“ШУВУУ ФАБРИК-ТУУЛ ТОСГОН”-ны 50 жилийн ой нижгэр боллоо

А.Тэлмэн
2014 оны 8-р сарын 13 -нд

Монголын ууган тосгодын нэг Туул буюу бидний хэлж заншсанаар Шувуу фабрик энэ сарын 8-ны билэгт сайн өдөр хагас зуун жилийн түүхт ойгоо өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Ойн хүрээнд зохион байгуулагдсан олон талт арга хэмжээний нэг нь Туул голын унага, хурдан хүлгүүдийг алдаршуулж, тус нутгаас төрөн гарсан алдарт уяачдад хүндэтгэл үзүүлэх зорилготой хязаалан, соёолон насны морьдын уралдаан байсан юм. Уралдаан Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Оргиоч хайрханы өвөрт болсон бөгөөд морин хуурын шуранхай, уртын дууны айзам яруу эгшгээр  оршил өргөж, хязаалан насны морьд өглөө 08.00 цагт гарааны зурхай руу хөдөлсөн.
Хурдан хязаалангийн уралдаанд Төв, Говь-Алтай зэрэг аймаг болон нийслэлийн Хан-Уул, Баянзүрх дүүргийн уяачдын 63 хурдан хүлэг тоосоо өргөн гарааны зурхайгаас нэгэн зэрэг эргэснээс:
1. “Гачуурт хурд” МСУХ-ны тэргүүн, аймгийн Алдарт уяач Ү.Атарсайханы сартай хүрэн түрүүлж тод магнай торгон жолоогоо өргүүллээ. Хүрэн үрээг 15 настай Х.Мөнгөнхүлэг хүү унаж хурдлуулан ийнхүү түрүү хүлгээр тодруулсан юм.
2. Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрик-Туул тосгоны харьяат залуу уяач Т.Оргил-Эрдэнийн сартай хүрэн үрээ аман хүзүүнд хурдалсан. Хүрэн хязааланг  Батдорж хүү унаж хурдлуулжээ.
3. Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрик-Туул тосгоны харьяат залуу уяач Г.Оюунболдын цавьдар айргийн гуравт хурдалсан. Цавьдар үрээг Ганбаатар хүү унаж уясан эзэн, наадамчин олноо цэнгүүлэн айрагдуулсан нь энэ юм.
4. “Гачуурт хурд” МСУХ-ны тэргүүн, аймгийн Алдарт уяач Ү.Атарсайханы шарга хязаалан айргийн дөрвөөр хурдалж хүлгийн шандсыг гайхууллаа. Эзний урмыг тэтгэсэн шарга үрээг Ю.Пүрэв хүү унаж хурдлуулсан аж.
5. Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Б.Мөнхболдын шарга халзан айргийн тавд хурдалсан. Халзан үрээг Бямбадорж хүү унаж ийнхүү айрагт багтаажээ.
Харин аз хийморийн бэлгэдэл соёолон насны морьдын уралдаанд 50 хурдан хүлэг шандас шалган уралдаж:
1. Архангай аймгийн Хотонт сумын уугуул, Тод манлай уяач Ц.Дуламсүрэнгийн зээрд магнайдаа тоосгүй түрүүлсэн юм. Сонгогч түмнийхээ баяр цэнгэлд хөг нэмсэн Тод манлайн зээрд үрээг Ган-Эрдэнэ хүү унаж хурдлуулжээ.
2. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул З.Тулгын хээр аман хүзүүнд хурдалж наадамчин түмнээ баясгалаа. Хээр соёолонг есөн настай Тэмүүжин хүү унаж хурдлуулжээ.
3. Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны харьяат, залуу уяач И.Бархүүгийн саарал алаг. Айргийн гуравт хурдалсан алаг үрээг Б.Дагвасүрэн хүү унаж хурдлуулсан байна.
4. Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Шувуун фабрик-Туул тосгоны харьяат залуу уяач Г.Оюунболдын хул. Хул үрээг найман настай Батгэрэл хүү унаж ийнхүү айргийн дөрөвт хурдлуулсан билээ.
5. “Гачуурт хурд” МСУХ-ны тэргүүн, аймгийн Алдарт уяач Ү.Атарсайханы шарга халзан соёолон айргийн тавд хурдалснаар залуу уяач энэ наадмаас нэг түрүү, хоёр айраг хүртэн хамгийн одтой наадсан эрхмээр нэрлэгдсэн. Халзан соёолонг 15 настай Х.Мөнгөнхүлэг хүү унаж хурдлуулсан юм.

“ШУВУУ ФАБРИК-ТУУЛ ТОСГОН”-ны 50 жилийн ойн баяр наадмын хурдан морьдын уралдаан зохион байгуулалт сайтай, дэг журамтай болсныг зориуд тэмдэглэн хэлэх нь зүйтэй байх.  Уралдааныг зохион байгуулагсад ММСУХ-ноос баримталж буй дүрэм журмыг ягштал биелүүлж бэлтгэлийг сайтар хангасан байсан. Морьд товлосон цагтаа гарааны зурхай руу хөдөлж, их бууны 0120 дугаар ангийн цэрэг дайчдын тусламжтайгаар гарааны төхөөрөмжийн араас нэгэн зэрэг эргэж байсан бөгөөд хүн эмнэлэг, мал эмнэлэг, цагдаа зэрэг анхан шатны тусламжит байгууллагуудын төлөөллийг бүрэн хамруулжээ.
Хагас зуун жилийн түүхт ойд түрүүлж, айрагдсан хурдан хүлгэдийг 500.000-2.000.000 хүртэл төгрөгөөр мялаасан бөгөөд тус нутагт төрж өссөн МУ-ын Манлай уяач Д.Хишигжаргал, АХ-ын 88 жилийн ой төрийнхөө их баяр цэнгэлд зээрд морио айргийн дөрөвт хурдуулж байсан “Урьхан” ХК-ийн захирал Б.Ганбат, Салхин халтар азаргаа айргийн гуравт хурдуулж байсан Ч.Махбал, өнөө жил холч морьдын уралдаанд халтар морио аман хүзүүнд хурдлуулсан залуу уяач Г.Оюунболд,  залуу уяач Наранболд нар тус бүр хоёр сая төгрөг, харин Т.Оргил-Эрдэнэ, Л.Наранбаатар, Б.Батнасан нар тус бүр нэг сая төгрөгийн хандив өргөж, ойн арга хэмжээнд дэмжлэг үзүүлжээ.
А.Тэлмэн
 

 


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна