Аймгийн Алдарт уяач Н.Содной: «Аавынхаа үгэнд орохгүй яав даа» гэж бодсон үе цөөнгүй бий

А.Тэлмэн
2017 оны 6-р сарын 28 -нд

Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, аймгийн Алдарт уяач Наймын Соднойтой хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Таныг Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн “Хүндэт донор” гэж сонслоо. Хэдэн онд энэ цолыг хүртсэн бэ?
-2013 онд 11 литр 600 гр цус өгч “Хүндэт донор” болж байлаа. Би 1972 оноос 1989 он хүртэл цусаа тасралтгүй хандивласан. Минийх +радустай градустай учир шинжилгээ өгөлгүй, шууд өгдөг юм.
-+ радустай гэдэг нь юу гэсэн үг вэ?
-Ах нь тэрийг сайн тайлбарлаж мэдэхгүй. Нэгдүгээр бүлгийн +радустай гэдэг юм. Бодвол ямар ч бүлгийн цустай хүнд таарна гэсэн үг байх. Манай энд аймгаас бэлдмэл авч ирж, шинжилгээнд оруулах гэхээр хугацаа их шаарддаг. Тиймээс яаралтай шаардлагатай үед намайг дуудаж цус авдаг юм. Хамгийн багадаа 200 гр, дээд тал нь 400 гр цус өгч байлаа. Дээд хэмжээгээр өгсөн тохиолдолд түүнээс хойш хоёр сарын хугацаанд ахиж цус өгдөггүй юм. Би чинь бүр оюутан байхаасаа л цусаа өгч эхэлсэн хүн шүү дээ.
- Та ямар сургууль төгссөн юм?
-Би Шарын голын техниккум төгссөн. Оюутан байхад цусаа өгөхөд 160 төгрөг, хоолны бичиг өгдөг байсан юм. Анх оюутны байрны хүүхдүүд цусаа хандивлах аян өрнүүлэхэд оролцоод “донор” гэсэн тусгай үнэмлэх авч байлаа. Тэгж эмнэлгээс надад санал тавьж цус авдаг болсон юм. Нутагтаа ирсэнээс хойш хэд хэдэн удаа сайн дураараа өгөөд, түүнээс хойш шаардлагатай бол эмнэлгийнхэн намайг дуудаад цус авдаг болсон.
-Та энэ хугацаанд шар болон бусад халдварт өвчнөөр өвчилж байгаагүй юм уу?
-Янз бүрийн өвчнөөр өвдөж байгаагүй. Нэн шаардлагатай үед цусаа өгч Шарга сумынхаа найман ч хүний амийг аварсан. Тэдний тав нь хүүхэд, гурав нь том хүн байсан. Ихэнхдээ л цус ихээр алдсан, эвгүйтсэн хүмүүс байсан юм.
-Амийг нь аварсан хүмүүс тань эргээд танд талархлаа хэрхэн илэрхийлж байна?
-Цагаан сараар ирж золгоно. Цаг үргэлж л талархлаа илэрхийлж байдаг юм.
-Хөхөө хөхүүлж амлуулсан ээжийг сүүн ээж гэж хүндэтгэдэг. Цусаа өгч, амийг нь аварсан хүнийг ямар нэгэн нэр цолоор авгайлдаг ёс бий юү?
-Тэд намайг “ах” гэж авгайлдаг юм. Том хүмүүс нь надаас настай хүмүүс байсан учраас намайг “миний дүү” гэж дууддаг. Миний цус тэр хүний судсаар гүйж байгаа болохоор яалт ч үгүй цус холилдсон ахан дүүс болчихож байгаа юм.
-Танд ч бас бахархалтай сайхан байдаг байлгүй?
-Тэгэлгүй яах вэ. Донор гэдэг чинь өгөөмөр сайхан сэтгэлтэй, өөрийн биеэ ч хайрлалгүй, өрөөлийн амийг авардаг буянтай хүмүүс шүү дээ. Амьдралынхаа турш олон литр цус бусдад өгч, амь насыг нь аварсан болохоор нас ахиад ирэхээрээ бие нь хэврэг болчихдог талтай юм болов уу. Тиймээс “Хүндэт донор” хүмүүсийг ядаж улсын эмнэлэгтээ оочёр дугааргүй үзүүлчихдэг болгомоор л санагддаг юм.
-Цус эргээд өгсөн хэмжээндээ хүртэлээ нөхөн төлждөггүй гэдэг байх аа?
-Тийм, төлждөггүй. Тиймээс ч байнгын цусны дутагдалтай болчихдог юм шиг байна. Хөл гар даарах зэргээр нас ахиад ирэхээр л мэдрэгдэж байна. Хүндэт донор хүмүүсийг эмнэлэгт нэгдүгээрт үзлэгт оруулчихаад байвал хүмүүсийн идэвхи зүтгэл ч бас нэмэгдэнэ шүү дээ. Учир нь, хүнд цус шиг хэрэгтэй зүйл байхгүй. Би анх оюутан байхдаа урамшууллын мөнгөнд нь болоод өгч байлаа. Дараа нь оюун сэтгэхүйдээ хөтлөгдөөд өгдөг болсон. Хүний амийг аварна гэдэг энэ хорвоогийн хамгийн дээд баяр баясал шүү дээ. Тийм сайхан баяр баяслыг мэдрэхгүй хүсэхгүй хүн хаана байх вэ.
-Одоо хоёулаа аймгийн Алдарт уяач Содной гэдэг хүний тухай ярилцъя. Та бол Шарга сумын алдартай уяачдын нэг Найм гуайн хүү. Энэ ч утгаараа юун түрүүнд аавын тань талаарх дурсамжаас хуваалцмаар санагдлаа?
-Миний аав Шагдарын Найм 1918 онд Халиун сумын Олонбулаг гэдэг газар төрсөн. 1989 онд таалал төгссөн. Амьдралынхаа турш мал маллаж, адуу малтай ноцолдсон хүн. Хамгийн сүүлд “Хөрөнгө хөгжил” нэгдэлд мал маллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Аавын талынхан бүгд уяач хүмүүс байлаа. Аавын маань дүү Монгол Улсын Алдарт уяач Пүрэвдорж гэж бий. Аав маань өөрөө аймгийн баяр наадмын таван түрүү, зургаан айраг, сумын баяр наадмын 19 айрагтай. Би заримыг нь сайн мэдэхгүй. Ямартаа ч 1942 оноос морь уяж эхэлсэн гэдэг юм. Тэр үед овоо тахилгын наадамд хээр морь, халиун азарга, бага насны зээрд зэрэг морь нь түрүүлж, айрагдаж байсан. 1960-аад оны үед аймгийн баяр наадамд хурдан хүлгүүдээ сойдог болсон. Их насны хүрэн, хээр, зээрд гурван морь сайн давхиж байсан. Ер нь л хурдан адуутай, оролцсон уралдаан бүрээсээ л айраг алддаггүй байсан. Миний хувьд 1970-аад оны үеийнхийг нь сайн мэднэ. 1960-1970 оны хоород аймгийн баяр наадмаас таван түрүү, дөрвөн айраг авч байлаа. Тодруулбал, 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойн баяр наадамд хязаалан хээр үрээ аман хүзүүдсэн. 1973 онд хязаалан хээр үрээ аймгийн баяр наадамд тав, 1974 онд халтар даага дөрөв, хойтон жил нь шүдлэн хээр үрээ гурваар давхиж байлаа. Түүнээс хойш аав маань морь бараг л уяагүй дээ.
-Аав тань ямар насны адууны уяа сойлгыг илүү сайн тааруулдаг байсан юм бол?
-Амжилтуудыг нь харахад бага насны адуу л сайн давхиулдаг байсан юм шиг байна лээ. Дааганаасаа эхлээд л олон жил түрүүлж, айрагдсан Наймын хүрэн гэж алдартай морь байлаа. Босоо төрсөн унага юм гэнэ лээ. Ер нь бүх насны морьд уяж, тэнцүүхэн сайхан давхиулдаг байсан.
-Босоо төрсөнийг нь яг харсан хүн бий юү?
-Аав, авга ах Пүрэвдорж хоёр харсан юм гэнэ лээ.
-Аавын тань нэр ямар учир утгатай юм бол, сонирхож байв уу?
-Хүүхэд тогтдоггүй айл байсан юм гэнэ лээ. Тэгээд найм дахь хүүхдээ Найм гэж нэрлээд тогтоосон юм гэдэг.
-Нэгдэл нийгмийн үед мал маллахаас өөр ажил алба хашиж байсан юм болов уу?
-Хоршоонд олон жил манаачаар ажилласан. Түүний өмнө нь агент байсан гэдэг. Дараа нь аймгийн төвд эмийн сангийн сахиул 20-иод жил хийсэн.
-Та аавыгаа уяач хүний эзэмших ёстой эрдмүүдээс алийг нь илүү эзэмшсэн гэж боддог вэ?
-Аав маань морь сургахдаа онцгой нэгэн байсан. “Хурдан морь гэдэг чинь сургалтаасаа л шалтгаалдаг юм” гэж хэлдэг байлаа. Тэгээд ч тэр үү, өөрийнх нь сургасан адуунууд ч онцгой давхиж байсан даа. Аав маань давхих адуугаа дааган цагаас нь эхэлж нүдлээд, эхлээд цатгалан ч биш, өлсгөлөн ч биш байлгаж, хагсраадаг байсан юм. Учир нь, цатгалан юм уу, өлсгөлөн дээр нь сургавал адуу янз бүрийн муухай ааш араншин гаргаж, тэр нь жаяг болоод тогтчихдог юм гэдэг. Мөн аав маань “Хурдан морийг их сайн эдлэх ёстой” гэдэг байлаа. Би тэр сургаалийг нь их үнэн гэж ойшоодог юм. Учир нь, 1977 онд аймгийн баяр наадмаар хязаалан хээр үрээ аман хүзүүдүүлж байсан юм. Хойтон жил нь би их морь аман хүзүүдүүлээд өөрийгөө сайн уяач юм байна гэж бодож байлаа. Гэтэл аав “Миний хүү түүхий байна, арай болоогүй байна” гэсэн юм. Тэгээд би сургууль соёлд явж, 1981 онд Шаргадаа ирээд, хүрэн даага уяж эхэлсэн. Даага, шүдлэн, хязааланд нь нэг түрүүлж, хоёр айрагдуулаад, соёолонд нь харайлгаж чадаагүй. Гэтэл хүмүүс “Наадах чинь гоё нь гаднаа гарчихсан адуу байна. Ийм гоё адуу харайхгүй ээ” гээд байсан. Аав ч тэдний яриаг хүлээн зөвшөөрсөн. Сунгаанд бараг хамгийн сүүлд ирэхээр нь би уяж хоноод, маргааш тавиарай гэж хүнд захичихаад хөдөө явчихсан юм. Маргааш нь иртэл аав алга. Аав сунгааны орой л нөгөө соёолонг хөтлөөд явсан сурагтай. Тэгээд улсын баяр наадмаар нөгөөдөх чинь дөрөвлөсөн дөө. Түүнээс хойш хүрэн үрээ маань жаахан хөөрүү болчихсон. Их насандаа сумын баяр наадамд ганц л айрагдсан, хоёр гурван бага наадамд айргийн тавд орсон. Хэсэг яваад л суучихдаг болсон. Тэгээд оёг суулгасан гэж аав ярьж байсан. Тэгэхээр хурдан морийг цочмог ойрхондуу ажил хийлгэх муу юм байна гэж боддог болсон. Тэр явдлаар л би өөрийгөө уяач болох болоогүй юм байна гэдгээ ойлгож авсан даа. Бас нэгэн удаа “Маргааш хэдэн цагийн хоол өгье дөө” гэсэн чинь аав “за даа чи нэг их олон цагийн хоол хэрэггүй байлгүй дээ. Багахан шиг өгөх, эсвэл ахиухан өгвөл л дээр дээ” гэсэн юм. Би ч аавын хэлсэнээр л хийгээд байдаг байлаа. Тэгээд 1981 оноос л өөрөө гардаж уяж эхэлсэн дээ.
-Аавыгаа аргагүй мундаг уяач юм байна гэдгийг мэдэрсэн дурсамжуудаасаа хуваалцаач?
-1975 онд би аймгийн баяр наадамд шүдлэн хээр үрээ гурваар давхиулсан юм. Хүмүүс ч тэр үед “Наймын хээр үрээ энэ жил гүйцэгдэхгүй юм байна даа” гэж гэлцэж байсан. Би хурдан мориноос хасагдаад уяж эхэлж байсан үе. Хээр үрээгээ сунгаанд явуулахад аав маань “За, дэвсгэр сайн байгаа. Чи дөрвөн цагийн хоол өгөөрэй, илүү өгч болохгүй шүү. Хоёр, хоёр цагаар тасалж өгөөрэй” гэдэг юм байна. Тэгэхээр нь би “Сайн байгаа юм чинь дөрвөн цагийн хоол өгчихвөл явахгүй байж мэднэ” гэж бодоод 3 цаг 20 минут хоол өгчихсөн юм. Гэтэл уралдааны үеэр их хол тасархай түрүүлж явсан боловч барианы доохно талд суугаад гурваар давхичихсан. 40 минутын хоол гэдэг чинь агуу юм билээ. Тэгэхэд би “аавынхаа үгэнд орохгүй яав даа” гэж өөрийн эрхгүй бодсон.
-Аав тань ямар цол хэргэмтэй вэ?
-Аймгийн Алдарт уяач цолыг нэхэн олгосон. Гэвч бичиг баримт нь одоо хүртэл ирээгүй л байна. Аймгийн баяр наадмаас л гэхэд 21 орчим айраг, түрүү авсаны тэн хагас нь түрүү байх жишээтэй.
-Та эцэг, эхээс хэдүүлээ вэ?
-Долоо, наймуулаа. Би хамгийн отгон хүү нь л дээ. Манай ах дүүсийн дийлэнх нь зүүн талд буюу Эрдэнэт, Дархан, Улаанбаатар хотод амьдарч байна.
-Уяач хүний хүүхдүүд хойно морь уядаггүй юм аа гэхэд унадаг л байсан байлгүй?
-Бүгд л унаж байсан.
-Та өөрөө хэдэн оноос хурдан морьтой нөхөрлөж эхэлсэн бэ?
-Би 1956 онд төрсөн юм. Таван наснаасаа аавыгаа дагаж морь унаж олон удаа айраг, түрүү авч байлаа. .... техникумыг Гидрогеологийн анги, Эрдэнэтийн их сургууль, Удирдлагын академийг тус тус дүүргэсэн. 1976-1979 онд Алтайн цэргийн ангид ахлах түрүүч цолтой алба хаасан. Цэргээс ирээд Говь-Алтай аймгийн Усны аж ахуйн удирдах газарт бригадын даргаар ажиллаж байгаад Шарга сумандаа ирж Эрчим хүчний газар цахилгаанчин, дизель цахилгаан станцын дарга, механик, Шарга сумын Эрчим хүчний газрын даргаар, Үйлдвэрчний холбооны даргаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Дараа нь багийн даргаар ажилласан. Тэр хугацаандаа байнга л морьтой ажиллаж байлаа. Түүнээс хойш аймгийн баяр наадамд морь уралдуулаагүй юм. Сумын баяр наадмаас 17 түрүү, 32 айрагтай. Аймгийн баяр наадмын хоёр аман хүзүүтэй.
-Анх гардаж уясан морь тань хэр давхиж байв?
-Би 1976 оноос хойш морь уясан юм. Тэр үеэс аймгийн баяр наадамд хоёр жил дарааллан хоёр морь аман хүзүүдүүлсэн.
-Та Наймын хүрэн гээд их алдартай морь байжээ. Яг түүн шиг Содной гэдэг хүний нэр усаар цоллуулдаг ямар хурдан хүлгүүд байна?
-Миний халтар азарга их, бага наадамд дөрвөн удаа түрүүлж, 17 удаа айрагдсан. Суманд гэхэд нэг түрүүлж, тав аман хүзүүдсэн дээ. Дааганаасаа эхэлж уралдаад, хамгийн сүүлд 23 насандаа сумын баяр наадамд таваар давхиж байлаа.
-Хаанахын ямар угшилтай адуу вэ?
-Халиун сумын Төрмөөгөөс хязааланд нь авсан юм. Олонбулагийн боруудын удам л даа. Халтар азарганы төл хээр, хүрэн хоёр үрээ бас олон жил сайн давхисан. Мөн сумын баяр наадамд дөрвөн удаа түрүүлж, аймгийн баяр наадамд хоёр удаа аман хүзүүдэж, хоёр удаа айрагдсан Монгол Улсын Алдарт уяач Пүрэвдоржийн халтар морь байна.
-Танд ирэхээсээ өмнө уралдаж байсан юм уу?
-Уралдсан ч айрагдаагүй байсан.  Манай авга ах Пүрэвдоржоор л дамжиж, надад ирсэн адуу л даа.
-Та хэдэн наснаас нь уралдуулж эхэлсэн юм?
-Хязаалан аваад соёолонгоос нь уралдуулсан. Соёолондоо дөрвөөр давхисан. Хавчиг морь өнжөөгөөд, түүнээс хойш тасралтгүй уралдуулахад айраг, түрүү алдаж байгаагүй дээ.
-Таны хувьд хамгийн бахтай сайхан наадамд хэзээ тохиосон бэ?
-Би явуулах гэж бус зодог тайлах зорилгоор 23-тай азарга аваад гарсан юм. Зодог тайлах гэж байгаа морьд учраас морьдтой хамт стадион тойруулаад, бариан дээрээс хөдөлгөчихөөд л дунд нь аваад үлдчихье гэж бодож байлаа. Гэтэл манай нэг банди унаад шууд гараад явчихсан. Эхний хэдэн адуун дотор явсаар байгаад л айргийн таваар хүрээд ирсэн. Тэр л хамгийн бахтай сайхан наадам байсан даа.
-Зарим хүн морио айргийн тавд ирэх агшинд өөрийн эрхгүй нулимс унагадаг гэдэг. Та нулимс хэр султай хүн бэ?
-Багтарчихна гэж бодож байсан хөгшин азарга маань айргийн таваар ороод ирэхээр баярлалгүй яах вэ. Хүмүүс ч гайхацгааж байсан. Бас Шанхат хүрэн гэж намайг олон жил баярлуулсан сайхан буян байлаа.
-Халтар азарганы тань төл бил үү?
-Тийм.
-Эх нь ямар гүү байсан юм?
-Цавьдар гүү. Тэр гүүнээс халтар, хээр үрээ, хүрэн, саарал морь гээд олон сайхан хурдан буян гарсан. Нэгэн үе миний адуу бараг л Шаргад байж байдаг байлаа. Нэг наадмаас дор хаяж л дөрвөөс таван айраг, түрүү авдаг байлаа. Наймын хурдан хүрэн морины л удмын адуунууд шүү дээ. Сүүлдээ зүүн чигийн адуунууд олноороо орж ирээд түүнд дарагдах шив.  
-Шанхат хүрэн хэд хэдэн хэрхэн давхиж байв?
-Шанхат хүрэн бага насандаа сайн давхиагүй. Ер нь багад нь бараг ч уяагүй юм. Нийлсэнээсээ хойш нэг түрүүлж, дөрвөн удаа айрагдсан.
-Шанхат гэдэг нь ямар учиртай нэр вэ?
-Урт шанхтай болохоор нь л тэгж нэрлэсэн юм. Одоо надад сумын баяр наадамд нэг түрүүлсэн хурдан хээр морь бас байна.
-Бас халтар азарганы төл үү?
-Тийм. Сумын баяр наадамд нэг түрүүлж, зургаан удаа аман хүзүүдсэн. Дааганаасаа хойш жил бүр л айрагдаж байлаа. Сүүлд авга ах маань аваад Цогт суманд бас нэг түрүүлгэсэн.  
-Халтар азарганыхаа төлүүдийг та орон нутагтаа болон гадагшаа хэр тараасан бэ?
-1990 оны үед би халтар азарганыхаа төлийг суманд айрагдуулчихаад сая төгрөгөөр зарчихдаг байлаа. Тухайн үед хүмүүс сая төгрөгөөр бараг л адуу авдаггүй байсан юм. Шарга сумын уугуул, аймгийн Алдарт уяач Жондоон Цэвэгдорж Цэвэгдоржид хээр үрээ, аймгийн Алдарт уяач Гүрцогтод бас нэг хээр үрээ, аймгийн Алдарт уяач Даваацэрэнд хүрэн байдас зарсан. Үр төл нь одоо хүртэл сайн давхиж байна.
-Та “манай аав бага насны адууг илүү тааруулдаг, адууны сургалтанд их анхаардаг хүн байсан” гэж ярьсан. Ингэхэд та өөрөө ямар онцлогтой уяач вэ?
-Соёолон насны морийг арай илүү уяад байгаа юм болов уу гэж боддог. Хүмүүс соёолон морь сайн тааруулдаг уяач бол сайн уяач л гэдэг юм. Гэвч бас өөрийгөө голох л юм. Тэжээлийн уяанд ч нэг л гаршиж чадахгүй байна шүү. Тэжээлийн уяагаар уядаг болсоноос хойш аймгийн баяр наадмаас хоёр жилд ганц айраг л авдаг боллоо. Бас аймгийн баяр наадамд оролцохоо больсон. Бас азарга гайгүй тааруулчихдаг юм байна. Сүүлийн 20-иод жилийн турш нэг адуугаар тасралтгүй уралдаж, хоёроос гурван айраг авсан тохиолдол ер нь ховор байх аа.
-Халтар азаргыг ид уралдаж байх үед түүнтэй ана мана үздэг байсан ямар, ямар азарганууд байв?
-Аймгийн баяр наадамд нэг түрүүлчихсэн Ягааны хээр азарга, Цогбадрахын бор азарга гэж байсан юм. Мөн аймгийн баяр наадамд хоёр удаа айрагдсан Номхоны Цогоогийн хээр азарга гэж бий. Би яагаад ч юм, аймагт уралдаж чаддаггүй юм. Нэгэн жил миний халтар азарга түрүүлээд, бор азарга баяр наадамд аман хүзүүдэж байлаа. Тэгэхэд би яваагүй юм. Миний хээр азаргыг түрүүлэхэд Ягааны хээр гурваар ирж байсан. Ягааны хээр азаргыг түрүүлэхэд миний хээр аман хүзүүдэж байлаа. Мөн Цогоо ахын бор азаргыг нэг удаа нэхсэн.
-Уяач хүн наадмаас наадмын хооронд суралцдаг гэдэг. Танд хамгийн сайхан сургамж хайрласан наадам хэзээ тохиов?
-Тэр ч яах аргагүй үнэн шүү. Хүн наадмаас наадмын хооронд өөрийн болоод мориныхоо алдааг олж харж, дараа жилийн наадмаар засаж уралдана л гэж морь уядаг юм байна. Түүнээс биш уясан болгон нь хурдан адуу байна гэж байхгүй. Бас бүх адууг нэг уяагаар уяад байна ч гэж үгүй. Хоёр насны морь уялаа гэхэд хоёр янзын уналгаа, эдэлгээ, уяа сойлго тааруулах хэрэгтэй. Энэ ч утгаараа морь уяхын тулд олон талын авьяас, сонирхол, чадвар шаардлагатай. Мөн сүүлийн үед эдийн засаг ч ихээхэн нөлөөлж байх шиг байна. Миний үед бол моринд сонирхолтой, морьтойгоо уйгагүй ажилладаг хүний уясан морь л давхидаг байлаа. Гэтэл өнөөгийн уяачид морь малтайгаа харьцах, унаж эдлэхээ ч больчихож. Морьдыг байнгын тэжээлд байлгадаг болсон байна. Тиймээс ч нутаг морьд харайхгүй байна. яг Говь-Алтайн, Шаргын сайн сайн морьд олон бий. Даанч уяачид нь тэдэнтэйгээ сайн ажиллахгүй байна. Зүүн чигээс өндөр үнэтэй хурдан морьд аваад л, тэднийгээ жилийн дөрвөн улирлын турш тэжээгээд л уясан болоод явж байна шүү дээ.
-Адуугаа унаж эдэлдэг арга барилаар үзвэл нутгийн адуу зүүн талын адуунаас дутахааргүй хурдална л гэж хэлэх гээд байгаа юм аа даа, та?
-Тийм. Сайн уяачид ч түүнийг баталж байна шүү дээ. Зүүн талын адууг нэгдүгээрт алдчихна, хоёрдугаарт өвс ногоондоо дасахгүй. Гуравдугаарт, үнэтэй авсан юм гээд л яагаа ч үгүй 12 сараас тэжээгээд эхэлнэ. Унаж эдэлж, бэлтгэл хийгээд, намрын цагт усанд уяж, өвөл хөлдөөж, хавар салхинд уяж байна. Даанч нутаг адуутайгаа ингэж ажиллахгүй юм. Нутаг, нутгийн адууны гень алдагдчих гээд л байна шүү.
-Шарга сумын нэрийн хуудас болсон үе үеийн хурдан хүлгүүдийн талаар манай уншигчдад сонирхуулаач?
-Миний санаж байгаагаар Монгол Улсын Алдарт уяач Д.Пүрэвдоржийн халиун гэж ойгүй хурдан морь байсан. Аймагт ганц ч уралдаагүй, сумын баяр наадамд дөрвөн удаа түрүүлсэн. Ойр хавийн сумдад очсон болгондоо л түрүүлдэг байлаа. Тонхил, Даривын ойн наадмаар хязааландаа бил үү дээ, очсон юм. Даривт л байх аа даа, халиун морь түрүүлээд ирчихсэн, арынх нь морьдын бараа ч үзэгддэггүй. Тэгтэл хүмүүс наанаас тавьсан байна гэж хэл ам хийгээд сүйд болцгоож байсан юм. Хөлсийг нь хусаад нилээд удсаны дараа арынх нь морьд ирж байлаа. Мөн аймгийн Алдарт уяач Э.Пүрэвдоржийн халтар морь байна. Аймгийн баяр наадамд нэг түрүүлж, ойр хавийн наадмуудаас айраг, түрүү олныг авсан. Номхоны Цогоогийн хээр азарга дааганаасаа эхэлж уралдаад, Халиун, Дарив, Төгрөг, Тонхил гээд ойр хавийн наадмуудаас айраг, түрүү олныг авсан. Аймгийн баяр наадамд нэг түрүүлж, нэг бил үү хоёр айрагдсан. Шар шувуу Цогоогийн бор азарга байна. Нэг түрүүлж, гурав айрагдсан. Аймагт нэг айрагдсан. Мөн аймгийн баяр наадамд сайн харайж байсан Ягааны хээр азарга байна. Даншигт хүртэл айрагдаж байлаа.Бүрдэлбатын хул морь байна. Түүний нэг онцлог нь бараг 20 хүрэх гэж байхдаа хүртэл давхиж байсан. Миний халтар азарга, Бүрдэлийн хул морь, аймгийн Алдарт уяач Даваацэрэнгийн хул морь гээд нилээн хөгширсөн хойноо айраг, түрүү авч байсан сайхан буянууд ч байна.
-Та хэдэн хүүхэдтэй вэ?
-Би таван хүүхэдтэй.
-Хэд нь морь мал уяж байна.
-Хоёр хүргэн, гурван хүүтэй. Хоёр хүргэн, хоёр хүү морь уяж байна.
- Цол хэргэмд хүрсэн үү?
-Том хүргэн маань сумын Алдарт уяач болсон. Одоо сумын уяачдын холбооны даргаар ажиллаж байгаа.
-Та сумынхаа хурдан морийг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ хэрхэн оруулж байв?
-Би уяачдын холбооны идэвхитэй гишүүдийн нэг, тэргүүлэгчээр ч ажиллаж байлаа. Энэ ч утгаараа зохих хувь нэмрээ оруулсан л гэж боддог.
- Одоо таны халтар азарганы хэд дэх үеийн төлүүд уягдаж байна вэ?
-Гурав дахь үе нь уягдаж байна.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж, урт удаан наслаарай.
-Баярлалаа. Та бүхнийг номын цагаан буян үргэлж ивээж явах болтугай.
"Тод магнай" сэтгүүл Говь-Алтай аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна