Аймгийн Алдарт уяач Д.Нямдорж: Зүүн Монголын хурдан адуунаас айхгүй адуу миний хүрэн азарга байна

Гарамдорж
2015 оны 4-р сарын 06 -нд

Завхан аймгийн Сантмаргаз сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Нямдоржийн ярилцлагыг хүргэж байна. Тэрээр 2014 оны зүүн бүсийн хурдаас хүрэн азаргаараа гурав дахь айргаа хүртсэнийг морь сонирхогчид мэдэх биз ээ.
-Нутгийн адууны чанарыг сайжруулах талаар нэлээд анхаардаг хүн хэмээн өөрийг тань тодорхойлсон. Хэзээнээс эхлээд зүүн талаас адуу зөөж байгаа юм бэ?
-2007 онд Төв аймгийн Баянцогт сумын харьяат Аюурсэд гэж хүнээс Сүхбаатар аймгийн Халзан сумын угшилтай гэж хүрэн азарга таван гүүгээр авсан. Түүний дараа 2010 онд Увс аймгийн Өндөрхангай сумын Лхагваа найз маань танилцуулж Өмнөговь аймгийн Баяндалай сумын харьяат Раднаагийн Бадрах гэдэг хүнээс буурал үрээ авсан. Улсын наадамд морь айрагдуулж байсан юм билээ. Та бүхэн таних л байх.
-Хул үрээ түрүүлгэж байсан санагдана?
-Тийм гэнэ лээ. Тэр хүнээс авсан буурал үрээ сумын баярт аман хүзүүдээд, Ургамал сумын сургуулийн 80 жилийн ойд түрүүлсэн. Мөн бас нэг багахан наадамд айрагдсан юм байна. Манай нутагт сайн хүлгийг сайн боохой хүртчихээд байдаг гэмтэй.
-Харин тийм дуулдана лээ?
-Эрдэнэхайрханы Ганзоригоор дамжуулж Манлай уяач Дамба агсаны хүргэн Баяраа гэдэг залуугаас будан, хул хоёр үрээ авсан. Хүнийг танихгүй, адууг нь харалгүй наймаа хийчихсэн чинь будан нь ирээд үхчихсэн. Хулыг нь давхиулж чадахгүй л байна. Бас Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Төмөрбаатар гэж залуугаас өнгөрсөн намар 10-н адуу авчирсан. Энэ мэтчилэн уг нь адууныхаа чанарыг сайжруулах гээд үзэж л байна.
-Хурдан хүрэн азаргатай гэж дуулсан. Хаанахын адуу вэ?
-Би Увс аймгийн Тэс, Баруунтуруун, Зүүнговь сумдын адуугаар их сайн наадаж байгаа.2006 онд Говь-Алтай аймагт болсон баруун бүсийн даншиг наадамд шүдлэн үрээ гуравлаж, Тэс угшилтай хээр азарга маань зургаалсан. 2007 оны “Хотгойдын хурд” уралдаанд хүрэн үрээ маань 13-аар давхисан. Хүрэн азарга 2009 онд аймгийн наадамд түрүүлээд, “Очирваанийн хурд” уралдаанд наймлаж, 2011 онд Ховд аймгийн 80 жилийн ойд түрүүлсэн. 2012 онд Баян-Өлгий аймагт болсон баруун бүсийн уралдаанд аман хүзүүдээд, өнгөрсөн жил Завхан аймгийн 90 жилийн ой баруун бүсийн наадамд зургааллаа. Зүүн монголын хурдан адуунаас айхгүй адуу миний хүрэн азарга л байна. Одоо 11 настай.Энэ жил Ховдын даншигт явах санаатай байгаа.
-Сайн хүний үр, сүүт гүүний унага гэдэг. Энэ их буяныг өвлүүлсэн аавынхаа тухай яриач?
-Манай аав насаараа морь уясан аймгийн Алдарт уяач Мэнгээгийн Даваа гэж хүн бий. Аавын халтар азарга Завхан аймгийн 60 жилийн ойд түрүүлж байсан. Баяннуур угшилтай адуу байгаа юм. Тэрний төлүүд олон их морь гарсан. Ер нь манайх азарганы үүд сайтай. 2002 онд Эрдэнэхайрхан сумын 50 жилийн ойгоор миний хээр азарга түрүүлж, аавын халиун азарга гуравлаж байлаа. 2003 онд Завханмандал сумын 80 жилийн ой болж миний хээр түрүүлж аавын халиун дөрөвлөж байсан. 2004 онд болохоор Ургамал сумын 80 жилийн ойд миний хээр азарга түрүүлж, аавын халиун айрагдсан. Дараа нь Сантмаргаз сумын ойд хээр азарга түрүүлж, хүрэн халзан морь аман хүзүүдэж байсан юм. Мөн Монгол Улсын Алдарт уяач Баасанжавын мялаалга наадам болоход хээр азарга, хүрэн халзан морь хоёроо түрүүлгэж хоёр мотоцикль авсан. Миний хээр азарга надад уралдсан цагаасаа хойш таван мотоцикль авч өгөөд байгаа хурдан буян.
-Засгийн газрын тогтоолтой бүсийн наадмуудад уралдуулж байсан уу?
-2006 онд Сонгино сумын ойд хээр азарга айрагдаж, хүрэн үрээ сайн байсан ч үлийний нүхэнд бүдрээд хүүхэд нь уначихсан. Тиймээс Говь-Алтайн даншигт очихдоо урьд өдөр уралдааны замыг нь зориуд үзсэн юм. Үлийний нүх ихтэй хотос газар байхаар нь унаач хүүхдэдээ “энүүгээр сайн татаж гаргаарай” гэж захисан л даа. Маргааш нь миний хээр азарга Золбоотын сааралтай холбоотой явсаар нөгөө хотос руу ороход хүүхэд нь амыг нь татаж байгаад арван хэдэн азарга өнгөрөөж гарсан байх. Тэгээд наашаа давхисаар тавын азарганы ташааг дэрлээд зургаалж байсан.
-Хангайд адуу өсгөнө гэдэг бэрх.Хээрийн амьтан, байгалийн бэрхшээлээс эхлээд нөлөөлөх хүчин зүйлүүд олон бий. Харин та адуугаа нэлээд өсгөсөн бололтой юм?
-Би сумандаа адуугаараа тэргүүлдэг. Өөрийн 400 гаруй адуутай аавын хэд нийлээд 600 гаруй болох байх шүү. Яваандаа адууныхаа тоо толгойг 1000 хүргэх санаатай байгаа. Гэхдээ тооны хойноос хөөцөлдөөд байлгүй чанарыг нь сайжруулах тал дээр мөн анхаарч хурдны тал руу нь хөгжүүлж байгаа юм. Миний хэтийн зорилго бол баруун Монголоос хурд төрдгийг халх даяар харуулах. Одоо ч гэсэндээ гадагшаа гарсан адуунууд сайхан давхиж байгаа дуулдаж байна. Уг нь миний нутаг чинь жинхэнэ адууны орон шүү дээ. Баяннуур, Хунт, Хүнгийн гол гэж сайхан голуудтай. Тэдгээр нь элсээр хүрээлэгдсэн.
-Үлгэр дуурайл, заавар зөвлөгөө авдаг хүн бий л биз дээ?
-Би Өвөрхангайн Отгоннасан Манлайг их хүндэлж явдаг. Зүүн, баруун талын адууг алийг нь ч ялгаагүй маш сайн уяж байгаа. Баруун талдаа хаа ч очсон элбэг айрагтай уяач шүү. Надад сайн их морь, даага хоёр бэлэглэсэн юм. Энэ дашрамд “Тод магнай” сэтгүүлээр дамжуулаад баярласнаа илэрхийлмээр байна.
-Хэдэн онд аймгийн Алдарт уяач цолоо авсан бэ?
-Өнгөрсөн жил аймгийн Алдарт уяач болсон. Улсын бүсийн хоёр айраг, аймгийн хоёр түрүүтэй. Аймгийн айраг болон сумдын тэгш ойн айраг, түрүү гэвэл нэлээд олон бий.
-Ярилцсанд баярлалаа. Дараа дараагийн уралдаануудад тань амжилт хүсье.

"Тод магнай" сэтгүүл №54

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна