Дарли жүчээ Анимал Кингдомийн хамтран эзэмшигч боллоо

А.Тэлмэн
2013 оны 4-р сарын 04 -нд

Дэлхийн шилдэг жүчээнүүдийн нэг Дарли хэдхэн хоногийн өмнө Дубайн дэлхийн цомын уралдаанд түрүүлсэн  Анимал Кингдом хэмээх азарганы 29 хувийг худалдаж авсан байна. Анх 2011 онд Кентаки Дербид түрүүлж байсан Анимал Кингдом 2 жилийн дараа Дубайн дэлхийн цомын уралдаанд түрүүлснээрээ дахин алдрын оргилд гараад байгаа билээ.
Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхий Сайд, Дубай хотын захирагч Шейх Мохамед нь өнөө цагийн хурдан адууны томоохон зүтгэлтэн бөгөөд Дубайн дэлхийн цомын уралдааныг анх санаачилсан нь одоо дэлхийн ТОП уралдааны нэг болоод байна. Мөн түүний босгосон Мейдан цогцолбор нь дэлхийн шилдэг морин тойруулгад тооцогддог билээ.
Шейх Мохамедийн эзэмшлийн Годолфиний хурдан хүлгүүд томоохон уралдаануудад тогтмол өндөр амжилт үзүүлдэг бол Дарли жүчээ нь дэлхийн олон оронд шилдэг азаргануудаар үржүүлэг хийж байна. Тэрээр Анимал Кингдомийн хамтран эзэмшигч болсноор Дарлийн АНУ дахь жүчээнд нь бас нэгэн шилдэг адуу нэмэгдэхээр болж байна.
Америк, Азид болсон ТОП уралдаанд түрүүлсэн Анимал Кингдом зодог тайлах уралдаанаа Европт хийхээр төлөвлөж байна. Тодруулж хэлбэл тэрээр Англид болох I зэрэглэлийн уралдаанд оролцохоор болжээ.
Анимал Кингдомийн хамтран эзэмшигч Австралийн Эрроуфиелд жүчээний захирал Жон Месара “Дарлитай хамтран ажиллах болсондоо баяртай байгаа. Тэд шилдэг менежменттэй жүчээ. Шилдэг хүлэг Анимал Кингдом зодог тайлаад шилдэг азарга болно гэж найдаж байна” гэсэн байна. Мөн Дарлийн гүйцэтгэх захирал Оливер Тейт “Анимал Кингдом маш авьяаслаг төдийгүй ямар ч зайд, ямар ч гадаргуу дээр уралдах чадварлаг, их нөөцтэй адуу” гэжээ. Ийнхүү Анимал Кингдом жил бүрийн хавар АНУ-д, намар нь Австралид үржүүлгэнд орох онгоц хөлөглөсөн азарга болох нь.

 http://www.mongoljockeyclub.com

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна