Сумын Алдарт уяач Т.Буян-Өлзий: Говийн халуунд уяа тааруулна гэлэг уяачийн ур чадвартай холбоотой

А.Тэлмэн
2016 оны 6-р сарын 30 -нд

Өмнөговь аймгийн Ханбогд сумын уугуул, сумын Алдарт уяач Т.Буян-Өлзийтэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
- Өөрийн тань хувьд хусуур сойз бүслэн уяа тааруулах болсон нь хэзээнээс вэ?
- Таван настай морь унаж сураад түүнээс хойш 30 жил адуу гэдэг амьтантай холбоотой явна даа. 13 хүртлээ хурдан морь унаж байгаад хасагдмагцаа аавынхаа гар хөлийн үзүүрт зарагдан уяаны эрдэмд суралцсан даа. Адуу манаж, хононо. Хурдан морины ойр зуурын ажлыг нь хийнэ. Тэгж яваад өөрөө бие даан морь уядаг болсон. Миний эцэг Таванжин морь сайн уядаг энэ хавьдаа, аймагтаа бас л нэрлэгддэг л хүний нэг.
- Анхны айраг түрүүгээ хэдэн онд авсан бэ?
- 1999 онд Ханбогд сумынхаа наадамд их насны морь аман хүзүүдүүлэн өм нээгдэж байлаа. Түүнээс хойш аймгийн наадмаас хоёр айраг, сумын наадмаас гурван түрүү, арван айраг хүртэн сумын Алдарт уяач цол хүртсэн.
- Танайхан адуу нэлээд зөөж байгаа бололтой. Таны хувьд?
- Одоо ч дан ганц нутаг адуугаар наадахад бэрхшээлтэй болж байх шиг байна. Би Дорнод аймгийн Матад сумын уугуул  Цэндбаатараас хоёр үрээ авчирсан нь их сайхан давхиж байгаа. Авчирсан жилээ аймгийн наадамд айрагдаж, оны шилдэг соёолонгоор шалгарсан. Энэ жил Булган аймгийн Сэлэнгэ сумын Бямбабаатар гэж хүнээс бор шүдлэн үрээ авчирлаа. Мөн Дорноговь аймгийн уугуул аймгийн Алдарт уяач Донхоо Мөнх гэдэг хүнээс нэг даага авчирсан нь  зургаа уралдаж, дөрөвт нь  цулбуур өргүүллээ. Хамгийн сүүлд Ханбогд сумынхаа наадамд холхон сайхан түрүүлсэн.
- Зүүн зүгийн адууны ханш ер нь ямархуу байна вэ? Зундаа 40 хэм хүрдэг Ханбогд суманд хэр зохицож байна?
- Бага адуу нь арай дээр юмаа. Бүдүүн адуу ирээд нутагшихгүй, хоол унд нь таарахгүй зэрэг хүндрэл гардаг юм билээ. Дээр нь манай нутаг чинь зундаа их халдаг. Хангайн адуу нутагшихад амаргүй л дээ. Үнэ ханшийн тухайд бол адуунаасаа шалтгаалаад янз бүр. Хамгийн багадаа 2-3 сая, дундаж нь 10 сая орчим төгрөгний үнэтэй байх шив дээ.
- Зуны ид халуунд морь уяна гэдэг амаргүй биз?
- Бэрх байлгүй яахав. Уяа морьд амьсгаадна. Тэр халуунд хоолыг зөв тохируулна гэдэг бас том ухаан. Ер нь морь уяна гэдэг уяачийн эрдмээс 50 хувь, байгаль цаг уураас 50 хувь шалтгаалдаг байх. Нутаг адуу бол төрсөн цагаасаа ийм байгаль, цаг уурт дассан болохоор асуудалгүй. Суурьшмал адууны хувьд ер нь хүнд. Гэсэн хэдий ч манай уяачид аргыг нь олоод тааруулааад л байгаа юм.
- Ярилцсанд баярлалаа. Таныг хурдан тууртын хийморь ивээж явах болтугай.
"Тод магнай" сэтгүүл Өмнөговь аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна