АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Ш.ОТГОН-ЭРДЭНЭ: МАНАЙД САЙЖРУУЛСАН ЦУСТАЙ АДУУ БАЙХГҮЙ

А.Тэлмэн
2018 оны 1-р сарын 26 -нд

Өмнөговь аймгийн Манлай сумын Өехий багийн харьяат, аймгийн Алдарт уяач Шарын Отгон-Эрдэнэ. 1987 оны хавар Дундговь аймгийн Өлзийт суманд төрсөн тэрээр  сүүлийн жилүүдэд одтой сайхан наадан 2014 онд Манлай сумын шилдэг уяачаар шалгарч байжээ.
-Одтой сайхан наадсан танд баяр хүргэе. Хэдэн насны морь мордуулж хичнээн айраг, түрүү хүртэв?
-Сайхан наадлаа. Би азарга, их нас, хязаалан, даага гэсэн дөрвөн насны адуу мордуулж,азаргаа 10-аар, их насны морио зургаагаар, хязаалангаа нэлээн араар давхиуллаа. Харин дөрвөн даага мордуулсанаас нэг нь аман хүзүүдэж, хоёр нь дөрөв, таваар, нөгөө нь зургаагаар хурдаллаа.
-Бахтай сайхан нааджээ. Аймгийн зүүн бүсийн уралдаантай давхцсан энэ жилийн баяр наадмынхаа сэтгэгдлээс хуваалцаач?
-Энэ жилийн хувьд орон даяараа зуншлага муутай байгаа хэдий ч манай нутагт болсон аймгийн зүүн бүсийн уралдаан өтгөн сайхан боллоо. 
-Айхтар халууныг эс тооцвол... 
-Манай эндхийн мал ногоо эрт идсэн. Гэвч айхтар халж байна. Бороо ороод байгаа хэрнээ л ногоо гарахгүй байна шүү дээ. Овоо сэргэмээр болоод л гурав, дөрөв хоноод хатчихаад байх юм.
-Отгон-Эрдэнэ Алдарт сүүлийн жилүүдэд одтой сайхан наадаж байгаа дуулдана лээ. Аймгийн статустай уралдаанаас хичнээн айраг, түрүү хүртээд байна вэ?
-Анх Дундговь аймгийн Өндөршил суманд очиж хязаалан  түрүүлгэн, шүдлэн аман хүзүүдүүлж байлаа. Түүний дараа Дундговийн Өлзийт суманд очиж хязаалангаа таваар давхиулаад, сумандаа азарга түрүүлгэж, хязаалан аман хүзүүдүүлэн, шүдлэн, даага айрагдуулсан.
2015 онд ийш тийшээ явалгүй сумандаа л уралдсан. 2016 онд болохоор  манай сум аймгийн хаврын зүүн бүсийн уралдааныг зохион байгуулж азарга гурав, таваар давхиулсан. Мөн өнгөрсөн хавар Өмнөговь  аймгийн Ханбогд суманд болсон аймгийн зүүн бүсийн уралдаанд есөн адуу мордуулж, даага түрүүлгэж, айрагдуулан хязаалангаа таваар давхиулсан.  Үүн дээр Түмэн адууны баяр зүүн бүсийн уралдааны гурван айраг нэмэгдэнэ.  
-Манлай хайр хишгээ харамгүй хайрлаж байгаа бололтой. Уг нь Дундговь аймгийн хүн гэлүү?
-Тийм ээ, би Дундговь аймгийн Өлзийтийн хүн. Миний аав Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул Гэнэнгийн Шар гэдэг хүн байсан юм. Аймаг, сумынхаа баяр наадамд морь уяад, аятайхан наадчихдаг уяач байлаа. Миний мэдэхээр хамгийн сүүлд 2014 онд Өлзийтийн 80 жилийн ойн баяр наадамд даага түрүүлгэж, азарга  айрагдуулсан.  
-Та Манлай суманд ирж суурьшаад удаж байна уу?
-10 гаруй жил болж байна. Манай гэргий эндхийн хүн л дээ
-Уяач аавын хүү  хурдн морь унадаг л байсан байлгүй. Ярьж байгааг тань ажваас хэрсүү унаач байхаар санж.
-Ах, эгчийн хүүхдүүд гээд олон дүүтэй учраас би уралдаан наадамд хурдан морь унаж байгаагүй. Харин тар, сунгаа зэрэгт бол унадаг байсаан. 
-Тэгвэл морь уях болсон нь хэзээнээс эхтэй вэ. Танайханд уяачид олон уу? 
-Надаас өөр морь уяж байгаа хүн байхгүй. Миний хувьд 2011 оноос хойш морь уяж эхэлсэн дээ. 
-2011 он гэхээр харьцангуй богино хугацаанд аймгийн Алдарт уяач цолны болзол хангажээ?
-Тийм шүү. 2014 оноос л уясан морьд маань түрүүлж, айрагдаж эхэлсэн. Тэгээд энэ жил Цагаан сарын шинийн нэгэнд аймгийн Алдарт уяач цолоо гардаж авлаа.
-Хамгийн анх хаанахын, ямар угшилтай адуу уяж, уяачийн гараагаа эхлүүлж байв?
-Анх өөрийн унаган хул алаг морио хайрханы наадамд айрагдуулсан. Тэгээд хадам талын хүн болох Энх-Амгалангаас хар азарга, хязаалан үрээ хоёр авч, хавчиг азарга болоход нь уяж эхэлсэн юм.
Дараа нь, Дундговь аймгийн харьяат, аймгийн Алдарт уяач Дэмчигцоодолын Эрдэнэбулган найз маань том хээр азаргаа шүдлэн үрээ байхад нь надад бэлэглэсэн юм. Түгээр наадсан. Мөн  Дундговь аймгийн Өлзий сумын Насангийн Оргилбаяр хүүд маань нэг халтар азарга бэлэглсэнийг уяж байна. Сүүлийн хэдэн жил энэ гурван адуугаар л голдуухан наадлаа. 
-Зүүн талаас болон холоос ирсэн адуутай нутгийн адуугаа харьцуулж үзэж байв уу?
-Ерөнхийдөө одоо үед унаган адуугаар уралдана гэдэг хэцүү болжээ. Гэхдээ манай сумын унаган адуу ерөнхийдөө хурдан. Улс, бүсийн уралдаануудад очоод ч түрүүлж л байна.  Энэ утгаараа монгол адууг муу гэж хэлж болохгүй санагддаг.
-Өмнөговийнхон тэр дундаа Ханбогд, Цогтцэций сумдынхан  адуугаа сайжруулахад эртнээс анхаарсан. Манлайхныг бас тэгтлээ хол хоцроогүй гэж боддог шүү?
-Манай адуун дунд сайжруулсан цустай адуу байхгүй. Харин Дорноговь аймгийн Сайхандулаан сумын харьяат МУ-ын Алдарт уяач Хужирын Жамбал гэдэг хүний адууны угшилтай адуу нэлээд хэд бий. Ер нь манай суманд тэдний угшилтай адуу цөөнгүй бий шүү. Манай суманд ирж уягдаад, айрагдаагүй адуу бараг байхгүй дээ. Хамгийн наад зах нь сумын Алдарт уяач Батбаярын загал үрээ байна. Томоохон хэмжээний олон ч наадамд түрүүлж, айрагдсан.
-Аймгийн Алдарт уяач гэдэг орон нутгийн ханасан цол. Тэгэхээр залуу Алдартын дараагийн уралдаанууд улс, бүсийн чанартай уралдаанууд болж байгаа байх. Томхон наадмуудад оролцож байсан биз дээ.
-“Говьшанхын хурд”-д азарга 10-н хэдээр давхиулж байлаа. Миний оролцож байсан наадмуудаас хамгийн өндөр чансаатай нь Өмнөговийн Ханбогдод болсон зүүн бүсийн уралдаан л юм болов уу даа.
  Тантай  айраг түрүү булаалдаг үеийнхээ сайн уяачдаас нэрлээч?
-Манай сум өсөж яваа олон сайхан залуу уяачтай. Тухайлбал, манай хүргэн ах Надмидын Эрдэнэбаатар байна. Сумын Алдарт уяач цолтой. Саяхан Түмэн адууны баярт хээр хязаалан үрээ нь аман хүзүүдлээ.
Мөн Батын Амартүвшин гэдэг залуугийн морьд сүүлийн үeд сайн давхиж байна.
-Наадам гэдэг монгол хүн бүрийн сэтгэлд хамгийн ойрхон байдаг баяр. Энэ ч утгаараа жил бүрийн наадмууд давтагдашгүй сайхан дурсамж үлддэг. Таны хувьд хамгийн мартагдашгүй дурсамжтай наадам хэзээ тохиож байв?
-Ноднин хавар Манлай суманд болсон хаврын бүсийн уралдаанд хоёр азарга айрагдуулсан маань бахтай сайхан санагддаг. Манай хадам дүү Энх-Амгалангийн хар азарга гурвалж, Эрдэнэбулган найзын маань бэлэглэсэн хээр азарга таваар давхихад маш их баярласан даа.
-Хээр азарга танд ирсэнээсээ хойш хэрхэн давхисан бэ?
-Хязааландаа “Дундговийн шигшмэл хүлгүүд” уралдаанд түрүүлж, Манлай сумын 90 жилийн ойн баяр наадамд аман хүзүүдсэн. Мөн Өлзийт суманд болсон хаврын бүсийн уралдаанд ч хурдалж байлаа. Сайн давхиж байгаа адуу шүү.
-2014 онд “сумын Шилдэг уяач”-аар тодорч байсан юм байна. Тэр жил ямар, ямар амжилт гаргасан бэ? -Том, жижиг наадмаас 10-аад айраг, түрүү хүртэж шилдэг уяачаар шалгарч байсан. Бүр тодруулбал сумын баяр наадмаас нэг айраг, гурван түрүү, сумдын ойн наадам буюу аймгийн статустай наадмуудаас хоёр түрүү, таван айраг хүртсэн. 
-Цаашид нутгаасаа гарч уралдаж, улс, бүсийн уралдаануудад оролцон, улсын цолонд хүрээрэй гэсэн eрөөлөөр ярилцлагаа өндөрлөe.

"Тод магнай" сэтгүүл. Манлай сумын тусгай дугаар. 2017 он

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна