СГЗ, Хурдан морь судлаач, Түүхийн ухааны доктор (P.h) А.Баярмагнай: Монголын хурдан морины уралдааныг хөгжлийн шинэ түвшинд хүргэх нь миний сүүлийн 20 жилийн амьдралын учир утга байлаа

Тэлмэн
2016 оны 10-р сарын 17 -нд

Энэ удаагийн зочин хойморт ХХ-XXI-р зууны зааг үеийн Монголын хурдан морины уралдааны хөгжлийн бодлогыг боловсруулан тодорхойлж, хэрэгжүүлэн хэвшүүлсэн СГЗ, хурдан морь судлаач, түүхийн ухааны доктор А.Баярмагнайг урьж оролцууллаа. Түүний боловсруулсан бодлогын хүрээнд монгол шигшмэл хурдан морьдын Их хурд болон бүсийн уралдаануудыг санаачилж, хурдан морины уралдааны хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх, уяачдын хөдөлмөрийг үнэлэх тогтолцоог буй болсон юм.
Тал нутгийн чинээлэг малчин айлын ганц хүү адуу малнаас хол байх аргагүй
-Ярилцлагаа таны удам судар, үүх түүхээс эхлэе. Танай дээдчүүл морь уяж байв уу? Та хэд дэх үеийн уяач вэ?
-Манайх уяачийн удамтай айл аа. Би дөрөв таван үеэ мэддэг юм. Цөмөөрөө л уяачид байж. Жишээ нь миний өвөг эцгийн Хулгар улаан гэдэг морь даншигт айрагдаж байсан. Гэхдээ улаан морь манай өөрийн унаган уу, манайд ирээд даншигт айрагдсан уу, эсвэл даншигт айрагдсан морийг авсан уу гэдгийг мэдэхгүй. Манай эцэг “Би тэр улаан морийг 10-тайдаа унаж Уралдаан цохиод түрүүлж байсан” гэж ярьдаг байлаа. Эцэг маань 10-тай байсан гэхээр 1914 он болж таарч байгаа юм. Харамсалтай нь 1909 -1925 он хүртэлх 16 жилийн даншгийн наадмын данс байдаггүй юм.
-Адъяа гэж хүний талаар жаахан дэлгэрэнгүй ярьж өгөөч?
-Хиад ястай, боржигон овогтой, тайж гаралтай тойн хүн байлаа, миний ажаа. 1904 онд төрсөн 20 шахтлаа Ганданд шавилан сууж буддын гүн ухааныг нэлээн гүнзгийн суралцсан хүн. Би тал нутгийн чинээлэг малчин айлын ганц хүү. Намайг мэдээ орсноос хойш манай мал 1000 хүрч байгаагүй ээ. 600,700 малтай л байсан. Айлын ганц хүү учраас урт хөлийн малд  ганцхан би л явна. Бурхнаас заяасан томилолт юмуу даа. Намайг гурван ой өнгөрч  байхад морины нуруун дээр гаргаж хөтлөөд явдаг байсан гэдэг. Манай эцэг намайг “Чи гурав, дөрөвхөн наснаасаа морины нуруун дээр гарчихаад, сөнгө дааган дээр тогтохгүй” гээд зэмлэж байсан удаатай. Хамгийн том эгч Молом гэж одоо 80 гарсан хөгшин бий. Тэр намайг морь унуулж сургаж байсныг нь би муухан санадаг юмаа. Нэг цагаан морьтой бид хоёр хонь хариулаад. Үдийн хойно хонь ус руу гүйхэд эгч эргүүлэх гээд ухасхийтэл цагаан морь бас ус руу цогиод. Тэгэхэд эгч “Битгий ойчоорой миний дүү, битгий ойчоорой” гээд хойноос давхиж байсныг санадаг юм.
-Тэгээд дажгүй юу?
-Малын мөрөөр гарсан зөрөг зам дээгүүр гарахдаа хазайсаар хазайсаар ойччихсон. Түүнээс хойш үхэр, тугал хариулах зэргээр тусад орж, 12 настайгаасаа эхлээд өглөө ажаагаа адуунд мордуулахаа байсан. 12 настай байсан гэхээр зургадугаар анги төгссөн зунаасаа юмуу даа. Би үеийнхнээсээ хоёр жилийн өмнө сургуульд орсон юм. Тэр эрчээрээ бүх юман дээр үеийнхнээсээ хоёр жилийн өмнө явсан. Сургууль соёл, ажилд орох, намд элсэх гэх мэтээр.
-Эрт тусад оржээ...
-Аадар бороо, цас зуд, холын эрэлд л юу юм гэхээс биш юм юманд би л явна. 14 настай байхдаа Модонгийн зоо хүртэл адууны эрэлд явж л байсан.
-Модонгийн зоо гэдэг нь хэдэн км юм?
-Дундговь аймгийн Дэрэн сумын наад руу. 14-тэй хүүхэд 100 их гаруй км явсан юмуу даа.
-Адъяа Алдартын адуу ямар угшильтай байсан бэ?
-Манай ажаагийн том ах Аюуш гавьж гэж хүн 1938 онд баригдсан юм билээ.1920-иод оны үед Гавьжийн дамжаа барьж л дээ. Би андуураагүй бол Гандан Балжир гавж гэгчтэй цуг дамжаа барьсан юм болов уу даа. Дамжаа барина гэдэг нь эрдмийн цол хамгаалахын нэр. Тухайн үед хоёр хоёроороо дамжаа барьдаг, нэг нь ном талаа, нөгөө нь аж ахуй талаа дагнадаг. Гандан Балжир гавьж аж ахуй талаа дагнасан юм болов уу. Тухайн үед гавьж болж байгаа хүн их том найр наадам хийдэг байж. Тэр найранд Угтаалаас Балжир гуайнх адуугаа тууж ирээд гүү барьж л дээ. Түүнийг нь ажаа тууж ирсэн гэдэг юм. Тэр адуунаас зөв урд хөл бэлэвсэн соёолон зээрд үрээ, дөрвөн халтар байдастай авч үлдсэн нь Орлой адуу байж. Дөрвөн гүүний нэг нь унагатай ирсэн бөгөөд 1925 оны баяр наадамд шүдлэн үрээ уяж, улсад долоод давхиулж, Товлой хээр хэмээн нэрийдсэн байдаг. Ингэхээр манай адууны суурь нь Орлой болж байгаа биз. Түүний дараа манай эцэг 1942 онд Талбулагийн морин заводаас нэгдүгээр үеийн эрлийз өндөр хээр байдас худалдаж авсан байгаа юм. Зөв талаас нь унагыг нь хөхүүлээд буруу талаас нь саадаг өндөр хээр гүү байсан. 1956 оны зуднаар 16 хүрээд үхсэн. Тэр хээр гүүний төл хэдэн сайхан хул морь, хэдэн бор гүү манайд үлдсэн. Аав, ижий хоёр маань нөгөө морьдыг унаад наадамд явахаар улс их л хардаг байсан. Манайх ийм л адуутай айл байж.
Ажаа маань улсын наадамд 1942 онд азарга түрүүлгэж, 1949 онд бор соёолон айрагдуулж байсан. Шарын бор хэмээх тэр бор азарга сонин түүхтэй. Учир нь манай нутгийн “галзуу” Лувсандорж гэж хүн Эрээнцавд мал тууж яваад буцахдаа Галшараас нэг даагатай гүү аваад хөтлөөд ирэхгүй юу. Дагаж ирсэн бор үрээг шүдлэнд нь уясан олигтой давхисангүй. Хязааланд нь уясан мөн л давхисангүй. Сумын наадмуудад шүү дээ. Тэгээд хязаалангийнх нь намар манай эцэг дөрвөн сувай гүү, гурван унагатай гүү, гурван тэмээ нийт 13 толгой малаар авч соёолонд нь уяад улсад таваар давхиулсан юм. Галшараас ирсэн болохоор нь тэгдэг үү, эсвэл  галзуу шарын бор гэж байгаа юмуу тодорхойгүй. Тийм нэг жижигхэн бор азарга улсын наадамд 10 дотор олон ч удаа орсон доо. 1956 оны улс хувьсгалын 35 жилийн ойгоор 11-д давхисан байдаг. Нөгөө алдарт Одон, Бөгөн, Дэрэн хонгор, Шийтэрийн зээрдтэй уралдаад...
-Та хурдан морь унаж байв уу?
-Долоотойгоосоо хурдан морь унасан. Улс хувьсгалын 30 жилийн ойгоор Өнжүүлийн наадамд даага унаад нэгийн удаа орж байлаа. Намайг хурдны морь унаж байхад манай морьд улсын наадамд нэг их айрагдаагүй ээ. Сүүлд их сургууль төгссөний дараа нэг хээр даага аман хүзүүнд давхисан. Ажаа маань хуучин болзлоор нэг түрүү, гурван айргийн амжилтаар улсын Алдарт уяач болж байсан.
Өнгөрсөнөө санагалзаж, ирээдүй үедээ итгэлгүй ханддаг нь хүн төрөлхтниы араншин
-Хүүхэд ахуй цагийн дурсамж тод үлддэг. Тэр үеийн наадмыг зураглаач?
-Би 1951 оноос хойш Буянт-Ухаагийн болон Хүйн долоон худагийн наадмыг тасралтгүй жар гаруй жил үзлээ. Хойно сурч байсан дөрвөн жилээс хоёрт нь ирээгүй. Мөн нэг жил Хэнтийн Дадалын наадмыг үзсэн. Тэр үеийн наадам цэргийн парад, танк, нисэх онгоцны үзүүлбэртэй байлаа. Намайг морь унахаас арай өмнө азарга, их насаа Буянт-Ухаад ирж уралдчихаад буцаад Айдасын даваа давж, Түргэний голд очиж буугаад хоёр, гурван хоногийн дараа эргэж ирж бага насаа уралдуулдаг байсан гэнэ лээ. Тэр хооронд цэргийн жагсаал, үзүүлэх сургууль болж, онгоцны бөмбөгдөлт, танкийн давшилт үзүүлдэг байжээ. 1936 онд улсын 15 жилийн ойг 15 хоног тэмдэглэж байсан түүхтэй. Гуулин хөгжим дуугараад л алтан шаргал хувцастай улс наранд гялалзаад л хачин гоё харагддаг байж билээ. 7-р сарын 11-нд зөвхөн азарга уралдана. 12-нд их нас,  соёолон, 13-нд гурван бага нас уралдана. Энэ стадион баригдаагүй, морио тэндээ цоллоно. Бөхөө ч тэндээ барилдуулна. Сураа одоо засмал байгаагийн хойхно харвана. Наадамчид тойроод л бүгдийг нь үзчихдэг. Морь ч цөөн, хүн ч цөөн. Улсын хүн ам цөөн болохоор хотод  ч цөөхүүлээ байж. Одоо бол хүн ам гурван сая хүрсэн нь юм юман дээр мэдэгдэж байна. Наадам болоход л манай ах дүү, хамаатан садангийн залуучууд ирээд гэр дүүрч, уяан дээр бужигнаж байна.
-Яагаад энэ асуултыг тавьсан бэ гэхээр “дээр үеийн наадам л их сайхан болдог байж” гэж халаглах хүмүүстэй олон таарах юм?
-Өнгөрсөнөө санагалзаж, ирээдүй үедээ итгэлгүй ханддаг нь хүн төрөлхтний араншин. 2000 жилийн өмнө Сократын бичсэн бүтээлд “цаашид энэ дэлхий ертөнц яана даа” гэсэн санаа байдаг. Одоо Египетийн пирамид дотор шаантаг бичгээр бичсэн дурсгал дунд ийм санаа байдаг гэнэ лээ. Тэгэхээр аль эрт 2000 жилийн тэртээгээс хүн төрөлхтөн хойч үедээ итгэл муутай явж иржээ. Миний хамгийн сайн мэддэг жишээ байна. Цог генерал манай нутгийн хүн байлаа. Тэр хүн “надаас хойш энэ арми яана даа” гэж бүр үнэхээр харамсан ярьдаг байсансан.
-Нэг үе сургууль, соёл гээд мал ахуйгаас хөндийрсөн  байх?
-За бараг үгүй дээ. Хичээлдээ ч явна, малдаа ч явна. Их сургуульд сурч байхдаа ч зуны амралтаараа ирээд ажаатайгаа морь уялцана. Сургууль төгсөөд аймагт ажилласан. Манайх төвөөс долоо, найман км зайтай юм чинь хавар адуугаа дэллэнэ, хөөвөрлөнө, зун бол өдрийн цайнаараа очоод мориныхоо ажлыг хийчихнэ. Адуу малны ажлаас ер хөндийрөөгүй дээ. Энэ нь миний нэг онцлог байх, ойр нутагтай хүний ч онцлог юмуу.
-Ингэхэд та ямар сургууль төгссөн юм бэ?
-16 настай 10 дугаар ангиа төгсөөд, МУИС-ийн сэтгүүл зүйн ангид элсэн орсон. Бид анхны төгсөгчид. Сургуулиа төгсөөд нутагтаа очиж, аймгийнхаа сонины нарийн бичгийн даргаар ажилласан. Бичиг цаасны ажлаа дуусгачихаад ажаадаа очиж тусална. Тийм байдалтай дөрөв, таван жил ажиллаад 24-тэй цэрэгт татагдсан. Хөгшин цэрэг надаас офицерууд их юм асууна. Яагаад гэхээр тэр үед их сургууль төгссөн дээд боловсролтой цэрэг олон байсангүй. Тэндээсээ шууд Батлан Хамгаалах Яаманд ирж, дэслэгч цолтойгоор “Ардын арми” сэтгүүлийн дараа нь “Улаан Од” сонины нарийн бичгийн даргаар ажилласан. Энд мөн л 4,5 жил ажиллаад Москвад Цэргийн улс төрийн академид очиж, дөрвөн жилийн дараа төгссөн. Ийнхүү дотоод, гадаадын хоёр дээд сургууль төгсөөд ирэхээр арай л холыг хардаг болдог юм билээ. Анхны их сургуулиа төгсч хөдөө дөрвөн жил ажиллахдаа аймгийнхаа сониныг мэргэжлийн түвшинд гаргаж, та бүхний сайн мэдэх “Түмний эх” номоо  бичсэн. Түүний зэрэгцээ  гадаадын аль нэг их сургуульд сурах ёстой юм байна гэдгийг ойлгосон.
-Яагаад тэгж бодсон юм бэ?
-Тэр үед дотоодод дээд сургууль төгссөн хүн ямагт хоёрдугаар эгнээнд явдаг байлаа. Цэргээс хойшоо сургуульд явж болмоор санагдаад цэрэгт явж байхгүй юу. 1980-аад оноос эрдмийн зэрэг хамгаалах хэрэгтэйг ойлгосон. Тэгээд “БНМАУ-д соёлын хувьсгал ялахад армийн үүрэг” сэдвээр эрдмийн зэрэг хамгаалахаар бэлдэж эхэлсэн. Гэвч яг хамгаалах гэхээр зав  гардаггүй. Явсаар 1990 онтой залгаж, нөгөө сэдвээ орхисон. Ингээд багаас мэдэх, өөрөө ч сонирхолтой хурдан морины сэдвийг сонгосон.
-Ямар сэдвээр докторын зэрэг хамгаалсан билээ?
-“Монголчуудын хурдан морины соёл, түүхэн уламжлал” сэдвээр. Үндсэндээ гурван жил гаруй нухаад, тэтгэвэртээ гараад л  хамгаалсан. Тэтгэвэртээ гарахаасаа өмнө арга зүйгээ батлуулж, шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэнгийн төлөвлөгөөнд оруулаад авчихсан байсан юм. Залуу багаас толгойд явсан, бараг бэлэн гэмээр сэдэв л дээ. Дээр нь нэмээд түүх, угсаатны зүйн судалгаа хийж үзээд Бадамхатан доктор удирдан эрдмийн зэрэг хамгаалах зөвлөлийн хурлаар орж байлаа. Түүхийн хүрээлэнгийн эрдмийн зэрэг хамгаалах зөвлөлд Ишжамц, Жамсран, Далай, Санждорж, Нямбуу нарын дан мундаг докторууд багтаж байсан. Тэд хурдан морины талаарх энэ сэдвийг их дэмжсэн. Ер нь Монголчууд олон мянган жил адуу эдэлж ирэхдээ энэ чиглэлийн асар баялаг туршлага, мэдлэг хуримтлуулж, их соёлыг бүтээн хөгжүүлжээ. Гэвч үүнийг цаасанд буулган хадгалсан нь тун бага. Данжуурын 219 дүгээр боть, морины шинжийн хэдэн арван судар... гэсхийгээд л... Энэ их мэдлэг, туршлага, соёлыг танин мэдэхүйн зохих түвшинд цаасан дээр буулгахыг би бичиг үсэгт бузгай тайлагдсан хүний хувьд өөрийн үүрэг гэж үзжээ. Хурдан морины талаар миний хийсэн ажлын тэн хагас нь энэ байх. Нөгөө хэсэг нь хурдан морины уралдааныг хөгжүүлэх, дэлгэрүүлэх чиглэлээр хийсэн зохион байгуулалтын ажил бизээ.
-Хурдан морины уралдаан сурвалжлах ажлаа хэзээнээс эхэлсэн юм бэ?
-Аймгийнхаа сонинд ажиллаж байх үеэсээ.1967 онд “Үнэн” сонинд Төв аймгийн Өндөр довонд болсон сунгааны тухай мэдээ бичиж байлаа. Тэр сунгаанд Дамдингийн хүрэн азарга түрүүлж байсан юм. 1971 оноос телевизээр улсын наадмын хурдан морины уралдааныг тайлбартайгаар нэвтрүүлж эхэлсэн. Телевизийн Дорж, Бадрах гэдэг хоёр найз маань надад хандсан юм. Бид гурав элбээд энэ ажлыг эхлүүлж байлаа. Одоо бол телевиз бүхэн л морины уралдаан шууд дамжуулдаг, сайхан болжээ. Тэр үеэс л хурдан морины уралдааныг журамлая, цэгцлэе гэдэг асуудал дэвшүүлж,  хэд хэдэн нийтлэл бичиж төвийн сонинуудад гаргаж байлаа.
-Ямар асуудлыг хөнддөг байсан юм бэ?
-Улсын баяр наадам гэдэг мөртлөө Төв аймгийн хэдхэн сумын морьд л уралдаж байна. Сэргэлэн сум наадам хийхгүй, аймаг наадам хийхгүй. Тэнд уралдах морьд улсын наадамд ирж уралдаад айраг, түрүүг нь авч байна. Энэ байдлыг өөрчилье, бүх аймаг сумдын хурдан морьдыг хамруулахуйц зохион байгуулалтыг хийе гэх юмуу, хурдан морины комисс дэндүү назгай  байна, хариуцлагатай болгоё гэхчилэн бичнэ л дээ. Тэр үед Лодойдамба гуай Соёлын яамын дэд сайд байсан. Их насны морь Шувуун фабрикийн наад талаас эргэдэг байсан. Эргэх газраасаа хоёр гурван км наана явж байтал гэнэтхэн морио зогсоо гэлээ. Яаж зогсох вэ дээ. Хүүхдүүд буцаад пархийтэл эргэчихсэн. Лодойдамба гуайн санаа болохоор яг дөрөв хагаст Буянт-Ухаа дээгүүр түрүү морь давж ирэхээр зохицуулах байж. Тэгэхийн тулд арваад минут хүлээлгэх гэж байхгүй юу. Энэ мэтчилэн асуудлыг л хөнддөг байсан даа. Сүүлд хурдан морины салбар комисст 10 гаруй жил ажиллалаа. Хүн нэг юман дээр арван хэдэн жилээс илүү болоод хэрэггүй байдаг юм. Их удахаараа зогсонги байдалд ордог гэмтэй.
-Морин уралдааны замыг өөрчлөх тухай санаачлагыг таныг гаргаж байсан гэдэг юм билээ?
-1990 хэдэн онд “Яармагийн дэнжид уралдаж болохоо байлаа, Төв аймагт аваачъя. Тэнд очвол тийм толгойн араар тэгж даваад, тэнд татъя” гээд “Үнэн” сонинд бичсэн.  Ингэж арав гаруй жил бичиж, ярьж байж одоогийн Хүйн долоон худагт хийхээр болсон юм. Нэг сонин зүйл хэлье л дээ. Долоон хошуу даншиг наадам гэгчийг Хүйн долоон худагт хийдэг байхад тэр хөндий улаан, хөх халзтай гэрээр дүүрдэг байж. Тэндээс нь нүүлгээд Яармагийн дэнжид хийдэг болоход эрээн майхнаар дүүрсэн.  Харин эргээд Хүйн долоон худагт нь хийдэг болсноос хойш ахиад улаан халзтай гэрүүдээр дүүрлээ. Тэгэхээр энэ хөндий бол арга байхгүй Монгол түмний цэнгэлийн орон юм.
Уяачдын холбоо байгуулахад үүсгэн байгуудагчид идэвхитэй оролцсон
-ММСУХ хэмээх өнөр бүлийг үүсгэн байгуулагчдын нэг нь та. 21 жилийн тэртээх түүхээс хуваалцаач?
-Хэдэн хүн сууж байгаад л холбоо байгуулчихсан юм шиг хялбараар ярьдаг л даа. Тийм биш юм. Дүрэм, журам боловсруулах, зохион байгуулалтаас эхлээд маш их ажил байсан. Тухайн үед би тэтгэвэрт гаралгүй ахиад 4-5 жил ажиллах боломжтой байсан. Хэрвээ тэр хугацаагаа дуусгасан бол өнөөдөр нэлээд өндөр тэтгэвэр авах байлаа. Гэтэл манай нөхдүүд “уяачдын холбоо байгуулмаар байна, чи л ирээч” гээд болдоггүй. Надаас өөр дүрэм журам, бичиг цаасны ажлыг зохицуулах хүн байгаагүй юм болов уу. Саналыг нь хүлээж аваад, ММСУХ-ны дүрмийг боловсруулж улсын прокорурын орлогч байсан Чойжамцангаар хянуулахаар бүүр II эмнэлэгт хэвтэж байхад нь очсон. Түүнээс өмнө социализмын үед Дугарсүрэн генерал, Дамдинсүрэн гуай, Намын Төв Хорооны хэлтсийн орлогч эрхлэгч Ёндонсүрэн нартай хамтран Монголын хурдан морины уралдааны дүрмийг боловсруулж байлаа. Түүн дээрээ тулгуурлаад ММСУХ-ны болон Монголын хурдан морины уралдааны дүрмийг боловсруулж уяачдын анхдугаар их хурлаар батлуулж байлаа. Ний нуугүй хэлэхэд 2001 оноос хойш хурдан морины уралдааны болон  холбооны дүрэмд өөрчлөлт орсонгүй. Их хурлаар зохион байгуулалтын асуудал ярьсаар байгаад дүрэм, журмаа орхигдуулаад байна.
-Нээрэн дүрэм журам гэх мэт гол зүйлийн талаар ярьдаггүй юм байна шүү?
-1994 онд надад анх холбоо байгуулах тухай санал тавиад 1995 оны хавар Монголын их уяач Гал гуайн гал голомт, отрын бор гэрт хуралдсан. Тэнд “Монголын хурдан морины уралдааныг жалга довны хэмжээнд барихгүй ээ. Та нар санхүүжүүлж чадвал улсын хэмжээний буюу Монголын бүх аймаг, сумыг жигд хамарсан бодлого боловсруулаад хэрэгжүүлж чадна” гэдгээ хэлсэн. Тэд хөрөнгө санхүү дээр санаа зоволтгүй л гэсэн. Тэгээд Их хуралд бэлтгэх комисс байгуулахаар боллоо. Тэр орой ярьсан зүйл ердөө л энэ. Өнөөдөр олон хүн ММСУХ-г үүсгэн байгуулалцсан гэж ярьж байна л даа. Тэдний ихэнхи нь ганц үг ч дуугараагүй, толгой дохиод л сууж байсан. Харин их хуралд бэлтгэх зохион байгуулах хороог байгуулахад Баттөмөр, Пунцагбалжир, Ганбат, Даваахүү нар нэлээд идэвхитэй оролцсон шүү. Ингээд зохион байгуулах бэлтгэл хороон даргаар Пунцагбалжир, нарийн бичгийн даргаар намайг сонгож, 20-иод хоногийн дараа ММСУХ-ны анхдугаар их хурлыг хуралдуулж байлаа. Тэр үед би төвийн сонины эрхлэгч байсан хүн чинь бүх аймгууд руу үнэгүй ярьдаг порольтой. Түүнийгээ ашиглаад аймгууд руу ярьж мэдээлэл дамжуулсан. Аймаг болгонд морины төлөө гэсэн сэтгэлтэй идэвхтэй  1-2 хүн байдаг. Тэр бүгдийг би таньдаг мэддэг, тэдэндээ дуулгасан. Тухайн үед “Монгол адуу” нийгэмлэгийн Завхан, Хэнтий, Говь-Алтай зэрэг аймгийн салбарууд сайн дураараа манай холбооны салбар болж байлаа.
-Анхдугаар их хуралд бүх аймгийн төлөөлөгчид хамрагдаж чадсан уу?
-19 аймгийн төлөөлөл оролцсон.
-Салбар холбоодоо байгуулахын зэрэгцээ бүсийн уралдааныг зохион байгуулж эхэлсэн?
-Бүсийн уралдааныг зохион байгуулна гэхэд Даваахүү, Буяндэлгэр, Пунцагбалжир, Баттөмөр гээд л манайхан цөмөөрөө итгэхгүй байсан. Шинэ юм хүний сэтгэл зүйн саад, бэрхшээлүүдтэй тулгардаг шүү дээ. Тэд бүү хэл Ардын их хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан миний багш хүртэл “Хүү минь чи радиогоор ярьж, сонинд бичээд л байх юм. Завханд морь уралдуулах гээд хэн морь хөтлөөд явж байхав дээ” гэж байсан. Тэгэхээр нь “Үгүй ээ багшаа тэнд чинь морь малтай, уядаг хүлдэг, уралддаг улс бий шүү дээ” гэсэн “Тэгвэл ч болно л доо” гэж байсан юм. Ний нуугүй хэлэхэд Буянт-Ухаад болдог уралдаанаа “улсын” гээд дээр, дооргүй итгэчихсэн байсан л даа. Тиймээс би газрын зураг харж байгаад Завханы Дөрвөлжин, Дундговийн Сайхан-Овоо, Булганы Хишиг-Өндөр, Сүхбаатарын Түмэнцогт сумдыг сонгож анхны бүсийн уралдаануудыг хийж болох юм гэж төсөөлж байлаа. Энэ бол бүр 1992-1993 оны үед юм. Тэгээд Завханы Дөрвөлжин сумын намын үүрийн дарга Цэрэндуламтай утсаар ярихад “Манай морь уралдах газар сайхан” гэсэн. “За чи битгий наанаа цуу тараагаарай” гэсэн нөгөөх чинь хүмүүст ярьчихгүй юу. Уяачид ч их дуртай байсан гэдэг. Сархайрханы уралдааныг хийхэд Очирбат Ерөнхийлөгч их дэмжсэн юм шүү. Нутагтаа очиход нь хүмүүс “Ийм уралдааны сураг гараад байна” гэхгүй юу. Тэгсэн Очирбат гуай Сархайрхан дээр гараад “Хурдан морь тавихад ёстой нэг сайхан газар байна даа” гэсэн байгаа юм. Яагаад тэгж хэлсэн бэ гэхээр өмнө нь би “Монгол адуу” нийгэмлэгийн дэд дарга байсан Дамдинсүрэн гэдэг Завханы хүнтэй хамт Очирбат гуайтай уулзчихсан байлаа.
-Сархайрханд бүсийн уралдаан хиймээр байна гэдгээ хэлсэн юм уу?
-Манай Очирбат Ерөнхийлөгч чинь сартуул хүн шүү дээ. Сархайрхан гэдэг бол сартуулууд анх цугласан газар гэдэг домогтой. Тэр үед сартуул хүн Улсын Их Хурлын дарга байлаа. Тэгэхээр сартуулынхан цугларах сонирхол бас байна биз дээ. Түүн дээр нь дөрөөлөөд санал тавьчихгүй юу. Анхны энэ бүсийн уралдааныг “Монгол адуу” нийгэмлэгийн хүчээр хийсэн юм шүү.
-Уралдааны бай шагналыг амлаж байснаараа Пунцагбалжир агсан хариуцсан уу?
-Пунцагбалжирын орлогч залуугийн эцэг Дамдин гэж Хөдөө аж ахуйн сургуулийн багш, Завханы хүн л дээ. Тэр утгаараа хүү нь нэг мотоцикль өгсөн. Бусдыг нь сартуулууд өөрсдөө даасан. Дараа нь болсон  Есөнзүйлийн даншиг ч ялгаагүй өөрсдөө зардлаа даасан. Дэлгэрийн даншгийн тухайд МУ-ын Алдарт уяач Пүрэвдорж моринд жигтэйхэн элэгтэй хүн л дээ. Тэр хүн хариуцан зохион байгуулсан. Өвгөн ноёны уралдааны тухайд бол Санжаадорж санаачлаад урд нь хэд хэдэн удаа жижиг уралдаан хийчихсэн байсан юм.
-Санжаадорж ах бас нэлээд зүтгэл гаргасан дуулддаг?
-Тиймээ, мөн “Их хурд” уралдааныг зохион байгуулахаар болоход ихээхэн дэмжсэн юм шүү. Санжаадорж анх надад “Өвгөн ноёны талаар судалгаа хийгээд өгөөч” гэж хүсэлт тавьсан юм. Тэр нь нэлээд эртээ 1991,92 оны үед болов уу. Төв аймгаас миний машинд сууж ирэхдээ тийм санал тавьсан. Тухайн үед нь би “Миний судлах ч дээ, хаашаа юм бэ дээ” гээд бодож байсан. Харин яваандаа хурдан морины судалгаа хийгээд архивын материал шүүсээр аяндаа л тэр их хүний үйл хэрэг рүү ороод явчихсан. Өнөөгийн та бүхний гарын авлага болоод байгаа хурдан морины уралдааны цувааг тийнхүү гаргаж авсан юм. Зарим нэг нь намайг “архивын цуваа л яриад байх юм” гэсэн байдаг. “Мэддэгт мэргэн цоохор, мэддэггүйд эрээн цоохор” гэдэг л тэр дээ. Тэр олон жилийн цуваанаас маш их юм олж харж болдог юмаа. 
Бүтсэн ажилд эзэн олон
-XX-XXI-р зууны зааг үеийн Монголын хурдан морины уралдааны хөгжлийн бодлогыг та  боловсруулан тодорхойлж, хэрэгжүүлэн хэвшүүлжээ. Энэ бүхнийг Монголын уяачид, олон нийт сайн ойлгодог юм билээ. Энэ бодлогын хүрээнд шигшмэл хурдан морьдын “Их хурд” уралдааныг долоон удаа амжилттай зохион байгууллаа. Морины олимп хэмээгддэг энэ уралдааныг санаачлагч нь яг хэн юм бэ?
-Санаачлагч нь яг би юмаа. Зохиогчийн эрхийн гэрчилгээг нь би авсан. Тэр үед л бүгд л миний санаачилсаныг үг дуугүй хүлээн зөвшөөрч байсан. Одоо болохоор ганц нэг хүн өөрөөр ярьж явдаг сурагтай. Морины олимп гэдэг ч миний л үг. Бүтсэн ажил эзэн олонтой байдаг. Би бас дэндүү даруу зан гаргасан ч юмуу, нэг их ярьж байсангүй дээ. 1994 оны хавар холбоо байгуулах тухай бүр анх ярилцахад, улсын наадмыг гардан зохион байгуулдаг болох, морины музей байгуулах гэх мэт саналыг л ярьж байсан. Түүнээс Монголын морин уралдааны хөгжлийн бодлогын бүрэлдэхүүн хэсэг болохоор санаанууд гарч ирээгүй. Тэгээд би жил бодоод Монголын хурдан морины уралдааныг шинэчлэх 11 зүйлтэй хөтөлбөрийг үндсэндээ бие даан боловруулсан. Үүнийгээ ММСУХ-ны үүсгэн байгуулах их хурлын илтгэл хэлбэрээр гаргаж тавьсан. Өөрөөр хэлбэл уяачдын холбооны анхдугаар их хурлын илтгэлийг тавихдаа энэ бүх санааг дурдсан хэрэг. Үүнд бүсийн болон үндэсний хэмжээний уралдааныг зохион байгуулах, адууныхаа үүлдэр угсааг сайжруулах, уяачдадаа цол хэргэм олгох зэрэг гол санаагаа тусгасан. Түүнийхээ дагуу л явсан. Хэнтийн Дэлгэрхаанд анхны хаврын бүсийн уралдаанаа хийчихээд буцаж явахдаа Баттөмөрийн ах дүүгийнд ирээд, “Одоо Хархориндоо цуглаж уралдаанаа хийнэ байгаа та минь ээ” гэсэн бүгдээрээ инээлдэж байсан. Зарим нь бүр “Магнай ах зөнөөгүй биз дээ” гэж байсан юм шүү. Ер нь бол “Их хурд” уралдааныг хийтэл хүмүүс итгээгүй. Харин үүнийг хамгийн их дэмжсэн хүн бол Санжаадорж. “Их хурд” уралдаанаас сарын өмнө Хэнтийн уяачдаа аваад Хархоринд очоод буучихсан байсан. Тэр холоос морь уяад ирлээ гэхээр Хархориныхон ихэд шоолонгуй байсан гэдэг юм. Одоо бол Өвөрхангайнхны байдал арай дээрдсээн./инээв/
-Зохион байгуулалтаас гадна хөрөнгө санхүүгээ бүрдүүлэх гэдэг том ажил байгаа?
-Тэгэлгүй яахав. Сүүлд Хэнтий аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Жаргал “Монхангай” группийн захирал Сэргэлэнг дагуулж ирж Буяндэлгэртэй уулзуулсан. Сэргэлэн “хоёр УАЗ-469  машин гаргая” гэсэн. Ингээд хоёр 69 ороод ирлээ.
-Тэгж амласан нь хэзээ юм бэ?
-Гурван сард юмуу даа. Тэр үед Сэргэлэнгийн хийсэн бас нэг чухал зүйл бол дөрвөн сараас эхлээд долоон сар хүртэл бүтэн дөрвөн сарын турш, хагас, бүтэн сайн өдрөөр “Их хурд”-ын рекламыг цацсан. Тэрхүү зар сурталчилгааны зардалд сая төгрөг зарцуулсан гэдэг. “Их хурд”-ын тухай ярихдаа энэ хүнийг заавал дурдаж байх учиртай. Ингээд бүтэн таван сар хүний толгойд уячихаар бас итгэл төрдөг юм байна лээ. Дээр нь урд намар нь хандивын цайллага хийхэд Бат-Эрдэнэ Аварга нэг сая, Ажнайн Бат-Эрдэнэ гурван сая төгрөг гэх мэтээр амлачихсан байсан юм. Энэ мэтээр эртнээс бэлтгэсээр хүний санаанд ч буухгүй байсан тэр том уралдааныг хийсэн юм даа.
-Аймгуудын наадамд түрүүлж, айрагдсан морьдыг урилгаар оролцуулна гэдэг таны санаа юу?
-Тэгэлгүй яахав. Би одоогийн мөрдөж байгаа журмыг санаачилж байлаа. 1995 онд Уяачдын холбоо байгуулагдчихсан юм чинь 1995,96,97 оны гурван жилийн аймгуудын наадмын цуваа ирчихсэн. Тэрэн дээрээ  тулгуурлаад албан ёсны мандат илгээсэн юм, одоо харин урилга гэх болжээ. Тэр нь бас хүмүүст их нөлөөлсөн байдаг юм. Анхны “Их хурд”-д Дорнодоос бусад бүх аймгаас морь ирсэн. Гэхдээ анхны юм алдаа оноо байсныг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй. Говийн морьдод хангайн өвс таарахгүй, хангайн нарийн өвс иддэг морьдод Хархорин хавийн өвс таарахгүй. Үүнээс болоод хэд хэдэн морь эндсэн. Сүүлдээ уяачид маань энэ байдлыг мэддэг болоод ийш тийшээ уралдаанд явахдаа өвсөө хадаад явдаг болсон байна лээ.
-Анхны “Их хурд” уралдаан хэдэн төгрөгний төсвөөр бүтэж байсан бэ?
-Арваад сая төгрөг болсон байх шүү. Тэр үед Орост рублийн ханш унаад УАЗ-469  машин нэг сая төгрөгийн үнэтэй болчихсон байсан юм.
-“Их хурд” гэдэг нэрийг хэн өгсөн юм бэ?
-Би “Түмний эх” гэж санал болготол Сэргэлэн “Их хурд” гэж нэрлэе гэсэн юм. Яг түрүүлж хэлсэн нь Самданжамц л даа. “Их хурд” гэвэл яасан юм гэж дуугарахад нь Сэргэлэн “Их хурд” гэж нэрлэе гээд. Бид ивээн тэтгэгчийнхээ саналыг хүлээж авсан. Би уул нь улсынхаа түмний эхийг шалгаруулж байгаа юм чинь түүгээрээ нэрлэе гэж бодож байсан юм.
-Та хэдэн удаагийн “Их хурд” уралдааны зохион байгуулалтанд оролцсон бэ?
-Дөрвөн удаагийн “Их хурд” уралдааныг гардан зохион байгуулсан. “Их хурд” уралдааны учир утгыг хүмүүс одоо ч бүрэн ойлгоогүй байгаа юм. Яваандаа “Их хурд” маань Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан болох учиртай юм. Өнөөдөр “Их хурд”, даншиг наадам гэж хийгээд байгаа энэ л өдөр улсын наадмыг хийдэг болчих юм бол аймгуудаас шалгарсан зургаан насны морьд Үндэсний их баяр наадамд хүрч ирээд уралдчих бүрэн бололцоотой. Энэ чинь л жинхэнэ “Их хурд” болчих юм байхгүй юу.
-ММСУХ-ны нарийн бичгийн даргаар хэдэн жил ажилласан билээ?
-13 жил зургаан сар 10 хоног ажилласан. Энэ албаны хамгийн гол үүрэг нь холбооны бодлогыг боловсруулах бас хэрэгжүүлэх шүү дээ. Энэ хугацаандаа өөрийнхөө санаж зорьсон ажлуудыг хийж хэрэгжүүлсэн учраас залуучуудад  боломж олгох хэрэгтэй гэж үзсэн юм.
-Холбооны болон уралдааны дүрэм, журмаас гадна баяр наадмын тухай хуулийн ажлын хэсэгт орж ажилласан бил үү?
-Намайг дуудсан юм. Хурдан морины уралдааны талаар арай илүү гайгүй мэдэх нь намайг гэж бодсон юм байлгүй дээ. Түүнээс гадна би өмнө нь шагайн харвааны холбоог байгуулсан хүн шүү дээ. Шагай үндэсний тоглоом наадгай төдий байхад үндэсний спорт гэж хүлээн зөвшөөрүүлсэн хүн бол би. Монголын Биеийн Тамир Спортын Төв Зөвлөлийн хурлаар оруулж тийнхүү батлуулсан. Холбогдох хүмүүсээс нэлээд дэмжлэг авсан л даа. Биеийн Тамир Спортын Төв Зөвлөлийн даргаар ажиллаж байсан Дашдовдонг телевизийн шууд ярилцлагад орж байхад нь “Шагайн харвааг үндэсний спортын нэг төрөл болгож болохгүй юу” гэсэн асуулт тавьсан, “Ярилцаж болох юм байна. Энэ асуудлыг авч үзье” гэдэг юм. Тэгээд орлогч дарга Хөвсгөлийн залуутай нь уулзахад дэмжсэн. Тэр нь шагай харвадаг хүний хүүхэд л дээ. Тэгээд спортын цол зэргийн нэгдсэн ангилалд оруулж, жил бүр улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулан мастер, дэд мастерийн зэрэг олгодог болсон. Ингээд жигдрээд ирэхээр нь  мөн залуучууддаа хүлээлгэж өгсөн.
-Шагайн холбоог үүсгэн байгуулсан талаар дуулж байгаагүй юм байна?
-Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн цолны зарлигт гурван зүйлийг дурдсан байдаг юм. Тэрний нэг нь төр цэргийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд үндэсний үзэл санааг нэвтрүүлсэн. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хүндэт харуулын улаан, хөх алаг хувцсыг санаачилсан гэсэн үг. Би нэг хэсэг Батлан хамгаалах яаманд Армийн ар талын намын хорооны даргаар ажиллаж байлаа. Дөрвөн жилийн хугацаанд хийсэн миний нэг ажил энэ. Хувцсыг нь үндэсний хэв загварт оруулчихаар дуугардаг хөгжим нь ч тэр, алхаа гишгээ нь ч өөр болно биз дээ. Мөн бүх цэргийн хар сүлдийг бас санаачилж байлаа. Өөрийнхөө сониноор дамжуулан уриалаад 21 аймгаас захидлын дугтуйнд хийсэн туг туг дэл сүүлийг хүлээн авч байсан юм. Ингэж бүх цэргийн хар сүлд бүтсэн түүхтэй. Намайг ийм ажил хийгээд эхлэхээр, төрийн ёслолын албаныхан бас есөн хөлт цагаан тугийг санаачилж, “Монгол адуу” нийгэмлэгт захиалаад агуулахаас цагаан хялгас авчраад хийсэн. Хар сүлдийг хийхэд ирсэн дэл сүүлэн дунд гурван кг орчим цагаан дэл, сүүл байсан. Түүнийг нь Засгийн Газрын үйлчилгээ аж ахуйн хэлтсийн дэд дарга ирж авсан. Энэ бүхнийг төр хардаг юм билээ. Соёлын Гавьяат Зүтгэлтний цолны зарлигт энэ тухай дурдаад, цааш нь “...хурдан морь, шагайн харваа зэрэг үндэсний спортын уламжлалт төрлийг орчин цагийн нөхцөлд дэлгэрүүлэн хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг тань үнэлж...”хэмээн дурдсан байдаг юм.
-Хожмын өдөр тань шиг хийсэн зүйлтэй, хэлэх үгтэй байхсан гэж боддог юм?
-Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд бизнес хийсэн бол хүнээс нэг их дутахгүй л яваа байх. Гэхдээ би энэ хугацаанд Монголын хурдан морины уралдааныг хөгжлийн шинэ түвшинд хүргэхийг амьдралынхаа утга учир болгосоор ирсэн. Бизнес хийх нь надад эдийн засгийн хувьд илүү үр өгөөжтэй байх ч энэ ажлыг хийснээр нийгэмд түүнээс илүү үр ашиг өгсөн дөө! Ингэснээр би Монгол угсаатны өв соёлын нэгэн хэсгийг орчин цагт дэлгэрүүлэн хөгжүүлэхэд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулсан гэдэгтээ итгэлтэй байдаг. Наад зах нь л эрийн гурван наадмыг ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд бүртгүүллээ. 2005-2010 он хүртэл таван жил хөөцөлдөж байж бүтээсэн. Энэ мэтдээ сэтгэл их л өег явдаг шүү. Хэрвээ бизнес хөөсөнсөн бол мөнгөндөө л сэтгэл хангалуун явах байсан байх.
Дэлхийн хурдан морины уралдааны уудам орон зай, Монголчууд биднийг хүлээж байна
-Монголын хурдан морь хөгжлийн дээд шатандаа хүрсэн гэж хэлэх хүмүүстэй нэг бус удаа таарлаа. Та үүнтэй санал нэгдэх үү?
-Нийлэхгүй ээ! Дэлхийн хурдан морины уралдааны уудам орон зай, монголчуудыг хүлээж байна. Эхний уяач дэлхийд морио түрүүлгэчихлээ. Энэ бол Монголын хурдан морины хөгжлийн ирээдүй. Бид жаахан том харж, томоор сэтгэж сурах хэрэгтэй. Үндэснийхээ хүрээнд төдийгүй дэлхийн хэмжээнд... Монголчууд бид өөрийнхөө хурдан удмын адууг гаргаад түүгээрээ дэлхийд уралдаж, дэлхийд түрүүлэхийг хэн үгүйсгэх юм. Үүнийг бүтэхгүй зүйл гэж үзэж болохгүй. Цаг хугацаа хурдан өнгөрдөг. Зуун жилийн ч дараа ийм цаг ирж болно. Ийм том орон зай хүлээж байхад одоогийн амжилтандаа сэтгэл ханаж болохгүй.
-Монголын хурдан морины уралдааны цаашдын буюу хөгжлийн бодлогыг та хувьдаа хэрхэн тодорхойлж байгаа вэ?
-Эхлээд жаахан түүх яръя. Урьд олон зууныхыг болъё. 20-р зууныг авч үзэхэд хоёрхон удмын адуу их сайн хурдалсан байдаг  нь Галшар, Жаргалантын адуу юм. 20 дугаар зууны наадмуудын айраг, түрүүний бараг ихэнхийг нь авсан энэ хоёр удмын адуу хоёулаа сайжруулсан адуунууд. Хардэл жанжин бэйс шинэ үүлдрийн адуугаар цус сэлбэж байж Галшар адууг гаргаж авсан. Ямар ч зөрүүд хүн энийг хүлээн зөвшөөрнө. Муйхраар зүтгээд ердөө хэрэггүй. Өвгөн ноён өөрөө зураач хүн байсан. Өлгөр хүрэн, Номин цэнхрээ өөрөө зурсан байдаг. Тэдгээр нь яах аргайгүй цэвэр үүлдрийн болон сайжруулсан адуунууд байж. Үүнийг би санаанаасаа зохиогоод байгаа юм биш. Бүх юм баримттай. Өвгөн ноёны дотоод сүргийн 1915 оны дансанд Өлгөр, Номин хоёр тус бүр 10 гаруй гүү хурааж явсан баттай баримт бий. Өөрөөр хэлбэл энэ цэвэр үүлдрийн болон сайжруулсан цустай азаргануудыг үржилд идэвхитэй ашиглаж байжээ гэдэг нь тов тодорхой харагдаж байгаа юм. Үүнийг хэн бүхэн мэдэж л, үзэж л байгаа шүү дээ! Тэгэхээр Галшар адуу бол яах аргагүй цэвэр үүлдрийн адуугаар сайжруулсан Монголын хурдан үүлдрийн адуу юм. Галшар адуу 1895-1960-аад оныг хүртэл Монголд давамгай хурдалсан байдаг. Үүнийг тэр цагт нь буюу оргил үед нь тухайлбал өнгөрсөн зууны дунд үед үүлдрээр баталгаажуулах ёстой байсан юм. Гэтэл дөнгөж энэ жил үүлдрээр баталгаажууллаа. Оройтсон ч гэсэн зөв ажил.
1930-аад оны сүүлээр Монголд морин завод байгуулж, адууныхаа үүлдэр угсааг сайжруулах ажлыг төр засгаас анхаарч эхэлсэн. Энд ЗХУ-аас цэвэр үүлдрийн азарга, гүүнүүдийг хэдэн арав, зуугаар нь авчирч үржил селекцийн ажил зохион байгуулж байсан. Үр дүнд нь 1950-иад оны сүүл 60-аад оны эхээр Жаргалантын хурдан удмын адуу гарч ирсэн. 1966 онд ЗХУ-аас Буддённый үүлдрийн зургаан азарга авчирсан. Энэ бол Даш хурандаагийн хийсэн ухаалаг ажил. Жаргалант адуу үүгээр сэлбэгдээд бүр ч сайжирсан. Үүнийг манайхан Тойруулга адуу гэж нэрлэж заншсан. Энэ адууны нэгээс гуравдугаар үеийнхийг нь Даваахүү зэрэг хүмүүс сайн уяж, сайхан нэр цол олжээ. Энэ адуу ер нь үндсэндээ Монголын хурдан адууны үндсэн сайжруулагч болж орон даяар нэлээд тархсан. Орчин үед үүнээс салбарласан, нэмэн сайжруулсан хэд хэдэн угшиль үүсч байна. Үүний зэрэгцээ 2000-аад оноос эхлэн хувийн хэвшлийн залуучууд гадаадаас араб, англи үүлдрийн адуу оруулж ирж үржлийн ажил зохион байгуулж үр дүнд хүрч байна. Гадаадаас оруулж ирж байгаа адуу цөм паспорттой, угийн бичигтэйгээ байдгийг бид анхааран суралцах ёстой. Эдгээрээс шинэ монгол үүлдрийн адуу үүсэн бүрэлдэх зүй тогтол илхэн харагдаж байгаа юм. Энэ байдал бараг л бүх нийтийн хөдөлгөөн болон өрнөлөө. Ийнхүү, монгол адуун дээрээ суурилсан “Шинэ монгол“ үүлдрийн хурдан адуу гаргаж аваад, түүгээрээ уралдах нь Монголын хурдан морины уралдааны ирээдүйн төлөв, хөгжлийн стратеги болох нь нэгэнт ойлгогдож байна. Үүний хөдлөшгүй баталгаа нь өнгөрсөн зуунд Галшар, Жаргалант адуу гарган авч амжилттай үржүүлж, амжилттай уралдаж байсан бодит үнэн юм. Монгол уяачид өнөөдөр уралдах морьдоо өөрсдийн бодлогоор, өөрсдийн хөрөнгөөр буй болгож байгааг бид харж байна. Шинжлэх ухааны байгууллагууд үүнийг эсэргүүцэхийн оронд дэмжих хэрэгтэй, шинжлэх ухааны арга зүйгээр туслах хэрэгтэй.
-Эрлийзжүүлгийг сайшаадаггүй хэсэг бий. Монгол адууны удмын санд нөлөөлнө гэдэг...
-Түүн шиг худлаа юм байхгүй. Дэлхий дээр 200 орчим үүлдрийн 60 сая орчим адуу бий. Нэг үүлдрийн адууны тоо толгойг дунджаар аваад үз. Тэгвэл манай монгол адуу тэр дунджаас арав дахин олон тоотой. Монгол гурван сая адуутай. 2015 онд 3 сая 295 мянган адуу тоолуулсан. Жилд ойролцоогоор 200000-аад морь уяж уралддаг. Уяачид зөвхөн уядаг адуугаа л сайжруулах бодлого барьдаг. Тэр нь нийт монгол адууны дөнгөж зургаа, долоо орчим хувь. Ийм байхад язгуурын монгол адууны удмын сан эвдрэнэ гэж санаа зоволтгүй л дээ. Тэр улс дэмий, худлаа юм ярьж байгаа юм. “Шинэ монгол” адууны хурдлах чадвар сайн, бие нь товир сайхан, ааш зан номхон дөлгөөн. Энэ адууг сайжруулсаар дэлхийд  зөвшөөрөгдөх хэмжээнд хүргэж болно. 149 см-ээс намхан адууг пони буюу давжаа адуу гэдэг. Одоо манай Монгол адуу энэ ангилалд хамаарагддаг. Тэгвэл “Шинэ монгол” адууны нас гүйцсэн азарга морьд нь энэ хэмжээнээс өндөр болох бүрэн боломжтой. Галшар адууны сайхан морьд цагтаа есөн төө хүрч байсан. 1950, 60-аад оны үед ийм морьд олоон байсан. Одоо ч ганц нэг ийм сайхан азарга, морьд бий. Тэгэхээр Монгол адуу давжаа /пони/ ангилалд ордог ч түүн дээр суурилсан уралдааны зориулалттай “Шинэ монгол” адуу нь 150 ба түүнээс дээш өндөртэй, пони биш адууны ангилалд орох бүрэн боломж байгаа юм. Үүнийг бодитоор хэрэгжүүлэх зориг санаа л чухал.
Эрлийз адууг ялгаж уралдуулах саналыг 2002 онд анх Даваахүү гаргасан юм. Өөрөө насаараа тэжээл, тариа, эрлийз гурваар “Монголыг дийлсэн” хүн шүү дээ! Ийм санал гаргасан учир нь түүний хувийн амбицтай холбоотой.
“Эрлийз, Монголоор нь ялгаж болно. Би чадна” гэсэн хүн нь Самданжамц. Одоо “чадаж байгаа”-г нь хар л даа.
Хязааландаа монгол байсан нь соёолондоо эрлийз, хавар нь эрлийз байсан зун нь монгол болоод л... чухам юуг үндэс болгож ялгаж байгаа нь ч ойлгомжгүй. Албан ёсны хууль эрх зүйн үндэслэл байхгүй... ММСУХ үүнийг анхаараад аймгуудын салбартаа үүрэг өгөөд, аймгийн наадамд айрагдсан нас насны морьдыг нь хэмжүүлээд, сэрвээний өндрийг нь тогтоогоод “Уралдааны морины стандарт”-ыг Улсын стандарт хэмжил зүйн газраар тогтоолгон батлуулан мөрдөх гэхээр шүүхээр цуцлуулчихдаг... энэ бол туйлын буруу хандлага. Сунгаанд хурдан байгааг нь наадмын уралдаанд эрлийз гээд хасчихаад байдаг явдал газар авлаа. Олон нийтийг талцуулж, хурдан морины уралдааныг хэрүүлийн талбар болгож байгаа, Монголын нийгэмд бодитой тулгарч байгаа энэ асуудалд мэргэжлийн байгууллага буюу малын улсын үржлийн алба анхаарах цаг болсон. тэгэхдээ хэдхэн хувь хүний амбицаар биш, өнөөдөр хэний морь түрүүлэхийг чухалчилж бус, олон янзын эрх ашгийг жигд харгалзан үзэж, олон нийтээрээ дагаж мөрдөх боломжтой, монголын хурдан морины уралдааны хөгжлийн ирээдүйг харж, шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэрлэх хэрэгтэй. Бид юуны өмнө уядаг, уралддаг адуугаа паспорттой болгох нь чухал. Энэ бол дэлхийн жишиг. Бид хуучинтайгаа зууралдалгүй, зоригтой санаачлагатай ажиллан энэ жишигт хүрэх ёстой.
220-иод сумаар явж уяачидтай уулзсан байдаг
-Ингэхэд та хурдан морины талаар хичнээн ном бичсэн бэ? Хөдөөгүүр явж байхад таны номны дагуу уяачийн эрдэмд шамдаж байна гэх хүмүүс олон таардаг.
-10 гаруй ном бий. Хамгийн анхны бүтээл болох “Түмний эх” ном маань хоёр удаа хэвлэгдээд нэг ширхэг ч үлдээгүй. Анх 1970 онд хэвлэгдээд, олон түмний хүсэлтийн дагуу 1989 онд ахин хэвлэгдсэн. Батмөнх дарга баруун аймгаар явж малчидтай уулзаж  байхад  ““Түмний эх” гэдэг номыг дахин хэвлэж өгөөч” гэсэн санал гарчээ. Хамт явсан улс нь тэмдэглэж аваад үлдэж. Дараа нь зүүн аймгаар явж байхад нь тэр хүсэлтийг малчид уяачид дахин тавьжээ. Тэгэхээр нь Батмөнх дарга “Энэ ямар ном байна вэ” гээд Намын Төв Хорооны үзэл суртлын хэлтсийнхэнд үүрэг даалгавар өгөхгүй юу. Төв хорооны үзэл суртлын хэлтсийн хэвлэл ном хариуцсан Эдиквай гэдэг казак залуу байсан. Би сонины эрхлэгч учраас өдөр болгон шахуу тэрүүгээр орж ажил төрөл ярьдаг байлаа. Тэгсэн нөгөөх чинь “Чи нөхөөр ямар ном бичсэн. Олоод ир” гэнэ. Бүх номын сангуудаар хайсан, олдоогүй. Тэгж байтал манай нэг ажилтан залуугийн  эхнэр нь төв номын санд ажилладаг гэхээр нь асуулгасан. Төв номын сангийн архивт зургаан ширхэг байна гэнэ. Тэндээс л арын хаалгаар шахуу нэгийг олж аваад өгвөл хоёр хоноод ахиад дуудлаа. “Сарын дотор нэмэн засварласан хоёр дахь хэвлэлээ хэвлэлтэнд шилжүүл” гэж үүрэгдэв. Ингээд 18,19 жилийн дараа жаахан засвар хийгээд шилжүүллээ дээ. Тэр үед нэг ном хэвлэлтээс гарах гэж жил гаруй болдог байсан юм.  Тэгэхэд “Түмний эх” маань хоёр сарын дараа буюу яг наадмын өмнө худалдаанд гарсан. Миний бичсэн номноос хамгийн олон хэвлэгдсэн нь “Уяа эвлэг, морь хурдан”.  2004 оноос хойш 10 дахь удаагийн хэвлэл нь одоо Өвөрмонголд гарч байна. Монголд есөн удаа хэвлэгдсэн.
-Сүүлийн үед ямар бүтээл туурвиж байна вэ?
-Гадаадын уншигчдад зориулсан “Монголын хурдан морины уралдаан” гэдэг ном бичлээ. Англи хэл дээр хөрвүүлчихвэл ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Сэргэлэн хэвлэж өгнө хэмээн амласан. Удахгүй гаднын уншигчдын хүртээл болох байхаа. Би дан ганц хурдан морины тухай ном бичдэггүй. Мэргэжлийн болон орчуулгын хэд хэдэн ном хэвлүүлсэн.
-Та Монгол орныхоо хэдэн аймгаар явж, хичнээн уяачидтай уулзаж ярилцсан бол?
-Манай зээ хүү орос сургууль төгсөөд Италид дөрвөн жил сурсан нөхөр бий. Би 16,17-тойд нь нэг удаа ярилцаж байтал Замын-Үүдийг тээр баруун урдруу байдаг ухааны юм ярьж байна. Тэгэхээр нь “Чи ч бүр баларч яваа хүн байна даа. Монгол орноо ч мэдэхгүй. Газрын зураг аваад ир” гэтэл гараад номын дэлгүүрээс аваад ирлээ. Тэгээд зааж өгөөд тайлбарласан залуу хүн дороо л тогтоож байна. Тэгснээ надаас асууж байнаа. “Та 21 аймгаар явсан уу?”, “Явсаан. Баян-Өлгий, Увс хоёроор л товчхон, товчхон явсан. Бусдаар нь олон явсан”. Ингэж хэлээд явсан сумаа тоолтол 220-иодоор нь орчихсон байна лээ. Уяачидтай уулзахын тухайд аймгуудын уяачдын зөвлөгөөн хийхэд эхэндээ 40,50-иад хүн цугладаг байсан бол сүүлдээ 100-гаад хүн цугладаг болсон. Өнгөрсөн жил Хөвсгөлд очиход аймгийн соёлын ордон нь дүүрчихсэн байсан. Ингээд тоолбол өндөр тоо гарах байхаа.
-Уулзсан уяачдаас хамгийн гүн тод дурсамж үлдээсэн нь хэн бэ?
-Миний бичсэн 10 гаруй ном бол уулзаж ярилцаж байсан тэр уяачдын л юм шүү дээ. Тэдэн дундаас хамгийн их тод дурсамж үлдээсэн нь нэрт уяач “Ангасай” хэмээх Банзрагч. Би тэр хүнийг “багш” гэдэг. Тэр үеийн хүмүүс худлаа хэлнэ гэж байхгүй.  Яг л үнэнийг ярина. ”Түмний эх” номонд орсон Хэнтийн баримтууд бол цөм Банзрагч гэдэг хүний ярьсан түүх. 1970 онд хэвлэлтэнд өгөөд дараа жил нь гар дээрээ авсан. Тэр жил Банзрагч гуайн саарал азарга улсын наадамд түрүүлээд. Би нэг шил “Арарат” конъяк, нэг номтой очиж байлаа. Энэ мэтчилэн чиний уулзаж амжаагүй олон сайхан буурлуудтай уулзсан даа. Шийтэрийн зээрдийг уяж байсан Жамц гуайтай манайхан гэрээрээ их дотно байлаа. Дашням гуай, Гомбодорж гуай, Донойн Цэгмид гуай гээд л ухаантай буурал өвгөчүүлтэй уулзаж ярилцаж явлаа. Тэдний ихэнхи нь бага залуудаа том жижиг орон хийдэд шавилан сууж байсан, буддын гүн ухааны гүнзгий боловсролтой хүмүүс байсан даа. Түүнчлэн амьд сэрүүнд нь уулзаж чадаагүйдээ харамсч явдаг хэдэн уяач бий.
-Тэдгээр нь хэн бэ?
-Өвгөний Батбуян гэдэг хүнтэй уулзаж чадаагүй. ”Залуучуудын үнэн” сонинд морины тухай бичихэд Батбуян гуайн нэр орохгүй юу. Тэгсэн Батбуян гуай нутгийн залуу Жанлаваар дамжуулан “Надтай нэг уулзаасай” гэж хэлүүлсэн байсан. Залуу байхад юманд хайхрамжгүй ханддаг байж дээ. Уулзана даа гэсээр яваад, чадаагүй ээ. Түүндээ одоо ч харамсч явдаг юм. Очоод уулзсан бол их  юм ярих байсан байхаа. Өөр нэг хүн бол Дулаан Дамдинжав гуай. Тэднийхний Сүрэнжав гэж сумын намын үүрийн дарга байсан хүнтэй хуралд цуг суугаад хоёр өдөр яриулсан. Гэхдээ Дамдинжав гуайтай уулзаж ярьсан бол бүр л нарийн юм ярих байсан байх. Гэхдээ Дулаан гуай “Би Баярмагнайтай уулзсан” гэж хүнд ярьсан байдаг юм, хөөрхий. Гурав дахь нь Дундговийн “мухар” Гармаа. Тэр хүнтэй уулзаж чадаагүй. Манай Батлан Хамгаалах Яамны үүдний харуулд зогсдог дадайсан жоохон цэрэг байсан юм. Нэг удаа Гандан дээр явж байтал нөгөө цэрэг таараад “Би Гармаа гуайнд ороод ирлээ. Охин нь энд оюутан юм. Гармаа гуайнх тэр утаа гарч байгаа яндантай айл” гээд зааж өгсөн. Тэр үед яамны офицерууд эргүүлд гардаг байсан. Эргүүл хийж байж яаж айлд ороод суухав дээ. Тэгээд л чадаагүй. Энэ гурван хүнтэй уулзаж чадаагүйдээ жаахан харамсч явдаг даа. Би “Түмний эх” номоо биччихээд ажаадаа үзүүллээ. Тэнд манай нэг бор азарга ийм байсан юм гээд биччихсэн байсан юм. Тэгсэн ажаа  “Энийг тэгж бичиж болохгүй, өөрийнхөө юмыг хэрэггүй” гээд болиулсан. Манай эцэг иймэрхүү л хүн байсан юм. Надад хоёр юм хэлсэн. “Миний хүүгийн уясан морь явахгүй ч байж магадгүй ээ. Яагаад гэвэл чиний худлаа ярих чинь дэндээд байх юм. /Ном бичихийг манай ажаа худлаа ярих гэж үзэж байна л даа/ /инээв/ Хүн нэг юмаар хоёр нэр олдоггүй юм. Чи ном бичээд жаахан нэр олчихсон юм шиг байна” гэж билээ. Гэхдээ “хусуур хавчуулж морины сүүл боож яваарай. Удмын юмыг тасалж болохгүй шүү” гэж хэлсэн юм.
Нутгийн дүүгийн буянаар сүүлийн хэдэн жил хонгор үрээнүүдээрээ сайхан л наадаж байна
-Өнгөрсөн жил Ганган хонгороо айрагдуулсан. Өнөө жил бас нэг хонгор соёолон арваар давхиуллаа. Сүүлийн үед морьд чинь гайгүй давхиад л байна даа?
-Тиймээ, насаараа л морь гэж явлаа. Нас дээр гарч. Би чинь одоо 73-ны жил орж яваа хүн шүү дээ. Саяхныг хүртэл би өөрөө л уяан дээрээ гардан хөөцөлдөөд гүйдэг байлаа. Одоо бол чадахаа байсан. Нутгийн дүү Онон надад “Та одоо морь уяад бүтэхгүй нь ээ. Манай дээр ирээд буучих” гэсэн юм. Өөрийгөө багаасаа морь унаж уралдсан, уячихна гэсэн чинь бүтдэггүй ээ. Би дэндүү хуучны арга барилтай байж. Одоо адуу ч өөр болж, уяаны дэг сургууль ч ихээхэн өөрчлөгдөж. Миний залууд хоёрхон сунгаатай, найм, есөн хөлстэй, найм, есөн тартай уралддаг байлаа. Одоо гэтэл үндсэндээ дөрвөн сунгаатай уралдаж байна. Адуу нь байлаа ч гэсэн хуучин дэгээр уяад амжилт гаргахгүй болжээ. Ийм дүгнэлт хийгээд Ононгийнхоо хаяанд бууж, адуунд нь хэдэн гүү тавьсан. Хоёроос нь л гайгүй давхилтай юм гарах байдалтай.
-Танд хүмүүс адуу бэлэглэж байсан нь лавтай. Тэдгээрийгээ авсан уу?
-Адуу ав гэсэн зоргоор нь бүгдийг нь хөтөлж авчраад байсан бол миний адуу 1000 хүрэхгүй юмаа гэхэд нэлээд олон зууд хүрэх байсан байх. Хүн адуу бэлэглэхэд би “за” л гэдэг. Гэхдээ очиж авч байгаагүй. Бүр “өгье” гээд хөтөлж авчраад адуунд тавьсан цөөн хэд нь жинхэнээсээ минийх болсон байх. Харин нэг их том уяач, нэг арга хэмжээн дээр надад адуу бэлэглээд нэг их урт ерөөл тавиад байсан. Би ч худлаа хэлж байгааг нь гадарлаж л байсан. Сүүлд “Нөгөө адуугаа авъя” гэсэн чинь харин “Намайг зүгээр л амлачихаарай гэсэн шдээ” гэдэг байгаа. Ийм хүн ердөө ганц л таарсан. Манай зээ хүү багаасаа намайг дагаад уяан дээр өссөн хүн. “Та яагаад морь уяхаа байчихав. Мориноос огцом хөндийрлөө, би яах юм” гэдэг байсан. Өөрөө ч бас завгүй хүн юм. Гэхдээ сэтгэлээс нь уяатай байдаг шиг байгаа юм. Уржнан Сэргэлэн сумын 90 жилийн ойгоор Онон даагануудыхаа нэгийг таны нэр дээр мордууллаа гэж байсан. Тэгсэн тэр нь түрүүлээд ирэхгүй юу. Манай хүүхдүүд хөөрч, баярлаад хийрхээд сүйд. Тэгээд жаахан байж байсан чинь Онон орж ирээд “За хонгор халзан даага таных шүү” гэж байна. Мөн тэр жил Аварга тосонд шавар тавиулаад амарч байсан Довдонбалжир утасдаад “Аймгийн зүүн бүсэд таны үрээ түрүүлээд, минийх аман хүзүүдчихлээ” гэнэ. Тэгсэн хонгор халзангаас нэг ах үрээг Ононгийн шавь Дашпүрэв гэж залуу уяад түрүүлгэжээ. Онон хавар хэдэн үрээ хашаандаа авчраад уячихсан байхад нь Дашпүрэв “Онон ахаа би танай үрээнүүдээс нэгийг нь уяая” гэсэн юм  билээ. “Тэг тэг” гэсэн харж байгаад хонгор үрээг барьж авч л дээ. Тэр жилээ Баян сумын 90 жилийн ойд арван хэдээр ороод, Алтанбулагт Төв аймгийн баруун бүс болоход зургаалсан юм билээ. Тэгээд сүүлд аймгийн зүүн бүсэд уралдаад түрүүлсэн. Ингээд 2014 онд би хоёр түрүү хүртсэн. 2015 онд суманд хязаалан түрүүлгэсэн.
-Хонгор голдуу адуугаар нааддаг юм биз дээ?
-Тэгсэн ноднин хавар таны нэг гайгүй даага байна гэж Ононгийн бага хүү Болдоо хэлэхгүй юу. “Дааган бие нь аятайхан, ер нь аятайхан адуу болох шинжтэй” гэнэ. Сунгаанаар нь манай хүү ч яваад, зээ хүү ч яваад сүртэй олуулаа үзэх юм боллоо. Тэгсэн даага маргааш нь сунгах байж. Тэгээд ажилтай улс чинь буцаад ирэхгүй юу. Маргааш нь асуусан “түрүүлсэн” гэж байна. Хоёр гурван эрлийз даага, хоёр гурван шүдлэн явсан үзүүр дээрээ ирээд тэднийгээ дийлээд түрүүлж байна гэнэ. Би яахав аймагт уралдчихъя. Улсад юу бараа аж дээ гэж бодоод хязаалангаа мордуулсан нь зургаалчихлаа. Дараа нь даагаа мордуулсан нь хасчихлаа. Ононгийн тамгатай юм болохгүй л гэнэ. Уул нь Тойруулгын угшилтай л юм. Хагас зуун жилийн өмнө 1966 онд орж ирсэн Буддёный азарганы зургаа дахь үеийн төл. Хараажаар монгол л доо. Даанч цэвэрхэн, товирхон л адуу. Улсын наадмын даага 12-нд уралддаг шүү дээ. Улсад мордуулчихмаар санагдаад Ононтой ярьсан “тэгэлгүй яахав” гэж байна. Тэгээд хүүхдүүдэд хэлж бүртгүүлээд мордуулсан чинь айрагдчихсан. Айрагдсаных нь дараа танай сэтгүүл их сайхан нэр өгсөн шүү дээ. “Ганган хонгор“ гэж. Хүмүүс их гоё хийцтэй адуу юм гэдэг учраас түүгээр нь нэрлэж байгаа. Энэ жил уяан дундуур ханиагаад, улсад мордуулаагүй, жаал эмчилгээ хийж эдгэрүүлж байгаад аймагт мордуулсан. Хэд дахин хэмжиж байгаад гаргасан. Таваар давхисан. Нөгөө улсад арваар давхидаг нь дөрвөлсөн. Насны бөгсөнд энэ мэтчилэн сайхан л наадаж байна. Намайг наадуулж байгаа хүн нь манай уяач аав, хүү хоёр. Нийслэлийн Алдарт уяач Дашпүрэв, түүний хүү Ариунбаяр. Хуучны Гунгаабазар гуай гэж бүх хүний мэдэх уяач байсан даа. Тэдний хүргэн, зээ хүү хоёр.
-Танай хүүхдүүд моринд нэлээд сонирхолтой бололтой.
-Би ганц хүүтэй. Хүүгээ Хэнтийн Дадалд байдаг хэдэн адуу руугаа  дагуулж очоод заагаад, зүслээд, тамгалаад өгчихсөн. Цаашид хэрхэн нь хүү, ач хүү хоёрын асуудал. Зээ хүү маань миний хэдэн адууны эзэн болох байх. Манайхны уяачийн удам миний үед л лав тасарсангүй. Яваандаа яахыг нь үр ач, зээ нар л мэдэх хэрэг.
-Уяачдын холбооны өнөөдрийн ажил үйлсийн талаар ямар сэтгэгдэлтэй байдаг вэ?
-Монголын бүх уяачдын нэгэн адил сэтгэл нэн ханамжтай байдаг. Маш зөв хүмүүсийг сонгосондоо баяртай явдаг. Сэргэлэн даргыг зургаа, долоон жил дэргэдээ дагуулж яваад хүний нь мөн чанарыг танин мэдээд “ Миний босгосон ажлыг цааш нь хөгжүүлээд явж чадна” гэсэн итгэл төрсөн юм. Алдаагүй. Хийсэн ажил нь тодорхой юм чинь энд нуршаад яах вэ. 4000 морины уралдаан, 11000 морьтны жагсаал, холбоо маань дэлхийн болон азийн морин уралдааны холбооны гишүүн болсон... гэх мэт.
Энэ хүний мэдлэг, туршлага хэрхэн аривжиж, сэтгэлгээний цар хүрээ нь ямар хэмжээгээр өргөжин тэлж, энэ хүн ажил албаны хувьд хэрхэн өсөж өндийж байгааг би төдийгүй монголын уяачид, монголын олон нийт бэлэхнээ харж байна.
Эцэст нь хэлэхэд энэ удаа би өөрийгөө жаахан ярьчихлаа. Тэгэх нь ч зөв болов уу, тэгэхгүй бол нэгдүгээрт, бүтсэн ажлын эзэн олон, хоёрдугаарт, ахмад үеийн хийсэн бүтээсэн зүйлийг одоогийн залуу үеийнхэн мартах, үгүйсгэх хандлага нэлээн үзэгдэж болжээ.
Гэхдээ энэ бүх ажлыг ММСУХ-ны тэргүүлэгчдийн хүчээр ялангуяа бизнесч залуучуудын дэмжлэгээр аймгуудын салбар холбоодын түшиг тулгууртайгаар, монголын бүх уяачдын сайхан сэтгэлийн эрч хүчээр хийж бүтээснийг онцлон тэмдэглэе.
-Бидний урилгыг хүлээн авч цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.
-Баярлалаа.

А.Тэлмэн

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.