МОНГОЛЫН МОРИН СПОРТ ЗАЛУУ УЯАЧДЫН ХОЛБОО НЭРЭМЖИТ ШАГНАЛТАЙ БОЛЛОО

А.Тэлмэн
2017 оны 12-р сарын 21 -нд

Монголын морин спорт залуу уяачдын холбоо нь бодлого төлөвлөгөө, үйл ажиллагааныхаа үндсэн зорилгын дагуу Монголын уламжлалт хурдан морины уралдаанд өөрийн эр зориг, эрдэм ухаан, тэсвэр хатуужил, арга ухаан, авьяас билэг, хүч хөдөлмөрөө зориулан, үнэтэй хувь нэмэр оруулсан морины зүтгэлтэн, уяач, уралдаанч хүүхдүүдийг урамшуулах нэрэмжит шагналуудтай боллоо.
ММСЗУХ-ны “Шилдэг морины зүтгэлтэн”, “Шилдэг залуу уяач”, “Шилдэг хүлэгч хүүхэд” шагналын билэгдэлтэй танилцана уу.
Шилдэг морины зүтгэлтэн: Медалийн тойргийн гадна дөрвөн зүг, найман зовхисыг билэгдсэн дөрвөн болор, хурдан морины хөхөлдөг. Тойрог дотор уяач, уралдаанч хүүхэд, хурдан морийг дүрсэлж улаан өнгөөр эрх мэдэл, хүч чадлыг билэгдсэн. Таван ширхэг таван хошуу нь таван хошуу малыг билэгдэж цэнхэр өнгө нь мөнх хөх тэнгэрийн дор үүрд өсөн дэвжихийг билэгдсэн.
Шилдэг залуу уяач: Медалийн тойргийн гадна цацарч тойрсон дөрвөн тах, хоёр дөрөө нь хурдан морь, уралдаанч хүүхдийг билэгдсэн. Залуу уяач нь хурдан азаргаа хурдлуулсны дараа хөлсөлж байгааг дүрсэлсэн. Ногоон өнгө нь газар дэлхийг билэгдсэн. Таван ширхэг таван хошуу нь таван хошуу малыг билэгдэж цэнхэр өнгө нь мөнх хөх тэнгэрийн дор үүрд өсөн дэвжихийг билэгдсэн.
Шилдэг хүлэгч хүүхэд: Уралдаанч хүүхдийг алтан шаргал нарны цацраг мэт өнгөөр дүрсэлсэн нь ирж яваа цагийг билэгдсэн. Цэнхэр өнгө нь мөнх хөх тэнгэрийн билэгдэл, ногоон өнгө нь газар дэлхийг билэгдсэн.
ММСЗХ-ны Ажлын алба

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна