Сумын Алдарт уяач Р.Үнэнбат: Аль ч газрын наадамд очиход дүүрэн сайхан айрагдчих адуутай болохоор зорьж явна

А.Тэлмэн
2016 оны 4-р сарын 25 -нд

Завхан аймгийн Отгон сумын уугуул, сумын Алдарт уяач Р.Үнэнбаттай хийсэн ярилцлагыг хүргэж байна.  
-Удам дамжсан уяачдын нэг болов уу хэмээн таамаглаж байна?
-Зөв таамагласан байнаа. Манай аав насаараа мал малласан хүн. Би долоон настайгаасаа эхлээд аавынхаа уясан хурдан морийг унадаг болсон. Аавын хүрэн, хүрэн халзан морьд нь их хурдан байж билээ. Хүрэн морь нь Шар гэж хүний шарга азарганы төл гэгддэг байсан. Тэр их хурдан азарга байсан юм гэнэ лээ. Хүрэн халзан морь нь болохоор Батдорж гэж зааны адууны угшилтай юм гэсэн. Аав тэдний адуунаас нэг халзан гүүг аав хоёр гүүгээр худалдаж авсан юм билээ.Хүрэн халзан морь тэр гүүний унага. Мөн сүүлд Сантмаралаас нэг хонгор морь авч их сайн давхиулсан. Аав маань зөвхөн Завхандаа төдийгүй Баянхонгор, Архангай зэрэг аймгуудаар явж нааддаг байсан. Хүүхэд байхдаа аавтайгаа Баянхонгор аймгийн Баянбулаг сумын наадамд явсан юм. Тэгэхдээ өөрийгөө том хүн болчихсон шиг санаж байж билээ.
-Аймаг дамжин наадахыг бодоход аав, хүү хоёрын морьд хурдан байж дээ?
-Бишгүй сайхан нааддаг байсаан. Юм гэдэг их сонин шүү. Би долоон настай байхдаа нэгдлийн 20 жилийн ойгоор Бархас гэж хүний морийг унаж соёолон үрээг нь айрагдуулж байсан. Дараа нь бас 11 настай бор морийг нь айрагдуулж байлаа. Тэгсэн өөрөө уяач болчихоод Бархас ахын хүүгийнх нь хүүхдээр халтар соёолонгоо унуулж анхны айргаа хүртэж байлаа шүү дээ.
-Шүтэн барилдлагагүй нэгээхэн зүйл ч үгүй гэдэг?
-Тиймээ, юм бүхэн учир жанцантай. Хамгийн анх 1992 онд хар морио, халтар даагатайгаа уяж уяачийн гараагаа эхэлж байлаа. Түүний дараа Загастайн голоос нэг шар хээр морь авч уяад 30 гаруй айраг түрүү авсан. Хурдан сайхан хүлэг байж билээ. Мөн халтар азарганы маань төл халиун морь байна. 2005 онд даагандаа сумын баяраас гадна хоёр ч уралдаанд түрүүлж, шүдлэндээ Шилүүстэйд айрагдсан. Ер нь Шилүүстэйн наадамд хоёр ч удаа таваар давхисан юм байна. Харин сумандаа бол түрүү,айраг алдаж үзээгүй адуу. 2013 онд гэхэд гурав түрүүлж, хоёр аман хүзүүдсэн. Энэ хавар Баянхонгор аймгийн Баянбулаг суманд болсон аймгийн бүсийн уралдаанд бас аман хүзүүдлээ.
-Морин жил амжилттай эхэлжээ?
-Тэгсээн. Надад бас нэг сайн хүрэн морь бий. Аймгийн наадамд халзан морио түрүүлгэсэн Бумбаа гэдэг залуугийн унаган адуу байгаа юм. Хүрэн морь аймгийн наадамд дөрөв айрагдсан адуу. Би Идэрийн наадамд аман хүзүүдээд байхад нь гурван саяар авсан юм. Над дээр ирснээсээ хойш сумандаа хоёр удаа түрүүлж, нэг аман хүзүүдэн, Шилүүстэйд нэг түрүүлж, нэг аман хүзүүдсэн.Энэ хавьдаа бол цуутай л хүлэг. Би энэ хавийнхаа наадмуудыг тойрч уралдаад жилдээ том жижиг наадмуудаас 20 гаруй айраг түрүү авчихдаг хүн. Өнгөрсөн 2013 онд гэхэд 30 гаруй айраг түрүү авсан байна лээ.
-Аймгийн Алдартын болзол биелээгүй байгаа юу?
-2011 онд сумын Алдарт уяач цол авсан. Энэ жил аймгийн Алдарт уяачид тодорхойлно амжилтаа бичиж өгөөрэй гэж байсан. Би морь уясан цагаасаа хойш том жижиг наадмын нийлсэн 120 гаруй медаль авсан юм билээ. Медаль өгдөггүй байхын үеийн амжилтаа оруулбал 10 гаруй айраг бий.
-Тэгвэл удахгүй цолоо ахиулах нь ээ?
-Бичээд өгсөн чинь хугацаанаасаа хоцорсон байна гэж байна лээ. Ах нь цол авах гэж морь уядаггүй. Харин муу аавынхаа адууны удмыг нь сайжруулж аль ч газрын наадамд очиход дүүрэн сайхан айрагдчих адуутай болохыг л зорьж яваа хүн. Манай суманд цол аваагүй сайн уяачид олон бий.
-Адуугаа сайжруулахын тулд наймаа панз хийх хэрэгтэй болж байгаа байх?
-Анх аймгийнхаа хойд талаас адуу авдаг байлаа. Сүүлийн үед Хэнтий, Сүхбаатар зэрэг зүүн аймгуудаас адуу авч байна. Сүхбаатарын Мөнххаан, Түвшинширээ, Халзан, Асгат зэрэг сумдаас азарга, гүү авсан. Мөн Говь-Алтай аймгийн харьяат, аймгийн Алдарт уяач Амаржаргал гэдэг залуу сайхан цоохор азарга авчирч өгсөн юм. Нутаг солигдоод тамир муутай байсан ч цоохор азаргаа тэсэлгүй бариад уячихаад ажил хийх гэхээр хайрлаад чадахгүй байсан юм. Тэгээд сумын наадамд мордуулахдаа хүүхдэдээ “тааваар нь явуулаарай, битгий шахаарай” гэж хэлээд явуулсан. Тэгсэн харин аман хүзүүдчихсэн шүү.
-Зарим уяачид сайн адуу ажилтай, ажилгүй давхидаг л гэх юм билээ?
-Хүүхэд нь ирчихээд “түрүүлэх байсан юм. Танаас болоод шахаж чадсангүй” гээд сүрхий уурласан. Тэр наадамд цоохор азарга аман хүзүүдүүлээд, хундан морь түрүүлгэж, хамар цагаан үрээ айрагдуулсан.
-Сумандаа бол дүүрэн айрагтай л нааддаг юм байна?
-Тэгнээ. Хоёр хоногийн дараа Шилүүстэйн наадам болж, тэнд очоод цоохор азарга, хундан морь хоёроо дахиад түрүүлгэсэн. Цоохор азарга маань Зоригоогийн халтартай урд хойноо орж уралдсаар байгаад дийлж түрүүлсэн. Түүнийхээ дараа Баянхонгор аймгийн Баянбулаг сумын хүн эмнэлгийн ойд очиж аман хүзүүдээд, тэндээсээ Говь-Алтай аймгийн бүсийн уралдаан руу явсан юм. Хундан морь, цоохор азарга хоёроо хоёуланг нь аваад явсан. Замдаа аймгийн Алдарт уяач Шараагийн хурдан хүрэн азаргатай сунгахад хол түрүүлсэн юм. Тэгээд Говь-Алтай аймаг руу явж байхдаа машинаас унагаагаад сайхан хүлгээ эндүүлчихсэн.
-Цоохор азаргаа юу?
-Тиймээ. Цоохор азарга гоц хурдан хүлэг байсан шүү. Тэжээлгүй, тийм туранхай хэр нь гурав түрүүлж хоёр аман хүзүүдсэн гээд бодохоор аргагүй хурдан хүлэг байгаа биз.
-Хурдан буян тэр бүр заяахгүй. Тиймээс хайрлаж уралдах хэрэгтэй?
-Тиймээ. Хурдан буянгуудаа хайрлаж байхгүй бол олон заяахгүй шүү дээ. Би Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Пүрэв гэдэг хүнээс хамар цагаан хээр үрээ авчирч, 13 удаа түрүүлгэж айрагдуулаад байгаа. Энэ жил хавчиг азарга. Бас Монгол хээрийн эзэн Түвшинширээ сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Пүрэвдорж гэдэг хүнээс ноднин хонгор халзан даага авчирсан. Одоогоор зургаа айрагдаж түрүүлээд байна.
-Ямартаа ч уясан адуунууд чинь урмыг тань хугалдаггүй л юм байна?Ингэхэд уяаны эрдмийг тань өвлөх хүн тодорч байна уу?
-Би ганц хүүтэй хүн. Миний хүү Мөнхсайхан моринд их дуртай. Хүү маань морь малны ажилд тусалж эхэлснээс хойш миний амжилт эрс сайжирч байгаа шүү. Тиймээс хүүгээ сайн уяач болох байх гэж боддог. Бас манай хуурай дүү Түмэн-Өлзий гэж залуу бий. Сүүлийн үед морь нь их сайн давхиж байгаа. Бага насны адуугаар Отгон, Шилүүстэй сумандаа сайхан наадчихдаг хүн дээ.
-Унаган нутгийн тань ой тохиож байгаа. Бэлтгэлээ базааж буй биз дээ?
-Хүн бүхэн нутгийнхаа ойд сайхан уралдах бодолтой морьдоо эртнээс бэлдэж тэжээж байна. Миний хувьд хамар цагаан азарганыхаа анхны төл хоёр сарваа тэжээлээ. Бас дөрвөн бүдүүн морь, хамар цагаан азарга, хонгор халзан үрээ гээд нийтдээ 10-аад адуу тэжээсэн. Эд маань яаж давхихыг тэр үед л харна даа.
-Амжилт хүсье. Сайхан наадаарай.
-Баярлалаа.Та бүхний ажилд ч гэсэн амжилт хүсье.

"Тод магнай" сэтгүүл Завхан аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна