд болсон төвийн бүсийн уралдаанд нас бүрийн түрүүг 12 сая төгрөгөөр байлсан.
- Холбооны зүгээс зайлшгүй анхаарал хандуулах ёстой зүйл бол унаач хүүхдийн аюулгүй байдал. Энэ талаар “Эрдэнэт хүлэг” холбооны удирдлагууд хэрхэн анхаардаг бол?
- Энэ бидний онцгойлон анхаардаг асуудал. Бид хурдан морь уралдахын урьд  өдөр өглөө 10-аас орой 18 цаг хүртэл уралдах морьдыг бүртгэдэг. Ингэхдээ хамтран ажиллах гэрээтэй даатгалын компаниудын төлөөллийг урьж ирүүлэн хүүхдийн даатгал хийлгэсний дараа морийг нь бүртгэх, мөн энэ үеэр хамтын гэрээтэй ажилладаг. Мөн “Олон онц” мал эмнэлэгтэй хамтран унаач хүүхдийн хамгаалах хэрэгслийн үзэсгэлэн худалдаа ажиллуулдаг. Харамсалтай нь зарим уяачдын ухамсар, эдийн засгийн чадавхиас хүүхдийн хамгаалах хэрэгслэлийг тэр бүр авч чадахгүй бэрхшээл гарсаар байна.
- Орхон аймгийн морин спортын хөгжлийг хэрхэн төлөвлөж байсныг асуух нь зүйтэй байх?
- Манай холбооны удирдлага, тэргүүлэгчид гишүүд уяачид бид хурдан морины уралдааны хөгжлөө их өөдрөгөөр төсөөлж төлөвлөж ярилцдаг. Нэг их удахгүй Эрдэнэт угшлын хурд Эрдэнэт хот Орхон аймаг төдийгүй Монголын бүх нутгаар тархан хурдална. Олон улсын жишигт нийцсэн морин тойруулгатай болж ойрын зайн уралдааныг хөгжүүлнэ. Монголын морины уралдааны холбоотой хамтран холын зайн уралдаанд ч манай уяачдын морьд хүчээ үзэж амжилт гаргана гэдэгт итгэлтэй байдаг.
-Тэгвэл Монголын хурдан морины хөгжилд нэмэрлэх таны санаа юу байх бол?
- Социализмын үеийг бодвол сүүлийн 16 жилд хурдан морины хөгжил асар их хурдацтай ахиж дэвшиж байгаад талархаж явдаг. Гэвч мал эмнэлгийн шинжлэх ухааныг спортын чиглэл рүү хөгжүүлэх ялангуяа хурдан морины физиологийг судлан эмчлэн сэргийлэх аргыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр боловсруулан хэрэгжүүлэх. Уяач биш хүнд Алдарт, Манлай уяач цол олгодог одоогийн буруу тогтолцоог өөрчлөн жинхэнэ мэргэжлийн уяач хүнд энэ цолоо олгож тэр хурдан морины эзэнд таарч тохирсон өөр хүндэтгэлийн цол хэргэм олгодог болох ажлыг нэн даруй шийдвэрлэх. Бага насны адууны насыг шүдээр тогтооход бэрхшээлтэй болж байгаатай холбогдуулан адууг гэрчилгээжүүлэх ажлыг оновчтой арга хэлбэрээр яаралтай зохион байгуулах хэрэгтэй юм шиг санагддаг. Эдгээрийг ойрын үед хийж хэрэгжүүлээсэй гэсэн бодолтой явдаг даа.
УЯАЧ ХҮН АДУУГАА, СҮЛД ХИЙМОРИО ХЭМЭЭН ШҮТЭЖ ЯВАХ УЧИРТАЙ

-Ганбаатар тэргүүн хувь хүнийхээ хувьд хэн бэ? гэдэг талаар сонирхох гэсэн юм. Таны хамгийн нандин зүйл юу вэ?
- Би “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын үйлдвэр эрхэлсэн орлогч, МСУ-ын “Эрдэнэт хүлэг” холбооны тэргүүн гээд удирдлагад ажилладаг хүний хувьд хүмүүсийг хайрлан хүндэлж, хүнд итгэж урам зориг өгч явах л миний хамгийн нандин зүйл юм болов уу даа.
- Адуутай нөхөрлөсөн эр хүн юуг эрхэмлэх ёстой вэ?
- Морио төрийн сүлдэндээ дээдэлсэн монголчуудын хувьд морь гэдэг шүтэн дээдэлдэг нандин зүйлийн нэг. Тэр тусмаа уяач хүний тухайд адуугаа сүлд хийморио гэж шүтэж, зөв эдлэж, өсгөж үржүүлэн нандигнан хайрлаж явах ёстой л гэж боддог.
- Уяачийнхаа хувьд эдэлсэн хамгийн баяр бахдалтай үе хэзээ вэ?
- Бүтэн жилийнхээ хөдөлмөрийн үр дүнг үзэж улс, аймагт морио түрүүлгэн, айрагдуулах тэр мөчид өөрийн эрхгүй омогшин бахархдаг юм билээ.
- Адуунаас өөр зүйлд шимтдэг үү? Өөрөөр хэлбэл өөр хобби бий юу?
- Байлгүй яахав. Хүүхэд ахуй цагаасаа л арьсан бөмбөг өшиглөж яваад хөлбөмбөг сонирхож эхэлсэн. Одоо ч Орхон аймгийн Хөл бөмбөгийн холбооны тэргүүний албыг хашдаг. Үйлдвэрийнхээ Спорт цогцолборын дэргэд хөл бөмбөгийн хиймэл ногоон талбай байгуулсан. Түүнчлэн амралт чөлөөт цагаараа цэвэр агаарт аялах дуртай. Мөн мэргэжлийн дагуу судалгаа шинжилгээний ажил хийх хоббитой. Нийтдээ эрдэм шинжилгээний 20 гаруй бүтээл туурвисан. Техникийн ШУ-ын докторын цол хамгаалсан.
- Таны хоббиг гэр бүлийнхэн тань хэр дэмждэг вэ?
- 100 хувь дэмжинэ шүү.
- Бидний яриа өндөрлөж  байна. Морь сонирхогч эрхэм уншигчдад юуг дамжуулан ерөөх бол.
- Эрхэм уяачид, хурдан морь сонирхогч, уншигчдадаа эр хүний сүлд хийморь болсон морио бахархан дээдлэж явахыг хүсэн ерөөе. Адууны хишиг буян, хурдан морины сүлд хийморь та бүхнийг ивээж явах болтугай.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна