“DDISH” ХК-ийн ТУЗ-ын гишүүн Д.Ганболд: Манай сумаас анх удаа төрийн наадамд морь айрагдаж байгаа нь энэ юм билээ

А.Тэлмэн
2016 оны 11-р сарын 22 -нд

АХ-95 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан шүдлэнгийн уралдаанд хонгор үрээгээ айргийн тавд хурдлуулсан Баянхонгор аймгийн Богд сумын уугуул, “DDISH” ХК-ийн ТУЗ-ын гишүүн Дэндэвийн Ганболдын баярын сэтгэгдлийг уншигч танаа хүргэж байна.
-АХ-ын 95 жилийн ой Үндэсний их баяр наадамд хонгор халзан үрээгээ айрагдуулж, хонгор нутгийнхаа нэрийг өргөсөн танд баяр хүргэе. Баярынхаа сэтгэгдлээс хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Халзан шүдлэн маань айргийн таваар хурдалж, анх удаа төрийнхөө баяр наадмаас айраг хүртлээ. Маш их баяртай  байна. “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулаад нийт Баянхонгорчуудадаа, тэр тусмаа Богдчуудадаа болон компанийнхаа нийт ажилчдад мэндчилгээ дэвшүүлье.
-Төрийн наадмын анхны хишгийг авчирсан халзан үрээгээ танилцуулаач?
-Эцэг нь Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул Пэрэнлэй ахын унаган хонгор халзан азарга. Надад бэлгэнд ирж байсан юм. Харин эх нь Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат, нийслэлийн Алдарт уяач Батболдын буурал гүү.
-Дааганаасаа уягдсан байлгүй. Өмнө нь ямар амжилт үзүүлсэн бэ?
-Өнгөрсөн жил даагандаа овоо тахилгын болон сумын наадамд түрүүлсэн. Өнөө жилийн тухайд анхны уралдаан нь улсын баяр наадам байлаа. Манай адуу Баянхонгор аймгийн Богд суманд байдаг юм. Наадмын өмнөх сунгаануудад халзан үрээ их хурдан байсан. Машины миллээр хэмжихэд 50 км/цаг байсан учраас тулгаж шийд гаргаад наадмаас хоёр хоногийн өмнө Хүйн долоон худагт ирсэн. Амралтгүй шахуу уралдсан гэхэд сайн давхиж, айрагдлаа.
-Эртхэн ирээд амраачихсан бол... гэсэн бодол төрж байв уу?
-Төрийн хишгийг чамлаж болохгүй. Тэр олон мориноос тав нь л айрагдаж байгаа шүү дээ.
-Уралдааныг нь хаанаас үзсэн бэ?
-Эрлийз хязаалантай ана мана уралдаад байсан болохоор дээгүүр давхичих болов уу гэсэн горьдлого байсан. Тиймдээ ч уралдааныг нь дагаж үзсэн. Гараад өнгөнд явсаар айрагдаж байгаа нь тэр.
-“Төрийн наадам эхэлсэн өдөр нутгийн үрээ айрагдлаа” гээд Баянхонгорчууд баяртай байгаа дуулдана лээ?
-Өө тэгэлгүй яахав. Маш олон хүн утсаар ярьж баяр хүргэсэн. Монголчууд бид бэлгэшээлт ард түмэн шүү дээ. Тэр утгаараа төрийн наадам эхэлсэн өдөр морио айрагдуулж, нутаг усныхаа нэрийг гаргасандаа маш их баяртай байгаа. АХ-ын 95 жилийн ойд Баян-Овоо сумын уугуул, Цэндийн  Энхтайваны хүрэн хязаалан айрагдаж, Хүрээмарал сумын уугуул Батбаатарын бор даага аман хүзүүнд хурдалж, хонгор нутгийн түмнээ баясгасан. Ер нь сүүлийн жилүүдэд манай Баянхонгорчууд амжилттай сайхан наадаж байгаа шүү.
-“Төв цэнгэлдэхэд хурдан хүлгийнхээ цолыг дуудуулж зогсох хамгийн нандин торгон агшин байдаг” хэмээн уяачид ярьдаг. Танд тэгж санагдав уу?
-Нутаг ус, аав ээжийнхээ нэрийг дуудуулах сайхан байлгүй яахав. Хамгийн гол нь манай сумаас анх удаа төрийн наадамд морь айрагдаж байгаа нь энэ юм билээ. Түүнээс өмнө манай сумын уугуул Дэлгэрдалайн халтар халзан морь АХ-ын 88 жилийн ойгоор долоолж байсан.
-Тиймээ, тэр жилээ Баянхонгорт болсон хангайн бүсийн наадамд түрүүлсэн?
-Бүсийн наадамд нэг түрүүлж, хоёр айрагдсан гэдэг байхаа.
-Хонгор халзан үрээний уяа сойлгыг ямар уяач тааруулдаг вэ?
-Баянхонгор аймгийн Богд сумын харьяат Сумъяа гэж залуу бий. Хөдөөгийн хөх уяачийн уясан морь төрийн наадамд айрагдаж болдогийн бас нэгэн жишээ энэ боллоо.
-Та анх удаа улсын наадамд оролцож байна уу?
-Өмнө нь ганц нэг удаа морь мордуулж байсаан. Гэхдээ айраг, түрүү авч байгаагүй.
-Эцэг хонгор халзан азарга нь уягдаж байв уу?
-Уягдаж байсан. Даагандаа Алтанбулаг сумын наадамд түрүүлж, шүдлэндээ ханиаднаас болоод өнжсөн. Хязааландаа Сэлэнгэ аймгийн 80 жилийн ойд аман хүзүүдээд, соёолон жилийнхээ хавар хөлөндөө бэртэл авчихсан юм. Одоо арваад гүү хураалгачихсан байгаа. Улсад айрагддаг хонгор халзан анхны төлүүдийнх нь нэг. Хойтонгоос бас хоёр үрээ уягдах байхаа.
-Халзан үрээ сумандаа уягдаж байгаад ирсэн гэсэн.  Аймаг орон нутагтаа хэрхэн наадсан бэ?
-Аймгийн баяр наадамд манай уяанаас таван морь айрагдсан байна лээ. Миний төрсөн ах Ганбатын азарга аман хүзүүдэж, уяачийн маань азарга гуравлаад, дүүгийн бор хязаалан аман хүзүүдэж, уяачийн шүдлэн дөрөвлөөд, миний даага түрүүлсэн.
-Сайхан нааджээ. Ах дүүс бүгдээрээ моринд дуртай юу?
-Бид эцэг эхээс арвуулаа. Түүнээс дөрөв нь морь уяна. Ганбат ах маань аймгийн Алдарт, Ганхуяг дүү маань сумын Алдарт уяач цолтой. Тайван, бид хоёр цол хэргэмгүй юмуу даа.
-Таны аав мөн хүлгийн хурд ирлэдэг байв уу?
-Аав маань залуудаа морь уядаг л байсан. Гэхдээ мал хуй ихтэй байсан учраас тэр болгон завддаггүй байсан байхаа. МУ-ын Гавьяат малчин хүн шүү дээ.
-Аавынхаа талаар жаахан дэлгэрэнгүй яриач?
-Миний аав Дэндэв Баянхонгор аймгийн Богд сумын нутаг Хөөвөрийн хаяагд төрсөн. Мал маллаж байгаад цэргийн албанд татагдаж, халагдаж ирээд багийн болон худалдаа бэлтгэл ангийн даргаар тус тус ажиллаж  байгаад 1990 оны хувьчлалаар хөдөө гарсан. Хонь, ямаа, монгол үхэр, адуу, сарлаг, тэмээ гээд зургаан төрлийн  мал маллаж,  2005 онд улсын Сайн малчин, 2011 онд МУ-ын Гавьяат малчин болж байсан. Аавын улсын Сайн малчны шагналыг гардуулж өгөхөөр ирсэн хүн “энэ үнэхээр сайн малчин байна” гэж байсан гэдэг. Яагаад гэхээр манай аав зүгээр суухыг мэддэггүй, туйлын хөдөлмөрч хүн. Малынхаа тоо толгойг өсгөхөөс гадна хашаа хороо гээд орчин тойрноо сайхан тохижуулна. Түүнийг нь харчихаад албаны хүн тэгж хэлсэн байх л даа. Ааваас маань үлгэр жишээ авч, тэр хавийнхан хашаа хороогоо сайхан засч, бусад аймаг сумынхан ч манай тэр хавийнхнаас туршлага судална гээд ирэх нь цөөнгүй байлаа.
-Бусдад хүртээмжтэй шинэ санаа байжээ дээ?
-Нуурын орчим сул чулуу ихтэй. Түүгээрээ мал тус бүрийн чулуун хороо, машины граш зэргийг барьсан нэлээд тохитой хот л доо. Манай аавын аав миний өвөө бас тийм их ажилсаг хүн байсан гэнэ лээ. Жин тээж ирчихээд ачаа бараагаа буулгаж ойр орчмоо эмхлээд, хамгийн сүүлд аргал хормойлоод гэртээ ордог байж. Миний  ээж ч ялгаагүй их хөдөлмөрч хүн. Манай уяач ч ялгаагүй их ажилсаг. Ер нь миний эргэн тойрныхон их хөдөлмөрч шүү.
-Хөдөлмөрч хичээнгүй хүмүүсийн дунд амьдрах урамтай биз?
-Сайхан байлгүй яахав. Тэр хэмжээгээр ажил үйлс бүтэмжтэй сэтгэл санаа өөдрөг байдаг юм. Ер нь хүн хөдөлмөрч, хичээнгүй чин шударга л байх учиртай. Би зөв сэтгэл гэдгийг хүн чанар гэж ойлгодог.
-Аав тань залуудаа морь уядаг байсан гэсэн. Ямар хурдан хүлгүүдтэй байв?
-Хүрэн морь нь сумын наадамд нэлээд хэдэн удаа түрүүлж, айрагдсан. Мөн сүүлд хүнээс авсан даага нь аймгийн наадамд түрүүлж байсан.
-Ингэхэд таны хувьд хэзээнээс морь уяж байгаа билээ?
-2001, 2002 оны үеэс юмуу даа. Тод манлай уяач Б.Билэгдэмбэрэл нарын найзууд маань адуу мал бэлэглэж суурийг нь тавьж байлаа. Харин яг идэвхтэй уясан нь 2010 он. Миний хувьд морь уяхаас гадна үржүүлгийн ажилд нэлээд анхаарч байна. Сүхбаатараас хэдэн гүү авсан. Бусдын жишгийг дагаад шинэ цагийн адуутай болох санаатай.
-Азарга сайтай юу?
-Пэрэнлэй ахаас бэлгэнд ирсэн хонгор халзан, Даваахүү Тод манлайгаас авсан хонгор халзан, Махбалын Салхин халтар, Баттулга сайдын хондон азарганы төлүүд бий. Тод манлайгаас авсан хонгор халзан азарга хязааландаа соёолонд уралдаад “Нийслэлийн хурд”-д түрүүлж байлаа.
-Бага насанд унаган адуугаараа нааддаг юм байна?
-Тийм шүү.  Сая аймагт түрүүлдэг даага, аман хүзүүддэг хязаалан манай унаган адуунууд. Ирэх жилээс 10 гаруй үрээ уягдана даа. 
-Унаган хүлгүүдээрээ урамтай сайхан наадаарай. Ярилцсанд баярлалаа.
-За баярлалаа.
А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна