“Тод магнай” сэтгүүлийн шинэ дугаар худалдаанд гарлаа

А.Тэлмэн
2016 оны 11-р сарын 22 -нд

Сар тутмын чөлөөт хэвлэл “Тод магнай” сэтгүүлийн шинэхэн дугаар худалдаанд гарчээ. Энэ удаад Монголын хурдан морины ертөнцөд цахиур хагалан, амжилт үзүүлж байгаа хийморилог уяачдыг урин оролцуулдаг “Тод магнайн зочин” буланд Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ганбаатарын Ариунболд оролцсон байна. Удам залган морь уях төрийн хэрэгт шимтэн буй залуу уяач сүүлийн жилүүдэд тогтмол амжилттай наадаж байгаа бөгөөд 2016 оны тухайд “онцгой” сайхан наадсан юм. Тэрээр адуун сүргийн манлай азаргаар төрийн зарлигт наадмаас нэг түрүү, гурван айраг хүртэн олон давтагдахааргүй амжилтын эзэн болсон билээ. Хурдан морь сонирхогч залууст өөрөө гардан уяж, амжилтанд хүрч болдгийн үлгэр болсон түүний яриаг та бүхэн сэтгүүлийн 6-13 хуудаснаас хүлээн авч уншаарай.
“Тод магнай” сэтгүүл  нь Засгийн газрын тогтоолт бүсийн уралдааны дэлгэрэнгүйг мэдээллийг цувралаар хүргэдэг уламжлалаараа Орхон аймагт болсон хангайн бүсийн уралдааны дэлгэрэнгүй мэдээллийг эхний 50 морьдын фото зургийн хамт хүргэж байна. Хангайн бүсийн уралдаанд хэний ямар морьд “цулбуур”-тай давхисныг 16-54 хуудастаа “нэгтгэжээ”.
Эцэг хүү хүрэн азаргануудаар төрийн наадмыг торгон ногоон дэвжээг чимж явсан МУ-ын Манлай уяач Сампилын Гэсэрваань агсны тухай дурсамжийг зээ хүү Ш.Гэрэлт-Од хүүрнэсэн байх агаад “Уяач” булангийн энэхүү ярилцлага сонирхолтой сэдвүүдийн нэг болсон гэдгийг дуулгах байна. Харин “Эмч зөвлөж байна” булангаа заавал уншаарай хэмээн онцгойлон сануулъя. Учир нь энэ удаа нэмэлт тэжээлийн зохистой хэрэглээ, найрлагын талаар “Бат оргилох булаг” ХХК-ийн захирал, малын их эмч Д.Баасанжаргал зөвлөсөн. Цаг үеэ олсон энэхүү зөвлөгөө сэтгүүлийн 60-63 хуудаснаа нийтлэгджээ.
Харин дараа дараагийн нүүрүүдээс сүүлийн 19 жил төрийн наадмаас айраг, түрүү алдаагүй уяач хэн болох тухай мөн Хулдын хурдан хүлгүүдийн нэг Д.Батхуягийн Аварга хээр морины тухай сонирхолтой нийтлэлүүдийг унших боломжтой юм.
Хурдан хүлгийн хийморь абшиг шингэсэн “Тод магнай”-н шинэхэн дугаараа та бүхэн “Интер” номын салбар дэлгүүрүүд болон сэтгүүлийн редакциас худалдан аваарай.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 9401-2992, 9509-2992 дугаарын утаснаас тодруулаарай. Та бүхнийг хурдан хүлгийн босоо цагаан хийморь өнөд ивээх болтугай.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна