Дорнод аймгийн Матад сумын МСУХ-ны хаврын уламжлалт уралдаанаас…

Батсайхан
2014 оны 4-р сарын 21 -нд

Хатагины гурван хошууны нэг Дорнод аймгийн Матад сумын түүхт 90 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. МУ-ын Алдарт уяач Г.Чадраа, Х.Гонгор, аймгийн Алдарт уяач Б.Цэндбаатар, Ү.Буяндэлгэр, Ц.Баатар, О.Гонгоржав гээд эрдэм төгс уяачид, Ишийн борлог, Самбуугийн хар азарга, Төмбөөгийн хар азарга, Д.Ууганбаярын саарал, бүсийн наадмаас тасралтгүй таван жил дараалан айрагдаад байгаа МУ-ын Алдарт уяач Н.Хүрлээгийн  Яруу саарал морь, 2013 онд  "Их хурд" наадамд айрагдсан Д.Баяраагийн хонгор азарга гээд ажнай хурдан хүлгүүдийн өлгий нутаг юм. Төрийн дууллыг зохиосон Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэнгийн нутгийн уяачид маань энэ дөрөвдүгээр сарын 18-19 өдрүүдэд бага хурлаа хийж, хурдан морьдоо уралдууллаа.
Бага хуралд хүрэлцэн ирсэн уяачдын олонхын саналаар Матад сумын МСУХ-ны тэргүүнээр "Хан Шувалдай констракшн" ХХК-ийн захирал П.Гэрэлбаатар, нарийн бичгийн даргаар М.Анхбаяр, тэргүүлэгч 21 хүний бүрэлдэхүүнтэйгээр сонгогдон ажиллахаар боллоо. Хурлын дараа өдөр сумын МСУХ-ын нэрэмжит их нас, соёолон, хязаалан морьдын хаврын уламжлалт уралдаанд газар газрын олон хүлэг тоосоо өргөж, хурмаст тэнгэр хураа хайрласан  нижгэр наадам боллоо.
       

Их насны 60 гаран хүлэг мордсоноос:
1.  Хэрлэн сумын уугуул Г.Мөнхүүгийн хээр
2.  Матад сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Цэндбаатарын Нандин буурал
3.  Матад сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Цэндбаатарын хонгор
4. Хэрлэн сумын уугуул Б.Амгаланбаатарын Хулан цоохор
5. Матад сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Энхтөрийн хүрэн халзан
Соёолон морьд 54 мордсоноос:
1. Матад сумын уугуул, аймгийн Алдар уяач Д.Энхтөрийн хонгор
2. Хэрлэн сумын уугуул Б.Амгаланбаатарын хүрэн
3. Матад сумын уугуул, сумын Алдарт уяач С.Баярсайханы хүрэн
4. Матад сумын уяач Э.Гантулгын хул
5. Матад сумын уугуул Д.Цогтжаргалын хонгор
Хязаалан хүлэг 46 мордсоноос:
1. Матад сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Энхтөрийн хул
2. Матад сумын уяач Ш.Арсланбаатарын хонгор
3. Матад сумын уугуул Б.Ганбаярын хул
4. Матад сумын уугуул Н.Мөнхболдын хээр
5. Матад сумын уяач Ж.Мөнхболдын хээр тус тус түрүүлж, айрагдлаа.
Нас бүрийн эхний 10-т хурдалсан морьдын бай шагналыг сумын МСУХ-ны шинээр сонгогдсон тэргүүн П.Гэрэлбаатар хувиасаа даан байлсан юм.
Б.Батсайхан

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна