Аймгийн Алдарт уяач Б.Оргой: Одоо саарал азарга маань “босч” ирж байна

А.Тэлмэн
2013 оны 12-р сарын 09 -нд

Улаанбадрах сумын уугуул, Сайншанд сумын харьяат, аймгийн Алдарт уяач Болоожийн Оргойтой уулзаж ярилцлаа.
-Уяачдын олонх нь удам дамжсан байдаг. Таны хувьд?
-Ялгаагүй, удам дамжсан уяач. Миний аав Болоож 1970,80-аад онд морь уяж байсан. Аймаг, суманд айраг, түрүү нэлээн авсан хүн. Би аавыг дагаж 1985 оноос морины ажил хийж эхэлсэн. 1991 оноос өөрийн нэр дээр морь уяж эхэлсэн. 
-Аль  угшлын ямар насны адуу уяж байв даа?
-Голдуу өөрийн унаган адуутай. Манай адууны дээд тал нь Улаанбадрахын ам Нацагийн хурдан саарал азарганы угшилтай. Түүний удмын хэдэн зээрд мориор 1986-1990 он хүртэл орчин тойрондоо нэлээн уралдсан. Дандаа аавын нэр дээр уралдаж байсан.
-Яг таны нэр дээр уралдсан нь?
-1991 онд Хамрын хийдийн анхны нээлтийн наадам болж тэнд соёолон морио түрүүлгэсэн. Үүнээс хойш сумдаар уралдаж байгаад аймаг руу 1995 оноос орж ирж уралдаж байна. Аймагт 1995 онд анх соёолон морь айрагдуулаад, 1996 онд хавчиг морь айрагдуулаад, 1997 онд их морь аймгийн наадамд айрагдуулсан. Анхны аймгийн үнэлэмжтэйгээр орсон нь 1997 он. 1998 оны Данзанравжаагаар хонгор морио аман хүзүүдүүлсэн. Тэр бүсийн наадмын хэмжээнийх.
-Тэр хонгор морь хаанахын адуу юм бэ?
-Эцэг тал нь Дэлгэрэхийн “Дүнх хул” гээд тайж адууны удамтай. Түүний удмын хул азаргыг 1986 онд би хоёр мянган төгрөгөөр худалдаж авч байсан.
-1986 оны хоёр мянган төгрөг адуунд бол их өртөг биз дээ?
-Тэр үед бэлэн мөнгөөр биш малаар л худалдаж авч байгаа юм.
-Танайхан голдуу атаар наймаа хийдэг юм билээ?
-Тийм, ат, бог.
-Эцэг тал нь?
-Эцэг тал нь өөрийн удмын хээр азарга байсан. Түүний төл хонгор морь. Түүний ар дээр хул азарга гарч ирсэн, хонгор морины төрсөн дүү нь. Эцэг нь Дэндэв тайж адууны удамтай. Түдэвийн будан гэдэгт хамаарагдах хул азарга байсан. Тэр аймагт нэг түрүүлж, нэг аман хүзүүдэж, хоёр дөрөвт орсон. Даагандаа тавд орсон. Данзанравжаагийн их наадамд 2003 онд долоод орсон азарга.
-Өөр таны нэрийг гаргаж байсан ямар адуунууд байна вэ?
-Хонгор азарга байсан. Бас Дэлгэрэх адууны угшилтай. Банди адуундаа хамрагдах удамтай хонгор азарга байсан. Дааган цагаасаа хурдан байсан. Хавчиг насандаа аймагт аман хүзүүдээд, найман насандаа гуравт ороод тэр намраа эндчихсэн. Одоо яг уяж байгаа нь саарал азарга байгаа. Энэ жил хавчиг азарга. Саарал азарганы эцэг тал нь Их хэтийн адуу. Их хэтийн эрүү Жамъян гэж байсан. Тэдний хүрэн азарганы удамтай.
-2003 оны аймгийн Алдарт гэсэн. Нэлээн эртнийх юм байна шүү дээ?
-Ер нь 1990 хэдэн онд л гайгүй хурдалж байсан. 1991 оноос хойш 2007 он хүртэл миний морьд сайн хурдалсан. Тэр хооронд хонгор морь минь байлаа.
-Хонгор морь хэд түрүүлж, хэд айрагдсан бэ?
-Хоёр түрүүлж, долоо айрагдсан. Аймагт Данзанравжаагийн их наадамд аман хүзүүдсэн. Аймагт нийт гурав айрагдсан юм. Бусад нь сумдад түрүүлж, айрагдсан. Гэхдээ миний хонгор морийг 11 настай байхад нь хүмүүс намайг хорлох утгаар үгүй хийчихсэн юм. Аймагт авчраад хүнд алаад өгчихсөн байсан. 11 настай морь гэдэг чинь их морины ид уралддаг нас байхгүй юу. Эзэн нь олдсон л доо.
-Танай тийшээ адуу малны хулгай их үү?
-Бий, бий. Тэр ч яахав дээ, хүний явуулгаар ч юм уу, санаатай хийсэн л дээ. Нэг довны хүүхдүүд үгүй хийчихсэн байсан.
-Таны нэрээр нэрлэгддэг дархан адуунууд байгаад байгаа?
-Хул азарга, хонгор азарга хоёр бий. Хул азарга нэг түрүүлж, дөрөв аман хүзүүдэж, нийт 10 айрагдсан адуу. 13 насандаа хөлгүй болоод дахиж уралдаж чадаагүй. 13 насандаа аймагт дөрөвт орсон юм. 2000 оноос хойш аймагт найман жилийн наадам болоход дөрөв айрагдсан. Гурван жилд нь аймагт огт наадам болоогүй. Цаг агаарын байдал манай энд хэцүү, наадмын үед гантай байдаг.Бүсийн хэмжээний наадам 2005 онд түрүүлсэн, 2002 онд аман хүзүүдсэн. 2007 онд дөрөвт орсон. Хоёр дараалан дөрөвт орсон.
-Аймгийн төв дагуу уяж байгаа хүмүүс суурин маллагаанд шилжчихдэг. Жүчээ бариад, жилийн дөрвөн улиралд тэжээгээд, хаврын уралдаануудад түлхүү оролцоод, суурин маллагаатай учраас шинэ цагийн адуу гаргаж авах гээд анхаарч эхэлдэг л дээ?
-Миний хувьд яг тийм юм эхлээгүй байна. Морины оргил хурдалж байсан үе, нэг ёсны хоёр азарга маань хоёулаа байхгүй болсноос хойш, ид үедээ уяж байхдаа үгүй хийчихсэн болохоор үр төл нь маш ховор үлдсэн. Тэгээд нэг ёсны уяа хэдэн жил завсарласан. Гэхдээ энэ хооронд морь уяж  байсан. Айрагдаж, түрүүлэх хэмжээний адуу бий болж чадахгүй байна. Одоо саарал азарга маань “босч” ирж байна. Нэг ёсны 2007 оноос хойш морь айрагдахгүй завсарлах үе гэдэг нь болчихоод байгаа юм. Ноднин саарал азарга соёолондоо хоёр аман хүзүүдсэн. Энэ жил уяж байгаад нь хөл нь жаахан болдоггүй. Тэгээд наадамд уралдаагүй.
-Уядаг адуу хэцүү л дээ, төл багатай байдаг?
-Яг ид хурдан үед нь олон гүү тавихгүй. Ид үр төлөө өгдөг цагаар нь наадам дамжуулаад давхарлаад уяад байдаг. Гарсан төл нь ганц нэг охин төл гарахаас эр төл их цөөн. Ганц нэгээр гарах нь гарна, тийм сайн төл гарч өгөхгүй. Цаагуураа малын тамир дутуу болохоор тэгдэг юм уу.
-Одоо л гайгүй сэргэж байна уу?
-Манай хүрэн азарга байдаг юм. Манай талийгаач ахын хурдан хүрэн азарга байсан. Одоо надад байна. Түүний удмын төл сайн гарч байгаа. Тэр хүрэн азарга Данзанравжаагийн их наадамд даагандаа дөрөвт ороод, долоон настай азарга дөрөвт орсон. Орон нутагтаа долоо, найм түрүүлж, арваад айрагдсан азарга. Саарал азарга ч түүний төл.

-Ярилцсанд баярлалаа.

А.Цэрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна