Арын сайхан хангайчууд шилдгүүдээ тодрууллаа

А.Тэлмэн
2014 оны 12-р сарын 24 -нд

Арын сайхан хангай нутгийн МСУХ-ны шинэ жилийн баярын цэнгүүн 12 дугаар сарын 13-нд аймгийн төв Цэцэрлэг хотод зохион байгуулагдлаа. Морин жилийн шилдгүүдээ тодруулж, ололт амжилтаа дүгнэн цэгнэх энэхүү баярын арга хэмжээнд Архангай аймгийн 19 сумын салбар холбоодын 100 гаруй уяач болон тус холбооны тэргүүн Монгол Улсын начин, Тод манлай уяач Цэвээнжавын Дуламсүрэн, дэд тэргүүн “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Ганзоригийн Тэмүүлэн нар оролцлоо.
Морин жилээ Архангай аймгийн МСУХ амжилт бүтээлээр дүүрэн үдэж байна. Шинэ жилийн баярын цэнгүүнээр тогтсон нэгэн сайхан уламжлал бол хаврын бүсийн уралдаан зохион байгуулах шилжин явах цомыг дараагийн гурван суманд хүлээлгэн өгөх арга хэмжээ байдаг билээ. Өнгөрөгч жил Эрдэнэбулган, Өлзийт, Өгийнуур сумдын МСУХ нь хаврын бүсийн уралдаануудыг амжилттай сайн зохион байгуулсан.  Тэгвэл энэ жил Булган, Хашаат, Батцэнгэл зэрэг сум хаврын бүсийн уралдааныг зохион байгуулахаар боллоо. Мөн Чулуут, Өлзийт, Батцэнгэл, Жаргалант, Хайрхан зэрэг сумын түүхт 90 жилийн ой тохиож уяачид маань морьдоо амжилттай уралдуулав.  Архангай аймгийн МСУХ-ны бас нэгэн томоохон ажил бол Ихтамир сумын уугуул Ганзоригийн Тэмүүлэнгийн санаачилгаар “Говь цогцолбор”, “Хатант интернэшнл” ХХК-ийн зүгээс хамтран зохион байгуулагддаг “Арын хангайн шигшмэл хурд” наадам билээ. Архангай аймгийн шигшмэл хүлгүүдийг тодруулах, шилдэг уяачдыг тодруулах, хурдан хүлгүүдээрээ шалгарсан тэргүүн сумыг шалгаруулах, цаашлаад нутгийн хурдан морины угшлыг сайжруулах үйлсийг хөхиүлэн дэмжих зорилготойгоор хоёр жил тутамд зохион байгуулагддаг “Арын хангайн шигшмэл хурд -III” уралдааныг нар хур тэгширсэн зуны дэлгэр цагт буюу 2014 оны наймдугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд болж өнгөрсөн. “Арын Хангайн шигшмэл Хурд II” наадам нь 2012 онд Эрдэнэмандал суманд болсон бөгөөд өмнөх наадамд айраг, түрүүгээрээ бусад сумаа тэргүүлсэн Цэнхэр суманд  байгуулагдсан. "Арын хангайн шигшмэл хурд" нь аймаг, сумдын  наадамд зөвхөн Архангай аймгийн харьяат уяачдын эхний 9-д хурдалсан азарга, их нас, соёолон насны шигшмэл хурдан морьдыг урилгаар оролцуулан зохион байгуулагддаг хурдан морины их баяр наадам юм. 
Ийхүү амжилт бүтээлээр дүүрэн шинэ оноо угтаж буй Арын сайхан хангайчууд уламжлал ёсоор морин жилийн шилдгүүдээ Шилдгийн шилдэг уяач, шилдэг 9 уяач, шилдэг салбар холбоо, шилдэг бүтээн байгуулагч гэсэн номинациар тодрууллаа.
Шилдгийн шилдэг уяачаар Булган сумын уугуул, аймгийн Аддарт уяач Х.Бямбадорж /Амжилт: улсын баяр наадамд их нас айргийн тав, Баянхонгор аймгийн бүсийн их насны айргийн гурав, аймгийн хаврын бүсийн түрүү/
Шилдэг уяачаар: Өндөр-Улаан сумын уяач Б.Бадамжунай. /Амжилт: аймгийн азарганы түрүү, “Арын хангайн шигшмэл хурд -III” наадмын азарганы түрүү, Чулуут сумын 90 жилийн ойн азарганы түрүү/
Хайрхан сумын уяач Б.Батсүмбэрэл. /Амжилт: аймгийн наадмын дааганы аман хүзүү, хаврын бүсийн соёолонгийн түрүү, хаврын бүсийн их насны аман хүзүү, их нас айргийн тав, Хайрхан сумын их насны айргийн дөрөв, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын соёолонгийн айргийн гурав/
Батцэнгэл сумын уугуул, аймгийн Алдарт уяач С.Түвдэн. /Амжилт: аймгийн наадмын соёолонгийн аман хүзүү, Шигшмэл худын соёолонгийн айргийн тав, Батцэнгэл сумын их нас, соёолонгийн түрүү/
Батцэнгэл сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Доржзодов. /Амжилт: аймгийн наадмын соёолонгийн айргийн дөрөв, хаврын бүс соёолонгийн 2 түрүү, хаврын бүс азарга айргийн тав, хаврын бүс их нас айргийн дөрөв/
Цэнхэр сумын уяач Д.Отгонцэрэн. /Амжилт: “Арын хангайн шигшмэл хурд -III” наадмын соёолонгийн түрүү, аймгийн наадам соёолонгийн түрүү /
Эрдэнэмандал сумын уугуул, аймгийн Алдарт уяач О.Алаг-Уул. /Амжилт: “Арын хангайн шигшмэл хурд -III” наадмын их насны түрүү , хаврын бүс их нас түрүү, Жаргалант сумын 90 жилийн ойн их насны айргийн тав/
Булган сумын уяач Н.Мэндбаяр. /Амжилт: аймгийн наадмийн шүдлэнгийн түрүү , Чулуут сумын 90 жилийн шүдлэн түрүү, даага айргийн дөрөв/
Өлзийт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ж.Нямжав. /Ажилт: Өлзийт сумын 90 жилийн хязаалангийн түрүү, Завхан аймгийн Баянхайрхан сумын 90 жилийн ойн соёолонгийн түрүү, хялзаалангийн түрүү, дааганы айргийн гурав/
Цэцэрлэг сумын уяач Ш.Бямбаням. /Амжилт: хаврын бүсийн соёолонгийн аман хүзүү, хаврын бүсийн соёолонгийн айргийн дөрөв, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 90 жилийн ойн соёолонгийн аман хүзүү, Жаргалант сумын 90 жилийн соёолонгийн аман хүзүү/
Шилдэг залуу уяачаар Булган сумын уяач Д.Нэргүй нар тус тус шалгарлаа. Шилдэг салбар холбоогоор Өгийнуур сумын МСУХ, Шилдэг бүтээлч холбоогоор Батцэнгэл сумын МСУХ тодорлоо.

Б.Жаргалсайхан

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна