Монголын үндэсний сурын холбооны 2014 оны манлай шилдгүүд

А.Тэлмэн
2015 оны 2-р сарын 25 -нд

Улирч буй XVII жарны Ялгуусан хэмээх морин жил буюу 2014 онд Монголын үндэсний сурын холбоо амжилт бүтээлээр дүүрэн байлаа. 2014 оны долдугаар сарын 9-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган харваачдаас анх удаа МУГТ, МУ-ын Гарамгай мэргэн А.Цэвээнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгосон нь түүхэн тэмдэглэлт үйл явдал болсон. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг харваачдын төлөөллийг хүлээн авч холбооноос гаргасан хүсэлтийг дэмжин Үндэсний их баяр наадамд олгодог харваачдын шагналын хэмжээг хоёр дахин өсгөж, албан ёсоор таван байртай болгосон нь харваачдаа дэмжсэн төрийн бодлого байлаа. 2014 онд Монгол Улсын гарамгай мэргэн 1, Гоц мэргэн 1, спортын мастер 39, спортын дэд мастер 31 төрөн гарснаас гадна нийт харваачдын оноо өндөр байв. Үндэсний сурын холбооноос 22 удаа тэмцээн уралдаан зохион байгуулснаас гадна Үндэсний спортын V их наадам зохиогдож, хөдөө орон нутгийн харваачид өргөнөөр хамрагдаж дөрвөн төрөлд 700 гаруй харваач оролцсон наадам болж өнгөрлөө. Мөн МУ-ын Ерөнхий сайдын ивээл доор анх удаа төвийн бүсийн чуулга харвааг явуулснаар МУ-ын Гарамгай мэргэн Холхорын Оюунчимэг 40 суманд 40 онож түүхэн амжилтын эзэн болсон юм. 2014 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр харваачдын ээлжит XV чуулган болж холбооны дүрэм, харвааны дүрэм, харваачдын ёс зүйн дүрмийг ёсчлон баталснаас гадна ирэх жилүүдэд нийтийн сур харвааг хөгжүүлэх бодлогыг гаргаснаар үндэсний сурын харвааг сонирхогч, оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэх замыг нээсэн том ажлын эхлэл боллоо. Ирж буй ондоо амжилт бүтээлээр дүүрэн байж мянга мянган харваачдаар бүлээ нэмсэн он жилүүд байх болтугай. Монголын Үндэсний сурын холбоо жил бүр оны манлай харваач, шилдгүүдээ шалгаруулдаг уламжлалтай билээ. Ингээд Монголын Үндэсний сурын 2014 ОНЫ МАНЛАЙ ШИЛДГҮҮД-ийг танилцуулъя.
Оны манлай эрэгтэй харваачаар
• Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул, Орхон аймгийн “Хангарьд” спорт клуб, “Гложекс” ХХК-ийн харваач, спортын мастер, МУ-ын Мэргэн Баасанхүүгийн Ёндон 192 оноогоор
Шилдэг харваачаар
• Ховд аймгийн Булган сумын уугуул, Орхон аймгийн уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, “Хангарьд” спорт клубын харваач, МУ-ын Гоц мэргэн Лхамжавын Отгонбаяр 186 оноогоор
• Орхон аймгийн уугуул, “Хүч” спорт хороо, “АПУ трейдинг” компанийн харваач, МУ-ын Хошой мэргэн Цэнээгийн Баасанхүү 181.5 оноогоор
• Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, “Багануур ХК-ийн “Уурхайчин” баг, “Багануур Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн харваач, спортын мастер Нямсүрэнгийн Өлзийбилэг 181.5 оноогоор
• Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 330 дугаар анги, “Монгол ус” ТӨҮГ-ын харваач, МУ-ын Мэргэн, спортын мастер Батаагийн Баярсайхан 180.5 оноогоор
Оны манлай эмэгтэй харваачаар
• Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, Төв аймгийн харьяат, Чингис хааны дэлхийн академийн харваач, МУ-ын Гарамгай мэргэн Холхорын.Оюунчимэг 185 оноогоор
Оны шилдэг харваачаар
• Өвөрхангай аймаг Нарийн тээл сумын уугуул, 97 дугаар сургууль, “Шинэ Налайх” багийн харваач, МУ-ын спортын мастер Бадам-Очирын Пунсалдулам 182 оноогоор
• Төв аймгийн Зуунмод сумын уугуул, Төв аймгийн “Зуун мэргэн” холбоо, “Мандухай цэцэн” ХХК-ийн харваач, спортын мастер Сүхбатын Өлзийжаргал 178 оноогоор
Оны шилдэг ахмад эрэгтэй харваачаар
• Увс аймгийн Зүүнхангай сумын уугуул, Сонгинохайрхан дүүргийн үндэсний сурын багийн дасгалжуулагч, МҮСХ-ны хүндэт мэргэн, спортын мастер Дашийн Санжаасүрэн
Оны шилдэг ахмад эмэгтэй харваачаар 
• Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул, “Петровис” ХХК-ийн харваач, спортын мастер, МУ-ын Мэргэн Батын Бутваан
Оны манлай харваач хүүхэд /эрэгтэй/
• Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хоёрдугаар бүрэн дунд сургуулийн 10г ангийн сурагч,  “Мөнгөн сум” ХХК-ийн харваач Нармандахын Алтантулга
Оны шилдэг харваач хүүхдээр /эрэгтэй/
• Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Ш.Гаадамбын нэрэмжит 12 жилийн сургуулийн есдүгээр ангийн сурагч, “Хангарьд” спорт клубын харваач Цолмонгийн Ганзориг
Оны манлай харваач хүүхэд /эмэгтэй/
• Өмнөговь аймгийн Даланзадгад сумын “Эрдмийн гэгээ” сургуулийн 9в ангийн сурагч, “Тавантолгой транс” ХХК, “Ажнай” корпарацийн харваач Нэргүйгийн Ариунтуяа
Оны шилдэг харваач хүүхэд /эмэгтэй/
• Дорноговь аймгийн Сайншанд сумын нэгдүгээр сургуулийн 12б ангийн сурагч, аймгийн Өсөх идэр мэргэн Энхбаярын Сайханчимэг
Оны шилдэг нум үйлдвэрлэгчээр
• Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нум урлаач Сүрэнжавын Нэргүй. Тэрээр анх удаа өөрийн эх орондоо сонирхогчдын нумыг үйлдвэрлэж эхэлсэн нь үндэсний сурын харвааг олон нийтэд таниулан сурталчлахад бодитой хувь нэмэр оруулсан юм.
Оны шилдэг дасгалжуулагчаар
• Өмнөговь аймгийн үндэсний сурын холбооны дасгалжуулагч, спортын мастер, МУ-ын Мэргэн Сэрээгийн Баярмаа. Түүний дасгалжуулсан өсвөрийн багийн харваачид нь УАШТ-д таван удаа алтан медаль, гурван удаа мөнгөн медаль, хоёр удаа хүрэл медаль хүртсэн аж.
Оны онцлох харваач
• Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, “Петровис” ХХК-ийн харваач МҮСХ-ны Хүндэт мэргэн, спортын мастер Дугарын Ренчинханд. Түүний үндэсний сурын харвааг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсныг үнэлж,
Оны шилдэг байгууллагаар
• Өмнөговь аймгийн Үндэсний сурын холбоо 2014 онд УАШТ-нийг орон нутагтаа өндөр зохион байгуулалтай зохион байгуулснаас гадна орон нутагтаа үндэсний сурын харвааг хөгжүүлэхэд оруулсан бодитой хувь нэмрийг үнэлж,
• Ц.Пүрэвдорж тэргүүнтэй Дорнод аймгийн Матад сумын Үндэсний сурын холбоо 2014 онд үүсгэн байгуулагдаж сумынхаа 90 жилийн ойн баяр наадмын үндэсний сурын харвааг амжилтай сайн зохион байгуулснаас гадна сурын харвааг орон нутагтаа хөгжүүлэх үйлст оруулсан хувь нэмрийг үнэлж,
• МУ-ын гавьяат тамирчин, ДДМ Шагжсүрэнгийн Даваахүү ахлагчтай “Хангарьд” спорт клубын харваачид багаараа УАШ-нд10 жил түрүүлсэн амжилтаар,
Оны холч харваачаар
• Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын уугуул, “Алдар” спорт хорооны харваач, спортын мастер Буянтын Энхсайхан 377, 297 метр харвасан амжилтыг үндэслэн тус тус 2014 оны шилдгүүдээр тодруулжээ.
Мөн Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, Төв аймгийн харьяат, Чингис хааны дэлхийн акдемийн харваач, МУ-ын Гарамгай мэргэн Холхорын Оюунчимэг Ерөнхий сайдын ивээл дор зохиогдсон төвийн бүсийн чуулга харваанд 40 суманд 40 онож түүхэн амжилтын эзэн болсныг батламжлав.
МОНГОЛ ТҮМНИЙГ МИНЬ ҮНДЭСНИЙ СУРЫН АЛТАН ШАР ЗУРХАЙ ӨНӨ МӨНХӨД ИВЭЭЖ МОНГОЛ ТӨРИЙН БОДЛОГО ЭРЧИЛЖ ТАТСАН НУМ ШИГ ХҮЧТЭЙ, ИСГЭРЭН ДҮҮЛЭХ СУМ ШИГ МЭРГЭН БАЙХ БОЛТУГАЙ.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна