"Эрдэнийн хүлэгч" МСУХ-ны тухайд...

А.Тэлмэн
2015 оны 1-р сарын 19 -нд

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын МСУХ нь 2000 онд байгуулагдсан бөгөөд 2010 оноос “Эрдэнийн хүлэгч” нэртэйгээр шинэчлэгдэн байгуулагдаж 9 тэргүүлэгч, 60 гаруй гишүүнтэй ажиллаж байна. Тус холбоо нь шинэчлэгдэн байгуулагдсанаар өөрийн туг далбаа, тамгатай болж, жил бүр оны шилдэг уяач, оны шилдэг унаач хүүхдийг шалгаруулах, хаврын тэргүүн сард холбооны нэрэмжит нээлтийн уралдаан зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг тогтмолжуулаад байгаа юм. 
Эрдэнэ сум эрт дээр үеэс эрдэмт уяачид, хурдан хүлэг морь сайтай байсан бөгөөд аймгийн манлай уяач цолтой Түвдэндорж, Хамбадай, Өвгөн, Гавуу зэрэг олон сайн уяач төрөн гарсан байдаг. Одоо энэ цагт Д.Отгонжаргал, М.Батзориг, Г.Мөнхтүвшин, Д.Батхүрэл, Л.Жаргалсайхан, Б.Цэндбаатар, Ө.Суурь М.Батболд зэрэг аймаг, сумын алдар цолтой уяачид улс, бүс, аймгийн наадмуудад амжилттай уралдан түрүү, айраг хүртсээр байна. Тухайлбал, Ардын хувьсгалын 89 жил, аймаг байгуулагдсаны 79 жилийн ойн баяр наадмаар Эрдэнэ сум 3 түрүү, 1 айраг авч сайхан  наадсан. Мөн 2010 оны Монголын шигшмэл хурдан хүлгийн “ИХ ХУРД-V”  уралдаанд Эрдэнэ сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Батхүрэлийн хонгор халзан морь тархины морьдтой уралдсаар говийн уяач, морь хоёр хангайн хоолонд жаахан алдаж 12-т хурдалж байсан.
"Эрдэнийн хүлэг"-ийн уяачид сүүлийн жилүүдэд орчин үеийн уяаны арга барилд суралцан, адууны үржил, селекцийн ажилд анхаарч, өөрийн унаган адуун суурийг шинэ цагийн монгол адуу, Сүхбаатар аймгийн адуун сүргээр сэлбэж байна.

Дорноговь аймгийн Эрдэнэ сумаас аймгийн наадам болон аймгий бүсийн уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүдээс танилцуулбал:
-Аймгийн Алдарт уяач П.Түвдэндоржийн бор азарга. Аймгийн наадамд нэг түрүүлж, нэг айрагдсан. Нийт 22 түрүү, 5 аман хүзүү, 16 айрагдсан
-Сумын Алдарт уяач Б.Цэндбаатарын зээрд азарга. АХ-ын 89 жилийн аймгийн баяр наадмын хурдан азарганы уралдаанд гуравт хурдалсан. Сумын болон бусад наадамд хоёр түрүүлж, зургаа айрагдсан.
-Аймгийн Алдарт уяач Д.Батхүрэлийн хонгор халзан морь. АХ-ын 89 жилийн аймгийн баяр наадмын хурдан их насны  уралдааны түрүү. Монголын шигшмэл хурдан хүлгийн “Их хурд-V” уралдаанд 12-т хурдалсан. Хутагтын хурд уралдааны хоёр айрагтай. Нийт дөрөв түрүүлж, зургаа айрагдсан.
-Сумын Алдарт уяач Г.Мөнхтүвшингийн халиун. Аймгийн бүсийн уралдаанд нэг айрагдсан. Сум болон бусад наадамд хоёр түрүүлж, зургаа айрагдсан. 
-Уяач Ц.Цогдэлгэрийн алаг. Аймгийн хаврын бүсийн  “Хутагтын хурд 2012” уралдаанд шүдлэн гуравт хурдалсан. Нийт дөрөв түрүүлж, хоёр айрагдсан. 
-Сумын Алдарт уяач Л.Жаргалсайханы бор даага. АХ-ын 89 жилийн аймгийн байр наадамд түрүүлсэн. Сум болон бусад наадмуудад хоёр түрүүлж, гурав айрагдсан.
"Тод магнай" сэтгүүл Дорноговь аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна