“Их Могол” ХХК захирал, аймгийн Алдарт уяач Ч.Эрдэнэбат: Аавынхаа хүслийг түүхт ойн жил цавьдар азаргаа айрагдуулж биелүүлсэндээ омогшиж явдаг

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 24 -нд

-Ярилцлагаа түүхт ойн жил айрагдсан цавьдар азарганы талаар эхэлбэл ямар вэ?
Хаанахын  ямар угшлын адуу вэ?
-Юуны өмнө “Тод магнай” сэтгүүлийнхээ хамт олонд “Хобби” буландаа зочноор урьж оролцуулж буйд талархлаа илэрхийлье. Миний цавьдар азарга над дээр найман настайдаа ирж байсан. Төв аймгийн Баянцогт сумын Бат-Эрдэнэ гэдэг хүний адуу. Надад ирэхээсээ өмнө улсын наадамд найм, есөөр хурдалж байсан хурдан буян л даа. Удам угшлыг нь хөөвөл эх  нь АХ-ын 60 жилийн ойн улсын баяр наадамд айрагдсан Лүндэнгийн Амгалангийн хул азарганы төл. Эцэг нь Баянцагааны Хорлоо гуайн адуу.Өвөг нь улсад айрагдаж байсан юм байна лээ.
 -Тэгэхээр тань дээр ирэхээсээ өмнө хурд нь танигдчихсан адуу байжээ дээ?
-Тийм, би цавьдар азаргыг хурдан гэдгийг мэддэг болохоороо “Энэ цавьдар азаргыг авчихвал яадаг” бол гэж уяач Мөнхбатдаа хэлж байсан л даа. Одоо энэ Манлай уяач болсон шүү дээ.Тэгсэн Мөнхбат маань  “Энэ цавьдар азаргыг авахад алдахгүй шүү” гэсэн.Тэгээд л  эзэн залуучуудад нь санал тавьж хэд хэдэн удаа уулзсан.
-Өөрийн болгох гэж чамгүй хичээх хэрэгтэй болжээ дээ?
-Хэд хэдэн удаа уулзаж байж тохиролцоонд хүрсэн. Эзэн залуучуудад нь /ихэр залуус байсан юм/ хурдан буянаа хамаагүй хүнд өгчихгүй, эзнийг нь олоод өгөх  юмсан гэсэн эмзэглэл байсан юм шиг байгаа юм. Гэхдээ бид ойлголцсоон. Азарга авах үед хавар цас хайлаад газар харлачихсан байсан үе л дээ. Би нөгөө залуучуудтай уулзан ярилцаж тохироод гараад иртэл хоёр хуруу хиртэй цас уначихсан байсан. Би энэ тухай аавдаа хэлтэл ихэд бэлгэшээж  “Миний хүү үнэхээр хурдан заяатай адуу авчээ. Тэнгэр хураа хайрлана гэдэг чинь сайны шинж ” гэж хэлсэн. Үнэхээр ч аливаа юм цаг хугацаатай, байгаль ,хүн, амьтан холбоотой шүтэлцээтэй байдаг юм байна гэдгийг би тэр үед ойлгосон.
-Хурд нь танигдсан адуу чамгүй үнэтэй байсан биз?
-Хүний хурдан буянг авч байгаа юм чинь гээд хэлснээр нь найман саяар авсан. Яахав тухайн үед хүмүүс Монгол  адууг арай үнэтэй авлаа гээд зэмлэж байсан л даа. Гэхдээ би алдаагүй.
-Нээрээ цавьдар азарга Магнай халтартэй нэг цустай гэдэг бил үү?
-Андуурч байна. Их Монгол улс байгуулагдсаны 801 жилийн ойгоор долоод хурдалсан их морь маань Баянцогт гаралтай адуу. Тэр тусмаа улсад аман хүзүүдэж, Их хурдад түрүүлсэн алдарт Магнай халтарын төрсөн ах нь байгаа юм.
-Улсын наадамд тэр тусмаа түүхт ойн жил азарга айрагдуулна гэдэг их бахдал байсан биз?
-Тэгэлгүй яахав. Түүхт ой буюу одоо амьд сэрүүн байгаа хүний амьдралд нэг л тохиох тэр том наадамд тэр дундаа насаараа морь уясан аавыгаа амьд сэрүүн байхад нь азарга айрагдуулж зорьсондоо хүрэхэд үнэхээр бахархалтай байсан. Өөрийн эрхгүй омогшиж байсан. Азарга орж ирж байхад барианы газар дүүгээ үлдээгээд би өөрөө алсаас харах санаатай урд талын товгор луу гарсан юм. Зайдуухнаас харахад цавьдар азарга маань дөрвөөр орчих шиг болохоор нь гүйсээр дүү дээрээ ирээд асуутал “үгүй байх” гэдэг байгаа. Тэгэхээр нь Мөнхбат руугаа залгасан чинь эхнэр нь утсыг авч байна. “Цавьдар азарга дөрвөөр давхих шив дээ ” гэсэн чинь “биш ээ” гэж байна. Би азарганыхаа давхилыг танихгүй баймааргүй юм гэж бодоод хэсэг зогстол бараг 50-аад азарга орчихлоо. Эхний 50-д миний азарга орохгүй байна гэж байхгүй гэж бодоод хашаа рүү гүйгээд очтол Мөнхбат маань хөтөлчихсөн хөлсийг нь хусаад явж байсан. Орох гэтэл цагдаа нар оруулдаггүй учраа хэлж гуйж байж орсон. Азаргаа хараад өөрийн эрхгүй самсаа шархирч, аавын минь амьд сэрүүнд хүслийг нь  биелүүлсэнд баярлаад барахгүй байсан.
-Улсын наадмын анхны айраг байжээ дээ?
-Тийм, миний анхны том наадмын айраг. Хэрвээ би андуураагүй бол Мөнхбат  Манлайн улсын наадмын анхны айраг нь цавьдар азарга. Энэ наадамд шүдлэн айрагдуулж, нийтдээ хоёр айраг хүртсэн.  Түүнээс өмнө Их хурдаас нэг айрагтай байсан юм. Түүнээс хойш Мөнхбат маань богино хугацаанд олон айраг түрүү хүртэж МУ-ын Манлай уяач болчихоод байна. Тун удахгүй Тод манлай уяач болох байх.
- Аавын маань хүслийг биелүүлж гэдэг өгүүлбэрийг та хоёр удаа хэллээ. Магадгүй таны гол зорилго тэр байсан уу?
-Миний аав насаараа морь уясан хүн. Завханыхан бол андахгүй дээ. Миний аав Завхан аймгийн Яруу сумын харьяат Чойжилсүрэн гэж хүн байсан. Аймаг сумынхаа наадмаас 76 айраг түрүү авсан байдаг юм. Морь уяхаас гадна хатгана, жороо оруулна гээд тал бүрийн авьяастай хүн байсан. Энэ бүхнийгээ өөрийн авга ах Мадай гэдэг хүнээс сурсан гэдэг.
-Андуураагүй бол жороо саарал морьтой байсан уу?
-Тиймээ, жороо саарал, хурдан бор морьтой. Жороо саарал нь аймгийн уралдаанд байнга  тасархай түрүүлдэг Завхан аймагтаа нэг номерийн жороо морь байсан гэдэг. Аавыгаа  саарал морио унаад наадамд явахад би дагаад явна. Миний морь хар хурдаараа давхиад байхад аавыг гүйцдэггүй байсан санагддаг. Тийм л хурдан хүлэг байж.
Намайг багад хүмүүс ааваар мориндоо жороо оруулуулна гээд манай гадаа дугаарлачихсан байдаг байсан юмдаг. Аав маань огтхон ч цааргалалгүй зааж өгөөд заримыг нь өөрөө унаад жороо болгодог байсан. Моринд жороо оруулна гэдэг дуртай хүний хийдэг ажил биш шүү дээ. Жороо морины холбооны Эрдэнэбаяр гэдэг залуу байдаг даа. Тэр залуу жороо морины талаар судалгаа хийгээд Говь-Алтай аймагт явж байхдаа аавын талаар сонсоод хайсаар байгаад уулзаж ярилцсан байдаг юм.

Миний аав ярихгүй байхын аргагүй хүн л дээ. 1945 оны дайнд оролцож байхдаа Богд уул, Налайх хавийн болон Сэлэнгийн агтыг малладаг байсан юм билээ. 1985 онд намайг Эрхүүд сургууль төгсөөд ирэхэд аав тэтгэвэртээ гараад Завханаас Улаанбаатарт ирж суурьшсан юм.

Хотод ирчихээд “аав нь энэ дөрвөн уулын ард ингэж адуу малладаг байлаа. Хотод ирснийх улсын наадамд морь давхиулах юмсан” гэж ярьдаг байсан л даа. Аавынхаа тэрхүү мөрөөдлийг биелүүлчих юмсан гэсэн хүсэл маань түүхт ойн жил биеллээ олсонд үнэхээр их бахархаж явдаг.
-Аав нь хүүгийнхээ азарга айрагдах тэр торгон агшинд юу гэж хэлсэн бол?
-Тэр үед аав  маань 83 хүрчихсэн, хөл муутай байсан болохоор барианы зурхайд очиж үзэж чадаагүй л дээ. Харин Яруугаас түүхт ойн  жилийн наадам үзэхээр ирсэн хоёр дүүдээ даалгавар өгсөн байдаг юм. Авга ах нар маань насаараа морь уясан мал шинжихдээ гаргуун аймгийн Алдарт уяач хүмүүс л дээ. Насаараа хурдан морь уяхын зэрэгцээ морь сайхан эдэлдэгээрээ гайхагдсан тэр хөгшчүүл миний азаргыг давхихаас нь өмнө хараад Цангиа гэдэг ах маань “чиний цавьдар азарга айрагдах нь гарцаагүй. Харин түрүүлэх эсэх нь л байна” гэж байсан нь биеллээ олсоон. Азарганыхаа хөлсийг хусаад  зогсож байтал аав маань ирээд өврөөсөө хадаг гаргаж, малгайгаа аваад сөгдөн сууж баруун хөлнөөс нь адис авсан. Би гайхаад ямар учиртайг нь асуутал   “хурдан морины бүх шинжийг агуулсан ийм адуу ховорхон байдаг юм аа. Энэ сайхан буянгаас эр хүн адис авснаараа хийморь нь сэргэж муу бүхэн нь арилна” гэж билээ. Тэгээд дараа нь “аавынхаа хүслийг биелүүлсэн хүүдээ баярлалаа “ гээд үнссэн. Түүнээс хойш аав шигээ хурдан хүлгээс адис авдаг болсон.
- Цавьдар азарга улсад айрагдсаныхаа дараахан Архангайд болсон бүсийн наадамд уралдсан бил үү?
- Тэгсэн. Архайнгайн Тоглохын талд болсон бүсийн наадамд уралдаж явахдаа хөлөндөө бэртэл авсан. Мөнхбат маань дагаж явсан болохоор мэдээд татуулсан чинь зөнгөөрөө явсаар байгаад 11-ээр ирсэн. “Татуулаагүй бол айрагдах байсан” гэж хэлж байсан.Тэр үед бид хоёрын туршлага ч муу, хор ч гараагүй байсан байх жаахан гам алдсан л даа.Тэрнээс хойш удаагүй эндчихсэн шүү дээ.
- Дээхэн үед жороо морь жинхэнэ гангараа байлаа, одоогийнхоор бол жийп юмуу даа?
-Өөртэй чинь санал нэг байна. Одоо хүмүүс жороо морийг сонирхохоо больж дээ. Үнэхээр ч нэг үе жороо морь гэдэг юунаас ч илүү гангараа байлаа. Аав маань жороо саарлаасаа гадна хурдан бор морьтой байсан гэж дээр хэлсэн шүү дээ. Тэгэхээр одоогийнхоор бол хоёр мундаг жийп л сэлгэж унадаг хүн байжээ дээ. /инээв/Жороо сааралын удмын хэдэн сайхан морь бий. Тэд маань юм дуулгах байх. Ер нь жороо морины үнэ цэнийг өсгөх талаар бодлогын чанартай юм хийгээсэй гэж бодож явдгаа энд хэлмээр байна. Хэдийгээр жил бүр улсын наадмын дараа жороо морины уралдаан зохион байгуулдаг ч олныг хамарч чаддаггүй. Уг нь олон зуун жилийн түүхтэй энэ сайхан соёлоо сэргээвэл хойч үед минь хэрэгтэй юм даа.
- Таны хурдан морь сонирхох болсон нь багын хобби юм байна гэсэн ойлголт төрж байна?
- Тэгж ойлгож болноо. Миний өвөг дээдэс адуучин, уяач хүмүүс байсан. Би 6 настайгаасаа эхэлж хурдан морь унасан. Ер нь миний бага нас хөдөө мал дээр өнгөрсөн дөө. Аавыгаа дагаад сум, аймгийн наадам хэсч айраг түрүү цуглуулаад л явдаг байлаа шүү дээ. Нөгөө яриад байгаа хурдан бор морь маань аймгийн наадамд найман удаа аман хүзүүдэж, сумандаа байнга түрүүлдэг хурдан хүлэг байсан юм. Нэг хэсэг сургууль соёл, бизнес гэж яваад мориноос хөндийрсөн ч 1997 оноос идэвхитэй сонирхож, 2000 оноос улсын наадамд морь уралдуулах болсон. Гэхдээ хэт их орохоос зайлхийдэг.
- Яагаад?
- Аав маань тэгж захидаг байсан юм. Хурдан морь, худалч хүн хоёр адилхан гэж. Тийм болоод ч тэрүү намайг морь худалдаж авахад тэр болгон дуртай байдаггүй байсан. Өөрөө залуудаа их дурлаж алдаж оносон их наймаа хийж байсан юм шиг байгаа юм. Тэгэхээр эр хүний хийморь лундаагаа сэргээж, өөрийн гэсэн унаган хурдтай адуутай болохыг л зорилго болгож явна.
Түүнээс нэг  их айраг түрүүнд улайраад байдаггүй ээ. Хурдтай гэсэн газраас цуглуулсан 100 гаруй тооны адуутай. Түүнийг маань Баянцогтод ах маань маллаж байна.
- Та чинь нээрээ Баянцогтын уяачдын холбооны тэргүүн бил үү?
- Би 2005 онд Баянцогтын уяачдын холбооны тэргүүнээр сонгогдон одоог хүртэл ажиллаж байна. 2009 онд Баянцогт сумынхаа 80-н жилийн ойн хурдан морины уралдааныг зохион байгуулсан. Оролцсон хүмүүс сайхан наадам боллоо гэсэн нь үнэхээр их урам өгсөн л дөө. Би ч гэсэн хурдан морийг  шударга уралдуулахыг л боддог. Сумынхаа наадмаар төрийн дээд Алтан гадас одонгоор шагнуулчихаад баярлаад байж байтал түрүүний ярьдаг Халтар морь маань тэр наадамд түрүүлэн ирж давхар баярлуулж байсан удаатай. Ер нь миний амьдрал  Баянцогт сумтай салшгүй холбоотой.1997 оноос өдийг хүртэл тэнд үйлдвэрлэлийнхээ үйл ажиллагааг явуулж байна. Манай компанийн ноос угааж, эсгий хийдэг үйлдвэр тэнд үйл ажиллагаа явуулдаг.
- Танай компани 2010 оны  “ Шилдэг үйлдвэрлэгч ” – ээр шалгарсан байна лээ.Баяр хүргэе?
За баярлалаа. Бид хурганы ноосыг угааж, өнгөөр нь ялгаад  стандартын дагуу сайн чанарын эсгий хийж түүгээрээ ширмэл ширдэг, хот суурин газрынханд зориулж гудас үйлдвэрлэж байна.Монгол улсын брэнд болсон гэр экспортонд гологддог нэг зүйл бол эсгийний үнэр танарын асуудал байдаг.Экспорт ч гэлтгүй жуулчны баазуудын  гэрт гадныхан буудаллахаараа “ Монгол гэр ийм эвгүй үнэртэй юм уу ” гэсэн ташаа сэтгэгдэлтэй үлддэг.Энэ маань нөгөө чанаргүй муу эсгийний л хор уршиг шүү дээ.Тэгвэл манай эсгий ямар ч үнэр танаргүй, удаан эдэлгээтэй байдгаараа бусдаас ялгардаг.Өөрөөр хэлбэл манайх эсгийг нь ч хийж байна, сийлбэртэй гэрийг нь ч хийж байна.Өнөөдөртөө гэж хэлэхэд ийм  цогц үйлчилгээ хийдэг компани монголд байхгүй. Бидний хийж байгаа зүйлийг   ХХААХҮЯ-наас өндрөөр үнэлж 2010 оны жижиг дунд үйлдвэрлэгчдийн “ Шилдэг үйлдвэрлэгч ”-ээр шалгаруулсан.Энэ бол манай компаний чанар, үйл ажиллагааны цар хүрээг харуулсан зүйл болсон.
- Яагаад ч юм таны морь малны холбоотой эдлэл хэрэглэлийг сонирхмоор санагдчихлаа. Тэр тал дээр анхаарал хандуулна биз?
- За даа, тэр тал дээр өөрийн чинь бодсон шиг хэмжээнд бишээ. Дээлээ бол байнга өмсөнө. Морь уяж эхэлснийхээ дараахан нэг хүнээс  хотонгийн хошуугаар хийсэн хусуур худалдаж авсан. Хурдан морь хотонгийн хошуугаар хусуулах юмсан гэж боддог гэсэн хөгшчүүлийн яриа байдаг шүү дээ. Нөгөө талаар хотонгийн хошуугаар хийсэн хусуураар хусуулсан морины хутаг арилдаг ч гэдэг. Тэр утгаараа бэлгэшээж авсан. Өвөг дээдэс, өөрөө морьтой холбогдож яваагийнх нэг сайхан эмээл хазаар хийлгэе гэсэн бодолтой байгаа. Ойрын үед хэрэгжүүлнээ.
- Хурдан морь сонирхохоос гадна өөр ямар нэг хобби бий юу?
- Байгаа.(инээв) Миний үндсэн мэргэжилтэй холбоотой болоод ч тэр үү хааяа анд явдаг.Чоно гэдэг амьтныг нээх алахгүй ч хөөгөөд явж байхад хийморь сэргээд ирдэг юм.
- Бидний урилгыг хүлээн авсанд танд баярлалаа. Хурдан морины босоо цагаан хийморь өнөд ивээж явах болтугай.
- Монголын хурдан морийг хөгжүүлэхийн төлөө дээлээ гандтал хөдөлмөрлөж яваа уяачдын үйл хэргийг олон нийтэд сурталчилж буй таны сэтгүүлийн хамт олонд талархал илэрхийлж та бүхний ажилд амжилт хүсье.

А.Тэлмэн "Тод магнай" сэтгүүл дугаар №4

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна