Аймгийн Алдарт уяач С.Баттулгын цолны мялаалга наадам болов

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 19 -нд

Луугийн хишиг хүртэн шинэхэн цолонд хүрсэн уяачид баяраа түмэнтэйгээ хуваалцан мялаалга наадам зохион байгуулсаар байна. Тэдний нэг Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул, аймгийн Алдарт уяач  С.Баттулга цолны мялаалгаа нутгийн олонтойгоо хуваалцан их насны морьдын уралдааныг зохион байгуулжээ. Цант хайрханы энгэрт болсон уг уралдаанд 20 гаруй хүлэг тоосоо өргөж Өлзийт сумын уугуул Д.Эрболдын хүрэн морь түрүүлжээ. Хүрэн морь Сүхбаатар аймгийн Халзан сумын адуу бөгөөд анхны уралдаан нь энэ байсан гэнэ. Харин аман хүзүүнд Өлзийт сумын уугуул, сумын Алдарт уяач  А.Цогбадрахын сартай хүрэн хурдалжээ. Хүрэн морь аймаг сумын наадмаас таван түрүү, найман айраг хүртэж байсан хурдан буян юм. Айргийн гуравт Хулд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Батхуягийн цэгээн, айргийн дөрөвт Хулд сумын залуу уяач З.Эрдэнээгийн зээрд, айргийн тавд тус сумын уугуул аймгийн Алдарт уяач Б.Мөнхбатын бор хурдалжээ. Бор морь сум болон овооны наадмаас хоёр түрүү, гурван айраг хүртэж байсан хурдан ажнай аж. Шинэхэн Алдарт түрүү морио мотоциклиор байлсан байна. Дашрамд сонирхуулахад 2006 оноос хурдан морь уяж сойж буй С.Баттулга 2010 онд сумын Алдарт уяач, 2012 онд аймгийн Алдарт уяач цолыг хүртжээ.

А.Мөнх-Эрдэнэ

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна