“Дээдсийн гоёл-Хүннү хийц” үндэсний хувцас урлалын захирал З.Оюунчимэг: Бүх хувцаснуудаа судалгааны үндсэн дээр хийдэг

А.Тэлмэн
2015 оны 7-р сарын 02 -нд

Монгол гэх дархлааг сэргээж, монголоороо гоёж бахархах сэтгэлийг дэврээдэг үндэсний их баяр наадам болоход цөөхөн хоног үлдээд байна. Жилээ дамнан сонин сайхан нь хуучлагддаг  наадмын гоёлоо бэлтгэхээр  зэхэж буй эрхэм уншигч та бүхэн анхаарлаа нааш нь хандуулаарай. Угсаатны зүйн судалгаан дээр үндэслэн оёос бүр нь бэлгэдэл, гүн утга агуулсан бүтээлийг урладаг "Дээдсийн гоёл-Хүннү хийц" үндэсний хувцас урлалын захирал, хатагтай З.Оюунчимэгтэй ярилцсанаа уншигч танаа хүргэе. Сүүлийн үед өдөр тутмын биед эвтэйхэн загвараараа үйлчлүүлэгчдийнхээ талархлыг хүлээгээд буй тус урлан хөл хөдөлгөөн ихтэй байх аж.

-Хүмүүс наадмынхаа гоёог бэлдэж эхэлдэг энэ үед ярилцаж байна. Үндэсний хувцасны урлангууд  олон болсон байна. "Дээдсийн гоёл-Хүннү хийц" аль талаараа  ялгарах вэ?
-Амар байна уу? Та бүхний энэ өдрийн мэндийг амгаланг айлтгаад  ирж буй цаг хугацаандаа өргөн их дэлгэрч байхын ерөөлийг өргөн барья. "Дээдсийн гоёл-Хүннү хийц" урлангийн бүтээлүүдийн оёос нэг бүр нь гүн бэлгэ, утга агуулгатай. Бид загвараа угсаатны зүйн судалгаан дээр үндэслэн, орчин цагийн хэв маягтай хослуулан урладаг. Үүгээрээ л бусдаас онцгойрч ялгарах байх даа. Манай урлангийн гол зорилго бол Монгол хүн үндэсний дээл хувцсаараа гангарч, түүх, өв соёлоо хадгалан, түүнийгээ ирээдүй хойч үедээ  өвлүүлэн үлдээхэд  өөрсдийн хувь нэмрээ оруулах явдал юм. Яагаад гэвэл түүх соёл, зан заншлын хамгийн гүн тусгал бол тухайн  үндэстний соёл урлаг, хувцас хэрэгсэл байдаг. Тэр ч үүднээс нь монголчууд бид үндэсний хувцсаараа бахархаж, хүндэтгэж байх хэрэгтэй.
-Оёос бүр нь утга агуулгатай гэдэг үгийг чихнийхээ хажуугаар өнгөрөөж чадахгүй нь. Хэзээнээс үндэсний хувцасны судалгааг хийх болсон юм бэ? 
-2006, 2007 онд Хэнтий аймгаас олдсон Хүннүгийн үеийн дээлнүүд Түүхийн музейд тавигдлаа гэсэн сургаар очиж үзсэн юм. Шилний цаана  хатгуур дахь нуман зах бүхий  өвөрмөц дээл их анхаарал татсан л даа. Тэгээд судалсан язгууртан хүний дээл байсан. Түүний дараа Нямдорж, Шарав нарын судлаачидтай уулзаж үндэсний хувцасны талаар судлангаа, орчин цагийн хэв маягтай хослуулан монголчуудаа гоёвол яасан юм бэ гэсэн санаа төрсөн юм. Тэгээд л нэг  зураач найзтайгаа ярилцаж байгаад загвар  гаргаж, түүгээрээ дээл оёод. Оёсон дээлээ авч музейд очин тулгаж харсан юм. Ингэж миний анхны дээл бүтсэн дээ. Тэрнээс хойш гадаад дотоод явахдаа тухайн улс үндэстний музейгээр орж, үндэсний хувцсыг нь нэлээд ажигласан. Бээжингийн музей дэх  хаад, ноёдынх нь дээлний өнгө гэхэд маш их гүн  утга агуулгатай юм билээ. Ер нь  дорно дахинд эрт цагаас өнгөний бэлгэдэл зүй хөгжиж, түүнийгээ хувцастайгаа нягт уялдуулсаар ирж. Жишээлбэл хар өнгө хар хэл ам, хараал жатгаас хамгаалахыг бэлгэддэг бол  цагаан өнгө цагаан хэл амнаас хамгаалдаг хэмээн үздэг байна. Харин улаан өнгөөр эрүүл мэндийг бэлгэдэж  яс хугарах, бэртэж гэмтэхээс хамгаална хэмээн бэлгэшээн хувцсандаа оруулдаг байжээ.
-Бямбын Ренчин гуай нэгэнтээ Монгол дээл өмсвөл хувцас, бие засвал жорлон, унтвал хөнжил болдог гэж хэлсэн байдаг. Эртний монголчуудын өмсөж байсан хувцас ямар, ямар давуу шинж чанаруудтай байдаг юм бэ?
-Миний олж мэдсэнээр Хүннү эхнэрийн дээлний ханцуй нь 1-2 метр урт байх бөгөөд дайн байлдааны үед хүүхдээ нэг ханцуйндаа хийгээд хормойгоороо тогоо шанагаа  бариад гүйдэг байж. Өөрийн чинь хэлснээр дээлээ тайлаад хөнжил болгочихдог. Дайсан ирлээ гэхэд түрүүтэй гутлаа углаад дээлээ шүүрч өмсөж, бүчээ уяад хоёр секундэд хувцасладаг байсан. Хоёрхон секунд хувцасладаг байсан ард түмэн маань 20 минут хувцасладаг болсон нь Манжийн үед гарч ирсэн дөрвөлжин энгэр, бүс, олон товч, нударгатай холбоотой. Энэ нь Монголын хувцасны соёлыг үгүй хийх гол зам нь болсон. Дээл хувцасны ширээс, ширээсний өнгө, ширээсний тоо нь хүртэл тухайн хүний язгуур угсаа, ямба, хэргэм зэрэг, хаанахын ямар айлын, ямар хошууны, хэний охин юм гэдгийг тодорхойлдог байж. Жишээ нь эгэл ардын хувцсанд гурван өнгийн хослол байх ёстой. Харин тав болон түүнээс дээш өнгө орсон бол  язгууртан, тайж, хааны удам угсааны хүмүүс байна хэмээн хувцсаар шинжиж таньдаг байжээ. Тэр ч бүү хэл хаан өнгө, хатан өнгө гэж хүртэл ялгадаг байж. Хаан өнгө гэдэг маань тэнгэрийн өнгийг бэлгэдсэн цэнхэр, номин цэнхэр, номин ногоон өнгүүд. Ногоон өнгө нь газар дэлхийг бэлгэдсэн байх ба хатан хүний өнгө. Эгэл ардууд бор, шар өнгийг голцуу өмсөж байсан байна. Энд нэг онцлог нь Монголчууд хэзээ ч малгай өмсөж байгаагүй юм байна лээ. Малгай өмсдөггүй байсан утга учир нь яндашгүй их эрч хүчийг газар дэлхийгээс авч, дээшээ зулайгаар нэвт гарч тэнгэртэй холбогдож байсантай холбоотой. Тийм учраас манайх малгай нэг их хийгээд байдаггүй. Хүний энергийн 7 хүрдийг дээл хамгаалж байдаг. Тийм ч учраас Бүтэн энгэртэй, Бүлээн цустай, Бүлэг Монголчууд гэдэг үгтэй тамга музейд байдаг, түүх судалдаг хүмүүс мэддэг л байх. Миний хийсэн дээлнүүдээс Түүхийн музейд тавьсан ганц, хоёр дээл бий. TV9-ийн хөтлөгч Биндэрьяд хийсэн дээл цэвэр Хүннү дээл. Окта төвийн захирал, эхнэр, хүүхдэд нь хийсэн дээл бүгдээрээ цэвэр Хүннү дээл байсан. Ер нь Монголд байхгүй гэж би бардам хэлнэ. Би ганцхан Хүннүгийн хувцсыг судлаагүй. Бүхэл бүтэн 13 үеийнхээ хаадын хувцсыг судалсан. Одоо манай хувцсанд тэр хаадуудаас гарсан хувцасууд байдаг. Түргийн үеийн дээл гээд сүүлд 20 хэдтэй залуугийн биетэй хувцас олдсон. Тэндээс санаа авч 2010 онд дүүдээ дээл хийж өгч байсан нь цэвэр Түрэг дээл. Одоо манай эгчийн хүүхэд өмсдөг юм.
-Танай хувцаснуудыг харж байхад өмсөхөд төвөг багатай, нүсэр биш, хэзээ ч өмсөж болдгоороо онцлогтой юм шиг санагдсан шүү?
- Эртний гүн хийцээс авахуулаад өвөг дээдсийнхээ хувцсыг судалж, тэрийгээ орчин цагт тохируулан, Монгол хүний биенд таарсан, дөрвөн улирлын шинж чанарт тохирсон ийм бүтээгдхүүнүүдийг гаргадаг. Гадны олон улс орнуудыг харж байхад өвөг дээдсийнхээ үлдээсэн хувцсыг өдий болтол өмсөж байна. Гэтэл манайд 200 гаруй жил Манжийн дарлалд байх үеийн манж захтай дээл бидний үндэсний хувцас болчихсон байна шүү дээ. Түүхэн ач холбогдол, өв соёл, бэлгэдлээ бодсон ч энэ маш буруу. Дээлтэй Монгол гэгддэг монголчууд бид эртний өвөг дээдсүүдийнхээ гоёж байсан үндэсний дээл хувцсаа өвлөн үлдэж, өмсөж занших нь Монгол хүний эрхэм үүрэг байх ёстой.
-Үндэсний хувцас байнга өмсөхөд жаахан тохиромжгүй байдаг л даа. Харин танай урлангийн хувцаснуудыг хараад энэ асуудлыг шийдвэрлэж чаджээ гэж болохоор байна?
-Үндэсний дээл хувцсаар гоёх ёстой гэхээр заавал урт дээл өмсөх албагүй. Өдөр тутамдаа өмсөх үндэсний хэв шинжийг тусгасан цамц, өмд, юбка гэх мэтийн энгийн хэрэглээний хувцаснууд бий. Тэгээд ч монгол дээл бол хүнийг энерги талаас нь хамгаалж байдаг. Дээр үеийн  хаад, хатад маань дандаа шагайгаа битүү тийм урт дээл өмсөж байсан. Гэтэл одоо хүмүүс оноотой сонин дээл өмсөөд байгаа. Энэ бол Манжийн үеийн Ши Ян Гу-ны бүсгүйчүүдийн дээл. Тэгээд ч энерги талаас нь яривал салхиар хийсвэр сүнснүүд хормой руу нь орж эмэгтэй хүний хувилгаан хүрдийг гэмтээж байдаг. Эмэгтэй хүний сав шууд тархитайгаа холбоотой. Тархинд хий хуралдсанаар ямар нэгэн буруу сэдэлд өөрөө мэдэхгүйгээр автаж байдаг гэх юм билээ.
-Танай урлангийн хэрэглэгчийн хувьд танай хувцас биед эвтэйхнээс гадна материалууд нь өдөр тутмын хэрэглээнд тохирсон, угааж цэвэрлэхэд амар хялбар байдгийг мэдэх юм. Материалаа хаанаас авдаг юм бэ?
-Манайд ирж байгаа материалууд голдуу Турк материал. Туркууд сүүлийн үед маш сайхан материалууд хийдэг болсон байна лээ. Торгоо Япон, Солонгос, Тайландаас, даавуу, таарыг Австри, Герман, Туркээс авч байна. Ер нь олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүнээр хувцсаа хийдэг.
-Хэдий үеэс үйл ажиллагаагаа явуулж эхлэв, байнгын үйлчлүүлэгчтэй болж амжсан уу?
-Өнгөрсөн 7-8 жилийн хугацаанд өөрийн хэмжээнд судалгаа хийж, түүнийгээ оёж туршаад боллоо гэсэн үедээ буюу 2014 оны 05 дугаар сарын 15-нд салоноо байгуулсан. Энэ хугацаанд би 700 гаруй хувцас хийсэн байна лээ. Энэ бол бага тоо биш бөгөөд миний хийж байгааг зүйлийг үнэлдэг маш олон үйлчлүүлэгчтэй болж байгаа. Өдөр тутамдаа өмсөх, биед эвтэй, тав тухыг мэдрүүлсэн, нэг өмссөн бол тайлалгүй өмсмөөр эвтэйхэн хувцас хийж хүмүүст хүргэж ажилладаг.
-Миний анзаарснаар захиалагч бүрт өөр загвар гаргаад байх шиг байсан?
-Тийм. Хүн бүр өөрийн гэсэн царай зүстэй, нэртэй, нутаг ус, гаралтай байдаг учраас тухайн хүнд нь  таарсан нэг л бүтээгдхүүн байх ёстой. Үүний тулд би тухайн хүндээ цаг гаргаж, юу сонирхож байгааг нь яриа болоод нүдний харцнаас нь олж харж энэ таалагдах юм байна, ингэвэл гоё юм байна гэдгийг би зөвлөдөг. Миний зөвлөгөө 100% тэр хүнд таалагддаг. Тэрэндээ ч би маш их баяртай байдаг.
-Танай бүтээгдэхүүнийг хүүхэд залуусаас аваад ахмад настнууд хүртэл насны хязгааргүй өмсөж байна. Энэ нь таны зорьсон үр хойчдоо үндэсний хувцсаа өвлүүлэх зорилт биеллээ олж эхэлж байгаа хэрэг болох нь?
-Тиймээ. Манайхан хүүхдүүддээ дээл их хийлгэдэг болсон. Эргээд хүүхдүүд нь ээж, аавдаа тэр эгч дээр очиж тийм хувцас хийлгэмээр байна гээд ирдэг гэж байгаа. Залуус ч бас илүү сонирхдог болсон байна. Оффисын ажилтан эмэгтэйчүүд, эрчүүдэд пиджакны оронд өмсөх цамцнууд маш их таалагддаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр Монгол хүнд зориулсан болоод таалагдаж байгаа юм.
-Дээл болон өдөр тутмын загваруудаас гадна өөр ямар дагалдах зүйлүүд хийдэг вэ?
- Дотуур хувцас, гутал хийдэг. Гутлыг бол Герман ширээр түрий хийж, үхрийн ширээр уллаж, хонины ноосон эсгий улавчтай хийдэг. Угааж арчихад ямар ч асуудал байхгүй, ус дусахад хужиртаж цайхгүй. Сонирхож захиалсан хүнд малгай хийж өгдөг. Монголчууд орой нь цоорхой, шилэн хүзүүгээ тагласан малгай өмсдөг байсан нь зулайгаараа тэнгэртэй холбогдож, шилэн хүзүүгээ дайсандаа харуулалгүй нуудаг байсных. Бүсний ширээс бол маш утга учиртай. Ходоод, элэг, сав доргихоос, бөөр унжихаас хамгаалдаг. Тиймээс монголчууд бүсээ сайхан чанга бүсэлдэг бөгөөд бүс, бүчээ чангалж уяхад 76 булчин ажиллаж байдаг гэдэг юм. Булчин ажиллаж байна гэдэг нь эрүүл саруул сэтгэж байна гэсэн үг. Мөн охид бүсгүйчүүдийн үндэсний хувцаст тохируулж хонины ноос, ноолуураар хүзүүний зүүлт, бугуйвч, ээмэг гэх мэт хөөрхөн аксиссёор хийнэ.
-Танай хэрэглэгчид дандаа дотоодын хүмүүс байна уу? Ер нь Өвөрмонгол, Буриад, Тува, Халимаг гээд Монгол угсаатнууд хандаж байна уу?
-Байгаа. Нийт үйлчлүүлэгчдийн 10-20% хувь нь гадны монгол үндэстнүүд байдаг.  Мөн гадаадаас хүмүүс хавар, намрын Монгол загвартай пальто, пиджак, юбка, өмд захиалж хийлгэдэг.
-Миний асуулт энд хүрээд өндөрлөж байна. Үндэсний хувцасны өв соёлыг хойч үедээ өвлүүлэн үлдээх ариун үйлсэд чинь амжилт хүсье.
- Үндэсний хувцсаа өмсөнө гэдэг үндсэрхэг байна гэсэн үг биш шүү. Монгол хувцас-Монгол бахархлаа өмсөөд явахаар ямар ч хүн харц  дээгүүр, нуруу гэдгэр, мөр тэгш болдог нь цаанаасаа монгол хүний бие физиологид тохирсон хувцас гэдгийг гэрчилж байгаа юм. За тэгээд дэлхийг тойрсон дээлтэй Монгол, бүтэн энгэртэй, бүлээн цустай, бүлэг Монголчууд минь бусдаас ялгарах үндэсний хувцсаараа гоёж наадацгаагаарай гэж уриалмаар байна.

Хаяг: Баруун дөрвөн зам Рокмон компанийн чанх урд "Дээдсийн гоёл" салон
Утас: 9191-5681

А.Энхжил
 

 

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.