Х.Түмэнбаяр нэг түрүү, дөрвөн айраг хүртлээ

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 25 -нд

Жил бүрийн шинийн билэгт сайн өдөр уламжлал болгон зохион байгуулдаг “Таван толгой” ХК-ийн нэрэмжит Хонгор овооны наадам өнөөдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд боллоо. Уралдааны үер шүдлэн, хязаалан насны морьд уралдаж, 32 бөх уран мэхийг уралдуулсан байна. Ингээд түрүүлж айрагдсан хурдан хүлгэдийн цувааг танилцуулъя. 
Хязаалан-48
1.Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул , аймгийн Алдарт уяач Ч.Дэмчигцоодолын Тэргүүн хул. Хул үрээ Өмнөговь аймгийн 80 жилийн ой болон “Говьшанхын хурд-4” бүсийн уралдаанд   тус тус айрагдаж, өнгөрсөн жил Дундговь аймагт болсон “Их мандал-2012” говийн бүсийн уралдаанд түрүүлж байсныг морины хорхойтнууд андахгүй бизээ. Хул үрээ өнгөрсөн жилийн Хонгор овооны наадамд айргийн гуравт хурдалж байсан юм.
2.Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, аймгийн Алдарт уяач Х.Түмэнбаярын хонгор. Хонгор үрээ Өмнөговь аймгийн 80 жилийн ой болон “Говьшанхын хурд-4” бүсийн уралдаанд тус тус түрүүлж байсан хурдан ажнай юм.
3.Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, аймгийн Алдарт уяач Н.Амгалангийн Эрдэнэ хээр. Хээр үрээ Өмнөговь аймгийн 80 жилийн ой болон “Говьшанхын хурд-4” бүсийн уралдаанд тус тус аман хүзүүнд хурдалж, Дундговь аймагт болсон “Их мандал-2012” говийн бүсийн уралдаанд есөөр давхиж, өнгөрсөн жилийн Хонгор овооны наадамд түрүүлж байсан хурдан буян юм. Дашрамд сонирхуулахад энэхүү уралдаанд эхний гуравт хурдалсан хязаалангуд  даагандаа Өмнөговь аймгийн 80 жилийн ой болон Говьшанхын хурд-4 уралдаанд дараагаараа орж байсан юм.
4. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, аймгийн Алдарт уяач Х.Түмэнбаярын хүрэн
5.Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уугуул, Баянбатын хонгор.
Шүдлэн-65
1. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, аймгийн Алдарт уяач Х.Түмэнбаярын хүрэн халзан. Халзан үрээ аман хязаалангийн уралдаанд хүзүүдсэн хонгор үрээний төрсөн дүү бөгөөд Тод манлай уяач А.Батсүхийн унаган адуунууд юм.
2. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, аймгийн Алдарт уяач Т.Батмөнхийн хар.
3. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул Д.Нямлхагвын бор. Бор үрээний уяаг Дундговь аймгийн Луус сумын уугуул аймгийн Алдарт уяач Ч.Алтансүх тааруулсан юм.
4. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, аймгийн Алдарт уяач Х.Түмэнбаярын зээрд халзан. Халзан үрээ өнгөрсөн жил даагандаа Хүрмэн суманд болсон аймгийн статустай наадамд айрагдаж байсан билээ.
5. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, аймгийн Алдарт уяач Х.Түмэнбаярын зээрд. Зээрд үрээ даагандаа “Энержи ресурс” компанийн нэрэмжит уралдаан болон  аймгийнхаа баяр наадамд түрүүлж, “Их мандал-2012” говийн бүсийн уралдаанд айргийн гуравт хурдалж байсан юм.
Гарч буй жилийн өнгө тольддог хэмээн бэлгэшээдэг Хонгор овооны наадамд  аймгийн Алдарт уяач Х.Түмэнбаяр одтой сайхан наадаж,  нэг түрүү, дөрвөн айраг хүртжээ. Өнгөрсөн жил АХ-ын 91 жилийн ой төрийн их баяр наадамд Богд хээр үрээгээ түрүүлгэж, түүнийгээ хэдхэн хоногийн дараа болсон төвийн бүсийн уралдаанд батлан харуулсан тэрээр ийнхүү могой жилийн уралдаанаа аз хийморь дүүрэн эхлүүллээ.

А.Мөнх-Эрдэнэ

 

 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна