Аймгийн Алдарт уяач Л.Батбаяр: Унаган хар мориороо урамтай сайхан наадаж байна

А.Тэлмэн
2016 оны 11-р сарын 16 -нд

Увс аймгийн Зүүнговь сумын уугуул, аймгийн Алдарт уяач Л.Батбаяртай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Удам дамжсан уяачдын нэг юм байна. Яриагаа аавын тань талаарх дурсамжаас эхэлье?
-За тэгье ээ. Миний аав аймгийн Алдарт уяач Лхагваа гэж хүн байлаа. Хурдан бор хээр морь  нь олон түрүүлж, айрагдаж аавын маань нэрийг гаргасан. Бас нэг хурда шархал морь байсан. Аав маань азарга, их нас, соёолон буюу дээд гурван насны морьдын уяаг илүүтэй тааруулдаг. Амжилтын ихэнх нь дээд насны морьдын айраг түрүү эзэлдэг. Би мэдээж багадаа аавынхаа уясан морийг унаж хурдлуулдаг байсан. Бас ч үгүй сайн унаач гэгддэг байсаан. 
-Сайн унаач уяачийнхаа гарааг хэзээ эхэлсэн бэ?
-Хурдан моринд томдоод л ер нь морь уясан даа. 16-тай л байсан байх. Анх аавыгаа дагаж, аавдаа тусалдаг байсан бол 2000 оноос өөрөө бие даан морь уясан. Тэгээд долоон жилийн дараа буюу
2007 онд аймгийн Алдарт уяач цолоо авсан даа.
-Аав хүү Алдартууд юм биз дээ?
-Тиймээ. Миний бага морьд аймаг, сумын наадамд хэд хэд айрагдсаан. 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор аймгийнхаа баяр наадамд хар морио түрүүлгээд, дараа жилийнх нь хавар аймгийн бүсийн уралдаанд таваар давхиулсан.
-Аймгийн баяр наадмын хоёр айрагтай юм  байна?
-Тиймээ. Хар морио аймгийн наадамд нэг түрүүлгэж, гурав айрагдуулсан.
-Хэд хэдэн онд юм бэ?
-Хязааландаа түрүүлээд, соёолондоо аман хүзүүдсэн. Нөгөө хоёр нь аймгийн хаврын бүсийн уралдааны айраг. Тэгээд 2011 онд баруун бүсийн наадамд уяж байгаад хөлийг нь эвгүй болгочихсон юм.
-Хар морь танай унаган адуу юу?
-Тийм. Эцэг, эх хоёр нь хоёулаа манай аавын адуу. Эцэг хар азаргыг нь аав бас уяж л байсан.
-Гарч уралддаг уяачдын нэг гэсэн. Хаашаа явж байв?
-Ер нь нэлээд явна шүү. Гурван ч даншигт наадчихлаа. 2008 онд Завханд болсон МУ-ын Алдарт уяач Нагааранзын халзан морины мялаалга наадамд очиж хар морио 15-д оруулсан. Түүний дараа Ховдод болсон баруун бүсийн наадамд очиж 26-гаар давхиулсан.
-Хар морьтойгоо л явсан уу?
-Тэгсэн.Тэр наадамд 300-гаад морь мордож, миний хар 26-гаар давхисан. Манайхан Ховд руу газар таардаггүй гээд тэр бүр явдаггүй. Уул хадтай газар болохоор манайхны морьд улдаад олигтой давхидаггүй талтай л даа. Өнгөрсөн жил олон сумын 90 жилийн ой тохиож. Нэлээн явсан. Сүүлийн үед хар мориныхоо төрсөн дүү халтар азаргыг бас уяж байгаа. Халтар үрээ даагандаа хоёр айрагдаж байсан юм. 
-Аль газрын наадам хамгийн сайхан болох шиг санагддаг вэ?
-Наадам болгон сайхан даа. Манай аймгийн тухайд сүүлийн жилүүдэд  гарааны төхөөрөмж  ашиглаж байгаа. Тэр нь хүүхэд моринд аль аль нь амар юм. Ганцхан хэцүү зүйл нь тэр тойрог л байна. Олон морь эргэвэл бас эвгүй л байх.
-Уяачийн амжилтанд унаач хүүхдийн хичээл зүтгэл ихээхэн чухал. Таны хар морь, халтар азаргыг ямар хүүхэд унаж хурдлуулж байна вэ?
-Тэгэлгүй унаач хүүхэд хамгийн чухал. Сайн хүүхэд морийг урагшлуулж, тааруу хүүхэд ухраадаг. Тиймээс морь түрүүлж, айрагдахад унаач хүүхдийн нөлөө аргагүй их л дээ. Хар морийг хязаалангаас нь хойш Эрхэмбаяр гээд манай нагацын хүүхэд унасан. Одоо томдоод туслах уяач болчихоод байна. Харин халтар азаргыг манай дүүгийн хүүхэд унаж байгаа. Аймгийн наадамд түрүүлэхэд  нь Баатаржав гуайн бор азаргыг унадаг Балжинням унасан юм. Зүүн бүсэд  бас өөр хүүхэд уналаа. Тогтсон нэг хүүхэдтэй болох гээд л  хичээж л байна. Манай өөрийн хүүхдүүд хэтэрхий бага байна л даа. Яваандаа унах л байх.
-Адууны чанрыг сайжруулахад хэрхэн анхаарч байна вэ?
-Энд тэндээс мал аваагүй ээ. Нутгаасаа  удмыг нь мэдэх айлаасаа ганц нэг үрээ авч л байна. Одоо харин зүүн аймгуудаас мал авдаг юм уу гэсэн бодолтой байгаа. Тэгээд нэг цус сэлбэхэд гэмгүй л байх.
-Тэгэлгүй яахав. Миний асуулт энэ хүрээд жаргаж байна. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж яваарай. Амжилт хүсье.
 -Баярлалаа. Та бүхний ажилд мөн амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна