Улсын морь цоллооч Б.Адилбиш: Цол дуудна гэдэг хүн, морь хоёрын урмыг сэргээн, хийморийг даллаж байгаа юм шүү дээ

А.Тэлмэн
2016 оны 4-р сарын 15 -нд

Архангай аймгийн Өндөрхангай сумын уугуул, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Улсын морь цоллооч Б.Адилбиштэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Хэзээнээс түрүүлж, айрагдан түмэн олноо цэнгүүлсэн шандаст хурдан хүлгийн хийморийг өргөн цолыг нь дуудаж байгаа юм юм бэ?
-1991 онд манай аймагт морь цоллоочдын тэмцээн болж, олон газрын мундагууд ирэхэд миний бие гуравдугаар байр эзлэн ихэд урамшиж байлаа. Түүнээсээ улбаалаад 1993 оноос эхлэн аймагтаа түрүүлж, айрагдсан морьдын цолыг дуудах болсон юм. Тэр жил манай үйлдвэрийн 15 жилийн ой тохиож, анх удаа Эрдэнэт овоогоо тахин, би тахилга наадамд түрүүлж, айрагдсан морьдын цолыг дуудсан даа. Түүнээс хойш  өнөөдрийг хүртэл аймагтаа болж буй бүхий л уралдааны хурдан морийг цоллож байна. Ингэж морины цолыг өөрийнхөө дур сонирхлоор сурсан бол бөхийн цолыг  Баянхонгор аймгийн Заг сумын харьяат алдарт уртын дууч, улсын цоллооч Лонцойдорж, Говь-Алтай аймгийн харьяат, аймгийн заан Намхай нарын хүмүүсээр заалгаж байлаа. Морь цоллохоос гадна баяжуулах фабрикийнхаа уран сайханч. 1983 онд ажилд ороод түүнээсээ хойш уулын үйлдвэрийн түүхт ой, түүнд зориулсан аливаа арга хэмжээнүүдийн үеэр уртын, ардын болон зохиолын дуу дуулдаг. Зөвхөн орон нутагтаа төдийгүй Улсын Драмын Эрдмийн Театрын тайзан дээр хүртэл гарч, ая дуугаа өргөж СТА хэмээх цолны эзэн болж  байлаа.
-Тал бүрийн авьяастай байх нь ээ. Ямар ямар уртын дууг дуулахав?
-“Эр бор харцага”, “Эрдэнэ засгийн унага”, ”Жаахан шарга”, “Хонгор шарга” зэрэг дуунуудыг өөрийнхөө хэмжээнд дуулнаа. /Инээв/ Нэгэн үе чинь уртын дуу дуулдаг, сонсдог хүнгүй болчихоод байсан. Харин сүүлийн үед нэлээд сэргэж байна. Ер нь монголчууд бид өөрсдөө л өв соёлоо тээж, түгээж явах учиртай юм шүү дээ. Хэдэн жилийн өмнө намайг морь цоллож эхлэх үед манай Эрдэнэтэд морь, бөх цоллодог хүн их цөөхөн байлаа. Харин одоо бол зургаан насны морийг зургаан өөр хүн цоллохоор болсон. Үүнд би хувьдаа их баяртай явдаг юм. 
-Түрүүлж, айрагдсан түмэн эхүүдийн алтан жолоог атгах хувь олон хүнд заяахгүй шүү дээ?
-Тэгэлгүй яахав. Ямар сайндаа нэгэн нэвтрүүлгийн үеэр манай уяачид дор бүрнээ морьдоо ярихад нь би тоглоом шоглоомоор “тэгж яривал тэд чинь бүгд миний морьд” гэж хэлсэн юм. Яагаад гэхээр тэр бүх л хүлгүүдийн алтан жолоог нь өргөж, алдар цолыг нь дуудахдаа би өөрийн мэт санаж чин сэтгэлийн угаас цолыг нь дууддаг.
-Танаар хамгийн олон удаа алтан жолоогоо өргүүлсэн ямар аргамаг хүлгүүд байна вэ?
-Жаргалант сумын харьяат, аймгийн Алдарт уяач Батболдын хурдан хонгор морины цолыг 3-4 ч удаа дуудсан. Мөн төрийн наадмын аман хүзүү аймгийн Алдарт уяач Доржийн Баясгалангийн алдарт Суман хүрэн морины цолыг ч дуудаж л байлаа. Нутгийн сайхан буян төрийнхөө наадамд очоод аман хүзүүнд хурдлахыг харах моринд дуртай эр хүний хувьд үнэхээр сайхан байсан шүү.
-Өөр аймаг, суманд морь цоллож байв уу?
-Архангай аймгийн 90 жилийн ой, “Тамирын хурд-3”хангайн бүсийн уралдааны түрүү, айргийн хүлгүүдийг цоллож байсан.
-Төрийн наадмын морьдыг цоллох юмсан гэсэн чин хүсэл байна биз?
-Байнаа, байлгүй яахав. Гэхдээ тэр болгонд тохиохгүй байхаа.
-Улсын цоллооч гэдэг алдрыг хэдэн онд хүртсэн юм бэ?
-2011 онд авсан. Өөрийн шавь, нутгийн дүү Отгонбаатартайгаа нэг өдөр авч байлаа.
-1993 оноос морины цол дуудаж байгаа. Харин бөхийн засуулын тухайд хэзээнээс эхтэй вэ?
-Мөн л 1993 оноос. Тэр их бэлгэшээлтэй сайхан үйл явдал болсон. Улсын Арслан Мөнх-Эрдэнэ заан цолтой ирж зүүний магнайг тэргүүлэн барилдахад шинэ залуу засуул миний бие цолыг нь дуудаж байлаа. Баруун талыг магнайг МУ-ын Гавьяат жүжигчин, улсын засуул Баттөмөр гуай засч байсан. Энэ бол миний амьдралын мартагдашгүй сайхан дурсамжуудын нэг. Анх удаа бөх засахдаа нэг нутгийн, ид шуугиулж байсан зааныхаа цолыг дуудна гэдэг бас л ховорхон тохиох аз шүү дээ.
-Та чинь Архангайн хүн үү? 
-Тиймээ, Өндөр-Улаан сумынх. Нутгархаагүй ч тийнхүү таарсан нь бэлгэшээлтэй сайхан санагддаг юм. Залуу засуул намайг анх удаа бөхийн цол дуудахад үзэгч олон маань халуун алга ташилтаар урам хайрласан нь хамгийн сайхан дурсамж. Тийм үед хүн өөрийн эрхгүй омогшдог юм билээ. Олон жил өнгөрсөн ч одоо хэр нь тэр сайхан мэдрэмж саяхан мэт санагддаг юм.
-Шууд л зүүний магнайд гараад ирсэн хэрэг үү?
-Тэр тохиолдолд л тийм. Тухайн үед манай энд бөхийн дасгалжуулагч, багш хийж байсан Говь-Алтай аймгийн харьяат, аймгийн Арслан Пүрэвсүрэн гуай л надад тийм боломж олгон итгэл хүлээлгэсэн юм. Түүнээс хойш нэг үе баруун талын магнайд гардаг байсан. Харин сүүлийн үед зүүний магнайд гардаг болоод байгаа. Цол дуудна гэдэг хүн, морь хоёрын  урмыг сэргээн, хийморийг даллаж байгаа хэлбэр шүү дээ. Тэр ч утгаараа би өөрийгөө өдий зэрэгтэй яваа хэмээн бэлгэшээдэг юм.
-Таны цолыг нь дуудаж байсан бөхчүүдээс тэр жилээ улсын цолонд хүрсэн хүн бий юу?
-Байнаа, Говь-Алтай аймгийн харьяат, улсын Начин Баярмагнай байна. Манай Эрдэнэтийн дэвжээ чинь их ээлтэй сайхан дэвжээ шүү дээ. Энд түрүүлсэн бөх улсын цол авдаг л юм. Тэр жил Баярмагнай энд барилдаж аймгийн Арслан болоод, улсад очиж, начин болж байлаа. Дараа нь начин цолныхоо мялаалгыг хийхдээ намайг урьж, “таны  мөрөн дээрээс арслан болж, улмаар улсын цолонд хүрлээ” гээд гарын бэлэг өгсөн. Хүн тэгээд талархлаа илэрхийлэх сайхан л юм билээ. 
-Тэгэлгүй яахав?
-Ах нь дөрвөн Аваргын цолыг дуудсан байдаг юм. Манай энд даншиг наадам болоход Дархан аварга Б.Бат-Эрдэнийн цолыг дуудаж байлаа. Дараа нь Балжаа Аваргын цолыг дуудаж байлаа. Мөн Сүхбат, Өсөхбаяр Аваргын цолыг бас дуудаж байсан. Зураг нь надад бий. Хожмоо дурсах сайхан дурсамж болж дээ.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморь таныг, таны үр хүүхдүүдийг өнө мөнх ивээх болтугай.
-Ерөөлөөр болог. Ингээд 20 жилийн түүхт ойгоо тэмдэглэж байгаа  Орхон аймгийн “Эрдэнэт хүлэг” МСУХ-ны хамт олон, уяачдад баярын мэндчилгээ дэвшүүлж, унасан болгон нь жороолж, уясан болгон нь түрүүлж, айрагдахын ерөөлийг өргөж, та бүхний ажил үйлсэд амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл "Эрдэнэт хүлэг"МСУХ-ны 20 жилийн ойн тусгай дугаар

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.