Төв аймагт болсон сумын заануудын барилдаан

А.Тэлмэн
2013 оны 12-р сарын 11 -нд

Төв аймгийн Зуунмод хотод улсын хүчит аварга Дагвацэрэнгийн Хадбаатарын нэрэмжит сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан боллоо. Барилдааны Д.Хадбаатар аваргын хүүгийн удирддаг “Аварга Хадбаатар” сан голлон зохион байгуулжээ.
Барилдаанд 80 гаруй залуус барилдсан бөгөөд 10 зоонд хуваагаад, зооноос эхний гурваар гарсан залуусыг дахиж 3 зоо болгон барилдуулж шилдгүүдийг тодруулжээ.
Барилдааны эцсийн дүн гарахад тэргүүн байрт Завхан аймгийн Ургамал сумын харьяат, Хилийн цэргийн 0277-р анги,” Босоо хүлэг”  ХХК-ий бөх сумын шилдэг заан Пүрэвээгийн Өсөхбаатар шалгарсан бол мөн аймгийн Нөмрөг сумын харьяат, сумын заан Ёндонпэрэнлэйн Улсболд дэд байрт шалгарсан байна. Гутгаар байрт Төв аймгийн Мөнгөнморьт сумын харьяат, аймгийн начин Ширнэндоржийн хүү сумын заан Алтангэрэл, дөтгөөр байрт Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат, Ховд нутгийн хөгжлийн төлөө сангийн бөх, сумын заануудын зүүний магнай  Бүрнээгийн Баянмөнх шалгарсан байна. Увс аймгийн тэс сумын харьяат, ШУТИС-ийн оюутан, саяхан болсон Увс аймгийн тойргийн барилдаанд 4 дүгээр байрт шалгарсан Батжаргалын Мөнхбаяр, Булган аймгийн Могод сумын харьяат, Монгол улсын уран барилдаант начин Эрдэнэбилэгийн Энхбатын төрсөн дүү сумын заан Энх-Амгалан, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, уран барилдаант сумын заан Баярхүүгийн Улаалзгана, Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат, Монгол улсын өсөх идэр начин Цэгмэдийн Улаанхүүгийн хүү сумын заан Мөнхчулуун нар шалгарсан байна. Мөн энэ барилдаанд уран сайхан барилдаан үзүүлсэн Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат, Төв аймгийн бөхийн тайлбарлагч Пүрэвдоржийн бага хүү МУБИС-ийн оюутан, сумын заан Эрхэмжаргалд барилдааны тусгай шагналыг олгосон байна.
Барилдаанд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын харьяат, сумын заан Саранхүүгийн Тэмүүлэн, Төв аймгийн Бүрэн сумын харьяат, улсын шонхор, сумын заан Баасанжавын Самданжамц, Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат, өнөө жилийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах барилдаанд амжилттай оролцсон Идэрийн Мандах нар урамтай сайхан барилдаан үзүүлсэн байна. Мөн сумын шилдэг заанууд болох Б.Энх-Очирхуяг, Б.Чимэдвандан, Б.Цэрэндагва, М.Тэгшбаяр нар зооноосоо шалгарч чадаагүй ажээ.

МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна