О.Уранцэцэг: Би хувцаснууддаа сэтгэл зүрхээ шингээж хийдэг учраас хүмүүсийн талархлыг хүлээдэг байх

А.Тэлмэн
2014 оны 4-р сарын 07 -нд

“Эртний монгол хийц” үндэсний хувцас салоны захирал О.Уранцэцэгтэй ярилцсанаа уншигч танаа хүргэж байна.

-Оддын гангараа болсон өвөрмөц хийц загвартай дээлийг урладаг бүсгүйтэй уулзаж байгаадаа баяртай байна. Урлалын ажлаа хэзээнээс эхэлсэн юм бэ?
 -2011 оны сүүл үеэс эхэлсэн гэж хэлж болно.Түүнээс өмнө хобби маягаар гэх юм уу даа, дотроо бодож явсан ганц нэг загвараа өөртөө зориулж оёчихоод л явдаг байсан. Тэгж байгаад 2012 оноос эхний захиалгаа авч албан ёсоор ажлын байртай болсон доо. Энэ миний хобби байсан учраас эхэндээ миний загварууд хүнд таалагдаач уу, үгүй ч үү гээд айхтар хүчилдэггүй байсан.
-Тэгсэн төсөөлж байснаас өөр дүн гарсан уу?
-Хоббигоо бизнес болгоно гэж яг үнэндээ бодож байгаагүй ээ. Кайф авдаг дуртай зүйлээ л хийе гэж бодож байтал дээлнүүдийг маань өнгөний зохицол, загвар сайтай, өмсөхөд биед эвтэйхэн, бүх насныханд тохиромжтой гээд хүмүүс дуртай хүлээж авсан. Тэр нь надад урам зориг өгч, илүү сайныг хийх юмсан гэсэн хүсэл зорилгоор жигүүрлэсээр өнөөдрийг хүрлээ.
-Танай загварууд бусдаас өөр л дөө. Загвараа юунаас сэдэвлэсэн юм бэ?
-Манай дээл нуман захтай, бүсний оронд ширээс танаастайн дээр өнгөний зохицол, материалын шийдэл нь өөр л дөө. Би дээлээ хийж эхлэхээсээ өмнө түүхийн болон орчин цагийн хүмүүс үндэсний хувцсаа өмсөхдөө юунд түвэгшээгээд байна вэ гэдэг дээр нэлээд судалсан. Тэгээд олон метр урт бүс ороож өмсөх нь хүмүүст төвөгтэй санагддаг болохыг анзаарсан юм.
-Нээрэн ч амаргүй шүү?
-Үндэсний хувцас нь биед эвтэйхэн бус, сууж өгөхгүй болохоор хүмүүс наадам, цагаан сар зэрэг баяр ёслолоор ёсыг бодож монгол хувцас хийлгэчихээд нэг л өдөр өмсдөг. Тэгээд эвхээд цааш нь тавьчихдаг. Дараагийн цагаан сараар хуучнаа өмсөлтэй биш гээд дахиад шинэ дээл хийлгэдэг. Нэг их үнэтэй дээл хийлгэчихээд нэг л өдөр өмсөнө гэдэг эдийн засгийн хувьд тийм ч таатай биш шүү дээ. Европ хувцсыг хүмүүс оровч гаравч өмсөж л байдаг. Тэгсэн мөртлөө үндэснийхээ хувцсыг яагаад тэгж хэрэглэхгүй байгаа юм гэж бодсон. Хамгийн гол нь биед нь эвтэйхэн тээргүй, өмсөхөд амар байвал хүмүүс байнга өмсөх юм байна. Дээр нь өнгөний зохицол сайтай, загварлаг байвал хүмүүс өдөр тутам өмсөөд байх юм байна гэж бодоод сэтгэл зүрхээ зориулан байж, энэ загвараа бүтээсэн. Хүн хийж байгаа зүйлдээ сэтгэлээ шингээж байж сая үр дүнд хүрдэг гэдэг. Би хувцаснууддаа сэтгэл зүрхээ шингээж хийдэг учраас хүмүүсийн талархлыг хүлээдэг байх. Одоо миний хувцсыг хүмүүс өдөр тутам өмсдөг. Хавартаа цувны оронд, зундаа даашинзны оронд, өвөлдөө куртканы оронд  гээд өдөр тутмын хэрэглээ нь болж чадсан байна. Тэгээд бүр өмсөх бүртээ их кайф авч байгаагаа дуулгадаг. Үйлчлүүлэгчдийн маань “Урнаа, дээлийг чинь өмсөөд гадуур явлаа. Үнэтэй брэндийн хувцас өмсөөд явахад намайг хэн ч ингэж эргэж хардаггүй. Тэгсэн одоо зарим хүн миний дээлийг харах гээд дагаад гүйгээд байна. Их сайхан, сэтгэл өндөр байлаа”  гэдэг үг намайг юу юунаас илүүтэй хөглөдөг.
-Эмэгтэй хүний галбирыг илүүтэй тодотгодог юм шиг санагддаг?
-Бүсгүй хүний зөв галбир гэдэг их чухал шүү дээ. Бид энэ тал дээр их анхаардаг. Хүмүүс танай хувцсыг өмсөхөөр гоё өгзөгтэй харагдах юм, бэлхүүс нарийхан харагдаж байна, өмсөхөөр өөрийн эрхгүй бие цэх болж байна. Тэгсэн мөртлөө ямар ч хөдөлгөөний саад байхгүй гэдэг юм. Өөрийн чинь хэлсэнчлэн манай дээл галбиртай харагдуулдаг хэрнээ бэлтгэлийн хувцас өмсчихсөн юм шиг биед эвтэйхэн мэдрэмж төрүүлдэг. Үүнд л манай давуу тал оршиж байгаа юм.
-Материалын сонголт гэвэл. Торго дурдан гэхээсээ илүү амьсгалдаг материал голдуу байна уу?
-Бүх төрлийн материалыг оролцуулж байгаа. Би өөрөө цэвэр даавуу, натурал юманд дуртай болохоор тэр талыг голчлох гээд байдаг. Тэгэхдээ  таараар хийсэн байлаа  гэхэд ханцуйны эмжээрийг нь торгоор хийн, илүү гоёмсог болгож өгдөг. Яагаад гэхээр миний хувцсыг хүн өдөр тутам өмсөж байгаа юм чинь цэвэрлэх хэрэгтэй болно, арчлах хэрэгтэй болно. Тэр талаас нь бодолцон материалаа сонгодог.
-Чимэг, деталиуд нь олон өнгөтэй, бас ихэнх хувцас ханцуйн дээрээ гоёлын элементүүдтэй юм. Энэ нь таны дээлийг их чамин харагдуулдаг байх шүү?
-Хүмүүс чи бага ястны хувцас хийдэг юм уу, их олон өнгө орсон байх юм гэдэг. Нуман зах гэдэг муу бүхнээс өөрсдийгөө хамгаалж байна гэсэн утга бэлгэдэлтэй юм билээ. Дээрээс нь бид эр эм болж энгэр зөрүүллээ гэж ярьдаг шүү дээ. Түүхээс харж байхад нөхөрт гарсан эмэгтэй хүн буруу энгэртэй дээл, нөхөр нь зөв энгэртэй дээл өмсөөд өөд өөдөөсөө харахаар энгэр нь зөрж таарна аа даа. Түүнээс үүдэлтэй энгэр зөрөх ёс гарсан гэж ярьдаг юм билээ. Тиймээс нуман захтай дээл бол монгол үндэсний хувцас мөн. Харин гоёл, чимэглэлийн тухайд би ингэж боддог. Хүүхнүүд гарандаа бугуйвч, хүзүүндээ зүүлт  зүүдэг. Өдөр болгон гоё бугуйвч, ээмэг зүүлт зүүгээд явдаг билүү, үгүй билүү. Өдөр тутмын хувцас гэдэг утгаараа хувцсанд нь тэр гоёл байвал зүгээр. Хувцсаа өмсөхөөр нэг их гоё бугуйвчнууд зүүчихсэн юм шиг, хараад л баймаар. Хүмүүс ч гэсэн үнэхээр гоё юм байна гэж хэлдэг юм.
-Ер нь аль загвар нь илүүтэйгээр үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээж байна?
-Манай хувьд тэр загвар илүү гэх юм байхгүй. Хүмүүс бүх загвар гоё байна гээд настай хүн ч гэсэн богинохон дээл өмсмөөр байна гэдэг. Залуу охид ч гэсэн урт дээл өмсмөөр байна гэдэг ч юм уу. Яг хүссэн хүссэн загвараараа, ер нь л эн тэнцүү гардаг.
-Сая Буриадаас захиалга ирсэн, ер нь захиалга тасардаггүй гэж ярьж байна. Хамгийн холдоо ч гэдэг юм уу, хаанаас танай хувцсыг захиалж байсан бол оо. Мэдээж олны танил бидний мэдэх хэд хэдэн хүмүүс өмсдөг?
-Юм хөгжөөд гоё болчихсон байна. Интернет, фейсбүүкээс харчихаад захиалга өгдөг. Америкаас захиалж байна. Буриадаас захиалж байна. Хамаг Монголын дуучин залуус дээлнүүдээ хийлгэсэн. Буриадын Чингис Раднаев бол бүр бүх хувцсаа хийлгэдэг. Эхлээд ирэхдээ цамц, өмд хийлгээд явсан юм. Тэгсэн сар гаруй болоод буцаж ирэхдээ “Урнаа, би энэ хувцсыг тайлаагүй. Орой угаалгын машинаар угаагаад өглөө босоод өмсдөг” гээд эмжээр нь элэгдтэл өмсчихсөн байсан. Тэгээд хэд хэдэн сэлгээний хувцас хийлгээд явсан. Ер нь Буриадаас захиалга их ирнэ шүү. Бүр захиалга өгөх гээд эндээс гарлаа шүү, очлоо шүү гэсээр ирдэг юм. Наадам боллоо, дулаахан боллоо, нимгэхэн үндэсний хувцсаа өмсмөөр байна гэнэ. Одоо жаахан сэрүүсээд байна аа, даараад байна аа, дулаахан юм өмсчихье гэнэ. Хүүе, ес эхэллээ, нөгөөдөхтэй чинь яваад байсан чинь хөлдөж үхэх гээд байна, илүү зузааруул гээд л хүмүүс намайг шаардаад бүх улирлын хувцас хийлгүүлж байна /инээв/.
-Хамгийн анхны олны танил үйлчлүүлэгчид нь?
-Миний анхны үйлчлүүлэгч  бол С.Жавхлан, Эрдэнэчимэг. Анхныхаа дээлийг би нөхөртөө оёж өгсөн. Тэгээд бараг хоёр дахь дээлийг Жавхланд оёж өгсөн.
-Нөхрийн тань дээлийг хараад С.Жавхлан хандсан юм уу. Эсвэл таньдаг байсан юм уу?
-Манайх үндэсний гутал хийдэг юм. Манайхаас гутал авсан хүнээс сураг сонсоод ирлээ гэсэн. Тэгээд манай нөхрийн дээлийг харчихаад ийм дээл хийлгэе гээд хийлгэсэн. Би С.Жавхланд 2012 оны гуравдугаар сарын 8-нд тоглолтынх нь цагаан дээлийг оёж өгч байсан. Тоглолт дөнгөж дуусангуут дахиад дээл хийлгүүлье гээд гэргий Эрдэнэчимэг нь ирсэн. “Манай нөхрийн дээлийг гоё хийсэн байна, хувцас хунар хийлгэе” гээд ирж байсан.
-Магадгүй Эрдэнэчимэгт л зориулж гаргасан загвар бий юу?
-Ганц Эрдэнэчимэгт зориулах юу байхав, ерөөсөө миний хийсэн загварыг гоё байна, хийлгэе гээд хийлгэсэн. Миний хавар, намрын хоёр дээл байсан. Тэрийг үзээд Эрдэнэчимэг үнэхээр гоё байна, таалагдаж байна, иймэрхүүг хийлгэе гэж хийлгэсэн. Манай байнгын үйлчлүүлэгчид өөр өөрийн гэсэн онцлогтой. Монгол үндэсний хувцсаа эдэлж хэрэглэх дуртай, байнга эдэлж хэрэглэдэг хүмүүс байна. Бүр “А” ч байхгүй, монгол үндэсний дээл ч өмсөж ч үзээгүй, дандаа брэндийн гоё, үнэтэй хувцсаар гангардаг байсан бүсгүйчүүд одоо миний байнгын үйлчлүүлэгчид болчихсон л байна.
-Гар ажиллагаа ихтэй юу?
-Би гар ажиллагаа нэлээн оруулж өгөх дуртай.
-Нэг дээл дунджаар, жишээлбэл, С.Жавхлангийн энэ дээл нэлээн удаан гарсан уу?
-Удсан. Жавхлангийн тэр дээл бараг сар болсон байх. Их нарийн хийцтэй дээл ш дээ, хээ хуар нь нарийн.
-Тэрийгээ дагаад үнэ ханш нь ч боломжийн өсөх үү?
-Тэгнэ. Хийц загвараасаа шалтгаалаад үнэ нь янз янз байна.
-Та малгайг нь хийсэн үү?
-Үгүй. Гэхдээ манайх малгай, дээл, өмд, цамц, гутал гээд нэгэнт хийж байгаа хойно үндэсний гэх бүгдийг нь хийж байгаа. 
-Зундаа богино цамц, юбка их хийлгэх үү?
-Европоор бол хүүхнүүд платье өмсөөд байна. Түүний оронд би хүүхнүүдийг дан дээл өмсүүлэх гээд байна шүү дээ. Сандаалан дээр дан дээлээ өмсчихвөл платье өмссөнөөс илүү биед нь эвтэйхэн, сэтгэлд нь таатай байх болно.
-Та загварын чиглэлийн хүн үү?
-Яг загварын чиглэлийнх биш. Ондоо мэргэжлийнх. Энэ бол миний цэвэр хобби байхгүй юу.
-Анхандаа зөвхөн өөртөө зориулж хийж өмсдөг байсан юм байна. Магадгүй дараагийн зорилгууд гарч ирж байна уу?
-Найз нөхөд, таньж мэддэг хүмүүс өө, ямар гоё юм бэ, хийгээд өгчихөөч гэдэг байсан. Ер нь нэг их оёдлын салон нээнэ ч гэдэг юм уу, ингэнэ гэсэн хүсэл мөрөөдөл надад байгаагүй. Зүгээр л гоё хувцас өмсчих юмсан гэж бодож хийсэн. Би их сонин, зохицсон олон өнгөнд дуртай юм шиг билээ. Тэрийгээ л хийсэн. Оюутан байхдаа, арван жилд байхдаа ч өөртөө  хувцас хийгээд өмсдөг байсан. Би ганцхан дуртай юм шиг боддог байсан чинь олонх хүн олон өнгийг хослуулж өмсөх дуртай юм байна. Тэгэхээр миний хүсдэг юмыг хүмүүс ч адилхан хүсдэг юм байна. Анх би өөрийнхөө дуртай юмаа хийе, хүн авбал авна биз, авахгүй бол тэр л биз. Би ямар ч байсан дуртай юмаа гоё хийнэ гэж зорьсон. Одоо бол арай ондоо юм байна аа, миний дотроо хүсч мөрөөдсөн юм монголчуудад маань хэрэгтэй юм байна. Тэгэхээр жаахан хүрээгээ тэлээд хийнэ дээ гэсэн бодолтой байгаа.  Би монгол үндэснийхээ зүйлийг дэмждэг хүн. Монгол бичгээр гайгүй уншчихна, ойр зуурын юмаа биччихнэ. Би малчин айлын, хөдөөний хүүхэд. Надад жаахан ч гэсэн нөөц бололцоо байгаад миний гэх хувь нэмэр байвал би оруулчихъя гэж бодож ирсэн. Монгол хүмүүс үндэснийхээ хувцсыг өмсөөд Монголын гэх юмаа жаахан ч гэсэн сэргээхэд  жаахан ч гэсэн хувь нэмрээ оруулаад явна гэсэн бодолтой байгаа. Би жаахан нухацтай юм хийх сонирхолтой. Юу хамаагүй хийгээд, чичрээд л хурдхан би ингэчих юмсан гэсэн бодол надад байдаггүй.
-Ер нь үндэсний дээл өмсөж байгаа нь уяачид, бөхчүүд, харваачид гэсэн хүмүүс байна шүү дээ?
-Орж ирж байгаа хүмүүсийг чи яг хэн бэ, юу хийдэг вэ, ямар түвшний хүн бэ ч гэдэг талаас нь ханддаггүй. Наашаа гээд ирсэн хүмүүст яг нэг хэмжээнд л үйлчилдэг. Их хурлын гишүүд ч, янз бүрийн ажил мэргэжлийн хүмүүс ирдэг. Ямар ч байсан би хүмүүст сэтгэлд нь нийцтэй хувцас  хийж өгнө. Илүү олон хүнд үйлчлэхийг хичээнэ. Монгол хүн болгон үндэснийхээ хувцсаа өмсөөд явж байвал их л гоё харагдах байх даа гэж боддог. Тийм болохоор би орж ирж байгаа хүн болгоныг хараад баярладаг, хайрладаг, сэтгэлд нь хүрсэн юмыг нь хийгээд өгчих юмсан гэж хичээдэг. Өөр өөрийн онцлогтой хүмүүс ирж байгаа шүү дээ. Царай зүс, бие хаанд нь тааруулаад, өө сэв байдаг бол тэрийг нь дарсан хувцас хийж өгөөд гаргахыг хичээнэ. Үйлчлүүлэгч маань үндэсний маань хувцас ийм гоё юм байна, би монгол хүн, өөрийн гэсэн өмсөх хувцастай, өөрийн гэсэн өв соёлтой гэдгээ жаахан ч гэсэн юмнаас мэдрээд үндэсний хувцсаа эдэлж хэрэглээсэй гэж хүсдэг.
-Таны тэр зорилго биелэхэд  хугацаа ойрхон гэж бодож байна. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

У.Энхмаа


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна