Дорнод аймгийн он оны шилдэг уяачид

Батсайхан
2013 оны 4-р сарын 16 -нд

1. Доржгочоогийн Сэдэд: - Монгол улсын Алдарт уяач, Хэрлэн сум харьяат, 1996 он. Дорнод нутгаас Монгол улсын Алдарт уяач хэмээх эрхэм сайхан цолыг хүртсэн эрдэмт уяачдын нэг Д.Сэдэд гуай Дорнод аймгийн баяр наадамд болон Төмөр замчдын баярт дараалан түрүүлсэн бор хул азарганыхаа амжилтаар энэхүү шагналын анхны эзэн болсон түүхтэй. Түүний бор хул азарга аймгийнхаа наадамд 4 түрүүлж,  2 айрагдснаас гадна бусад наадамд мөн 2 түрүүлж,  2 айрагдсан билээ.
2. Балсангийн Сүхсайхан: - Монгол улсын  Алдарт уяач, Хэрлэн  сумын харьяат,1997 он. Мөн л тус аймгаас төрөн гарсан улсын цолтон буурай маань энэхүү шагналын 2 дахь эзнээр тодрохдоо аймгийн баяр наадамд их насны бор саарал морио түрүүлгэж, бага насанд айраг хүртсэн амжилтаар авчээ.
3. Дүрзагдын Сонинбаяр: - Аймгийн Алдарт уяач, Чойбалсан сумын харьяат, 1998 он. Тэр жил зохион байгуулагдсан Алтан-Овооны тахилгын баяр наадамд  сумынхаа наадамд айрагдсан зээрд соёолонгоо аман хүзүүнд хурдлуулж оны шилдэг уяачаар шалгарчээ.
4. Галсантавхайн Моонон: - Сумын алдарт уяач, Хэрлэн сумын харьяат,1999 он, тэрээр өөрийн унаган хавчиг улаан азаргаа 1997 оны хавар аймгийнхаа МСУХ-ны нэрэмжит анхны уралдаанд айргийн тавд, улмаар зун нь аймгийнхаа нааадамд аман хүзүүнд хурдлуулан, наадмын дараа Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд болсон Өвгөн ноён Хардэл бэйсийн даншигт 6-д хурдлуулж, дараа жил нь буюу 1998 онд “ Их хурд- 1”  наадамд 7-д давхиулан энэхүү шагналын эзэн болжээ.  
5. Хүрэлбаатарын Арсланбаатар: - Аймгийн Алдарт уяач, Баянтүмэн сумын харьяат, 2000 он, аймгийн амжилтаар Улсын алдарт цол олгож  байхад ганцхан түрүү дутсан уяачийг Дорнодынхон хурдан хурц морьдоор нь андахгүй мэднэ. Тэрээр “Зул хонгор”  мориныхоо амжилтаар мөн тэр жилийн наадмаас хамгийн олон айраг түрүү хүртэж  Оны шилдэг уяач болов. 
6. Омбуугийн Гонгоржав: - Аймгийн Алдарт уяач, Матад сумын харьяат, 2001 он. Тэрээр өмнө жил нь буюу 2000 онд аймгийнхаа баяр наадамд их насны хонгор морио түрүүлгэж, 2001 онд Дорнод аймаг байгуулагдсны түүхт 70 жилийн ойд хонгор морио аман хүзүүнд хурдлуулсан амжилтаар шагнал хүртжээ.
7. Оны шилдэг уяач шагналыг 2002 онд хоёр уяач нэгэн зэрэг хүртжээ. Аймгийн болон бусад наадамд гаргасан хурдан мориныхоо амжилтаар Ишийн  Намжил, аймгийн Алдарт уяач, Хэрлэн сумын харьяат  Жигмэдийн Цэрэндорж, аймгийн Алдарт уяач Цагаан-Овоо сумын харьяат нар зүй ёсоор үнэлэгдэж хамт хүртсэн удаатай.
8. Нямбуугийн Пүрэвсайхан: - Аймгийн Алдарт уяач, Булган сумын харьяат, 2004 он. Дорнод аймгийн баяр наадамд аймгийн наадамд аман хүзүүнд хурдалсан хар соёолон нь давхар уяагаар төрийн тахилгат Алтан-Овооны наадамд айргийн тавд ирснээр Оны шилдэг болж байв.
9. Ишийн Намжил: - Аймгийн Алдарт уяач, Хэрлэн сумын харьяат, 2005 он. Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул алдарт маань тэр жил үнэхээр одтой сайхан наадаж зөвхөн хар хязаалангаа гэхэд сумдын тэгш ойнууд, аймгийн баяр наадам, “Дорнод Монголын хурд- 2005” наадам гээд нийт 5 удаа түрүүлгэж, улмаар хязаалан морь соёолонд түрүүлгэсэн амжилтаараа Монголын Морин спорт, уяачдын холбооны шилдэг уяачийг хамт хүртжээ.
10. Түвдэнжаажидын Батзориг: - Аймгийн Алдарт уяач, Цагаан-Овоо сумын харьяат, 2006 он. Их Монгол улс байгуулагдсны 800 жилийн ойгоор Төрийн наадамд хурдан морьдынхоо тоосыг өргөж 10 дотор давхиулан урамшиж, улмаар Эрдэнэт хотын 30 жилийн ой төвийн бүсийн наадам, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын даншигт хүрэн хязаалангаа тус тус айрагдуулж Оны шилдгээр тодорсон  эрхэм уяач маань Монголын МСУХ-ны шилдэг залуу уяачийн шагнал хүртэж нутгийнхаа залуусыг түүчээлэн хийморьтой явааг та бүхэн андахгүй мэдэх билээ.
11. Бат-Очирын Цэндбаатар: -  Аймгийн Алдарт уяач, Матад сумын харьяат, 2009 он. Хатагины хошууны удам залгасан  уяач маань 2008 онд Туган хулаа төрийн наадамд мөн Алтан-Овооны тахилгын баярт түрүүлгэсэн амжилтаа бататган, 2009 онд төрийн наадамд аман хүзүүдүүлж,  Зүүн бүсийн хурд наадамд айрагдуулан зүй ёсоор Оны шилдгээр тодорчээ. 
12. Маруушийн Мөнхсайхан: - Сумын Алдарт уяач, Матад сумын харьяат, 2012 он.  Нутгийн ах нарынхаа араас шамдан гарч ирж байгаа энэ залуу уяачид Дорнодынхон их итгэл хүлээлгэж байна. Өнгөрсөн 2012 онд Матад сумынхаа баяр наадмаас 3 түрүү,  4 айраг хүртсний 3 нь аман хүзүү ажээ. Ингээд 5 хоногийн дараа болсон аймгийнхаа наадмаас  1 түрүү, 1 аман хүзүүнд морьдоо хурдуулсан залуу уяач маань Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд болсон Хатагин 3 хошууны 2-р наадамд их насны хүрэн халзан морио аман хүзүүнд, хээр соёолонгоо айргийн тавд хурдлуулан аймгийн Оны шилдэг уяачаар шалгарчээ.   


Б.Батсайхан

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна