“Тайжийн хурд-2013” соёолонгийн уралдаанаар өндөрлөлөө

А.Тэлмэн
2013 оны 3-р сарын 09 -нд

Дорноговь аймгийн Дэлгэрэх сумнаа болж буй “Тайжийн хурд-2013” аймгийн зүүн бүсийн уралдааны соёолонгууд  барианд орлоо. Хурдны өлгий нутгийн 158 шандаст хүлэг гарааны зурхайгаас нэгэн зэрэг эргэж, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын уугуул Б.Олзын халтар магнайдаа тоосгүй түрүүлж, тод магнай торгон жолоогоо өргүүллээ. Харин аман хүзүүнд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул Я.Бат-Өлзийн бор шарга, айргийн гуравт Сүхбаатар аймгийн  Дарьганга сумын уугуул Г.Ганбаатарын саарал, айргийн дөрөвт Сүхбаатар аймгийн Наран сумын уугуул Т.Энхтүвшингийн хээр, айргийн тавд Дорноговийн Айраг сумын уугуул Н. Батжаргалын хар тус тус хурдаллаа. Дэлгэрэх сумын “Тайжийн хурд” морин спорт уяачдын холбооноос зохион байгуулсан аймгийн зүүн бүсийн уралдааны хурдан азарганы  түрүүг Дэлгэрэх сумын харьяат өмгөөлөгч О.Батжаргал хоёр сая , харин аман хүзүүг тус сумын уугуул ҮХЦ-ийн гишүүн Пүрэвням 1,5 сая, айргийн азаргануудыг Нийслэлийн захирагчийн албаны хуулийн хэлтсийн дарга Очирсүхийн Машбат, Бат-Эрдэнэ, П. Одонбаатар нар тус тус нэг сая төгрөгөөр байлжээ.  Харин зургаагаас 20-н хооронд хурдалсан азаргануудын бай шагналыг  тус сумын сайн малчин Мөнхийн Хуягтбаатар ивээн  тэтгэн хариуцжээ.
Их морины уралдааны түрүүг МУ-ын сайн малчин Дэрмийн Бадгар хоёр сая  төгрөгөөр, аман хүзүүг Дорноговь аймгийн сайн малчин Сүхбаатарын Баттулга 1,5 сая төгрөгөөр, айргийн морьдыг  Дэлгэрэх сумын  сайн малчин Батмөнхийн Мөнх-Очир, Доржпүрэвийн Энхбаатар, Дорждэрэмийн Дэндэв нар  тус бүр нэг сая төгрөгөөр байлж, 6-20 хооронд хурдалсан морьдын байг Мөнхбатын Түвшинбаяр хариуцжээ.  Харин соёолонгийн уралдааны бай шагналыг  тус суманд үйл ажиллагаа явуулдаг “Засаг чандмань майнз” ХХК компани хариуцсан байна. Түүнчлэн тус сумын уугуулДэрэмийн Бямбасүрэн 250,000 төгрөгийн хандив өргөжээ.  Зүүн бүсийн хурд чуулсан “Тайжийн хурд-2013” уралдааныг  МҮОНТ болон ТМ телевизиэр   хүлээн авч үзээрэй. Уралдааны фотог бид ирэх долоо хоногт хүргэх болно.
Мэдээллийг Дэлгэрэх сумын морин спорт уяачдын холбооны нарийн бичгийн дарга Алтан-Од дамжууллаа.

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна