Мөнххааны алдарт хурдууд

А.Тэлмэн
2013 оны 3-р сарын 01 -нд

Д.Ганбатын Босоо дэлт хүрэн

2007 оны “Боржигон” хаврын бүсийн уралдааны түрүү магнай, Нийслэлийн “Магнай хурд” уралдааны айргийн гурав, Төрийн их баяр наадмын аман хүзүү болон айргийн гурав, Монголын шигшмэл морьдын “Их хурд - 4” уралдааны айргийн гурвын эзэн Д.Ганбатын Босоо дэлт хүрэн азарга Мөнххаан сумаас тодорсон хурдан хүлгүүдийн нэг бөгөөд Бураа Пүрэвжавын унаган адуу юм.

Э.Цолмонгийн Наран шарга

Мөнххаан сумын Бураа Пүрэвжавын унаган адуу. Наран шарга азарга нь “Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 370 жилийн ой” төвийн бүсийн даншигт айргийн тавд, “Дорнод Монголын хурд” зүүн бүсийн уралдаанд дөрвөлж, дараа жил нь буюу 2006 оны “Дүнжингаравын хурд” хаврын бүсийн уралдаанд айргийн гуравт хурдалсан энэ цагт тодорсон энгүй хурдан ажнай.

Дарамренчингийн алаг

Мөнххаан сумын Бураа Пүрэвжавын унаган адуу. АХ-ын 79-н жилийн ойн баяр наадамд соёолон аман хүзүүдсэн бол 2001 оны АХ-ын 80 жилийн ойгоор хавчиг зургаан настай азарга төрийнхөө цэнгэл наадамд түрүүлж “түмний эх” болсон. 2002 онд Дундговь аймгийн 60-н жилд аман хүзүүдэж, 2003 онд Хэнтий аймгийн 80-н жилд амжилтаа бататган дахин аман хүзүүлсэн.

Г.Баттөмөрийн халиун алаг

Бураа Пүрэвжавын унаган ажнай. 2008 онд төрийнхөө их баяр наадамд соёолон айргийн тавд хурдалсан.

Ж.Довдонбалжирын хонгор

Мөнххаан сумын аймгийн алдарт уяач Бураа Ш.Пүрэвжавын унаган ажнай Ж.Довдонбалжирын хонгор соёолон АХ-ын 89-н жилийн ойн улсын баяр наадамд айргийн тавд хурдаллаа.


Б.Эрдэнэгэрэлийн хонгор

2007 оны төрийн их баяр наадмын хийморилог соёолонгийн түрүү магнай Б.Эрдэнэгэрэлийн хонгор Мөнххаан сумын Бураа Пүрэвжавын

Х.Баттулгын хар алаг

Монгол улсын их хурлын гишүүн,ЗТБХБЯ-ны сайд Х.Баттулгын хар алаг нь Баадуу угшилтай,Мөнххаан сумын Эрдэнэбаатарын унаган ажнай юм.Хар алаг морь  ММСУХолбоо үүсгэн байгуулагдсаны 10-н жилийн ойн уралдаанд түрүүлж,Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 370-н жилийн ой, Архангай аймгийн Тоглохын талд болсон “Тамирын хурд-2”- наадамд тус тус аман хүзүүлсэн.Мөн 2005 онд төрийнхөө  их баяр наадамд айргийн гуравт хурдалсан бол 2006 онд аман хүзүүлсэн энгүй хурдан ажнай билээ.

Ц.Энхбатын Холхоон зээрд

Мөнххаан сумын уугуул Цэвэгжавын Энхбатын Холхоон зээрд хэдийгээр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын унага ч улсын их баяр наадмын торгон дэвжээнээ Мөнххаан сумын нэрийг гаргасан. Холхоон зээрд 2005 оны улсын баяр наадамд хязааландаа трүүлсэн хурдан ажнай юм.

С.Батаагийн  хүрэн

2010 оны төрийнхөө их баяр наадамд унаган хязаалангаа айрагдуулсан Өмнөговь аймгийн Ханхонгор сумын уугуул С.Батаа өмтэй сайхан наадаж “Сэцэн ханы хурд-2010” зүүн бүсийн баяр наадам хүрэн түрүүлгэсэн билээ.Төрийнхөө их баяр наадамд айрагдсан Шувуун хүрэн нь Мөнххаан сумын Банзайн буганы угшилтай, өөрийн унаган хүлэг юм.

Н.Гэрэлт-Одын бор

Мөнххаан сумын хүү Н.Гэрэл-Одын бор морь “Сэцэн ханы хурд-2010” зүүн бүсийн уралдаанд түрүүлэн ирж,түмэн олноо баясгалаа.Бор морь энэ наадамд түрүүлэхээсээ өмнө Хэнтий аймгийн Баянхутаг сумын наадамд тасархай түрүүлж байсан билээ.

Н.Эрдэнэбаатарын Од хонгор

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Н.Эрдэнэбаатарын Од хонгор хязаалан тус сумын Д.Бат-Эрдэнийн унаган хүлэг.Од хонгор шүдлэндээ Дорнод аймгийн наадамд аман хүзүүлж,Максын уралдаанд айргийн тавд хурдалсан.Харин 2010 онд Сүхбаатар аймгийнхаа наадамд түрүүлэн давхар уяагаар “Сэцэн ханы хурд-2010” зүүн бүсийн уралдаанд аман хүзүүлсэн хурдан буян.

Б.Даваадоржын хар

2010 оны улсын их баяр наадмын дааганы уралдаанд айргийн гуравт хурдалсан Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул Б.Даваадоржын хар даага нь Мөнххаан сумын уяач Халтарын унаган адуу билээ.
унага билээ.

"Тод магнай" сэтгүүл дугаар №12

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна