Сумын Алдарт уяач Г.Сүхбаатар: Эзэн хичээвэл заяа заавал хичээдэг

А.Тэлмэн
2016 оны 11-р сарын 15 -нд

Хэнтий аймгийн Биндэр сумын уугуул, сумын Алдарт уяач Г.Сүхбаатарын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Аргагүй адууны нутаг юмаа. Сайхан ч адуутай юм?
-Баярлалаа. Галшар, Баянхутаг, Биндэр гээд аймгийнхаа аль гайгүй гэсэн сумдаас адуу цуглуулсан.Сүхбаатараас ч 3-4 азарга авсан.
-Ямар удам угшилтай адуунууд авав?
-Гүний Гомбосүрэн гэдэг хүний адуунаас халзан азарга авсан. Ангасай Банзрагч гуайн хүрэнүүдийн угшилтай ухаа азаргыг Ичинхорол гуайгаас авсан. Баянхутагаас болохоор Уртын Дамдинжав гуайн адууны угшилтай сайхан халиун азарга авч байлаа. Сүхбаатар аймгийн Халзан сумын Буйр гэж өвгөний адуунаас хээр азарга бас бий. Тэгээд сум орон нутагт гайгүй давхиж байсан Лувсангомбо, Зайран Гомбо, Хуузын Рэнцэн нарын адууны угшилаас ч авсан. Зайран Гомбо өвгөний буурал азарганы төл буурал азарга манай суманд арав гаруй айрагдсан адуу.
-Ер нь хэдий үеэс хурдан морь сонирхон цуглуулж байгаа юм бэ?
-Цэргээс халагдаж ирээд гэхээр 1980-аад оноос болж байна уу даа. Хүүхэд ахуйдаа Хуузын Рэнцэн, Онин Гомбо, Өвгөн Жамсран зэрэг нутгийн уяачдын морийг унадаг байсан. Хуузын Рэнцэн гэдэг хүн чинь хурдан зэгэл адуутай. Тэднийх нь угшил энэ хавиар их тарсан шүү. Та бүхэн андахгүй байлгүй. Цэнгэлийн саарал азарганы чинь эх тал нь Рэнцэн гуайн адууны гаралтай гэж яригддаг юм. Би тэдний хурдан ухаа азаргыг нь унаж байлаа. Өвгөн их нарийн уяатай, моринд мэдрэмжтэй хүн байсан шүү.Морь уяна гэдэг морьтойгоо ярьж байна гэсэн үг. Энэ моринд ямар ажил хийвэл зохимжтой вэ гэдгийг өдөр өдөрт нь морины хоо нүднээс нь, биенээс нь, өнгө зүснээс нь харж хийдэг ажил гэнэ. Тэгээд өөрөө морьдоо маш их ажиглана. Тэр өвгөнөөс их зүйл сурсан шүү.
-1980-аад оноос морь эхэлж уясан гэсэн. Анх ямар адуу уяж уралдуулсан бэ?
-Нэгдэл нийгмийн үед хувьд адуу мал цөөн байлаа. Ижий маань нэгдэлд адуугаа нийгэмчлээд ганц алаг гүүтэй үлдэж. Тэр гүүнээс гарсан хонины алаг морь байсан. Тэрийгээ бараг уялгүй шахуу унаж байгаад сонгуулийн наадам, бригадын өдөрлөгт тавьчихаар айрагдчихаад байдаг. Түүнд нь урамшаад л морь уяж эхэлсэн дээ. Алаг гүүний угсааны нэг буурал азарга одоо бий. Тэр маань соёолонгоосоо эхлээд сумандаа тувт айрагдаж байгаа.
-Уяачийн өм нээгдэхээр айраг, түрүү тасардаггүй гэдэг. Таны тэр оргил үе хэзээ байв?
-1990-ээд оны үеэр Мөнгөн угшилтай ухаа азаргаа нэлээн олон айрагдуулсан. Ойрын хэдэн жил буурал азарга, хээр азарга хоёр маань сайхан давхиж байна.Ноднин сумын 90 жилийн ойд таваар давхиад энэ жил Хэнтий аймгийн наадамд очоод эхний таван азаргатай нэлээн уралдаж байгаад ойрхон ирж суугаад 24-т орсон. Ер нь л ойрын жилүүдэд адуу их нааштай байгаа. Энэ жил суманд шүдлэн үрээ маань гуравласан. Бас энд бэсрэгхэн наадамд түрүүлсэн.
-Аймгийн баяр наадмаас айраг, түрүү авч байв уу?
-Аймгийн наадмаас аваагүй. Хойд бүсийн наадамд ноднин шүдлэн үрээгээ аман хүзүүдүүлсэн.Ер нь аймгийн чанартай наадамд явж үзээгүй байгаад өнгөрсөн өвөл нэг удаа очсон нь тэр. Тэгээд үрээгээ арван хэдээр оруулчихаад, зун нь шүдлэн, азарга, соёолонтой очиж дундуур давхиулсан. Цаашдаа адууныхаа багцааг үзье, аймаг руу наадъя гэж бодож байгаа.
-Тэгвэл сумын баяр наадмаас хичнээн айраг, түрүүтэй болоод байна?
-Асартай наадмаас арваад түрүү, хориод айраг авсан байх.
-Хамгийн холдоо хаашаа явж наадаж байв?
-Хурхын сангийн аж ахуйд очиж ухаа азаргаа түрүүлгэсэн. Мөн Батширээт рүү очиж айраг, түрүү нэлээдийг авсаан. Батширээт чинь гайгүй сайн адуутай. Ангасай адуу, Мөнгөн гэдэг адуу чинь энд их тарсан л даа.
-Адуу малны наймаанд сайн бололтой. Их морь үнэтэй дуугараад хорин саяар өгчихсөн л гэж байна. Харин Мөнгөн хүрэний төлийг хэдээр авсан бэ?
-1990-ээд оны үе шүү дээ.Тэгэхэд гурван тугалтай үнээ, гурван морь, 30 мянган төгрөг өгөөд авч байсан. Тэр үедээ давгүй л үнэтэй байсан. Тэрнийхээ ашгийг ч гаргасан, олон айрагдсан.
-Танайх харьцангуй олон малтай айл бололтой.
-Таван мянга гаруй толгой малтай. Ноднин дөрвөн мянга гаруй толгой мал тоологдсон. Манай аймаг мянгат малчин олонтой. Хэдэн жилийн өмнө аймагт хониороо хоёрт, адуугаараа гурав, дөрөвт явж байсан. Ойрын хэдэн жил хаагуур явж байгаагаа ёстой мэдэхгүй байна. Тун дээхнүүр байгаа байх л гэж боддог.
-Хэдэн хоньтой вэ?
-Энэ жил хонь маань гурван мянга гарсан. Дөрвөн айл маллаж байна. Адууг нэг хүн л маллана. Малчид маань түрүүчээсээ мянгат болоод тусгаарлаж байна.
-Малаар урамшуулах уу?
-Бог малын хувьд тухайн жилийн шинэ төлийн 50 хувийг өгөхөөр гэрээ хийдэг. Цалин мөнгө гэхээсээ илүү тэр хүнээ малжуулахыг чухалчилдаг. Мөнгө бол яахав үрэгдээд л дуусна. Мал бол тэр хүнд цаашдын зорилго зорилт бий болгоно шүү дээ.
-Санал нэг байна. Малынхаа ч ашиг шимийг нэмэгдүүлэх тал дээр хэр анхаардаг вэ?
-Сүхбаатараас хуц, ухна авчирсан. Ер нь байнга л малынхаа үүлдэр угсааг сайжруулах тал дээр анхаардаг. Харин бод малын хувьд арай өөр жишиг баримтална. Жишээлбэл адуучиндаа ямар нэг хорогдолгүй бол сардаа нэг, жилд 12 даага өгөхөөр тохирсон.
-Хэдэн үхэртэй вэ?
-Ноднин 300 гаруй үхэр тоолуулсан. Энэ жил 350-иад үхэр байгаа. Хонь голдуу, ямаа мянга гаруй бий.
-Ашиг шим, ноос ноолуураа яаж авах уу?
-Ноолуураа би өөрөө авдаг. Ноолуураа тусгай улсаар самнуулаад ноолуурын ханш хэд байна, тэрнийхээ 10 хувийг нөгөө улсдаа өгдөг. Зундаа үнээ малаа малчдаараа тараагаад саалгачина.Сааль сүүг нь авдаггүй. Ноос, ноолуураа бол тухайн үеийнх нь ханшаар борлуулаад, махаа Дэнжийн мянга, Хүчит шонхор уруу явуулчихдаг.
-Та анх уяа эхэлж байх үед мал цөөн, ээжийн минь нэртэй ганц гүү байлаа гэж ярьсан. Харин өнөөдөр аймагтаа дээгүүрт ордог олон малтай болжээ. Энэ амжилтанд хүрэхэд тань юу нөлөөлсөн бэ?
-Нэгдлийн хувьчлалаар гайгүй мал авсан л даа. Ижий маань нэгдэлд малаа нийгэмчилсэн, олон жил ажилласан гэдгээр эргүүлээд мал авсан. Би ч нэгдэлд 30-аад жил ажилласан шүү дээ. Анх 90-ээд мал авсан тэр маань их нэмэр болсон.
-90 толгой малыг 5000 гаруй болгож өсгөнө гэдэг асар их хөдөлмөр. Цаг агаарын хүчин зүйл, сүүлтэй сүүлгүй чоно нохойн асуудал гээд мал, малчин хоёрт саад тотгор хаанаас мундах вэ. Энэ бүхнийг хэрхэн даван туулсан бэ?
-Эзэн хичээвэл заяа заавал хичээдэг. Хүн чинь ямар нэгэн юманд хичээж байж л үр шимийг нь хүртэнэ шүү дээ. Би ч нэг хэсэг борви бохисхийхгүй ажилласан. Сүүлийн үед ядардаг ч болж, өөрөө ч амаръя гэж бодож байгаа. Тэгээд уржнангаас эхлээд малчидтай болж малаа гэрээ түрээсээр тараагаад өгчихсөн. Тэгээд л уяа морьддоо анхаарч байгаа нь энэ.
-Танайх хэдэн хүүхэдтэй вэ?
-Хүү, охин хоёртой. Охин сургуулиа төгсчихсөн, “Талх чихэр” компанид менежер хийдэг. Хүү маань өнгөрсөн жил ХААИС төгсөөд нутагтаа ирсэн. Тусдаа айл болсон, энэ жилээс мал ахуй тасалж өгнө. Цаашдаа энэ хүнийг л харна даа.
-Хүү морь мал уях уу. Хүүгийн нэртэй адуунууд байна уу?
-Уяна. Нэрний нь адуу ч байна. Энэ өвлөөс өөрийн гэсэн юмыг нь өгье гэж бодоод байна. Хүү моринд дуртай. Мэдрэмж тал дээр нь суралцуулна даа. Гайгүй ганц нэг морь өөрийнх нь нэр дээр уралдуулаад айрагдаад ирэхээр хүн чинь өөрийн эрхгүй хорхойтой болдог юм.
-Сүүлийн үед томоохон бизнесмэнүүд уяач, хурд нь танигдсан адууг үнэ цохиж аваад уралдуулдаг болсон. Танд ч бас бэл бэнчингээр хурдан адуу авъя гэвэл боломж байна. Танд тийм бодол төрдөг үү?
-Би өөрийнхөө адуугаар л уралдана гэж боддог. Тэртэй тэргүй би хангалттай юм цуглуулсан. Морь гэдэг чинь ерөнхийдөө эзэн, морь хоёрын тохироо таарсан байхад л хурдална шүү дээ.
-Таны сэтгэлд хоногшсон хамгийн сайхан наадам хэзээний ямар наадам бэ?
-Анх Алтаргана наадамд ухаа азаргаа аман хүзүүдүүлж байлаа. Тэгэхэд тун их баярлаж билээ. Түүнээс өмнө том наадамд айраг авч байгаагүй. Суманд бол адуу айрагдаж, түрүүлдэг л байсан. Миний бас нэг жаахан хээр азарга бий. Жаал хээр гэдэг юм. Тэр азарга сумандаа алсын зайтай түрүүлж байхад бас их сайхан байлаа. Манай сум чинь баруун хөтөл дээгүүрээ зайтай шүү дээ. Миний хээр азарга даага байхдаа түрүүлж ирэхэд арын даага нь бараг хөлсийг нь хусаж байхад орж ирсэн. Ер нь морь давхиад ирэхэд хүн урам ороод л, баярлаад, нойр хүрэх нь ч бага л болдог юм.
-Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна