Шилдэг хүлэгч Г.Баатарчулуун: Хул морио гурав түрүүлгэж, "Шилдэг хүлэгч" цол авсан

А.Тэлмэн
2014 оны 7-р сарын 20 -нд

Монгол адууны шандсыг шалгах холч морьдын уралдаан баяр наадмын хөтөлбөрт албан ёсоор орсон талаар бид өмнө нь мэдээлсэн. АХ-ын 93 жилийн ойн баяр наадмын холч морины төрөлд 30-аад хурдан хүлэг шандас шалгаснаас:
1. Багахангай дүүргийн харьяат, Шилдэг манлай хүлэгч Г.Баатарчулууны хул. Хул морийг спортын мастер Б.Батзориг унаж түрүүлгэжээ.
2. Сонгинохайрхан дүүргийн харьяат Оюунболдын хар. Хар морийг Ганаа хэмээх залуу унаж хурдлуулжээ.
3. Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул Наяндоржийн хүрэн. Хүрэн морийг Лхагвадорж унаж хурдлуулжээ.
4. Төв аймгийн Баянцогт сумын уугуул Хишигбаярын хээр. Хээр морийг Э.Ууганбаяр унаж хурдлуулжээ.
5. Улаанбаатар хотын харьяат. Д.Ганболдын зээрд халзан. Зээрд морийг С.Элбэгдорж унаж хурдлуулжээ.
Түрүүлж, айрагдсан морьдод шагнал гардуулах үеэр бид түрүү морины эзэн, гурван үеийн уяач Г.Батчулуунаас цөөн асуултанд хариулт авсан юм.
-Монгол адууны шандсыг шалгах холч морины уралдаанд хул морио түрүүлгэлээ. Баяр хүргэе?
-Баярлалаа. Би дөрөв дэх удаагаа холч морины уралдааны түрүүг хүртэж байна. Холч морины уралдаан сүүлийн хоёр жилд баяр наадмын хөтөлбөрт албан ёсоор орж байгаа болохоос биш, дээр үеэс зохиогдож ирсэн шүү дээ. Манай аав АХ-ын 41 жилийн ойгоор бор морио  түрүүлгэж байсан хүн. Миний хүү Дашдорж нийслэлийн Алдарт уяач цол хүртэн АХ-ын 90 жилийн ойгоор соёолон түрүүлгэсэн. Манайхан  гурван үеийн уяачид. Би өөрөө Багахангай дүүргийн Алдарт уяач. Би 1976 оноос эхлэн морь уяж байна.
-Төрийн наадамд олон жил морь мордуулж байгаа юм байна даа?
-Партизаны сангийн аж ахуй, Батсүмбэрийн хүн л дээ. Нутаг ойрхон болохоор байнгын л улсын наадамд морьдоо уралдуулна. Дээд тал нь 10, 16-аар орж байсан даа.
-Хэдэн жилийн өмнөөс холч морины уралдаанд оролцож байгаа вэ?
-7-8 жилийн өмнөөс оролцоод хоёр айраг, дөрөв түрүүлчихээд байгаа. Энэ хул морь ноднин 13-нд болсон холч морины уралдаанд түрүүлсэн. Төв аймгийн 90 жилийн ойгоор мөн түрүүлсэн. Ноднин холч морины уралдаанд гурван түрүү хүртсэн гээд Шилдэг хүлэгч цол өгсөн юм.
-Унаачид тань бас цол хэргэм өгсөн үү?
-Алдарт уяач гэдэгтэй адилхан Шилдэг хүлэгчийн малгай өгч байгаа юм л даа. Миний морийг унадаг залууг Батзориг гэдэг. Дөрөв түрүүлэхэд нь унасан.  
-Хурдан морь, холч морь хоёрын ялгаа юу байдаг вэ?
-Жирийн морь 26-28 км уралдана. Холч морь бол 60, бүр 90, 120-д ч уралдана. 120-д миний морь уралдаад тавд орж байсан. Холын зайны морь зүгээр морийг бодвол уяа сойлго их ордог. Нарийн уяхгүй бол болдоггүй.
-Танд холын зайнд уралддаг морь олон бий юу?
-Хоёр ч байна.
У.Энхмаа


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна