Аймгийн Тэргүүний цоллооч Ц.Түвшинжаргал: Бариан дээр морь бүртгэж байгаад өөрийнхөө аман хүзүүдсэн азаргыг танилгүй оруулчихсан
Баянхонгор аймгийн Галуут сумын уугуул, аймгийн Тэргүүний цоллооч Ц.Түвшинжаргалтай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Хэдэн оноос аймгийнхаа баяр наадмын бөхийг засаж, морийг цоллож байгаа вэ?
-1985 онд нэгдлийн төлчдийн семинар гэж болсон юм. Тэнд долдугаар ангийн хүүхэд би сумын заан Сэмжид Хүрлээгийн цолыг дуудаж байлаа. Түүнээс хойш тасралтгүй сумынхаа баяр наадмын морины цолыг дуудсан хүн. Өнгөрсөн хугацаанд Баянхонгор аймагтаа болсон Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн ойгоор морь, бөхийн цол дуудлаа. Мандалын 5 дугаар баг дээр Лувсанноровшарав гэгээний ойгоор морь цоллолоо. Сүүлд гэхэд өнгөрсөн жил Гурванбулагт болсон Баянхонгор аймгийн хангайн бүсийн шилмэл хурдан морины уралдаанаар дааганы цол дуудсан бол Заг сумын баяр наадамд морь цоллолоо. Энэчлэн олон ч наадамд өөрийн уясан морьдоо уралдуулахын сацуу түрүүлж, айрагдсан хурдан буянгуудын цолыг дуудана гэдэг үнэхээр сайхан шүү.
-Таны аав бас морь цоллодог байв уу?
-Тиймээ, аав морины цол дууддаг байлаа. Тэгээд намайг морь унуулаад, өөрөө бариад дэргэд зогсчихно. Тэгээд цол дуудаад “миний хүү ямар байна” гэж асууна. Энэ нь өдгөө багын дурсамжид тод үлджээ. Үүнээс өөр нөлөөлсөн хүн бол Баянхонгор аймгийн Заг сумын харьяат, МУ-ын Манлай засуул Лонхцойдорж байна. Бат-Эрдэнэ аваргыг 10 түрүүлэхэд нь засаж байсан хүндэт засуул байлаа. Хөөрхий одоо бурхан болсон л доо. Тэр ах морь, бөх цоллож байгаагаа кассетанд бичээд “ая дан нь ийм байдаг юм. Морины цол, бөхийн цол ийм ялгаатай” гэж зааж өгч байлаа. Харин өдгөө би түүн шиг залууст багшилж байна. Сүүлд сумынхаа тавдугаар багийн нэг залууд морь цоллохыг зааж өглөө. Улмаар өнөөх маань өнгөрсөн уяачдын холбооны шинэ жилээр болсон “Морь хэн сайн цоллох вэ” тэмцээнд түрүүллээ. Өөр нэг хүүхдэд бүүр цэцэрлэгт байхаас нь заасан. Одоо хоёрдугаар ангид сурч байгаа бяцхан шавь маань 2015 оны шилдэг унаач хүүхэд болсон. Мөн морь цоллоод хоёрдугаар байранд орлоо гээд сонирхуулах юм ихтэй.
-Аймгийн бөхийг засдаг болоод удаж байна уу?
- Баянхонгор аймгийнхаа баяр наадмын морийг таван жил цоллолоо. Гэхдээ сумын наадам давхацчихаар тэр бүр аймагт очоод байж чадахгүй болчих юм. Харин бөхийн цолыг замбараагүй олон жил дуудсан.
-1999, 2009, 2015 онуудад Баянхонгор аймагт ЗГ-ын тогтоолтой төрийн хишигт баяр наадмууд зохион байгуулагдсан. Эдгээр баяраар морь цоллож байв уу?
-1999 онд Ламын гэгээний ойгоор 1008 морь уралдахад их морийг цоллож байлаа. Тэр жил миний буурал морь жороолж, хондон морио 14-өөр давхиулсан юм. Харин 2009, 2015 онуудад сумын наадам давхцаад очиж чадаагүй.
-Цол дууддаг хүмүүс шүлэг, яруу найрагт ч дуртай гэлцдэг. Та ч бас дуртай юу?
-Тэгэлгүй яахав. Мэдээж Монголын нэрт яруу найрагч, зохиолчдынхоо бүтээлийг шимтэн уншина. Ах нь өөрөө хоёр ч дууны шүлэгтэй хүн. Би чинь сумын цэцэрлэгт ажилладаг болохоор “Нарлаг цэцэрлэг” гэж шүлэг бичсэн юм. Тэгсэн манай Баянхонгорын гаралтай хөгжмийн зохиолч Жанцансамбуу ая хийж өгсөн нь энэ сумын хүүхдүүдийн дунд хит болсон. Бас Эрдэнэтээл гэж сайхан хайрхнаа магтан дуулж шүлэглэснийг Жанцансамбуу гуай ахиад ая хийж шинэ дуу төрсөн түүхтэй.
...Тэргэл саран орой дээгүүр нь манддаг
Тэнгэр баганадсан сайхан уул
Тэнүүн говиос орой нь харагддаг
Тээл хайрхан миний нутаг ... гэж өгүүлдэг. Энгэрээс нь ус ундарч, тэр усанд нь шувууд чуулсан, ай даа сайхан уул бий. Би чинь тэр нутгийн хүргэн байгаа юм.
-“Цайны” шүлгээсээ нэгийг манай уншигчдад сонирхуулаач?
-Энд Монгол улсын Төрийн соёрхолт Шаравын Сүрэнжав гуайн “Нэр” гэж сайхан шүлгийн хэсгээс уншмаар байна.
...Чигчийн чинээ байхад нь
Чихэнд чинь аав чинь гурав шивнэхэд цээжилсэн нэр
Өөдөсхөн наснаасаа
Өмчилсөн нэр
Өөрийн чинь нэр
Тохойн чинээ байхад
Тоглоомонд улайраад
Тонгойн суухад
Хүү минь гэж дуудах ижийнхээн дуунаар
Хөл нүцгэн дэгдсэн нэрээ
Томоогүй насанд
Сурагчийн ширээн дээр байлаа
Томируун насанд
Цэргийн бүртгэл дээр байлаа
Орь насны захидлын дугтуйн дээр байсан
Онгод түрж найргийн номны хавтсан дээр байсан
Эгэлхэн цайлган энэ нэр минь
Утаа гаргасан шинэхэн голомтын
Угалзан цэнхэр дөлөнд гэрэлтдэг юм
Уянга эмнэсэн өлгийн бүүвэйнд
Увидас шингэсэн аялгуунд цацардаг юм.
Ариун хайрын алтан ятга
Амраг бүсгүйн зүрхэнд уярдаг юм...
-Ярилцлагынхаа дараагийн хэсгийг уяачийн хувиар гаргасан амжилтаар тань үргэлжлүүлмээр байна?
-Би хар нялхаасаа л морь мал гэж явсан хүн байгаа юм. Мэдээж морь уяад л айраг түрүүгээр хурдлуулчихна гэж юу байхав. Авахсан гэж хүлээж суусан баяр наадам олон бий. Харин сүүлийн үед адууныхаа цусыг сэлбэснээс хойш сумын болон жижиг наадмаас жилдээ хоёр, гурван айраг авдаг болсон. Одоогоор сумын наадмаас нэг түрүү, хоёр аман хүзүү, гурав, дөрвөн айрагтай. Аймагт наадсанаас 11-ээр нэг, 14-өөр нэг, есөд нэг давхиулсан. Аймаг чинь босго өндөр шүү дээ.
-Шигшмэл морьдын “Их хурд” уралдаанд танай сумын уяачдаас явсан байхаа?
-Тэр үед аймгийн хэмжээгээр 30 гаруй уяач явсан. Үүнээс манай сумаас тав, зургаахан уяач явсаны нэг би. Манайхнаас Ганы бор 30 хэдээр давхиж, миний хондон 120 орчмоор ирж байлаа.
-Хондон морь чинь хаанахын адуу вэ?
-Архангай аймгийн Ихтамир сумын Хөхнуур багийн Засаг дарга байсан Сэнгээ гэж хүний унаган адуу. Сүүлд Сэнгээгийн хээр морийг миний ах авч, гайгүй сайн давхиулсан нь бий.
-Таны хондон морь хэд түрүүлж, хэд айрагдсан юм бэ?
-Аман хүзүү, айраг, түрүү алдаагүй. Сумандаа олонтаа айрагдаад зүүн тал руу уралдаанд оролцох урилга авч байлаа. Жижиг наадмуудад бол олон түрүүлсэн хөөрхий.
-Өөр таны нэрийг гаргаж хурдалсан ямар морь байна вэ?
-Миний бор морь байна. Анх аймгийн Алдарт уяач Нямсүрэн гэж хөгшнөөс хязаалан үрээ мотоциклиор авч байсан нь үнэтэйд тооцогдож байлаа. Улмаар хээр азарга, Хүрээмаралаас авчирсан бор гүү хоёрын дундаас хурдан буян бор морь минь төрсөн юм. Даагандаа түрүүлж, шүдлэн, хязаалан айрагдаад, соёолондоо бага наадмуудад олон айрагдсан. Одоо нас нийлээд явж байна. Өөр бас Оодон зээрд үрээ бий. Би хээр азарганы охин төлүүдэдээ Сүхбаатараас азарга авчирсан. Уг аймгийн Сүхбаатар сумын угшилтай хурдан хонгор халзан үрээг 4,5 сая төгрөгөөр авч азарга тавьчихаад байгаа юм. Эхний төлүүд нь одоо даага болцгоож байна.
-Морь уясан энэ он жилүүдэд сэтгэлд хоногшсон хамгийн сайхан наадам хэзээ тохиож байв?
-Аймгийн Алдарт уяач Нямсүрэн гэж хүнээс алаг азарганы удмын нэг хээр азарга худалдаж авсан юм. Одоо миний бор морины эцэг л дээ. Авсаны дараа Нямсүрэн гуайн хүү “би танд уяад өгье. Энэ сайхан хурдан буянг та уяж чадахгүй байх шиг байна” гэлээ. Би ч тэг тэг миний хүү л гэлээ. Ингээд нэг өдөр өнөө хүү “наадмын талбайн өмнө аваад ирсэн. Та хээр азаргаа харах уу” гэж байна. Очоод харсан танигдахааргүй янзын гоё амьтан болчихож. Би ч наадмын үеэр бичиг цаасны л ажилтай явдаг хүн. Морь барианы газар тийм хээр азарга, ийм хүрэн азарга гээд л бичээд суулаа. Ингээд тархины таван азаргаа зарлахаар боллоо. Хоёр дээр ирсэн азаргаа мэддэггүй ээ. Тэгсэн Иргэний бүртгэлийн газрын дарга Цогбаяр ах намайг мэдээд ир гэнэ. Би улс амьтнаас эхний таваа асуугаад хоёрыг нь олсонгүй онгорхой орхичихлоо. Тэгээд яваад очсон Цогбаяр ах уурлаж байнаа. Хоёр дээр ирсэн өөрийнхөө азаргыг танихгүй гэж. Тэгсэн 21,22 дээр гарч ирээд доороос зүссээр аман хүзүүдсэн байж. Тэгэхэд үнэхээр их баярлаж билээ.
-Өөрөө ч мэдээгүй байж тиймээ?
-Харин тийм. Морь бүртгэх ажил амаргүй л дээ. Яахав өөрийнхөө азаргыг танихгүй оруулчихгүй юу. Тэгэхэд улс амьтан азаргаа танихгүй оруулаад байхдаа яадаг юм гэж толгой сэгсэрч л байлаа. Яах юм, би чинь ажлаа хийж байгаа хүн шүү дээ.
-Таны хүүхдүүдээс удам залган морь цоллож, бөх засаж байна уу?
-Том хүү морь уяна, эмнэг булгиулна. Манай суманд Морин спорт уяачдын холбоо, аймгаас зохион байгуулсан “Түмэн адууны баяр”-т эмнэг булгиулж, морь уургалаад түрүүлсэн. Бас морь уяад бас ганц, нэг айрагтай. Залуу хүний замын хүзүү урт болохоор удахгүй том амжилт гаргах өдөр ойрхон бизээ. Одоогоор морь цоллодог нь л алга даа. Бага хүүгээ л бөх, морь цоллодог байгаасай л залбирах юм.
-Тэгвэл дээдчүүлээс тань уяачид байв уу?
-Аав маань морь уядаг байлаа. Цагтаа Цамбажавын хурдан алаг азарга сумандаа нэртэй байсан. Хоёр аман хүзүүдэж, нэг түрүүлсэн байдаг юм. Тухайн үед Зулын хондон, Ядамын хээр гэж цуутай хүлгэдтэй ана мана үзэж явсан удаатай. Манайхны адуу энэ алаг адууны удамтай. Эндээс ганцхан надад л бий. Ах нь энэ удмын адуугаа яг тэр чигээр нь авч үлдсэн. Дээр нь Нямсүрэн гуайн алаг азарга, Сүхбаатарын адуунаас авчирсан болохоор одоо миний адуу асуудал байхгүй. Ямартаа ч хүү маань таван жилийн дараа гэхэд аймаг, сумаас айраг тасдахгүй л гэж боддог юм.
-Яриа эхлэхийн өмнө та сумын уяачдын холбоог үүсгэн байгуулалцаж байсан гэж ярьсан. Галуутын уяачдын холбооны түүх хэдий үеэс эхэлдэг юм бэ?
-1997 онд сумандаа холбоо байгуулах ажлыг эхлүүлж явлаа. Тэр цагаас өнгөрдөг өвлийг хүртэл нарийн бичгийн албыг хашиж ирсэн юм. Хоёргүй сэтгэлээр зүтгэсэн он жилүүд байлаа. Галуутын уяачдын холбоог өдий зэрэгтэй өөдтэй өнгөтэй явахад төрийн сангийн төлөөлөгч Баярсайхан ч их зүтгэсэн, явсан хүн. Уяачдын холбооны тэргүүн Баярсайхантай бид хамтдаа олон ажлыг эхлүүлсэн. Өнөөдөр холбооны хөгжил сайн яваа гэж боддог юм. Зүүнтээгээс олон азарга авчирснаас түрүүчийн төл нь шүдлэн, даага болоод явж байна.
Холбоо маань ч өдөр ирэх тусам залуусаар хүрээгээ тэлж байгааг харахад сайхан байдаг юм. Морины төлөө сэтгэл зүрхээ зориулж, ард түмнээ цэнгүүлж явна гэдэг эр хүний “чимэг”. Нөгөө талдаа морь уяж байгаа хүн их сайхан төлөвшдөг давуу талтай.
-Бидний яриа энд хүрээд жаргаж байна. Сүүлийн асуултыг танд үлдээе.
-Сайхан боломж олгож байгаа та бүхэнд баярлалаа. Өнөөдөр ММСУХ хөгжөөд сайхан болж байгааг хараад баярладаг. Гэхдээ хөдөөгийн уяач надад горимын санал явдаг юм. Залуу үеэ холбооноос бодлоготойгоор дэмжиж анхаарлаа хандуулаасай гэж боддог. Үнэндээ зарим нэг нь үнэхээр сайн адуу байсан ч санхүүгийн асуудлаас болоод морьдоо давхиулж чадахгүй байна. Тэжээл л гэхэд ямар үнэтэй байгаа билээ. Хоёрт ММСУХ-ыг тэргүүлж Миеэгомын Энхболд тэргүүтэй улс болон хурдан морины хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Тод манлай уяач Д.Даваахүү, Д.Онон нараар бахархаж явдагаа хэлмээр байна. Төгсгөлд нь Баянхонгор аймгийн МСУХ-ны тэргүүн Мөнх-Эрдэнэд талархлаа илэрхийлье. Аймгийн хурдан морины хөгжилд сэтгэл зүрхээ зориулан яваа мундаг залуу байгаа юм. Өнөөдөр манай сум болгоны баг бүр хурдан удмын азарган үрээтэй болсон нь түүний ажлын нэг хэсэг. Цаашид ч илүү ихийг хийнэ гэдэгт уяач бид итгэдэг. Түүнд нийт Галуутчуудынхаа өмнөөс хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.
"Тод магнай" сэтгүүл Баянхонгор аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна