Б.Бүлтэн: Би эмч болоогүй бол уяач болох байсан
Эмч, тэр дундаа эх баригч эмч нартай уулзах бүрт чихэнд сонсогдож, аманд аялагддаг “Хүйн ээж” дууны үгийг бичсэн Зоригтбаатар “Би энэхүү дуугаа ач зээ нарыг минь эх барьж авсан Б.Бүлтэн эмчдээ зориулсан юм” хэмээсэн байдаг. Тэгвэл бид энэ удаагийн “Хатан гоо” булангийнхаа хүндэт зочиноор”Хүйн ээж”-ийг урьсан юм. Учир нь, тэрбээр аймгийн Алдарт уяач аавын охин төдийгүй аймгийн Алдарт уяачийн гэргий билээ.
“Бурхан, чөтгөр хоёрыг аргаан барьсан мөчид нь
Буурал дээдсийн голомтыг айж түгших агшинд
Амьдрал, үхэл хоёрын амсар нийлсэн уулзвараас
Аврал эрсэн биeсийн минь алтан хэлхээг салгасан...
“Амжилттай яваа эр хүний ард хүчирхэг нэгэн эмэгтэй байдаг” гэдэгчилэн ажлыг нь ойлгож, ар талыг нь дааж явдаг гэргий нь л морины хорхойтнуудыг нөр их хөлс хөдөлмөрийн үр дүнд олж авдаг уяач хэмээх алдрыг хүртэж, үүнийгээ бататгах боломжийг хангах үүрэг гүйцэтгэдэг билээ.
“ГАВЬЯАТЫГ ЧИНЬ УЛСЫН НААДМЫН АЙРГААР МЯЛААВАЛ ЯМАР ВЭ?”
Монгол Улсын хүний Гавьяат эмч, Анагаах ухааны тэргүүлэх зэргийн профессор, “Оточ хатан” Б.Бүлтэнг морь яриад сууж байхыг хараад гайхах морины хорхойтон үгүй. Учир нь, зургаан наснаасаа 16 нас хүртлээ хурдан морь унаж, моринд хорхойссон тэрбээр хожмоо ханилсан ханиа хүртэл моринд оруулчихсан. Тиймдээ ч тэрбээр одоо эзэмшсэн мэргэжлээсээ гадна “аймгийн Алдарт уяач Б.Доржпүрэвийн гэргий” хэмээн цоллуулж явна.
40 жил түмний алаг үрсийг алтан дэлхийд тосон авч, 10 мянга орчим айлыг аз жаргалтай учруулсан түүний амьдралын 20 жил хурдан морьтой салшгүй холбоотой өнгөрчээ. Энэ л учраас тэрбээр “Би алтан туурайтны босоо цагаан хийморь, эерэг энерги нь миний амьдралыг түшсэн гэж боддог. Өөрөөр хэлбэл, хурдан морины дэл дээр “дарцаглаж” өссөний буянаар амьдрал маань өөдрөг сайхан явна гэж бэлгэшээдэг юм” хэмээн ярьж сууна.
Түүний хань, аймгийн Алдарт уяач Б.Доржпүрэв 1998 онд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харьяат, Монгол Улсын Сайн малчин Цэрмаагийн Зандар найзынхаа бэлэглэсэн хоёр морийг уясанаар уяач болох гараагаа эхлүүлсэн гэдэг. Яг тэр жил нь түүний гэргий Б.Бүлтэн “Хүний гавьяат эмч” хэмээх цолонд тодорхойлогдсон боловч авч чадаагүй бөгөөд хойтон жилийн наадмаар цолоо авч магадгүй гэсэн яриа сонсогдсон байна. Гэтэл “гавьяатыг чинь улсын наадмын айргаар мялаавал ямар вэ?” гэсэн асуух, амлах хоёрын тэх дундуур татсан ганц асуулт нөхрийнх нь амнаас гэнэт гарчээ. Б.Бүлтэн эмч ч нөхрийнхөө энэ санааг сүрхий дэмжсэн аж.
Ингээд Б.Доржпүрэв гуай намар нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын угшилтай хүрэн үрээ худалдан авчээ. Гэтэл 1999 оны долоодугаар сарын 9-нд Б.Бүлтэн Монгол Улсын гавьяат эмч цолоор энгэрээ мялааж, түүнээс хоёр хоногийн дараа Б.Доржпүрэвийн хүрэн үрээ улсын баяр наадамд аман хүзүүдсэнээр жилийн өмнө санаандгүй болоод санаатайн аль нэгэн шалтгаанаар нөхрийнх нь амнаас урссан тэр өгүүлбэр биeлэлээ олжээ. Ийнхүү “амны билгээс ашдын билэг” гэдэг үгийг жинхэнэ утгаар нь мэдэрсэн “залуу” уяачийн хийморь лундаа нь сэргэж, урам зориг нь бадран, уяачийн замналаар замнахаар эргэлт буцалтгүй шийджээ. Түүнээс хойш тэрбээр өдгөөг хүртэл дан монгол цусны адуу, тэр дундаа төрөлх нутгийнхаа унаган хүлгүүдийг уяж хурдлуулсаар улс, бүсийн наадмаар 14, 15 айраг, түрүү хүртээд байна. Мөн аймаг, сумын статустай уралдаануудаас 100-гаад мeдаль цуглуулжээ. Тиймээс ч энэ жил түүнийг Монгол Улсын Алдарт уяач цолонд тодорхойлоод байгаа аж.
“ЗҮЛГЭН ДЭЭР ГЭРЭЭ БАРИАД
ЗҮГЭЭР Л НЭГ АМЬДРАХ”-ЫН ЖАРГАЛ
Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул, аймгийн Алдарт уяач Буяндэлгэрийн ууган охин монгол түмний цэнгэлийн дээд төрийн их баяр наадам хоног хоногоор ойртон буй энэ л өдрүүдэд эрдэмт мэргэн уяачид арга билгээ эвцэлдүүлж, шандаст хурдан хүлгүүд нь уяан дээрээ зүүрмэглэн буй уяачдын гал, морины уяа руу эрхгүй яаранхан сууна. Өнөөдөр ч бас тэрбээр өглөөний 06:00 цагаас хойш гурван хагалгаа хийчихээд, 11 цагийн үeд морьдынхоо уяа руу явахаар төлөвлөчихсөн байсан гэнэ.
Түүнийг “Хэрэв би эмч болоогүй бол морь уяад л явж байхыг үгүйсгэхгүй” гэж хэлэх агшинд “чин сэтгэлийн хүсэл шүү” гэх тэмдэг харцанд нь илрэн байсан. Мөн тэрбээр “Морины уяан дээр очиход яруу найрагч Цоодолын Хулангийн
...Зүлгэн дээр гэрээ бариад
Зүгээр л нэг амьдрах юмсан” гэдэг шүлэг чихэнд минь тодоос тод сонсогдох шиг л болдог. Сайхан ногоон зүлгэн дээр гэрээ барьж, хаяагаа шуучихаад, хонины гэдэс тогоон дотор пор порхийтэл буцлахыг чагнаад л, уяан дээрх морьдоо харж суух шиг жаргал хаана байх вэ?” гэнэ. Үнэхээр л өөрийнхөө хэлсэнээр морины тухай юм бүхнийг “өнгөтөөр ярьдаг” нэгэн аж. Цонхоор ширтээд л, суудал дээрээ морь шиг дүүхэлзээд л, чин сэтгэлээсээ догдлон буйгаа биeийн үйлдэл, харцныхаа аясаар илэрхийлэн ярих агшинд нь түүний тэрхүү аз жаргалт хормуудыг би сэтгэл дотроо “өнгөтөөр” төсөөлж л суулаа.
Аугаа найрагч Очирбатын Дашбалбар амьд ахуйдаа сонин хэвлэлд өгсөн бараг л бүх ярилцлагандаа “Сүхбаатар аймгийн, Дарьганга нутгийн бүсгүйчүүдээс нэг тийм халуун дулаан сэтгэл, халамж мэдрэгддэг юм” хэмээн онцолсон байдаг. Б.Бүлтэн эмчтэй уулзаад, буцахын хоорондох бүхий л цаг хугацаанд дээрх халуун, дулаан халамжийг мэдэрсэн минь энэхүү уулзалтыг гэгээн сайхан энергиэр халгиасан билээ.
Араасаа eсөн дүү дагуулсан тэрбээр ээжийгээ төрөх гэж өвдөж байгааг олон удаа харсан учир эмч, тэр дундаа эх барихын эмч л болъё гэж шийдсэн гэнэ. Гэвч таван настайдаа анх морь унаж суран, зургаан настайгаасаа хурдан морь унаж, түрүүлж, айрагдахын баяр бахдалыг мэдэрч өссөн болохоор сэтгэл нь ямагт морины уяа руу тэмүүлэх нь арга ч үгүй биз ээ. Хамгийн сонирхолтой нь, тэрбээр адууг ч бас хүнтэй л зүйрлүүлж боддог, хайрладаг, энэрдэг аж. Өөрөөр хэлбэл, тэр морины уяа, малын хотонд очвол мал эмнэлгийн тусламж үзүүлээд л гүйнэ. Азарга ноцолдоод арьсаа хуулчихсан байвал эвийг нь олоод оёчихно, хурга ишиг гэдсээ хүүлчихсэн байвал бас л хөнгөхөөн “мэс засал” хийчихнэ. Эм тариаг нь ч хүртэл хүнтэйгээ зүйрлүүлж бодож байгаад л тунг нь тохируулчихна.
Мөн уралдаанч хүүхдүүдийг халамжлах, уралдааны өдрийн зам мөрийг засаж, сүүгээ өргөж, eрөөл талбих зэрэг уяачийн гэргийн л гүйцэтгэх учиртай эрхэм үүргүүдээ тэрбээр хэзээ ч, хэнээр ч сануулалгүй биeлүүлсээр иржээ. Мэдээж, арван жил хурдны морь унасан туршлагатай уралдаанчийн хувиар хүүхдүүддээ мэддэг бүхнээ хэлж, зөвлөнө. Басхүү “бага насны хүүхдээр морь хурдны морь унууллаа” гэсэн “тун орчин цагийн” шүүмжлэл олны дунд тархаж, нийгмийг хамрах маягтай болж байгаад битүүхэн шанална. Учир нь, тэр өөрөө монгол хүн морио л унаж өсдөг, морио л унаж хатууждаг, эрүүлждэгийг биeэр үзэж өссөн жинхэнэ монгол хүүхдүүдийн нэг. Тиймээс ч “хүүхдийг морь унаж сурсан эсэхийг нь сайтар бодолцож байж хурдны морь унуулах хэрэгтэй” гэж үздэг аж.
АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДРАЛЫГ ХҮЧИРХЭГ ЭМЭГТЭЙ, УХААЛАГ ЭР ХҮН ХОЁР БҮТЭЭДЭГ
“Хүчирхэг” гэдэг тодорхойлолт эмэгтэй хүнд яагаад ч зохихгүй мэт. Гэвч цагийн цагт л хүчирхэг эмэгтэйчүүд эрчүүдтэйгээ гар нийлэн хөгжлийг бүтээсээр иржээ. Учир нь, биeийн хүчээрээ бус сэтгэлийн хатаараа эрчүүдтэй эгнэхүйц бүсгүйчүүдийг л бид “хүчирхэг, дайчин” хэмээн тодорхойлдог билээ. Б.Бүлтэн эмчийн талаар хүмүүсээс асуухад л бас тэдний дийлэнх нь дээрх тодорхойлолтыг түүнд хамаатуулж байсан юм.
Зөөлөн дуутай, нүдээрээ инээмсэглэсэн энэ эмэгтэйд хувь тавилан ч бас зөөлөн ханддаг бололтой. Өөрөөр хэлбэл, дааж давшгүй зовлон бэрхшээл, хагацал харуусал түүний амьдралд тохиож, хатуужил тэвчээрийг нь сориод байсангүй. Гэвч тэр өдөрт хэдэн удаа сэтгэлийнхээ тэнхээг “шалгуулдаг”. Учир нь, тэрбээр “бурхан, чөтгөр хоёрыг аргаа барж”, “буурал дээдсийн голомт айж түгшин” байх мөчүүдтэй өдөрт хэд хэдэн удаа учирч, айл гэрийн аз жаргал болсон алаг үрсийг амьдралтай нь золгуулдаг билээ. Магадгүй, тэр их ядралаа морины уяан дээр л очиж тайлдаг юм шиг санагдсан. Учир нь, тэрбээр хурдан морины тухай ярихдаа нүд нь цаанаасаа гэрэлтээд л, суудал дээрээ өндөлзөн, сэтгэл нь тогтож ядан буйгаа илэрхийлж байлаа.
Аймгийн Алдарт уяач маань морь ойлгодог, морины төлөө зүрх нь цохилдог гэргийтэй азтай эрчүүдийн нэг юм. Гэртээ байх үeдээ тэд морь уяж, морины уралдаан л үзэцгээнэ. Энэ л агшинд Б.Доржпүрэвийнх гэдэг айл инээд хөөрөөр халгин цалгиж, аз жаргалынх нь ”тeмпeратур” дээд цэгтээ хүрнэ. Тиймдээ ч хүүхдүүд хүртэл моринд элэгтэй болон өсөцгөөж байна.
Б.Бүлтэн эмч эрүүл мэндийн салбарын асуудлуудад санаа зовнидогийнхоо нэгэн адилаар хурдан морь, уралдааны талаарх магтаал, шүүмжлэл хоёрыг ч бас зүрхэндээ тун ойрхон хүлээж авдаг аж. Тэр дундаа хурдан морьдын болоод уралдаанч хүүхдүүдийн аюулгүй байдалд хамгийн ихээр санаа зовнино. Тэрбээр “Манай хүн морьдоо жаахан эвгүйтвэл л уралдуулалгүй өнжөөчихдөг юм. Магадгүй, үүнээсээ ч болж нэлээд хэдэн айраг, түрүү алдсан байх. Гэхдээ шагнал урамшуулал, алдар нэр яах вэ. Хурдан буянгууд минь эрүүл саруул байж, удам угсаа нь үргэлжилж байвал л эзэн бидний магнай тэнэгэр байна шүү дээ” хэмээсэн. Тэгэхээр Б.Доржпүрэв уяач ч бас харагддагаасаа хамаагүй зөөлөн сэтгэлтэй нэгэн ажээ.
“Хатан гоо” булангийнхаа зочиндоо “баяртай” гэж хэлээд, өрөөнөөс нь гарах агшиндаа толгойд минь нэгэн тэрслүү бодол харван орж ирсэн. Юу гэвээс, бидний хэн нь ч хүчирхэг амьдралыг босгохоор хөдөлмөрлөдөггүй, аз жаргалтай амьдралыг л бүтээхээр хичээн зүтгэдэг билээ. Тэгвэл магадгүй, аз жаргалтай амьдралыг ийм л хүчирхэг сэтгэлтэй эмэгтэй болоод аливаа бүхэнд зөөлөн, ухаалгаар ханддаг эрчүүд бүтээдэг бололтой.
Аймгийн Алдарт уяач Б.Доржпүрэв, хүний Гавьяат эмч Б.Бүлтэн хоёрын бүтээсэн аз жаргал олон, бүр олон жилийн турш цэцэглэн дэлбээлж, үр хойчдоо өгөөж буянаа хайрлах болтугай.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна